Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0139

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0741/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б  нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.          

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б гээс гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... шүүх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас” 22 иргэн, аж ахуй нэгжүүдэд хандан өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад зааснаар сонсох ажиллагааг явуулж тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар олон нийтэд мэдэгдэл болгон нийтэлсэн гэж тодорхойлсон. Шүүх ийнхүү сонсох ажиллагааг тодорхойлсон нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, мөн хуулийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж зохицуулсан хуулийн зохицуулалтыг ноцтой зөрсөн юм. Учир нь захиргааны шийдвэр гаргах байгууллага нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бус харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

3.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Б  миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар” бус харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас гаргаж буй маргаан бүхий захиргааны акт байгаа юм. Мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 22 иргэн, аж ахуй нэгжүүдэд хандан өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа дамжуулан сонсох ажиллагаа явуулсан нь хуульд заасан мэдэгдлийг зохих этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэх шаардлагыг огт хангахгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Хэрэв шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн байхад энэ талаар шүүхээс үндэслэл бухий хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

3.3. ... сонсох ажиллагаа бол захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд байр суурь, санап бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа заавал хийгдэх ажиллагаа юм. Заавал хийгдэх ёстой гэхийн учир нь сонсох ажиллагаа хийхгүй байж болох 6 тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан бөгөөд энэ нь эдгээр тохиолдлоос бусад үед сонсох ажиллагааг заавал хийхээр байгааг ойлгож байна. Ийнхүү заавал хийх ёстой сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан бол энэ нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм. Мөн сонсох ажиллагаа хийх шаардлага нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа баримтлах процессын хэм хэмжээ юм. Хууль бус захиргааны акт гэдэгт эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт заасан байна. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээ нь материаллаг болон процессын хэм хэмжээнээс бүрддэгийг үндэслэвэл эрх зүйн зөрчил гэдэгт материаллаг болон процессын хэм хэмжээний зөрчил аль аль нь хамаарах учиртай. Иймд сонсох ажиллагаа хийгээгүй нь эрх зүйн зөрчил болж, улмаар тухайн актыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна сонсох ажиллагаа захиргааны үйл ажиллагаанд хэр чухал болохыг захиргааны үйл ажиллагааны 8 тусгай зарчмын нэг болгон тусгаснаас харж болно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим гэж заасан бөгөөд оролцоог зөвхөн сонсох ажиллагааны дүнд хангах боломжтой юм. Гэвч хариуцагч нь энэхүү хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байгаа юм.

3.4. Мөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Тусгай хамгаалалтын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл Д.Б  намайг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн миний газар ашиглах эрхийг цуцалсан. Уг хуулийн зохицуулалтууд нь гурвалсан гэрээ байгуулж уг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, ашиглахгүй байх нөхцөл байдал байгааг тодорхойлж байна. Гэвч миний бие гурвалсан гэрээг ковид-19 цар тахалтай холбоотойгоор байгуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гурвалсан гэрээгээ байгуулж газрын төлбөрөө төлөхөө Налайх дүүргийн Татварын хэлтэст очих үед газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор мэдэн тус өдрөө Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргаанд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг албан ёсоор гаргуулуулахаар өргөдөл гаргасан юм. Улмаар маргаан бүхий захиргааны актыг хожим нь мэдэж өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч анхан шатны шуүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргаж байгаад гомдолтой байна.

3.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2.  Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Д.Б  нь Байгаль орчин, уур амьсгалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/0 тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Д.Б д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дугаар тушаалаар анх газар эзэмших гэрчилгээ олгож, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх үүссэн өдрөөс хойш маргаан бүхий актыг гарах хүртэл тэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа явуулахаас бусад байдлаар аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулан ашиглах эрхээ 3 жил 4 сар хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон ...  нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж буй талаар сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 22 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байх тул энэхүү захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг,  27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

2.4. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар байх бөгөөд газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/461 дүгээр тушаалаар Д.Б д аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Өгөөмөрийн аманд байршилтай 39,998 м.кв газрыг ашиглуулахаар олгосон, нэхэмжлэгч газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргаж байгаагүй байх төдийгүй энэхүү газартаа маргаан бүхий акт гарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, газраа ашиглаагүй үйл баримт тогтоогджээ.

2.6. Нэгэнт маргаан бүхий газрыг хуанлийн бүтэн 2 жилийн турш ашиглаагүй, тухайн газартаа зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2023 оны 09 дүгээр сарын 25ы өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан “... Ковид-19 цар тахлын улмаас дэлхий даяар хол хорио тогтоож, төслөө хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл үүссэн ... гурвалсан гэрээг ковид-19 цар тахалтай холбоотойгоор байгуулаагүй” гэх нөхцөл байдал арилснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байхад тухайн газартаа аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй байна.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгчээс ... Барилгын зураг төсөл хийлгэх гэрээ хийж 55 сая төгрөг төлөхөөр тохиролцсон ч үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй тул зураг төслөө гүйцэт хийлгэж амжаагүй” гэх боловч энэ нь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.

2.8. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэх боловч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын фэйсбүүк хуудсаар дамжуулан 22 иргэн, аж ахуй нэгжүүдэд хандан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байх төдийгүй, энэ хэргийн тухайд сонсох ажиллагаа хийсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, уг ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрэхээргүй байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

2.9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг бичиглэлийн алдаатай бичсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 27 дугаар зүйлийн 27.1 гэснийг “27 дугаар зүйлийн 1 гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ

 

   ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ