Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0741

 

 

                                                                         

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т Т” ХХК. 

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: Богдхан уулын дархан цаазат газрын Т*******анд байрлах 1.0 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасныг үндэслэн ажиглалт, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах хүсэлтийг хангахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, хүсэлтэд дурдсан газрыг ажиглалт судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах шийдвэрийг зориулалтын дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Д.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Т т ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын Т*******анд байрлах 1 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/154 дүгээр тушаалаар ашиглаж байсан. Уг газрыг ашиглаж эхлэх үед барилгын хог шороо, эвдрэл гэмтэл ихтэй газар байсныг засаж сайжруулж, тог татаж, байгаль орчны үнэлгээ хийлгэж, хашаа хатгаж, газрын төлбөрт 73,075,000 төгрөгийг төлсөн. Уг газрыг ямар нэгэн зөрчил дутагдалгүй ашиглаж байсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 1088 тоот мэдэгдлээр 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар уг газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд аялал, жуулчлалын зориулалтаар газар олгосон нь манай яамны буруу байна, буруу шийдвэр гаргасан байна гэж хүчингүй болгосон. Тухайн үед “Т т” компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад хандаж олон удаа хүсэлт гаргасан. Манайх ямар ч зөрчил дутагдалгүйгээр уг газрыг ашиглаж байсан. Тухайн бүсэд аялал, жуулчлалын зориулалтаар газар олгосныг өөрсдийн буруу гэж үзэж байгаа бол манай зориулалтын дагуу олгож өгнө үү гэдэг хүсэлт тавьсан. Манай компани Монгол Улсад судалгаа, шинжилгээ явуулдаг эмчилгээ үйлчилгээний зориулалтаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцдог. /Өвдөлтийг намжаах/ гэсэн чиглэлээр судалгаа хийдэг. Манайх анхнаасаа ийм зориулалтаар тухайн газрыг ашиглах зорилготой байсан, аялал жуулчлалын зориулалтаар гэж олгосон нь буруу болсон. Монгол Улсад өвдөлтийн эсрэг эмчилгээ байхгүй тул судалгааны төв байгуулахаар болсон. Монгол Улс өвдөлт намжаах чиглэлээр дэлхийн хөгжлөөс 30-40 жилээр хоцрогдсон байна. Зөвхөн эм, тариагаар л үйлчилдэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан байгаа. Анхнаасаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уг газрыг эрдэм, шинжилгээ судалгааны зориулалтаар олгож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Өмнөх шүүх хуралдаанд Байгаль орчны яамыг төлөөлж оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч болно танайх хуульд заасан зориулалтын дагуу хүсэлтээ гаргавал манайх шийдвэрлэнэ гэдэг, шүүх хуралдааныг хэд хэдэн удаа энэ үндэслэлээр хойшлуулж байсан. Шүүх түүнийг хүлээхгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар нэхэмжлэлийн дагуу хэргээ шийдвэрлэнэ, тэр асуудлыг тусдаа шийдвэрлэ гээд хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хуралдааны дараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргахад, танай газрын эрхийг хүчингүй болгосон маргааныг шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хүсэлтийг шийдвэрлэхгүй гэдэг хариу өгсөн учраас бид шүүхэд хандсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар захиргааны акт нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

Өвдөлт намжаах нийгэмлэг, эрдэм шинжилгээний төв гэдэг нь Азид өндөр хөгжсөн. Манайд хүнд ихээр өвддөг өвдөлттэй өвчтөнд энэ менежментийн дагуу өвдөлтийг намжааж, тайван, зовуурьгүй байлгах салбар хөгжөөгүй. Тухайн газарт эрдэм шинжилгээ судалгааны төв байгуулъя гэдэг утгаар хүсэлтээ гаргахад сайд эсрэгээрээ өмнө нь шийдсэн байна гэдэг үндэслэлээр хариу өгсөн учраас бид шүүхэд хандсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-т эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар зохих журмын дагуу ашиглаж болохоор заасан. Тухайн үед хэргийг шийдвэрлэж байхад сайдаас зориулалтын дагуу хүсэлтээ гаргавал шийдвэрлэж болно. Аялал, жуулчлалын зориулалтаар гэдэг нь л болохгүй байна. Эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж болно гэж ярьж байсан. Шүүхийн шийдвэр гарсны дагуу шүүх асуудлыг шийдвэрлэсэн гэдэг хариу өгч байгаа нь үнэхээр харамсалтай байна. Газар дээр ямар нэгэн давхцал байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-т заасны дагуу “Т т” ХХК газар эзэмших эрхийг хүссэн нь хуульд нийцэж байгаа учир нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч А.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 онд шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0441 дүгээр шийдвэр болон Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 426 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь өмнө ашиглах эрхтэй байсан Т*******анд дахин газар олгохыг хүссэн хүсэлтийг яаманд ирүүлсэн бөгөөд Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/678 дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Иргэн аж ахуй нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум дүүргийн Засаг даргад гаргана” гэж зааснаар хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргах ёстой. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар иргэн аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гаргахаар заасныг зөрчиж хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан байсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Ашиглагчаас газрыг хуульд заасан үндэслэлээр эргүүлж авах тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгаас түүнд дахин газар олгохгүй байж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид олгосон газрыг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасан үндэслэлээр газар ашиглагчаас эргүүлэн авсан байна. “Т Т” ХХК процессын дагуу хүсэлтээ гаргаагүй гэж үзэж байна. Тухайн газар нутагт хэрэгжүүлэх төсөл нь байгаль орчинд хэрхэн нийцэх, байгаль орчинд хохирол учруулахгүй байх эсэхийг хянаж төслийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр уг шийдвэрийг гаргадаг. Холбогдох шийдвэрийг гаргахад процесс алдаа гаргахгүй байх нь зүйтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 678 дугаар албан бичиг үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Т Т” ХК-аас “Богдхан уулын дархан цаазат газрын Т*******анд байрлах 1.0 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасныг үндэслэн ажиглалт, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах хүсэлтийг хангахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, хүсэлтэд дурдсан газрыг ажиглалт судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах шийдвэрийг зориулалтын дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

          Үйл баримтын тухайд:

Эрх бүхий захиргааны байгууллагаас “Т Т” ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах, Богдхан уулын дархан цаазат газрын Т******* нэртэй газарт 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 5 жилийн хугацаатай олгож, 2012/34 дүгээр газар ашиглах гэрчилгээ олгосон байсан бол,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 шийдвэрээр дээрх маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Т Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 426 дугаар тогтоолоор уг шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж, “Т т” ХХК-ийн өмнө ашиглаж байсан Богдхан уулын дархан цаазат газрын Т*******анд 1.0 га газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасныг үндэслэн хуульд нийцүүлэн ажиглалт судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах эрх олгохыг хүсэхэд,

          Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/678 дугаар албан бичгээр: “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 426 дугаар тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан гомдлыг хангасан байна. Иймд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгснийг нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж байна.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд: “Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ”, 8 дугаар зүйлд: “Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан дараах бүсэд хуваана” 3/хязгаарлалтын бүс, 11 дүгээр зүйлд: “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно”, 11 дүгээр зүйлийн 7-д: “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заажээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс “Өвдөлт намжаах эрдэм шинжилгээ, судалгааны ажил”-ыг гүйцэтгэдэг, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсад байхгүй өвдөлтийн эсрэг эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, өмнөх шүүх хуралдаан дээр “зориулалтын дагуу хүсэлтээ гаргавал манай яам шийдвэрлэнэ” гэдэг тайлбарыг хариуцагчаас өгч байсан, гэтэл одоо бидний гаргасан хүсэлтийг “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэлээр яам хариу өгсөн нь хууль бус гэж маргаж байна.

Шүүх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т: “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 2-т: “тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажлын журам, хөтөлбөрийг батлах, зөвшөөрөл олгох, ...”, 8-д: “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох”, 33 дугаар зүйлийн 1-д: “Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д: “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэслэлгүйгээр татгалзсан хариу /албан бичиг/ өгсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн захиргааны байгууллагаас мэдээлэл авах, өргөдөл хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, үндэслэлтэй хариу авах талаарх хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн байна гэж үзлээ.

          Даалгах шаардлагын тухайд, шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах боломжгүй тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгох эсэх талаар зохих ёсоор холбогдох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ тохиолдолд ашиглахыг хүсэж байгаа газар нь зориулалтын дагуу эсэх, бусдын эзэмшил, ашиглалттай давхцалтай эсэх, хүсэлт нь хуульд заасан нөхцөл болзол журмыг хангаж гарсан эсэхэд шүүх шууд дүгнэлт өгөх боломжгүй харин захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарч энэ талаар шийдвэр гаргах эрх нь захиргааны байгууллагад байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй хамааралгүй, агуулгад нь нийцэхгүй байхад хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангахгүйгээр, хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус байсныг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 2, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т т” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “Т т” ХХК-аас гаргасан хүсэлт- /газрыг ажиглалт судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах/-ийг шийдвэрлэхдээ хуульд нийцүүлэн, зохих хариу өгч шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        У.Б