Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

   2023         03         16                                   2023/ШЦТ/191

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0097 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Ц /РД: ХХ0000000/, Монгол Улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, “ХХХ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 00-00 тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 168 цаг албадан ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Э.А-ын эзэмшлийн, Прогресс Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёота Приус 11 маркийн 00-00 УБЕ улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хохирогч Э.А-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-23-61 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Б.Ц-:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэл үедээ 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хохирогч Э.А-ын эзэмшлийн, Прогресс Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёота Приус 11 маркийн 00-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.А- мэдүүлсэн “...2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 9 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 18 дугаар гудамжинд байх Нарлаг дэнж худалдааны төвийн ар талд байх Ганзориг ахын хашааны үүднээс нэлээн зайдуу Тоёота Приус 11 маркийн 00-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг түгжээгүй мөн кундакторт нь түлхүүрийг нь зоогоод үлдээсэн. Миний тээврийн хэрэгсэл нь хаалга нь цоожлогдохгүй ер нь л түлхүүрийг нь авахгүй тэгээд орхичихдог юм. ...Надад ямар нэгэн хохирол алга байна. Гэхдээ миний тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдийг хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 33-35 дахь тал), хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ЧД2-23-61 хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.112.098 төгрөг” (хавтаст хэргийн 28-30 дахь тал), шүүгдэгч Б.Ц яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө би гэртээ сэрсэн ба согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тул тасарч хэсэг хугацаанд болсон асуудлаа санахгүй байгаа юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож явснаа санаж байсан тул гэрээс гараад тээврийн хэрэгслийг харахад хөх өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн харагдах байдал нь өнгө муутай байсан. Тус тээврийн хэрэгслийн цонх болон бусад газарт нь холбогдох дугаараа эзэмшигч нь үлдээгээгүй байсан юм. Би тээврийн хэрэгслийг асаах гэтэл тог байхгүй байсан тул анх байршуулж үлдээсэн газартаа орхисон. ...Манай нийтийн байр болон ойролцоох газарт хяналтын камерын бичлэг байдаг ба би тээврийн хэрэгслийг хөдөлгөөгүй болно. ...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан ба Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан. Би тус шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас бусдын тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцож өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 18-492 тоотод байх нийтийн байрны 2 давхарын 15 тоотод очиж унтаж амарсан. 00-00 УБЕ улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийг би эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэл үедээ 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Э.А-ын эзэмшлийн, Прогресс Капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёота Приус 11 маркийн 00-00 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн тээврийн хэрэгслийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулж, ашиг хонжоо олох гэсэн зорилгогүй, харин тухайн тээврийн хэрэгслийг хөл дүүжлэх, унах зорилгоор өмчлөгч, эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй авч явахдаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцоолсон, эсхүл тооцоолох ёстой байсан атлаа тэрхүү үр дагаварт хүргэсэн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тээврийн хэрэгслийг андуурч ашигласан, шунахайрах сэдэлтгүйгээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.  Шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийн шинжид хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 87 дахь тал), хохирогч Э.А-, шүүгдэгч Б.Ц нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 82-83 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг болно.

5. Шүүгдэгч Б.Ц-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.

 6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

7. Хохирогч Э.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед автотээврийн хэрэгслийг хүлээн авсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 17-18, 82 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Шүүгдэгч Б.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ц /РД: ХХ0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР