Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, ******* дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2307000000053 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан  мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт******* тоотод оршин суудаг, ******* овогт ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лайк” баарны ариун цэврийн өрөөнд тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.******* нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохисны улмаас биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруулд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лайк” баарны ариун цэврийн өрөөнд тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.******* нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохисны улмаас биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруулд цус хуралт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө нэг найзтайгаа бааранд ороход таньдаг хүмүүс таарсан. Нойл ороод тэр залуутай маргаад цохисон.” гэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.******* өгсөн: “...Нэг мэдсэн ариун цэврийн өрөөнд зүс таних залуутай зогсож байсан. Тэгээд тэр зүс таних залуу намайг хоёр удаа баруун гараараа миний зүүн нүд рүү цохиод автал цаанаас хүмүүс орж ирээд намайг цохисон зүс таних залууг аваад гарсан. Дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг Н.******* намайг цохих үед учирсан. Би шүүх хуралдаанд суухгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн  дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн орчимд Лайк бааранд орсон. Э. ах 1 шил архи авч ирж өгөөд явсан. Тэгээд бид хэд бүжиглээд байж байтал Ч. ариун цэврийн өрөө ороод биеэ засаад ирье гээд явсан. Удалгүй Ч. оо гээд ариун цэврийн өрөөнөөс дуудахаар нь яваад очтол Э., Н.******* хоёр маргалдаад зогсож байсан. Тэгээд Ч. бид хоёр Н., Н.******* хоёрыг боль гээд байж байтал Лайк баарыг ажиллуулж байсан Ш. ирээд боль гээд Н.*******ыг дагуулаад гарсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Э.г аваад гэрт нь хүргэж өгсөн. Намайг Ч. дуудаад ариун цэврийн өрөө ороход Н.******* нүд хавдсан шинжтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.ын өгсөн: “...Би ариун цэврийн өрөө рүү биеэ засах гээд яваад ортол Э., Н.******* хоёр муудалцаад байж байхаар нь боль гээд хэлсэн чинь үгэнд орохгүй муудалцаад байхаар нь би ариун цэврийн өрөөнөөс гараад Д.ыг дуудаад, дагуулж орж ирээд та хоёр боль гээд бид хоёр аваад гарах гэж байтал гаднаас Ш. орж ирээд Н.*******ыг боль гээд дагуулаад гарсан. Тэгээд бид хэд ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд шууд тарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/, 

******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 47 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23 дахь тал/,         

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №42 дугаартай:

1. Энхбатын ******* биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруулд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Н.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №42 дугаартай: “Энхбатын ******* биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруулд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Н.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Н.******* нь хохирогч Э.тай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа удаа дараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салст, дээд уруулд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.*******ыг хохирогч ******* эрүүл мэндэд нүүрэн тус газар нь удаа дараа гараараа цохисны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг. Хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах  дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.....” гэж дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Н.******* нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Н.******* нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 51 дэх тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг санал болгосныг шүүгдэгч Н.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд 650 /зургаан зуун тавь/ нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй болно.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БАЯСГАЛАН