Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/32

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                        Прокурор Д.Ганцэцэг

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

                                                        Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/358 дугаар захирамжид прокурор Д.Ганцэцэгийн эсэргүүцлээр Р.Б-д холбогдох эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунган,  шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн гавьяа шагналгүй, урьд

 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр суллагдсан,

2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1/35 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан  Мидэргив овогтой Р.Б

 

Р.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х.Т төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор нэвтрэн нууцаар хууль бусаар Notebook авч 700000 төгрөгийн,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх Б нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, Нокиа маркын гар утас зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 609000 төгрөгийн,

Г.Т, Б.М нартай бүлэглэж, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай
аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолтын 3-21 тоотот байрлах иргэн Н.Б-ны
гэрээс мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 600000
төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн гэрээс 4 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 5.530.000 төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1-р багийн иргэн Б-гийн гэрээс эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон гуутай хуучны бурхан зэрэг 880000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч бусдад нийт 9.106.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг  биелүүлээгүй байна гэж үзэн яллагдагч Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийн Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэг, битүүмжилсэн АР3278294 серийн дугаартай 500 төгрөг зэргийг хэргийн хамт хүргүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцэлдээ:

Эрүүгийн 201515000278 дугаартай Ц.Б нарт холбогдох хэргээс эрүүгийн 201515000275 дугаартай Р.Б-д холбогдох хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 дугаартай прокурорын тогтоолоор тусгаарлаж улмаар Ц.Б нарт холбогдох 10 яллагдагчтай, 80 гаруй хэрэг нэгтгэсэн, 130 гаруй хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01 тоот яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байх хугацаанд Р.Б нь мөрдөн байцаалтаас оргон зайлсны улмаас хэргийг тусгаарлан шийдвэрлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг тусгаарлан эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот прокурорын тогтоолоор түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.

Ц.Б нарт холбогдох хэрэг нь 2012 оноос 2018 оны 11 дүгээр cap хүртэлх давтан үйлдлүүдээр Архангай, Дундговь, Булган, Өвөрхангай аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн “хулгайлах”, “малын хулгайлах”, “дээрэмдэх”, “хүний эрүүл мэндэд хохирол учруулах” зэрэг 80 гаруй үйлдэлтэй гэмт хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулсан хэрэг бөгөөд яллагдагч нарын цагдан хорих хугацаа дууссан, цагдан хорих хугацаа дуусч гармагц дахин гэмт хэрэг үйлддэг, өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах сонирхолтой, удаа дараа мэдүүлгээсээ буцдаг мөн яллагдагч нар мөрдөн байцаалтаас болон шүүхээс удаа дараа оргон зайлж дахин гэмт хэрэг үйлддэг, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх ямар ч сонирхолгүй зэрэг нөхцөл байдлууд нь хэргийг удаашрах шалтгаан болж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт алдагдаж улмаар олон үйлдэл, холбогдогчтой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдал үүсч байна. Учир нь: Р.Б нь Г.Т, Б.М нартай бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллагдагч Р.Б-ны мэдүүлэг /хх-ийн 12-р хавтас 189, 191-р хуудас/ яллагдагч Г.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 165-166-р хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 167-174-р хуудас/ яллагдагч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 176-177-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд дээрх хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжийг хуульчилж өгсөн байх тул хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн эрүүгийн 20151500275 дугаартай хэргийг эрүүгийн 201515000278 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг прокуророос гарган улмаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/131 дугаартай шүүгчийн захирамжаар нэгтгэн шийдвэрлэж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 79 дугаартай албан бичгээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсэн боловч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлнэ гэсэн байхад тус хэргийг шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэлгүй шууд нэгтгэсэн асуудал нь хууль зөрчиж байх тул Р.Б-д холбогдох хэргийг буцаан хүргүүлэв...” гэжээ. Улмаар Р.Б-д холбогдох хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж эрүүгийн 201515000278 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Р.Б-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх Г.Т, Б.М нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлнэ гэсэн заалтын дагуу хэргийг шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэн нэгтгүүлэх арга хэмжээ авсан бол өнөөдөр шүүхээс хэрэг прокурорт буцах, яллагдагч нар дахин гэмт хэрэг үйлдэх, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах зэрэг хэрэг эцэслэн шийдвэрлүүлэхэд ээдрээтэй нөхцөл байдал үүсэх нөхцөл боломж бүрдэхгүй байх боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШМ/14 дугаартай магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЗ/131 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Р.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн 201515000278 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн учир дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож эрүүгийн 201515000275 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Эрүүгийн 201515000275 дугаартай хэргийн яллагдагч Р.Б нь шүүхээс оргон зайлсны улмаас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүх Р.Б-ыг албадан ирүүлж өөрийн санаачлагаар Р.Бд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурорт мэдэгдэн улмаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд яллагдагч Р.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/358 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Р.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Х.Т төвийн байранд байрладаг Ахмадын хорооны өрөөний цонхоор нэвтрэн нууцаар хууль бусаар Notebook авч 700000 төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх Б нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, Нокиа маркын гар утас зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 609000 төгрөгийн,

2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд Г.Т, Б.М нартай бүлэглэн машин механизм ашиглаж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, Хоолтын 3-21 тоотот байрлах иргэн Н.Б-ны гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 600000 төгрөгийн

2015 оны 07 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Б-гийн гэрээс 4 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 5.530.000 төгрөгийн,

 2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1-р багийн иргэн Б-гийн гэрээс эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон гуутай хуучны бурхан зэрэг 880000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хууль бусаар, нууцаар авч бусдад нийт 9.106.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан байна.

 Ц.Б, М.Г, З.Н, Ц.С, Ц.О, Т.Б, Б.М, Д.Ш, Г.Х, Г.Т нарт холбогдох 201515000278 дугаартай  эрүүгийн хэргээс Р.Б-д холбогдох 201515000275 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол ...хэргийг тусгаарлаж болно” гэснийг  зөрчсөн өөрөөр хэлбэл Р.Б нь 201515000278 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогч Б.М, Г.Т нартай бүлэглэн иргэн Н.Б, Ө.Б нарын эд зүйлсийг хулгайлсан хэрэгт холбогдсон тул түүний эрүүгийн хэргийг Б.М, Г.Т нарын эрүүгийн хэрэгт нэгтгэн шүүхээс шийдвэрлэх нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг шударгаар нөхөн сэргээхэд ач холбогдолтой, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэлтэй болохыг дүгнэн гаргасан тус Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ДШТ/14 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байх тул түүнийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/358 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг прокурорт хүргэгдэн очтол Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.