Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
    Улсын яллагч: Н.Цогтбаяр
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал, В.Удвал
Иргэдийн төлөөлөгч: С.Раншиннамдаг
Гэрч: Ш.Баярнэмэх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гончигийн Нямдаваад холбогдох 201603000251 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, компьютерийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Боржигон овогт Гончигийн Нямдаваа /РД:АЮ97040631/

Шүүгдэгч Г.Нямдаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-35 тоот хашаанд иргэн Л.Довчинжамцтай “өөрийн ах Ичинноров, Насаа нарыг ална хэмээн заналхийллээ” гэх хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар иргэн Л.Довчинжамцыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичгдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 
     
* Шүүгдэгч Г.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 01-ний өдөр би хүнтэй ажил ярьчихаад дүүдээ бэлэг аваад байж байхад Л.Довчинжамц над руу залгасан. Намайг тэд нартай уулзахад Бууяа, Довчоо, Нямаа тэр гурав нэг шил архи уучихаад, дахиад нэг архи задлаад байж байсан. Тэрнээс нь нэг татаад сууж байхад намайг цэрэг энэ тэр ярьлаа гээд үг хаяад байхаар нь би та одоо яагаад намайг ингээд байгаа юм бэ гэж хэлээд босоод бие засах гээд явсан. Тэр үед Довчоо их согтуу байсан. Тэгээд миний араас ирээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би харилаа гээд хашаанаас гараад явтал дахиад араас ирээд бариад авахаар нь би хүчтэй хоёр удаа хавсарч унагаасан. Өөр юм болоогүй. Би сугадаж, түшиж авч яваагүй. Хашааных нь гадаа аваачихад ээж нь гарч ирээд аваад орсон. Л.Довчинжамц өмнө нь Цоомоод зодуулахад зүүн талын чихнээс нь цус гараад ухаан алдаад газар унасан байсан гэв.  
Эрүүгийн 201603000251 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Л.Довчинжамцын өгсөн: 

“...би Г.Нямдавааг танина, бид хоёр нэг гудамжинд цуг шахуу байдаг байсан. Би Г.Нямдаваатай төрөл садангийн холбоо байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш яг цагийг нь нарийн сайн санахгүй байна. Цогт-Уулд манай гэрийн ойролцоо амьдардаг 3 ахтай таарсан. Тэгээд бид 4 Цогт-Уулын хойноосоо хоёр дахь гудамж эзэнгүй хашаанд ороод 1 шил архи уугаад сууж байсан юм. Тэгээд би Г.Нямдаваатай утсаар яриад байгаа газраа хэлсэн. Г.Нямдаваа удалгүй хүрээд ирсэн. Тэгээд Г.Нямдаваа бид хэд ганц хоёр рүнк архи уусан. Удалгүй Г.Нямдаваа цэрэг яриад байсан. Тэгээд түүнээс болж Нямдаваа надтай маргалдсан. Мөн барьцалдаж авсан. Нямдаваа миний эрүү рүү 1 удаа гараараа цохьсон. Би Нямдаваад хандаж чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд Нямдаваа надад хандаж та өөрөө яагаад байгаа юм гээд агсраад эхэлсэн. Тэгээд эзэнгүй хашаанаас гартал дахиж надтай барьцалдаж аваад намайг 2 удаа маш хүчтэй хөлөө хавсарч миний биеийн зүүн хэсгээр газар унагасан. Тэгтэл надтай цуг явсан Буяа, Нямаа, Онон гэх гурван ах салгаад явсан. Буяа, Нямаа, Онон ах гурав намайг явъя гэхэд Нямдаваа намайг явуулаагүй. Тэгээд Нямдаваа бид хоёр дахин маргалдсан. Нямдаваа хашааны банз руу гараараа цохиод байсан. Тэгээд намайг эзэнгүй хашааны хана руу шахаад гараараа миний биеийн гэдэс, хэвлий, толгой, нүд, уруул ам руу маш хүчтэйгээр олон удаа цохьсон. Тэгээд бид хоёр эвлэрээд хамт явж Цогт-Уулын арын гудамжны араар урсдаг нарийхан горхин дээр очсон. Тухайн горхин дээр Нямдаваа бид хоёр гар хөлийнхөө цусыг угааж, хувцас хунараа гөвсөн. Тэгээд Нямдаваа намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороод удалгүй түргэн дуудсан. Гэр рүүгээ харих замд миний гэдэс хэвлий хэсгээр өвдөөд байсан ба Нямдаваа намайг түшээд сугадаж гэрт хүргэж ирсэн. Бараг чирээд шахам гэр рүү орсон. Ийм л зүйл болсон. Би өөрийгөө л хамгаалсан. Би цохиж чадаагүй. Намайг согтуудаа л агсарч зодсон байх. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Нямдаваа бид хоёрт өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёрын хамгийн анх барьцалдаж аваад хэрүүл маргаан хийж Нямдаваа миний эрүү рүү 1 удаа гараараа цохиход болон газар хоёр удаа хавсарч унагахад хажууд Онон, Буяа, Нямаа гэх гурван ах байсан. Сүүлд нь намайг эзэнгүй хашааны хананд шахаж зодоход хүн байгаагүй. Энэ хэрэг болохоос өмнө 7-10 хоногийн өмнө Цоомоо гэх найзтайгаа маргалдсан нь үнэн. Цоомоо миний толгой руу 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Гэхдээ миний бие зүгээр байсан. Миний чих болон хамар амнаас цус гоожоогүй шиг санагдаж байна. Би согтуу байсан учраас санахгүй байна. Цоомоод зодуулж байх үед Нямдаваа хажууд байсан. Миний нойр булчирхай бяцарсан, толгойны зургийг аваад гавал ясны зүүн талд цууралттай байна гэж хэлсэн. Шинжээч эмч ирж үзсэн. Нямдаваагаас эмчилгээний зардлаа авсан тохиолдолд гомдолгүй. Би эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.
Миний бие тийм сайнгүй байгаа, миний гэдэс хэвлий хэсгээр өвдөөд байгаа. Надад эмчилгээний мөнгө байхгүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Би Нямдаваагаас эмчилгээний мөнгө болох 910.000 төгрөгийг авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Тийм учраас сайн эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Би Цоомоотой хэрэг болохоос 7-10 хоногийн өмнө шиг санагдаж байна, түүнтэй хувийн шалтгааны улмаас хэрүүл маргаан хийж барьцалдаж авсан ганц нэг цохилцсон асуудал байдаг. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар сайн ярьж чадаагүй. Учир нь миний бие маш муу байсан гэхдээ Цоомоо миний цээжин хэсэг, мөр зэрэг рүү цохисон, мөн намайг газар унасан байхад миний толгой хэсэг рүү цохьсон, өшиглөсөн ямар ч байсан хүрэхийн хувьд хүрсэн. Тухайн үед миний хамраас л цус гоожсон. Өөр яагаа ч үгүй. Тухайн үед Нямдаваа, Цоомоо бид гурав байсан. Мөн энэ явдлын маргааш нь Цоомоо, Нямдаваа бид гурав уулзсан. Миний биед ямар нэгэн зовиургүй байсан. Харин 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Нямдаваад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын хамгийн арын гудманд байх эзэнгүй хашааны гадна талд зодуулсны дараа миний гэдсээр болон толгой өвдсөн. Би угаасаа явж чадахгүй байсан. Миний гэдэс нуруугаа тэгш болгохоор буюу босоод өндийхөөр өвдөөд байсан. Мөн толгой өвдөж байсан. Эмнэлэг дээр очиход миний зүүн чихний ард буюу зүүн чамархайн орчмоор хавдартай байсан. Өмнө нь надад ийм хавдар байгаагүй. Нямдаваа намайг гараараа миний эрүү хэсэг рүү зүүн талаас 1 удаа цохьсон, тэгээд намайг хөлөөрөө хавсарч миний зүүн талаар газар унагасан. Тэгээд Буяа, Онон, Нямаа нар салгасан. Тэгээд Буяа ах надад хандаж хэдүүлээ Нямаагийнд очъё, наадахаа хая гэсэн, тэгэхээр нь би Нямаа, Онон, Буяа нартай яваагүй үлдсэн. Тэгээд Нямдаваа бид хоёр тухайн байсан газраасаа хөдлөөд хойд гол хуу очиж нүүр гараа угааж би цусаа арилгасан. Угаасаа эзэнгүй хашааны орчмоос хөдлөхөд л гэдсээр өвдөөд босч чадахгүй байсан ба бөхийгөөд алхсан. Тэгээд гол дээрээс Нямдаваа намайг гэрт хүргэж өгсөн ба би эмнэлэг дуудуулсан. Ийм л зүйл болсон. Миний хамраас болон зүүн талын чихний сувгаас цус гарч байсан. Миний биед ямар ч зовиур, хавдар байгаагүй. Цоомоотой зодоон цохион хийсний дараа миний хамарнаас л цус гарсан. Би маш их гомдолтой байна. Одоо болтол миний бие эдгэхгүй хэцүү байна. Одоогийн байдлаар миний нойр булчирхай эвгүй байгаа. Би Нямдаваагаас эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлыг баримтаар нэхэмжилнэ. Надад санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15,16-17 дугаар тал/

Гэрч Л.Ойдовжамцийн өгсөн: 

“...би Довчинжамц, Нямдаваа нарыг танина. Довчинжамцын төрсөн ах нь байгаа юм. Харин Нямдавааг нэг гудамны  залуу гэдгээр нь танина. Би мэдүүлэг өгнө. 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед ажлаасаа буугаад харьсан юм. Гэрт ороход дүү Довчинжамц маань надад түргэн дууд бие өвдөөд байна гэсэн. Түүний хажууд нь очтол баруун талынх нь нүд хөхөрсөн, аль нэг чихнээс нь цус гарсан, дагз хавьд цус хураад домбойчихсон байсан. Намайг түргэн дуудах гэж байтал түргэний тэрэг хүрээд ирсэн. Манай ээж Лхагваа түргэн дуудсан байна лээ. Тэгээд Довчинжамцаас яасан бэ хэн ингэсэн юм бэ гэхэд намайг Нямдаваа зодчихлоо, миний гэдэс хэвлий болон толгойгоор өвдөөд байна гээд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд Довчинжамцтай хамт түргэний тэргээр хамт явсан. Тэгээд эмнэлгийн тусламж авсан ийм л зүйл болсон. Би энэ талаар сураг сонссон. Гэхдээ тухайн үед Довчинжамцын бие зүгээр байсан. Би тухайн орой нь харихаар такситай явж байтал Цоомоо, Довчинжамц нар Цогт-Уулын худгийн орчимд тамхи татаад цуг зогсож байсан. Биед нь ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Бид хоёр хариад мод түлээгээ бэлдээд усаа авсан. Биед нь ямар ч гэмтэл байхгүй байсан. Би орой унтах үед нь ч түүний нүцгэн биеийг анзаарсан. Янз бүрийн өвчин байхгүй. Бие нь эрүүл байсан. Нэг гудманд байдаг гэдгээрээ л хоорондоо харьцдаг. Яг нарийн сайн мэдэхгүй. Бие биедээ гэмгүй л байдаг юм шиг санагддаг. Хүнтэй нийцтэй, яриа хөөрөө сайтай хөгжилтэй ажилсаг хүн байгаа юм. Тамхи татдаг, баяр ёслолын үеэр найз нөхөдтэйгөө архи дарс уудаг. Байнга уугаад байдаггүй. Нямдавааг 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой эмнэлэг дээр ирэхээр нь түүнээс Довчинжамцыг хэн ингэсэн юм бэ гэж асуухад Нямдаваа надад хандаж Довчинжамц, Буяа, Онон, Нямаа нартай архи ууж байгаад намайг дуудсан. Намайг очиход хүнд зодуулчихсан байсан. Би гэр рүү нь мотоцикльтой хүргэж өгөхөөр явж байгаад мотоциклиос унасан гэж хэлсэн. Энэ нь худлаа байсан. Манай гэрт Довчинжамцыг Нямдаваа сугадаад өргөөд шахам хүргэж ирсэн гэсэн. Үүнийг манай ээж Лхагваа харсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/

Гэрч Т.Цолмонгийн өгсөн: 

“...би Довчинжамц, Нямдаваа нарыг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Энэ талаар 2016 оны 07 дугаар сарын үед л мэдсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хүмүүс яриад байсан. Ийм зүйл болсон. Гэхдээ миний санаж байгаагаар 2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр болсон асуудал тухайн Довчинжамц бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийж ганц нэг цохилцоод салсан. Өөр зүйл болоогүй. Бид хоёрыг ганц нэг цохилцож хэрүүл маргаан хийж байхад Нямдаваа хажууд байсан. Өөр хүн байгаагүй. Би нүүр шанаа хавь руу пүүзэн гутлаараа хальт хүч багатайхан өшигөсөн. Намайг хальт гараараа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би түүнийг шанаа руу нь нэг удаа гараараа цохьсон. Унасан байхад нь нэг удаа хөлөөрөө хальт өшиглөсөн. Тэгээд эвлэрцгээгээд Цогт-Уулын гудманд сууж байтал Довчинжамцийн ах Ойдовжамц такситай харьж явах замдаа Довчинжамцийг аваад явсан. Дочинжамцад ямар ч гэмтэл байгаагүй. Үүнийг түүний ах Ойдовжамц, түүний ээж Лхагваа нар нь сайн мэдэж байгаа байх. 1-2 хоногийн дараа Довчинжамцтай уулзахад түүний бие зүгээр байсан. Ямар ч гэмтэлгүй өмнө нь ямар байсан яг түүн шигээ л байсан. Өөрөө ч бие өвдөж байна гэж хэлээгүй. Инээгээд яриа хөөрөө сайтай, ямар ч шаналал зовлонгүй л байсан. Би хүнээс гавлын яснь цуурсан, нойр булчирхай нь задарсан талаар нь сонссон. Гэхдээ үүнийг би учруулаагүй. Хэрэв тухайн үед ийм гэмтэл авсан бол Довчинжамц бараг амьд явах боломжгүй. Би үүнийг хүмүүсээс асуусан. Довчинжамц, Нямдаваа бид гурвын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр арван жилийн сургуульд суралцаж байхаасаа эхлэн Довчинжамцыг мэднэ. Зан аашийнх хувьд бол гайгүй. Муу зуршил гэвэл хааяа архи уудаг, ер нь бол тамхийг татдаг. Өөр гаж буруу зуршилгүй. Надтай найз нөхдийн холбоотой...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/

Гэрч Н.Лхагваагийн өгсөн: 

“...би Довчинжамц, Нямдаваа нарыг танина. Довчинжамц нь миний төрсөн хүү байгаа юм. Нямдаваатай ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хуулийн хариуцлагатай холбогдуулан асуух зүйл байхгүй. Довчинжамц 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ойролцоогоор 17 цагийн орчимд шиг санагдаж байна цагийг нь нарийн сайн санахгүй байна. Гудмаараа Нямдаваад чирэгдсэн шахам байдалтай, өмд хувцас нь нил цус болчихсон гэртээ ирсэн. Нямдаваа нэг гараараа түүнийг сугадсан байдалтай, харин Довчинжамц нь бөхийгөөд тонгойсон нэг гараараа Нямдавааг хүзүүдсэн байдалтай өгсөж ирсэн. Тэгээд Нямдаваа надад хандаж Довчоо ах бид хоёр мотоциклиос уначихлаа гэсэн. Тэгээд Довчинжамцыг гэрт оруулж өгчихөөд явсан. Довчинжамцын зүүн чихнээс нь цус гарсан, баруун нүд нь домбойж хавдсан байдалтай байсан. Тэгээд удалгүй Довчинжамц намайг дуудаад ээжээ түргэн тусламж дууд би үхэх гээд байна гээд байсан. Үүний дагуу би түргэн тусламж дуудсан. Ийм л зүйл болсон. Би энэ талаар мэднэ. Тухайн үед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй зүгээр байсан. Би хүүхдээ сайн мэднэ. Ямар ч гэмтэл учраагүй байсан. Үнэнч шударга зантай, яриа хөөрөө сайтай хүн. Буруу зуршил гэвэл хараал хэлдэг, тамхи татдаг, архи уудаг л хүүхэд. Гэр бүлдээ ямар нэгэн хэрүүл хараал хийгээд байдаггүй. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Д.Ононгийн өгсөн: 

“...би Довчинжамц, Нямдаваа нарыг зүс танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш шиг санагдаж байна Нямаа бид хоёр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт Цогт-Уулын арын гудамны эзэнгүй хашаанд архи уугаад сууж байтал Буяа, Довчинжамц хоёр ирсэн. Бид дөрөв архи уугаад сууж байтал Довчинжамц хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй Нямдаваа хүрээд ирсэн. Тэгээд бид нартай нийлж архи уусан ба Нямдаваа цэрэгт явсан талаараа яриад байсан. Довчинжамц нь ахархаад байсан ба удалгүй хашаан дотор хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд салсан ба хашаанаас гарцгаасан ба Нямаа, Буяа бид гурав араас нь гартал Довчинжамц доор нь хэвтэж байсан. Тэгээд салгаад босгосон бие биенийгээ хүзүүгээр нь тэвэрчихээд хоорондоо толгойгоороо мөргөлдөөд байсан. Тэгээд Буяа, Нямаа бид гурав Довчинжамц, Нямдаваа нараас салаад явсан. Түүнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна. Нямаа бид хоёр дунд зэргийн согтолттой байсан. Харин Нямдаваа, Довчинжамц, Буяа гурав согтуу байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Би хаягийг нь санахгүй байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын арын гудманд байх эзэнгүй хашаанд болсон. Би яг хараагүй. Хашаан дотроос гараад иртэл Довчинжамц Нямдаваагийн доор хэвтэж байсан. Тиймээс хэлж мэдэхгүй байна. Нямдаваа ямар ч байсан Довчинжамцыг хүзүүгээр нь тэвэрч аваад толгойгоороо түүний нүүр дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Өөр цохиж зодохыг нь хараагүй. Довчинжамц ч зөрүүлээд толгойгоороо Нямдаваагийн шанаа хэсэг рүү хальт мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч А.Буянхишигийн өгсөн: 

“...Манай гэрийн ойролцоо амьдардаг. Өөрөөр хэлбэл гудамны таньдаг дүү нар байгаа юм. Ойр дотно төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш Довчинжамц бид хоёр гудмандаа таараад цуг явж байгаад Онон, Нямаа ах хоёртой таараад цуг Цогт-Уулын хамгийн хойд талын гудамны эзэнгүй хашаанд орж 1 шил архи уусан. Тухайн архиа уугаад сууж байхад Довчинжамц Нямдаваатай утсаар ярьсан. Удалгүй Нямдаваа хүрээд ирсэн. Тэгээд архиа хувааж ууж байтал Нямвадаа цэрэгт явсан талаараа яриад байсан ба түүнээс болж Довчинжамц Нямдаваа нар маргалдаад хашаан дотор барьцалдаад авсан. Онон, Нямаа бид гурав салгасан. Гэтэл Довчинжамц Нямдаваа нар хашаанаас гарсан. Араас нь Онон, Нямаа бид гурвыг гартал барьцалдаад авсан байсан. Онон ах, Нямаа ах хоёр надаас арай түрүүлээд хашаанаас гарсан. Би тортой юмнуудаа эмхлүүлж бариад гартал барьцалдаад авсан байсан. Довчинжамцын хувцас нь шороо болсон газар унасан бололтой байсан. Би яг сайн хараагүй. Миний харснаар бол цохилцож зодолдоогүй. Хашааны гадна барьцалдаад авсан байх үед нь бид гурав салгаад Нямаа ахын гэрт нь орсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Халамцуу л байсан. Тийм их согтоогүй байсан. Ямар ч байсан надтай 2016 оны 06 дугаар сарын 01-ний үдээс хойш уулзахдаа бие нь зүгээр хэвийн байсан. Ямар нэгэн зовиургүй байх шиг байсан. Би хүнд зодуулсан талаар нь сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэрч Г.Нямын өгсөн: 

“... би Довчинжамц, Г.Нямдаваа нарыг зүс танина. Цогт-Уулд байдаг залуучууд байгаа юм. Харин ямар нэгэн ойр дотно төрөл садангийн холбоо байхгүй. Би энэ талаар мэднэ. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын хамгийн арын гудамжны эзэнгүй хашаанд Онон, Буяа, Довчинжамц бид 4 нэг шил архи уугаад сууж байтал Довчинжамц нэг хүнтэй утсаар ярьсан. Удалгүй Нямдаваа гэх залуу бид дөрөв дээр ирсэн. Тэгээд Довчинжамц, Нямдаваа нар цэргийн талаар ярилцаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгээд хашаан дотор барьцалдаад авахаар нь болиулсан. Тэгээд буцаж суугаад архинаас уусан ба дахин хэрүүл маргаан хийгээд хашаанаас гарсан. Хашаанаас гарсны дараахан пид пад гэсэн чимээ гарахаар нь гүйгээд гартал Довчинжамц газраас босч ирж байсан. Тэгээд салцгаасан. Тэгээд Буяа, Онон бид гурав салаад явсан. Түүнээс хойш Довчинжамц, Нямдаваа нарыг яасан талаар нь мэдэхгүй байна. Мөн хашааны гадна билүү дотор билүү Нямдаваа Довчинжамцыг мөргөсөн. Толгой руу нь мөргөсөн үү цээж рүү нь мөргөсөн үү аль нэг хүү нь хальж мөргөсөн. Довчинжамц Нямдавааг цохиж зодож чадаагүй байх. Довчинжамц нь Нямдавааг миний харснаар бол цохиж зодож чадаагүй. Харин Нямдаваа нь Довчинжамцыг толгойгоороо цээж рүү нь билүү толгой руу нь нэг удаа хальт мөргөсөн. Мөн газар хавсарч унагасан бололтой байна лээ. Довчинжамц газраас босч байсан. Гэхдээ цохиж унагасан уу, хавсарч унагасан уу сайн мэдэхгүй байна. Цэрэг ярьж байсан, Нямдаваа нь Довчинжамцад хандаж чи намайг орхиж явлаа гээд байсан. Үүнээс болж хэрүүл маргаан хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

Гэрч Д.Гончигийн өгсөн: 

“...би Нямдавааг танина. Нямдаваа нь манай хоёр дахь хүү байгаа юм. Тиймээс гэр бүлийн харилцаатай. Би мэдүүлэг өгнө. Би энэ талаар мэднэ. Довчинжамц гэгчтэй зодоон цохион хийсний улмаас цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаа. Манай хүү Нямдаваа нь 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд манай хоёр дахь хүү болж төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад анх Гурван тамир, Эрдэнэбулган сумын 10 жилийн 1 дүгээр сургууль зэрэгт 9 дүгээр анги хүртлээ сураад Булган мэргэжил сургалт үйлдэвэрлэлийн төвд 2.5 жилийн хугацаатай компьютерийн ангид сурч төгсөөд 2015 оны хавар цэрэгт явж цэргийн алба хаагаад 2016 оны хавар ирсэн. Ийм л хүн байгаа юм. Нямдаваа нь эхээс гурвуулаа. Янз бүрийн асуудалд орооцолдож байгаагүй. Төлөв түвшин зантай, хүмүүстэй нийтэч, энгийн сайхан харьцаж чаддаг, хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Тамхи татдаггүй, архи дарс уудаг эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч байсан гэр орондоо архи уусан согтуу хөлчүү явж байна гэж сонсогдоогүй. Манайхаар орж гардаг ганц хоёр үеийнх нь хүүхдүүд байдаг. Өөр нэрийн сайн мэдэхгүй. Манай хүүхэд янз бүрийн болохгүй, бүтэхгүй хүмүүстэй нийлээд яваад байдаггүй. Одоогийн байдлаар ажилгүй байгаа. Цэргээс ирээд удаагүй хэрэгт холбогдсон. Би Довчинжамцыг танина. Довчинжамцтай ямар нэгэн ойр дотно харилцаа холбоогүй. Харин манай хүү Довчинжамцтай гайгүй ойр дотно харилцаатай юм шиг санагддаг. Нямдаваа Довчинжамц нар нэг гудманд өссөн хүүхдүүд юм. Ямар ч байсан өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/ 

Гэрч Ш.Баярнэмэхийн өгсөн: 

“...Нямдаваа миний хүү байгаа юм. Тиймээс төрөл садан гэр бүлийн харилцаатай. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би энэ талаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгийн байгууллага дээр очоод мэдсэн. Манай гудманд байдаг Довчинжамц гэх залуутай хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийсний улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Манай хүү Нямдаваа 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хоёр дахь хүү болж мэндэлсэн. Тэгээд 7 настайдаа Гурван тамир гэх сургуульд суралцсан. 5 дугаар ангиасаа эхлэн Ирвэс лицей сургуульд 9 дүгээр анги төгссөн. Тэгээд Булган мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв 2.5 жилийн хугацаанд суралцаад цэргийн албанд 2015 оны хавар татагдаад 2016 оны хавар халагдаж ирсэн. Бага наснаасаа эхлэн эцэг эхийн гар дээр байсан. Гэр бүлийнхэнтэйгээ эв нийцтэй харилцдаг, уурлаж уцаарлаад байдаггүй, аав ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд юм. Хэрэг зөрчилд өмнө нь холбогдож байгаагүй, гадуур дотруур тэнээд байдаггүй, хүмүүстэй нийтэч харилцаатай, ичимхий бүрхэгдүү, хэрүүл хийгээд байдаггүй. Архи тамхи хэрэглээд байдаггүй. Янз бүрийн ааш авиргүй миний мэдэхээр архи уучихсан, согтуу явахыг нь мэдэхгүй сонсоогүй. Харин найз нөхөдтэйгөө ганц нэг уудаг байж магадгүй. Байнга хажууд нь хараад яваад байдаггүй болохоор мэдэхгүй байна. Харин сагс, гар бөмбөг л энд тэнд тоглоод явж байдаг. Манайхаар орж гардаг ганц хоёр найзыг нь танина. Тухайн найз нөхдүүд нь гаж буруу зуршилгүй. Одоогийн байдлаар ажил төрөлд ороогүй байна. Манайхаар Довчинжамц хааяа орж гардаг. Заримдаа архи дарс уучихсан явж л байдаг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн: 

“...Зүүн чамархайн босоодуу хугарал нь гавал ясны рентгэнд оношлогдсон ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай хүнд зэрэгт хамаарна. Харин хэвлийн битүү гэмтэл болон нойр булчирхайн няцарсан гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт нь 3.1.12-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Өөрөөр хэлбэл дээрх гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хүнд зэрэгт болно. Тийм боломж байхгүй. Дээрх гэмтлүүд авсан дариудаа зовиур шаналгаа ихтэй 7-10 хоногийн өмнө гэмтэл авчихаад зовиураа мэдрэхгүй байх боломжгүй. 7-10 хоногт эмнэлгийн тусламж авахгүй явсан бол гэмтэл нь хүндэрч амь насанд аюултай байдал үүснэ. Ялангуяа хэвлийн битүү гэмтэл нь хэвлийн хөндийд шингэн хуралдаж өвдөлтийн шокоор хүндрэх аюултай. Гэмтэл авсан дариудаа толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, ухаан алдах, мэдрэлийн талаас орчны харьцаа сулрах, хүүхэн хараанд өөрчлөлт орох зэрэг шинжүүд илэрнэ. Мөн хэсэг газрын үзлэгээр зүүн шанаанд 1х1 см, зүүн хацарын доод хэсэгт 1.4х1 см улаан хүрэн зулгаралттай, зүүн чихний мөгөөрсөн хэсгийн ар, мөгөөрсөн хэсэгт бүдэг хүрэн цус хуралт, зүүн чамархайн хуйханд бүдэг улаан хүрэн зулгаралт, цус хуралттай, тэмтрэхэд хөндүүр байснаас үзэхэд зүүн чамархайн яс хугарсан байх боломжтой ба энэ нь зодуулсан тухайн цаг хугацаад үүссэн байх боломжтой. Өвчний түүхэнд ч толгой өвдөх зовиур, хэвлийгээр өвдөх зовиур хамт байсан. Би дүгнэлтүүддээ дээрх гэмтлүүдийг тодорхой тусгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/

Сэжигтэн, яллагдагчаар Г.Нямдаваагийн өгсөн: 

“...Би одоогийн байдлаар өмгөөлөгч сонгон аваагүй байна. Би цаашид өмгөөлөгч сонгон авна. Өмгөөлөгчтэй байцаалт өгнө. Би өмгөөлөгч сонгон авсны дараа байцаалт өгнө. Одоо хуулинд заасан эрхийнхээ дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. 
Надад ял сонсгож байгаа зүйл ангийн ойлгож байна, мөн зөвшөөрч байна. 
Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын хамгийн арын гудамны эзэнгүй хашааны орчимд өөрийн танил Довчинжамцтай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийсэн. Довчинжамц намайг өөр газар байхад над руу утсаар яриад байгаа газраа хэлээд дуудсан. Намайг очиход Нямаа, Довчинжамц, Онон, Буяа нар Цогт-Уулын хамгийн арын гудманд байх эзэнгүй хашаанд нэг шил архи задлаад тавьчихсан уугаад сууцгааж байсан. Би тухайн архинаас ганц нэг татсан ба Буяатай цэрэг яриад сууж байтал Довчинжамц хажуу талаас надад томроод эхэлсэн. Тэгээд намайг босоод бие засах гээд алхтал араас босч ирээд барьцалдаад авсан. Тэгээд хашаанаас гарсан. Хашааны гадна миний толгой тархи руу гараараа нилээн хэдэн удаа цохиод авахаар нь би түүнийг 2 удаа хавсарч зүүн талаар нь 2 удаа газар унагасан. Унаж босч ирээд чулуу бариад ална гээд дайрсан. Энэ үед Онон, Буяа, Нямаа нар гарч ирж байсан ба Буяа салгасан. Хавсраад унагаж байхад дээрх хүмүүс гарч ирсэн.тэгээд намайг явах гэтэл Довчинжамц надад хандаж танай ах Насаа, Ичинноров нарыг чинь ална гээд хэл амаар доромжлоод байхаар нь би түүнд хандаж чамайг цохиж гараа бузарлаж байхаар хашаа цохичихъё гээд гараараа хашаа руу хоёр удаа цохисон. Тэгээд эвлэрцгээсэн. Энэ хооронд Буяа, Онон, Нямаа нар явчихсан байсан. Мөн Довчинжамцын хамраас нь цус гарчихсан байсан ба нарийн гудмаар гарч горхин дээр очоод цусыг нь угаалгасан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон. Довчинжамц баргардуу царайтай чимээгүй байгаад байсан. Алхаа гишгээ нь зүгээр байсан. Би гэр рүү нь цуг алхаад хажуудаа түүний гарнаас бариад явсан. Гуйваад унах гээд байсан юм. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хэрэг болохоос өмнө уулзсан. Уулзахад архи уучихсан байсан ба би сайн анзаараагүй. Мөн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уулзахад бие нь зүгээр байсан. Би Довчинжамцын хажууд нь байсан. Энэ үйлдэл хэрэг болохоос 7-10 хоногийн өмнө болсон. Тухайн үед Довчинжамц Цоомоо нар нь юм ярьж байгаад маргалдсан. Довчинжамц нь Цоомоог эхлээд цохиод авсан. Цоомоо зөрүүлж цохиж унагаагаад газар унасан байхад нь нүүр рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Довчинжамц нь ухаан алдсан ба чих хамарнаас нь цус гараад гол дээр очиж угаасан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Харин цэрэг ярьж байтал Довчинжамц над руу томроод үүнээс болж хэрүүл маргаан үүсгэж түүнтэй зодоон цохион хийсэн. Би түүний ээж Лхагваад ингэж хэлсэн. Довчинжамц л зодоон цохион хийсэн гэж битгий хэлээрэй намайг хүргэж өгчихөөд харь гэж байсан. Ийм учраас мотоциклиос унасан гэж хэлсэн. Довчинжамц согтуу байсан. Харин би Довчинжамц Буяа нарын ууж байсан архинаас ганц хоёр удаа татсан. Яг согтоогүй байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64, 68, 69-70 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Л.Довчинжамцын биед дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зовхины гадна буланд жижиг зулгаралт, баруун шанааны доод хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүний баруун хажуу, баруун суганы хонхорын дээд хэсэг, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэгт жижиг зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зулгаралт, нуруу, 2 өвдөгний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Баруун шанааны доод хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтэл нь шинж байдлаараа бусад гэмтлүүдээс өмнө үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар / дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэгт цус хураль, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт/ гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад жижиг зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой боловч гэмтэл үүссэн дарааллыг нарийн тогтоох боломжгүй. 5. Л.Довчинжамц нь рентген шинжилгээгээр зүүн чамархайд босоодуу хугаралтай гэсэн ба хэвлийн эход нойр булчирхай хий хаасан, бодит үзлэгээр хэвлийн дээд хэсгээр эмзэглэл ихтэй, хэвлийн битүү гэмтлийн шинжтэй, давтан эход харж динамик ажиглалт хийх шаардлагатай байгаа учир дээрх гэмтлүүдээр гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Цаашид 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 244 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нэмэлт: 

“...1. Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн няцарсан гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн чамархай ясны хугарал болон өмнөх дүгнэлтэнд тусгагдсан биеийн гадаргуугийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээх үүснэ. Зодуулсан гэх тухай цагт үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнд ба эдгэрлтээс хамаарна. 5. Өмнөх дүгнэлтэд тусгагдсан хөнгөн зэргийн гэмтлийн заалтууд хэвээр байна. 6. Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтлийн улмаас зовиур ихтэй, хэвлийд шингэн хуралдсан байсан тул оношлогоо эмчилгээний зорилгоор хэвлийг нээж шалган хэвлийг угааж гуурсдах хагалгаа хийгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/

    * Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1302 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Шинжээч эмч Б.Отгножаргалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 244, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлтээр гаргасан 244 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Л.Дорвчинжамцын биед хэвлийн битүү гэмтэл болох, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зовхины гадна буланд жижиг зулгаралт, баруун шанааны доод хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүний баруун хажуу, баруун суганы хонхорын дээд хэсэг, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэгт жижиг зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зулгаралт, нуруу, 2 өвдөгний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтэл шарх сорив нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Л.Довчинжамцын биед нойр булчирхайн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад биеийн гадагууд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 7. Л.Довчинжамцын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
    Г.Нямдаваагийн өмгөөлөгч С.Нармандалын асуусан асуулт: 1. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Толгойн зүүн чамархайн босоо хугаралыг толгойн КТГ-г шинжилгээгээр батлана. 2. Нойр булчирхайн шүүрэлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн ба хэр удаан үргэлжилсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Нойр булчирхайн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. 4. 5. Л.Довчинжамц нь өмнө нь нойр булчирхайн үрэвсэл болон гэмтэлгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 139 дүгээр тал/ 

    * Фото зургийн үзүүлэлт /хх-ийн 9 дүгээр тал/ 
    * Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1221 дугаартай тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр тал/
    * Г.Нямдаваагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 77 дугаар тал/
    * Л.Довчинжамцын эрчимт эмчилгээний хяналтын хуудас /хх-ийн 96-106 дугаар тал/
     * Л.Довчинжамцын өвчний түүх /хх-ийн 107-133 дугаар тал/
    * Шүүгдэгч Г.Нямдаваагийн хувийн байдлын талаарх шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүгдэгч Г.Нямдаваа нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1-35 тоот хашаанд иргэн Л.Довчинжамцтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар иргэн Л.Довчинжамцыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Л.Довчинжамцын “...Нямдаваа хашааны банз руу гараараа цохиод байсан. Тэгээд намайг эзэнгүй хашааны хана руу шахаад гараараа миний биеийн гэдэс, хэвлий, толгой, нүд, уруул ам руу маш хүчтэйгээр олон удаа цохьсон. Тэгээд бид хоёр эвлэрээд хамт явж Цогт-Уулын арын гудамжны араар урсдаг нарийхан горхин дээр очсон. Тухайн горхин дээр Нямдаваа бид хоёр гар хөлийнхөө цусыг угааж, хувцас хунараа гөвсөн. Тэгээд Нямдаваа намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороод удалгүй түргэн дуудсан. Гэр рүүгээ харих замд миний гэдэс хэвлий хэсгээр өвдөөд байсан ба Нямдаваа намайг түшээд сугадаж гэрт хүргэж ирсэн. Бараг чирээд шахам гэр рүү орсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ононгийн “...Нямдаваа ямар ч байсан Довчинжамцыг хүзүүгээр нь тэвэрч аваад толгойгоороо түүний нүүр дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Буянхишигийн “...Довчинжамцын хувцас нь шороо болсон газар унасан бололтой байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нямын “...Г.Нямдаваа нь Довчинжамцыг толгойгоороо цээж рүү нь бил үү толгой руу нь нэг удаа хальт мөргөсөн. Мөн газар хавсарч унагасан бололтой байна лээ. Довчинжамц газраас босч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ойдовжамцын “...гэрт ороход дүү Л.Довчинжамц маань надад түргэн дууд бие өвдөөд байна гэсэн. Түүний хажууд нь очтол баруун талынх нь нүд хөхөрсөн, аль нэг чихнээс нь цус гарсан, дагз хавьд цус хураад домбойчихсон байсан. Намайг түргэн дуудах гэж байтал түргэний тэрэг хүрээд ирсэн. Манай ээж Лхагваа түргэн дуудсан байна лээ. Тэгээд Довчинжамцаас яасан бэ хэн ингэсэн юм бэ гэхэд намайг Нямдаваа зодчихлоо, миний гэдэс хэвлий болон толгойгоор өвдөөд байна гээд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд Довчинжамцтай хамт түргэний тэргээр хамт явсан. Тэгээд эмнэлгийн тусламж авсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг, Г.Лхагваагийн “...Довчинжамц 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ ойролцоогоор 17 цагийн орчимд шиг санагдаж байна цагийг нь нарийн сайн санахгүй байна. Гудмаар Нямдаваад чирэгдсэн байдалтай, өмд хувцас нь нил цус болчихсон гэртээ ирсэн. Нямдаваа нэг гараараа түүнийг сугадсан байдалтай, харин Довчинжамц нь бөхийгөөд тонгойсон нэг гараараа Нямдавааг хүзүүдсэн байдалтай өгсөж ирсэн. Тэгээд Нямдаваа надад хандаж Довчоо ах бид хоёр мотоциклиос уначихлаа гэсэн. Тэгээд Довчинжамцыг гэрт оруулж өгчихөөд явсан. Довчинжамцын зүүн чихнээс нь цус гарсан, баруун нүд нь домбойж хавдсан байдалтай байсан. Тэгээд удалгүй Довчинжамц намайг дуудаад ээжээ түргэн тусламж дууд би үхэх гээд байна гээд байсан. Үүний дагуу би түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг болон хохирогч Л.Довчинжамцын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар гаргасан шинжээчийн 2016 оны 06 сарын 03-ны өдрийн “.... Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн няцарсан гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн чамархай ясны хугарал болон өмнөх дүгнэлтэнд тусгагдсан биеийн гадаргуугийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх тухай цагт үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнд ба эдгэрлтээс хамаарна, өмнөх дүгнэлтэд тусгагдсан хөнгөн зэргийн гэмтлийн заалтууд хэвээр байна,  Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтлийн улмаас зовиур ихтэй, хэвлийд шингэн хуралдсан байсан тул оношилгоо эмчилгээний зорилгоор хэвлийг нээж шалган хэвлийг угааж гуурсдах хагалгаа хийгдсэн байна...” гэх дүгнэлт 244 тоот дүгнэлт,  * Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...1. Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 244, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлтээр гаргасан 244 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Л.Довчинжамцын “...биед хэвлийн битүү гэмтэл болох, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт...” гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтэл шарх сорив нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Л.Довчинжамцын биед нойр булчирхайн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нойр булчирхайн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Толгойн зүүн чамархайн босоо хугаралыг толгойн КТГ-г шинжилгээгээр батлана. Нойр булчирхайн шүүрэлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн ба хэр удаан үргэлжилсэн эсэхийг тогтоох боломжгүй.Нойр булчирхайн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Л.Довчинжамц нь өмнө нь нойр булчирхайн үрэвсэл болон гэмтэлгүй байжээ...” гэх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1302 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 139 дүгээр тал/, шинжээч эмч Г.Отгонжаргалын “...хэвлийн битүү гэмтэл болон нойр булчирхайн няцарсан гэмтэл, хэвлийн хөндийд шингэн хуралдалт нь 3.1.12-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Өөрөөр хэлбэл дээрх гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хүнд зэрэг болно. Дээрх гэмтлүүд авсан дариудаа зовиур шаналгаа ихтэй 7-10 хоногийн өмнө гэмтэл авчихаад зовиураа мэдрэхгүй байх боломжгүй. 7-10 хоногт эмнэлгийн тусламж авахгүй явсан бол гэмтэл нь хүндэрч амь насанд аюултай байдал үүснэ. Ялангуяа хэвлийн битүү гэмтэл нь хэвлийн хөндийд шингэн хуралдаж өвдөлтийн шокоор хүндрэх аюултай. Гэмтэл авсан дариудаа толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, ухаан алдах, мэдрэлийн талаас орчны харьцаа сулрах, хүүхэн хараанд өөрчлөлт орох зэрэг шинжүүд илэрнэ...” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 1302 тоот дүгнэлтээр  Шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 244, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлтээр гаргасан 244 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтэл болох, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зовхины гадна буланд жижиг зулгаралт, баруун шанааны доод хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун хөмсөгний гадна булан, хүзүүний баруун хажуу, баруун суганы хонхорын дээд хэсэг, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэгт жижиг зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэгт цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зулгаралт, нуруу, 2 өвдөгний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл шарх сорив нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Л.Довчинжамцын биед нойр булчирхайн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад биеийн гадаргууд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Довчинжамцын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй, нойр булчирхайн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Толгойн зүүн чамархайн босоо хугаралыг толгойн КТГ-г шинжилгээгээр батлана, нойр булчирхайн шүүрэлт гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн ба хэр удаан үргэлжилсэн эсэхийг тогтоох боломжгүй, нойр булчирхайн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна, Л.Довчинжамц нь өмнө нь нойр булчирхайн үрэвсэл болон гэмтэлгүй байжээ гэж дүгнэснийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм. Хохирогч Л.Довчинжамцын биед хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл учирсан талаар шинжээчийн 244 тоот дүгнэлт болон бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 1302 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч уг гэмтлийн авсан даруйдаа толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, ухаан алдах, мэдрэлийн талаас орчны харьцаа сулрах, хүүхэн хараанд өөрчлөлт орох зэрэг шинжүүд илэрэх талаар шинжээч мэдүүлэг өгсөн байдаг. Иймд хохирогч Л.Довчинжамцын биед учирсан хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтлийг шүүгдэгч Г.Нямдаваа учруулсан болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг гэмтэл нь амь биед аюултай хүнд гэмтэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн болж байна. Хохирогч Л.Довчинжамцын толгойн зүүн чамархайн босоо хугарал гэмтлийн талаар бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд уг гэмтлийг толгойн КТГ-г шинжилгээгээр батлана гэсэн байх бөгөөд урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзсэн тул шүүх шинжээчийн дүгнэлтийг хэргийн байдалд илүү нийцсэн үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь дүгнэв.
 
Шинжээчийн 244 тоот дүгнэлтээр хохирогч Л.Довчинжамцын биед баруун шанааны доод хэсэгт жижиг зулгаралт, цус хуралт гэмтэл нь шинж байдлаараа бусад гэмтлүүдээс өмнө үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж заасан байх тул уг гэмтлийг хэн учруулсаныг шалгуулах шаардлагагүй бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

Шүүгдэгч Г.Нямдаваад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Нямдаваа нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Г.Нямдаваа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гончигийн Нямдавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Г.Нямдавааг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Нямдаваад оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Нямдаваа нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нямдаваад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.  Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 


               
                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                         П.ГАНДОЛГОР
                              
                                                                                   Э.ОДХҮҮ