Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

    2023         03           20                                      2023/ШЦТ/201

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч М.Г нарыг оролцуулан эрүүгийн 2311 00060 0078 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт М-ын Г /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, “Ххх” ХХК-д геодизийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хадам эх, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 19 дүгээр гудамжны 00 тоотод байнга оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байх үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ны шөнийн 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “17 диско клуб”-ийн гадна хохирогч Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн ийнхүү эсэргүүцэл үзүүлэхдээ хохирогч Г.Г-ийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Г.Г, гэрч М.Ууганбаяр, М.Сумъяабазар, Б.Бямбабаяр, Б.Наранбаатар нарын мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /камерын бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тоглуулж шинжлэн судласан/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 16646 тоот дүгнэлт, хохирогч Г.Г-ийн ажил байдлын тодорхойлолт, шүүгдэгч М.Г-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г-ын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

  2. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудын тухайд:

 2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд

Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байх үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ны шөнийн 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “17 диско клуб”-ийн гадна хохирогч Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Ган-Эрэднэ мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Согоот-115 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Ууганбаярын хамт үүрэг гүйцэтгээд 17-ийн баарны ойр орчимд явган эргүүл хийж байхад 04 цагийн үед 17 диско баарнаас нэг хүн гарч ирээд "бааранд хүмүүс зодолдоод байна" гэж хэлэхээр нь бид 2 дуудлагын дагуу яваад ортол 10-аад залуучууд хоорондоо зодолдож байхаар нь дайраад байсан 4 залууг 2, 2-оор нь аваад баарнаас гаргасан. Баарны үүдэн дээр гарч ирсний дараа бид 2-ийн дагуулж гаргаж ирсэн залуучууд “бид нартай зодолдоод байсан залуучууд гарч ирэхгүй юм уу?” гэхээр нь “одоо гараад ирнэ, хэлчихсэн байгаа тэгэхээр нь учрыг нь олоод өгье” гэж хэлээд баарны үүдэнд хүлээгээд зогсож байтал гарч ирэхгүй байсан. Ахлах дэслэгч Ууганбаяр бид 2 хамт байсан залуучуудад хандаад “гомдол санал байхгүй бол та нар одоо явцгаа” гэж хэлтэл баар луу буцаж орох гээд байхаар нь “одоо баар хаачихсан байна, одоо явцгаа” гэж хэлсэн боловч явахгүй буцаад орно гээд байхаар нь “та нар яагаад шаардлага биелүүлдэггүй юм бэ? тарцгаа” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч явахгүй байгаад байхаар нь “за тэгвэл хэлтэс орж учрыг чинь олж өгье” гэж хэлээд хэлтэс рүү дагуулаад явах гэтэл “та нар яахаараа бид нарыг яв гэдэг юм бэ?” гээд бид хоёртой маргалдаад нэг залуу нь намайг заамдаад авахаар нь би “чи яагаад шаардлага биелүүлэхгүй, цагдаагийн алба хаагчийн биед хүрээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд “чиний биед хүрэхээрээ яадаг юм бэ?” гээд хэрүүл маргаан гарсан. Намайг заамдаад байсан залууг би гараас нь чирээд хэлтэс рүү орох гэтэл “чи яахаараа намайг хэлтэс рүүгээ оруулах гээд байгаа юм бэ?” гээд дэлгүүрийн хойно оччихоод намайг “нааш ир” гээд дуудаад байхаар нь би араас нь очиход намайг заамдаад зодолдох гээд байхаар нь би хойноос нь татаж унагаасан чинь дээшээ хараад уначихаар нь нэг гарыг нь гавласан, буцаж эргүүлээд нөгөө гарыг нь гавлах гээд ноцолдоод байж байхад Ууганбаяр ахтай юм яриад зогсож байсан 3 залуу гүйж ирээд 1 нь миний хойноос тэвэрч авах үед гав нь сулраад миний нүүр рүү 2 удаа өшиглөхөөр нь би нүүрээ дарах үед цус их гарсан. ...Гүнт-20 дээр хүргэж эрүүлжүүлэхэд, согтолтын зэрэг нь 3,49% гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), цагдаагийн алба хаагч М.Ууганбаярын бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогч Г.Г гэрчээр мэдүүлсэн “...Мягмаржавын М.Г гэх 26 настай залуу байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс ойрхон байсан тул цагдаагийн хэлтэс рүү ороод тайлбар өгье гэтэл орохгүй гээд М.Г намайг чи цагдаа нааш ир гээд дуудаад хэлтсийн байрнаас холдуулах гээд байсан би чамайг дагаж явахгүй чи миний шаардлага биелүүл гээд нэг гарт нь гав тусгай хэрэгсэл зүүгээд нөгөө гарыг нь гавлах гэтэл намайг эсэргүүцэж ноцолдоод газар унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13 дахь тал), гэрч М.Ууганбаяр мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 08-ны 08 цаг 30 минутаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний 08 цаг 30 минутын хооронд 24 цагаар Согоот-115 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд 04 цагийн үед “17 диско баар”-нд хүмүүс зодолдоод байна гэж нэг хүн гарч ирж хэлсний дагуу дэд ахлагч Г.Г бид 2 ороход, 4, 4-лээ 8 хүн хоорондоо хэрэлдээд маргалдаад байхаар нь бааран дотор нь салгаад 4 залуу нь түрүүлээд гараад ирсэн. Араас нь маргалдаад байсан 4 нь гараад ирэхээр нь би тэдгээр залуучуудыг нь яв гэж хэлээд явуулсан. Тэгээд хэлтэс рүү орох гэж байтал эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Сумъяабазар “Г.Г зодуулчихсан байна” гэж хэлсэн. Би Ган-Эрдэнийг зодсон хүмүүсийг нь хэлтэс рүү оруулах гэтэл тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж хэл амаар доромжлоод байсан тэгээд М.Г гэх залууг нь эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч М.Сумъяабазар мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд 24 цагаар Согоот-116 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Будбаярын хамт үүрэг гүйцэтгэсэн, би 04 цаг өнгөрөөгөөд жижүүрийн өрөөнд материал бичээд сууж байхад мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Дэлгэрцэцэг “хэлтсийн хажууд Г.Г хүнд зодуулаад байна гараарай" гэж хэлэхээр нь гартал хэлтсийн хажуу талын зам дагуу 1 эрэгтэй хүнтэй зууралдаад хажууд нь 2 эрэгтэй хүн хараад зогсож байсан. Ган-Эрдэнийн нүүр нь шороо болчихсон, шүднээс нь цус гарчихсан, шүд рүү өшиглөчихлөө, хөдөлчихсөн байна гэж хэлж байсан. Шүд рүү нь өшиглөсөн гэх залуу нь Г.Г рүү дайраад байсан, тэр залуу нь нилээн согтолттой байсан. Би тэр залууд “юу болсон талаар дотор орж байгаад хэлээрэй” гэж хэлээд хэлтэс рүү орох гэж явж байгаад ахлах дэслэгч Ууганбаяртай таараад бүгдээрээ хамт хэлтэс рүү орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), гэрч Б.Бямбабаяр мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 02 цаг өнгөрөөгөөд 17-ын автобусны буудал дээр байрлах диско бааранд М.Г-, Наранбаатар, Бат- Эрдэнэ нарын хамт ороод 0,75 литрийн “Экс” нэртэй архи 1 шил, 4 шилтэй пиво авч уучихаад пивоноосоо бага зэрэг уучихаад бид нар тамхилчихаад ирье гэж хэлээд гарах гэтэл зөөгч нь тооцоогоо хий гээд байхаар нь “бид нар тамхилчихаад ороод ирнэ" гэтэл гуйлгачин нар минь тооцоогоо хий, хэрвээ тооцоогоо хийж чадахгүй юм бол үхсэнээ хийж уусан юм” гээд хэрүүл болсон. Бид нар зөөгчид нь чи “аятайхан харьц” гэж хэлээд байж байтал хамгаалагч нь хүрч ирээд М.Г-ын хацар руу гараараа нэг удаа цохихоор нь би салгасан, хажуугаас хүмүүс орж ирээд намайг цохихоор нь эргүүлээд цохисон, намайг цохисон болон миний цохисон хүмүүс нь бааранд үйлчлүүлж байсан согтуу хүмүүс байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ, Наранбаатар 2 ширээн дээрээ сууж байгаад салгасан. Тэр үед 2 цагдаагийн алба хаагч орж ирээд зодооныг салгаад бид 4-ийг аваад гарсан. Тэгэхэд бааранд зодоон хийгээд байсан залуучууд гарч ирээд ахиад зодолдъё гээд байсан. Би тэдгээр залуучуудтай өөрөө очиж уулзаад уучлалт гуйгаад эвлэрцгээсэн. Ууганбаяр ахлах дэслэгчтэй Наранбаатар, Бат-Эрдэнэ 2 зогсож байсан харин М.Г байхгүй байхаар нь би М.Г-ыг хайгаад дэлгүүрийн булан эргэтэл хашааны гадна замын хажууд дэд ахлагч Г.Г нь М.Г-ын толгойн дээр нь өвдөглөөд дарчихсан байхаар нь би очоод болиоч ээ гээд Ган-Эрдэнийн хажуу талаас тэврээд 1 алхам холдуулах үед М.Г босож ирэх гээд хөлөө савж байх үедээ шанааных нь ойролцоо санамсаргүй байдлаар өшиглөчихсөн, Би тэр үед дэд ахлагч Ган-Эрдэнийн өмнө зогсоод “бид нарыг явуулчих аа” гэж гуйсан чинь “намайг зодчихлоо шүү дээ” гээд цагдаа нараа дуудаад ахлах дэслэгч Ууганбаяр болон хэлтсээс нэг цагдаа гарч ирээд бид нарыг аваад орсон. ...М.Г шанаа тус газар нь хөлөөрөө санамсаргүй байдлаар нэг удаа өшиглөснийг нь би харсан. ...Би М.Г-, Ган- Эрдэнэ 2 дээр би түрүүлж очсон, миний араас Бат-Эрдэнэ ирсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч Б.Наранбаатар мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 08-ны орой хамт ажилладаг Бат-Эрдэнэ, М.Г-, Бямбабаяр нарын хамт ажлаасаа гараад караоке ороод 0.75 литрийн нэг шил архи аваад архинаасаа уугаагүй дуу дуулж байгаад гараад 17-ын автобусны буудал дээр байдаг 17 night club-д 01 цаг өнгөрч байхад ороод 0.75 литрийн экс архи аваад тэрийгээ уугаад дуусгасан. Тэрний дараа 4 шил пиво захиалаад ууж байсан тэрний тооцооноос болж маргалдсан юм шиг байна лээ. ...Би Ууганбаяр гэдэг ахлах дэслэгчтэй дэлгүүрийн үүдэнд юм яриад зогсож байснаа санаад байна. Нэг цагдаа нь М.Г-ыг газар хэвтүүлчихсэн дээрээс нь дарчихсан байхаар нь би М.Г-ыг очоод аваачээ гэж хэлсэн. ...Би М.Г цагдааг цохьсон уу өшиглөчихсөн үү гэдгийг хараагүй цагдаа нь болохоор намайг өшиглөчихсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүгдэгч М.Г яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 09-ны 00 цаг 40 минутын үед хамт ажилладаг Бямбабаяр, Бат-Эрдэнэ, Наранбаатар нарын хамт 100 айлд байрладаг нийтийн караокед ороод 0.75 литрийн нэг шил архи 4 устай аваад суух гэтэл хүн орж ирэхгүй мөн караоке таалагдаагүй учраас архиа буцаагаад гарсан. Бид нар диско бааранд оръё гэж ярилцаад таксидаад 17-ын автобусны буудлын ойролцоо байрлах 17 клуб нэртэй диско бааранд ороод 0.75 граммын эес н эртэй архи, 4 устай захиалаад Наранбаатар тооцоогоо тэр дор нь хийсэн. Тэрийгээ ууж дуусгаад дараа нь дахиад 4 пиво захиалаад тамхи татах гээд дөрвүүлээ гарах гэтэл зөөгч нь тооцоогоо хий гэхээр нь гял тамхилчихаад орж ирээд тооцоогоо хийчихэж болох уу” гэж асуухад муусайн гуйлгачингууд тооцоогоо хийж чадахгүй юм бол яах гэж захиалсан юм бэ? гээд байхаар нь би “чи одоо юу гээд байгаа юм бэ? Олон нийтийн газар гуйлгачингаар нь дуудлаа” гээд маргаад байж байхад хамгаалагч нь хүрч ирээд “чи одоо юу гээд байгаа юм бэ?” тооцоогоо хийгээч” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа 2 удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд л зодоон болсон. Бааранд үйлчлүүлж байсан хүмүүс Бямбабаяр бид хоёрыг нийлээд цохиод байсан. Тэгээд байж байхад 2 цагдаа орж ирээд бид дөрвийг баарнаас аваад гарсан. Г.Г гэдэг цагдаа нь намайг цагдаагийн хэлтэс рүү дагуулж орох гээд явахаар нь би нөгөө хэдтэйгээ хамт орьё, манай хэд ирж байгаа” гэж хэлээд барьж байсан гарыг нь 2-3 удаа тавиулаад орохгүй гээд хойшоо болсон чинь намайг дарж унагаагаад миний зүүн гарыг гавлаад баруун гарыг гавлах гээд ноцолдож байх хооронд Бямбабаяр, Бат-Эрдэнэ ах 2 ирээд намайг гавласан цагдааг татаад дээш нь босгосон. Тэгэнгүүт би босох гээд хөлөө жийх үедээ нүүрийг нь оночихсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал), Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаартай “Цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 57 дахь тал), албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 58-62 дахь тал), авто эргүүлийн томилгоо (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 2.2. Мөн шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байх үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ны шөнийн 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “17 диско клуб”-ийн гадна хохирогч Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэхдээ түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсний улмаас уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дугаар 16646 тоот “...Г.Г-ийн биед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт, баруун дээд 1 дүгээр сулрал гэмтэл тогтоогдлоо. ...2.Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонго алдагдуулахгүй” (хавтаст хэргийн 31 дэх тал) гэх дүгнэлт, хохирогч Г.Г мэдүүлсэн “...Намайг заамдаад байсан залууг би гараас нь чирээд хэлтэс рүү орох гэтэл “чи яахаараа намайг хэлтэс рүүгээ оруулах гээд байгаа юм бэ?” гээд дэлгүүрийн хойно оччихоод намайг “нааш ир” гээд дуудаад байхаар нь би араас нь очтол намайг заамдаад зодолдох гээд байхаар нь би хойноос нь татаж унагаасан чинь дээшээ хараад уначихаар нь нэг гарыг нь гавласан, буцаж эргүүлээд нөгөө гарыг нь гавлах гээд ноцолдоод байж байхад Ууганбаяр ахтай юм яриад зогсож байсан 3 залуу гүйж ирээд 1 нь миний хойноос тэвэрч авах үед гав нь сулраад миний нүүр рүү 2 удаа өшиглөхөөр нь би нүүрээ дарах үед цус их гарсан. Хамт явж байсан залуучууд нь нөгөө залуугаа салгаад би жаахан зайтай зогсож байхад Ууганбаяр ах дэлгүүрийн хашаан дотроос хүрч ирээд “яасан юу болсон юм бэ?” гэхээр нь би “миний нүүр лүү өшиглөчихлөө, шүд хөдөлчихлөө гэж хэлээд бид нар бүгдээрээ хэлтэс рүү орцгоогоод Гүнт-20 дээр хүргэж эрүүлжүүлэхэд, согтолтын зэрэг нь 3,49 хувь гарсан. Миний үүдэн 2 шүд хөдөлчихсөн байсан, одоо 1 шүд нь хөдөлгөөнтэй, 1 шүд нь арай гайгүй болсон. М.Г гэх залуу л миний нүүр лүү өшиглөсөн, хамт явж байсан залуучууд нь миний биед гэмтэл шарх учруулаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), гэрч М.Ууганбаярын мэдүүлсэн “...Араас нь маргалдаад байсан 4 нь гараад ирэхээр нь би тэдгээр залуучуудыг нь яв гэж хэлээд явуулсан. Тэгээд хэлтэс рүү орох гэж байтал эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Сумъяабазар “Г.Г зодуулчихсан байна” гэж хэлсэн. Би Ган-Эрдэнийг зодсон хүмүүсийг нь хэлтэс рүү оруулах гэтэл тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж хэл амаар доромжлоод байсан тэгээд М.Г гэх залууг нь эрүүлжүүлсэн. ...Би Г.Г-ийн нүүрэн тус газар нь өшиглөж байхыг хараагүй, амнаас нь цус гарчихсан байсан, шүд хөдөлчихлөө гэж байсан, мөн нүүр нь шороо болчихсон байсан. ...М.Г-ыг үлээлгэхэд, согтолтын зэрэг нь 3,49 хувь байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч М.Сумъяабазар мэдүүлсэн “...цагдаагийн ахлагч Дэлгэрцэцэг “хэлтсийн хажууд Г.Г хүнд зодуулаад байна гараарай" гэж хэлэхээр нь гартал хэлтсийн хажуу талын зам дагуу 1 эрэгтэй хүнтэй зууралдаад хажууд нь 2 эрэгтэй хүн хараад зогсож байсан. Ган-Эрдэнийн нүүр нь шороо болчихсон, шүднээс нь цус гарчихсан, шүд рүү өшиглөчихлөө, хөдөлчихсөн байна гэж хэлж байсан. Шүд рүү нь өшиглөсөн гэх залуу нь Г.Г рүү дайраад байсан, тэр залуу нь нилээн согтолттой байсан. Би тэр залууд “юу болсон талаар дотор орж байгаад хэлээрэй” гэж хэлээд хэлтэс рүү орох гэж явж байгаад ахлах дэслэгч Ууганбаяртай таараад бүгдээрээ хамт хэлтэс рүү орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал), цагдаагийн алба хаагч М.Ууганбаярын бичсэн илтгэх хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8-13 дахь тал), гэрч Б.Бямбабаярын мэдүүлсэн “...би М.Г-ыг хайгаад дэлгүүрийн булан эргэтэл хашааны гадна замын хажууд дэд ахлагч Г.Г нь М.Г-ын толгойн дээр нь өвдөглөөд дарчихсан байхаар нь би очоод болиоч ээ гээд Ган-Эрдэнийн хажуу талаас тэврээд 1 алхам холдуулах үед М.Г босож ирэх гээд хөлөө савж байх үедээ шанааных нь ойролцоо санамсаргүй байдлаар өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч Б.Наранбаатарын мэдүүлсэн “...Би М.Г цагдааг цохисон уу өшиглөсөн үү гэдгийг хараагүй, цагдаа нь болохоор намайг өшиглөчихсөн гэж хэлсэн, нэг талынх нь шанаа дээр нь гутлын мөр гарчихсан байсан, миний үүдэн шүд хөдөлчихсөн байна гээд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүгдэгч М.Г яллагдагчаар мэдүүлсэн “...Г.Г гэдэг цагдаа нь намайг цагдаагийн хэлтэс рүү дагуулж орох гээд явахаар нь би нөгөө хэдтэйгээ хамт орьё, манай хэд ирж байгаа” гэж хэлээд барьж байсан гарыг нь 2-3 удаа тавиулаад орохгүй гээд хойшоо болсон чинь намайг дарж унагаагаад миний зүүн гарыг гавлаад баруун гарыг гавлах гээд ноцолдож байх хооронд Бямбабаяр, Бат-Эрдэнэ ах 2 ирээд намайг гавласан цагдааг татаад дээш нь босгосон. Тэгэхээр нь би босох гээд хөлөө жийх үедээ нүүрийг нь оночихсон. Тэгээд бид нар бүгдээрээ цагдаагийн хэлтэс рүү орж ирсэний дараа намайг гавласан цагдаа “чи миний шүд рүү цохичихлоо, урд талын 2 үүдэн шүд хөдөлчихлөө” гээд шүдээ харуулаад байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар  хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилг, гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд:

3.1 Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байх үедээ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар хохирогч Г.Г-ийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцоолох ёстой, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг хийж буйгаа ухамсарласан атал цагдаагийн албан хаагчийн эсрэг чиглэсэн өшиглөх зэрэг хүч хэрэглэсэн үйлдлийг хийсэн нь түүний үйлдлүүд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэх үндэслэл болно. Хэдийгээр шүүгдэгч М.Г нь хохирогч Г.Г-ийн биед хөнгөн хохирол учруулах санаа зорилгогүй байсан гэх боловч түүний ухамсарлаж үйлдсэн буюу хөлөөрөө өшиглөсөн, жийсэн гэх үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, энэхүү үйлдлээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэгдүгээрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, хоёрдугаарт цагдаагийн албан хаагчийн албаны үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хамгаалагдсан эрх ашигт халдсан шинжээрээ санаатай гэмт хэрэгт тооцогдох бүрэн үндэслэлтэй юм.   

Шүүгдэгч М.Г нь хохирогч Г.Г-ийг цагдаагийн байгууллагын албан хаагч, албан үүргийн хувьд тавьж буй шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байх тул прокуророос шүүгдэгч М.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэсэн нь хуулийг холбогдох зүйл хэсгийг зөв хэрэглэжээ.

Прокуророос М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд 30.000 төгрөгийн баримт гарган өгсөн ба шүүгдэгч М.Г нь уг хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогчийн шүдний эмчилгээтэй холбоотой 300.000 төгрөгийн төлж барагдуулсан байна.

            Хохирогч Г.Г-ий эрүүл мэндэд учирсан хохирол болох шүд бүрэн эмчлэгдээгүй шүдээ эмчлүүлвэл гомдол саналгүй гэсэн байна. Хохирогч нь хэдийгээр шүдний эмчилгээ хийлгэнэ гэх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул мөнгөн хэлбэрээр илэрхийлэн хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Г.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.   

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Г-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч М.Г нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна. (хавтаст хэргийн 66, 69-73 дахь тал),

Улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч хохирогч Г.Г-ийн шүдийг эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй байна.

Шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 2 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт М-ын Г /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Г-т сануулсугай.

6. Шүүгдэгч М.Г нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Г.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалсугай.

8. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР