Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 223600*******60191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ын *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын 12 дугаар () багийн 3-9 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пз83**************15.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч М.*******ыг 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө ******* аймгийн сумын 12 дугаар () багийн 3-9 тоотод байх гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ж.ийн гаргасан сумын багийн нутаг дэвсгэрт миний нөхөр согтуугаар намайг цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйл байна гэх зөрчлийн талаар ...гомдлыг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг 30 минутад хүлээн авч ...тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Прокурорын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай “...Ж.ээс гаргасан: Миний нөхөр намайг согтуугаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйл байна гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу ******* аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлсүгэй” гэх тогтоол (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) зэргээр хохирогч Ж.ээс гаргасан гомдлын дагуу шүүгдэгч М.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

1.2. Хохирогч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутагт байдаг стадионы хойд талд буюу Буянт голын эрэг дээр гэр барьчихсан гэртээ байсан. Миний нөхөр *******:00 цагийн үед бөх үзэхээр ******* аймгийн сумын багийн 3-9 тоотод байх гэр лүүгээ явсан. Би голын эрэг дээр байдаг эсгий гэртээ байж байгаад орой болохоор ажилчдаа гэрт нь хүргэчхээд 11:00 цагийн үед гэртээ харьсан. ...Намайг унтаж байхад 2022 оны 07 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 03:00 цагийн үед миний нөхөр гэртээ бага зэрэг согтуу ганцаараа ороод ирсэн. Орж ирээд надтай бэлгийн харьцаанд орох гээд оролдоод байсан. Тэгэхээр нь би ядраад байсан учир “боль” гэсэн чинь “чи хэнээр оролдуулдаг гичий вэ” гэж хэлээд намайг үсдэж авсан. Тэгэхэд нь би босоход М.******* миний үснээс татаад баруун гараа атгаж байгаад нударгаараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би эсэргүүцэх гээд хөлөөрөө жийх гэж байтал орон дээр унагааж байгаад миний хоёр гарыг өвдгөөрөө дарж байгаад нүүрэн хэсэгт хоёр гараараа ээлжилж цохиод байсан. Намайг цохиж байгаад том өрөө рүү дагуулж ороод “ус ууна” гэж хэлээд орохоор нь би гэрээс зугтаж гараад ******* аймгийн сумын БОЭТ-ийн хажууд байдаг “Ач заяа” эмнэлэг рүү ороод сувилагчийнх нь утсаар цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);

- Шүүгдэгч М.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн төвийн хойд талд байдаг лагерийн гэрт хотоос дүү нар ирж байгаа болохоор хорхог хийгээд бага зэрэг айраг уугаад тоглож наадаад суусан. Бас нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Болор нэртэй архийг задлаад бага зэрэг уугаад /ойролцоогоор нэг хундага/ уусан. Тэгээд дүү нар хөзөр тоглоод байхаар нь би бөх үзэх гээд ******* аймгийн сумын багийн 3-9 тоотод өөрийн эхнэр Ж.ээр хүргүүлсэн. Эхнэр маань намайг хүргэчхээд лагерийн гэр лүүгээ буцаад явчихсан. Гэртээ ирээд айраг уугаад бөх үзэж байгаад унтчихсан байсан. Нэг сэрээд ирсэн чинь сүүлийн 4 бөх үлдчихсэн байсан. Бөх үзэж дуусаад Хангай түрүүлсэн гээд талбай дээр очсон. ...Гэртээ шөнийн 02:00 цагийн үед орсон байх. Очсон чинь эхнэр хаалга тайлж өгөх шиг болсон. Тэгээд жаахан ухаан ороод харсан чинь эхнэрийн нүд хавдчихсан, би цохисон нь тодорхой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч М.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнө ******* аймгийн сумын 12 дугаар () багийн 3-9 тоот гэртээ хохирогч Ж.ийг бэлгийн харьцаанд ороогүй гэх шалтгаанаар зодсон нь нотлогдож байна.

1.3. Хохирогч Ж.ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 606 дугаартай “...Ж.ийн биед хоёр нүдний доод зовхи болон хоёр хацар, эрүүг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, хоёр чихний ар хэсгийн цус хуралт, хүзүүний урд болон хоёр эгмийн дунд хэсэг, хүзүүний хоёр хажуу хэсгийг хамарсан цус хуралт, зүүн бугалгын гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, баруун бугалгын гадна, дотор хэсэг болон баруун шууны дотор хэсгийн цус хуралтууд, баруун тохой хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас)-ээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогджээ.

1.4. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч М.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогджээ. Тодруулбал шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол шүүгдэгчийн ёс зүйгүй, зүй бус зан араншин гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

1.5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч М.******* согтуурсан үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ны шөнө ******* аймгийн сумын 12 дугаар () багийн 3-9 тоот гэртээ хохирогч Ж.ийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.

2.2. Шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодорхойлжээ. Шүүгдэгч М.*******, хохирогч Ж. нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдсон тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

2.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, дур зорго, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх, уур бухимдлаа гаргах гэх мэт сэдэлт зорилгоор зодох, догшин авирлаж харгис хэрцгий харьцах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах зэргээр хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, байнгын, эсхүл нэг удаагийн шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Тодруулбал шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед олон удаагийн үйлдлээр халдсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

2.6. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), шүүгдэгч М.*******ын яллагдагчаар өгсөн “...Хэл амаараа ойлголцоогүй учир миний буруу гэж бодож хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч нь хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж, олон тооны гэмтэл учруулсан нь хохирогч Ж.ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 606 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас), хохирогч Ж.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) зэргээр нотлогджээ. Тодруулбал шүүгдэгч хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж, олон тооны гэмтэл учруулсныг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд болон учирсан хохирлын шинж чанарт хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзнэ.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч М.*******ын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгч М.******* нь хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдаж, олон тооны гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд болон учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирон гэж дүгнэлээ.

3.2. Харин улсын яллагчийн гаргасан “...түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг баримтаар тогтоогоогүй байх тул торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоож, хэсэгчлэн төлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

3.3. Мөрдөгч 2022 оны ******* дугаар сарын *******-ны өдөр шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Ж. нь “...нэхэмжлэх зүйл байхгүй. Арван хоёр жил амьдарсан болохоор ямар нэгэн гомдолгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй нь шүүгдэгч хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 1’000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 (арван дөрвөн) хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА