Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Э,

Хариуцагч “Т” ХХК, Т.Энарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 37 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч С.Үлэмж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн Т.Эрдэнэчимэгтэй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Тухайн өдөр өөрийн компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499008239 тоот данснаас “Т” ХХК-ийн Голомт банкин дахь 1801005807 тоот данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

            Т.Энь 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хүүд 2 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1 140 000 төгрөг, нийт 3 140 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг “Т” ХХК-ийн захирал төлөөлөн байгуулж, компанийн дансанд шилжүүлж авсан учраас компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.

            Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөг, сарын 4 хувийн хүүгээр бодон 15 460 000 төгрөгийн хүү, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 7 500 000 төгрөгийн алданги, нийт 37 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Т.Эрдэнэчимэгийн өмчлөлд бус “Т” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь мөнгийг өөрийн данснаас биш “Өнгөт хэвлэл” ХХК-ийн данснаас шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Т.Эрдэнэчимэгээс 37 960 000 төгрөгийг гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 347 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагч Т.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Э болон хариуцагч Т.Энар бичгээр зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний үндсэн нөхцөл болох зээлийн гэрээний зүйлийг биет байдлаар Т.Эрдэнэчимэгт шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт болох “Өнгөт хэвлэл” ХХК-ийн дансны хуулга болон “Т” ХХК-ийн дансны хуулгаар тодорхойлогддог. Хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээх субьект байдаг бөгөөд хуулийн этгээдийн дансаар орсон, гарсан мөнгөн гүйлгээ нь Татварын тухай хууль  тогтоомжийн дагуу бүртгэгдэж тайлагнагдаж байх ёстой. Нэгэнт талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох эд хөрөнгийг биет байдлаар зээлдэгчид шилжүүлээгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

            Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр “Т” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, үүнийг Сонгинохайрхан дүүргийн шүүх баталж захирамж гаргасан. Гэтэл шүүх татгалзсан нэхэмжлэлийн шаардлага бүхий хариуцагчтай холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан нь тухайн шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа нэхэмжлэлийн тавьсан үндэслэлээр буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг үндэслэн бүхэлд нь хангасан бөгөөд дээрх хуулийн заалтыг тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн тэдний хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч зээлийн гэрээг бичгээр сунгаагүй хугацаанд хүү тооцон гаргуулсан нь хуульд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай.

            Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч “Т” ХХК, Т.Энарт холбогдуулан 37 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Т” ХХК-д холбогдуулсан шаардлагаас татгалзаж, Т.Эрдэнэчимэгээс зээлийг гаргуулна гэжээ.

            П.Э, Т.Энарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 15 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

             Зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг “Т” ХХК-ийн Голомт банк дахь 1801005807 тоот дансанд “Өнгөт хэвлэл” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499008239 тоот данснаас 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн боловч уг төлбөрийг зээлээс өөр тооцоо гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэг гишүүн бүхий “Т” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК –ийн аль, алиныг нь төлөөлөх эрх бүхий этгээд нь тус тус Т.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэтогтох нар байх тул зээлийн гэрээ хийгдсэн өдрөөр огноолсон 15 000 000 төгрөгийн төлбөрийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.Эрдэнэчимэгт зээл шилжүүлснээ нотолсон гэж үзнэ. /хх-6/

             Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 3 дугаар сарын 12-ны өдөр 1 140 000 төгрөг, нийт 3 140 000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсанаас үзвэл хариуцагч Т.Энь 15 000 000 төгрөгийн зээлийг өөрийн “Т” ХХК-ийн дансаар хүлээн авснаар хүү төлж байсан гэж үзэх үндэслэлтэй, харин хүүг төлсөн боловч үндсэн зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүрэг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлийн төлбөрийг гэрээгээр тохиролцсон алдангийн хамт шаардах эрхтэй, “Т” ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгийг зээлийнх биш, зээлийг өөрийн дансаар аваагүй гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд хугацааг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх гэж, хүүг сарын 4 хувь гэж тодорхой заасан тул 3 140 000 төгрөг төлөгдсөнийг хүүд тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ. Харин зээлийн гэрээний хугацааг сунгасан бичгийн баримтыг талууд гаргаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхээ алдах бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 2 жил 1 сар, 23 хоногийн хүүд 15 460 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн шаардлага хангагдаагүй байхад уг хугацаанд хүү тооцон мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангасан нь алдаатай болжээ.

Дээрх алдааг хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан нэхэмжлэлийг 22 500 000 төгрөгөөр ханган, үлдэх 15 460 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон тогтоох хэсэгт 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримталсныг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “282 дугаар зүйлийн 282.1” гэснийг хасч, “232 дугаар зүйлийн 232.5-д” гэснийг “232 дугаар зүйлийн 232.4-т” гэж, “37 960 000 төгрөгийг” гэснийг “22 500 000 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож,, үлдэх 15 460 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас 347 750 төгрөг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 270 450 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ