Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

    2023        03          17                                   2023/ШЦТ/192

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Л.Содбаяр,

хохирогч О.Б-,

шүүгдэгч С.И нарыг оролцуулан эрүүгийн 2211 01308 1562 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С-ын И /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 00 тоотод оршин оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.И нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Аюу” зоогийн газарт хохирогч О.Б-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлий хэсэг рүү нь өшиглөж халдаж зодсоны улмаас хүний биед умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч О.Б-гийн мэдүүлэг, гэрч Ж.Сарантуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 10487 тоот дүгнэлт, шүүгдэгч С.И-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.И мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ... Ганц би өшиглөж зодсон зүйл байхгүй харилцан зодоон байсан. ... Би 1 удаа өшиглөсөн. ...Жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: “...Би гомдолтой байна. Хэрвээ миний хүүхдэд муу зүйл тохиолдсон бол энэ хүн энд ингэж зогсох байсан уу? Утасны цаанаас намайг доромжилдог мөн хүүхдүүдийг минь элдвээр хэлдэг. Нэг зүйл сонин байна. С.И өөрийгөө Батбилэгтэй ямар ч хамааралгүй хүн гэж ярьж байна. Хамааралгүй хүмүүс гэрт нь цуг очоод унтаж хэвтээд, заваарч, утасны цаанаас хүнийг элдвээр хэлдэг ийм зүйл байж болох уу? С.И өөрөө бас эх хүн. ... Би 1.046.000 төгрөг нэхэмжилж байна. Миний эм тарианд гарсан зардал. ... Би Батбилэгтэй хамт Улаанбаатар хотод гэрээ янзлаад хамт байна гэж ирсэн. Манай хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Би өөрөө Дорнодод оршин суудаг. Сайндаа ч биш С.И-тайгаа завхайрч байгааг нь мэдээд хажууд нь очиж төрхөөр очсон. Ямартай ч Батбилэгийн хүүхэд болохоор төрхөд нь өлгийдүүлж, өсгүүлэхээр ирсэн. Тэгтэл С.И цуг амьдарч байгаа гэсэн ... Хүүхдийн маань биеийн байдал гэвэл бид 2 эх нялхаст 6 сартай болохоороо очиж давтан үзүүлэх шаардлагатай. Би хүүхдээ орхиод ирсэн. Буцаж очоод хүүхдээ аваад Улаанбаатар хотод ирнэ” гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.И нь өөрийгөө өмгөөлж шүүх хурладаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч С.И нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “Аюу” зоогийн газарт хохирогч О.Б-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлий хэсэг рүү нь өшиглөж халдаж зодсоны улмаас хүний биед умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 10487 дүгнэлтээр “...О.Б-гийн биед умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол тогтоогдлоо. ...Дээрх умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүссэн байх боломжтой. ...Умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...Умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” (хавтаст хэргийн 21-22 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч О.Б-гийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч О.Б мэдүүлсэн: “...2022 оны 7 дугаар сарын 21-ны өдөр би нөхөр Батбилэгийн ажилладаг Содон бөмбөгөр худалдааны төвийн 1 давхарт байдаг цайны газарт очсон юм. Тэгэхэд С.И гэх хүүхэн хамт байсан. Тэгсэн тэр С.И нь Батбилэгт хандаж наад нэг хүүхнээ явуулаач гэж хэлсэн юм. Ингээд би С.И-тай хэрүүл хийж маргалдаж эхэлсэн юм. Тэгснээ С.И нь явлаа гээд цайны газраас гараад яваад буцаж орж ирэхдээ архи авч орж ирээд уусан юм. Тэгээд над руу С.И агсам тавьж хоолны таваг шидсэн юм тэр хоолны таваг нь оноогүй хажуу талд нь унаж хагарсан юм. Тэгээд С.И намайг үсдээд миний гэдэс рүү цайны газар дотор 2 удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгэнгүүт С.И намайг өшиглөж цохиод байхаар нь би гадагшаа гарсан чинь миний араас гараад дахиж миний үснээс зулгаагаад дахиж миний гэдэс рүү 2 удаа өшиглөсөн юм. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм. ...би тухайн хэрэг болох үед 8 сартай жирэмсэн байсан юм. Би 2022 оны 8 дугаар сарын 16-нд хийсвэрээр төрөөд хүүтэй болсон”, “...би гомдолтой. Өмнөх мэдүүлэгтээ би уг нь Батбилэгийг  бодоод гомдолгүй гэж хэлж байсан чинь сүүлийн үед утасны цаанаас С.И элдвээр доромжлоод байгаа болохоор дургүй хүрээд гомдоод байгаа юм. ...миний эмчилгээний зардал 1.046.626 төгрөгний зардал гарсан. Үүнийгээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дэх тал), хохирогч О.Б гэрчээр мэдүүлсэн “...би нөхөр Батбилэгийн ажил дээр буюу Содон бөмбөгөр дээр очсон. Манай нөхөр Батбилэг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм. Энд манай нөхөр амьдарч байх хугацаандаа С.И гэх эмэгтэйтэй хамт амьдраад байгаа юм шиг байна лээ. Би нөхөр Батбилэгийн ажил дээр очсон чинь Батбилэг чи энэ хүүхэнтэй битгий хэрэлдээрэй. Би энэ хүүхний таньдаг эгчээс нь мөнгө зээлчихсэн байгаа гэж надад хэлсэн юм. Тэгээд нөхөр Батбилэгтэй хамт дотогш ажил руу нь орохдоо чи согтуу архи уухаараа намайг элдэв үгээр доромжлоод байдаг юм гэж хэлсэн. Тэгсэн С.И гэх эмэгтэй нь ажлын байран дээрээ пиво уугаад байж байсан. Манай нөхөр Батбилэг рүү энэ хүүхнээ явуул энэ тэр гээд С.И нь  маргалдаад байх шиг байсан. Тэгээд тэр С.И гэх хүүхэн нь хувцсаа өмсөөд гараад явсан орж ирэхдээ усны саван дотор архи хийчихсэн хойд ширээн дээр суугаад уугаад байсан. Манай нөхөр Батбилэгийг хаалтаа хаа гэж хэлээд хаалгаа хаасны дараа тэр С.И нь одоо би чамтай ярина гээд надтай С.И нь хэрүүл хийж маргалдсан. Тэгсэн над руу С.И нь хоолны шилэн аяга шийдэхэд намайг оноогүй миний хажууд аяга нь хагарсан юм. Тэгэнгүүтээ С.И нь миний гэдэс рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэнгүүт нь Батбилэгт хүүхдээ өгөөд С.И руу дайрч үсдсэн чинь буцаагаад над руу С.И миний гэдэс рүү 2 удаа хөлөөрөө өшиглөөд наад хүүхдийг чинь алнаа гээд өшиглөж байсан. Тэгээд над руу хоолны сав суулга амтлагчны сав зэргийг чулуудаж дайрч давшилсан чинь би цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Мөн тэнд байсан хамгаалагч нь салгаад гадагшаа үүд рүү гарсан хойно нь дахиж намайг үсдээд гэдэс рүү 2 удаа өшиглөхөөр нь би өөрийг нь үсдсэн юм. Ингэж байтал тэнд байсан хүмүүс салгасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал) гэрч Ж.Сарантунгалагийн мэдүүлсэн: “...2022 оны 7 дугаар сарын 21-ны орой О.Б нь манай Эх хүүхдийн төвийн яаралтай тусламжаар үзүүлж тус эмнэлэгийн эрсдэлтэй жирэмслэл судлалын тасагт ирж хэвтсэн юм. Тухайн үед эмнэлэгт ирэхдээ хүнд өшиглүүлээд хэвлий хэсгээр өвдөж байсан, доошоо юм гарна толгой өвднө гэсэн оноштой ирж хэвтсэн юм. Хүлээж авахад хэвлийн доод хэсгээр эмзэглэлтэй, умайд тонустай, цус эргэлтийн систем болон ургийн талаас өөрчлөлтгүй байсан. Энэ үед эхэсийн захаас бага зэрэг ховхролттой гэж яаралтай тусламжийн тасагт ЭХО-д харж ураг орчмын шингэн бага учир эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт хэвтүүлсэн. ...Дээрх хэвлийд өшиглүүлснээр умайд тонус өгч, дутуу төрөх болон эхэс ховхрох эрсдэл байсан тул эмчилгээ яаралтай авчнаар хэвийн байдалд нь оруулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүгдэгч С.И яллагдагаар мэдүүлсэн “...2022 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Батбилэгийн салсан эхнэр О.Б нь миний ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Содон бөмбөгөр худалдааны төвд байрлах Аюу зоогийн газарт ирсэн юм. Тэгсэн манай нөхөр Батбилэгийн салсан эхнэр О.Б нь ирээд намайг “чи гар утасны цаанаас их том юм билээ, халтар авгай минь” гэж үгээр дайрч доромжилж хэрүүл эхлүүлсэн. Тэгэхэд нь бараг би дуугүй байсан. Энэ үед О.Б намайг доромжлоод элдэв муухай үгээр хэлээд байсан юм. Тэгэхээр нь цайны газарт байсан үйлчлүүлэгч нараа бүгдийг нь гаргасан хойно ярих юм байвал ярь гэж хэлсэн чинь тэр О.Б чанга хашгирч орилоод байхаар нь “чи ер нь яах” гээд байгаа юм бэ гэж хэлээд ширээ гараараа цохисон чинь аяга шалан дээр унаж хагарсан юм. Тэгээд О.Б бид хоёр хоорондоо үсдэлцээд байж байхад Батбилэг бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би цайны газрын гадаа коридорт зогсож байтал араас О.Б намайг үсдэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн юм. ...салсан нөхөр Батбилэгээс нь болж гэр бүлийн зөрчилдөөн үүссэн юм. Хааяа Батбилэг рүү О.Б нь залгадаг юм. Энэ мэт асуудлаас болж О.Б-тай маргах шалтгаан үүссэн юм. ...би тийм их архи пиво уугаагүй өөрийгөө удирдах чадвартай байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), хохирогч О.Б-гийн өвчний түүх дэх ЭХЭМҮТ гарах үеийн эпикриз 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “...Жирэмслэлт IV-III 34-35 долоо хоног ...Ихэс ховхролтыг сэжиглэн цусны дэлгэрэнгүй шинжилгээг өдөр болгон авч хянасан. Эхэд төрөлтийн үед ихэс ховхролт, цус алдалт, ургийн бүтэлт, ураг амьгүй болох зэрэг эрсдэл, хүндрэлүүд байгаа талаар тайлбарласан” (хавтаст хэргийн 23-26 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.И хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Яллагдагч С.И нь намайг үсдсэн гэх боловч энэ талаар гомдол санал гаргаагүй прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хохирогч О.Б нь шүүгдэгч С.И-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг гэмт хэрэг тооцуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ирүүлээгүй байна.

Шүүгдэгч С.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, мөн хохирогч О.Б-гийн өвчний түүх дэх ЭХЭМҮТ гарах үеийн эпикриз 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “...Жирэмслэлт IV-III 34-35 долоо хоног” гэсэн байх тул хохирогчийг жирэмсэн болохыг лавтай сайн мэдэх боломжтой, энэ нь илэрхий байхад хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлээ ухамсарлаж  үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж санаатай үйлджээ.

 Шүүгдэгч С.И-гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Хохирогч О.Б-гийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой 1.095.926 төгрөг нэхэмжилсэн баримт ирүүлснээс хохирогчоос гаргаж, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 10487 дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг эмчилэх эмчилгээнд зарцуулсан 391.726 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар С.И-гаас гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 00 тоотод оршин суух Б овогт О-ийн Б (РД: хх000000)-д олгож, хохирогч нь давтан үзүүлэх шаардлагатай, саванд цус хурсан байгаа гэх тул шүүгдэгч С.И-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэц, уршиг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт зэрэгт тулгуурлан  хохирогч О.Б нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардлыг Иргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч С.И нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага хүссэнийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/357 тоот захирамжаар шүүгдэгч С.И-д холбогдох шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 10:00 цаг хүртэл ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн боловч энэ хугацаанд С.И нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, мөн тухайн өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/398 тоот захирамжаар хойшлуулж, шүүгдэгч С.И-г 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч ирсэн тул шүүх хуралдааныг эрүүгийн хариуцлага оногдуулах хэлэлцүүлгийн шатнаас үргэлжлүүлэн хуралдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.И-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч С.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзан үзсэнийг дурьдах нь зүйтэй.

            Хэдийгээр шүүгдэгч С.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаагүй, эмчилгээний зардлыг нөхөн төлөөгүй, мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан мөн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-г байнга оршин суугаа буюу Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээс бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож хязгаарлалт тогтоон хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С-ын И /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Шүүгдэгч С.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.И-г байнга оршин суугаа буюу Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээс бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож хязгаарлалт тогтоон хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.И нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.И-д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар С.И-гаас 391.726 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 00 тоотод оршин суух Б овогт О-ийн Б /РД:хх000000/-д олгож, хохирогч О.Б нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардлыг Иргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР