Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0141

 

 

 

 

 

 

 

 

 

Б ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дүгээр тушаалын “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0639/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дүгээр тушаалын “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.          

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн А/0 дугаартай тушаалын “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ...  Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаартай тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т  ам нэртэй газарт 27875 м.кв талбай бүхий газрыг аялал жуучлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байсныг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дугаартай тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн газар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын өөрийн эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн асуудал юм. Хилийн цэсийн өөрчлөлт хүчин төгөлдөр хэвэр мөрдөгдөж байгаа. Тухайн үеийн мэдээллийн санд “Б ” ХХК-ийн газар тусгай хамгаалаттай газар нутгийн эргэлтийн цэгт орохдоо алдаатай тусгагдсан байсан. Иймд Улсын Их Хурлын байнгын хороонос тодорхойлоод дахин нарийвчилан хил заагийг тодорхой алдаагүй болгох нөхцөл байдлыг бүрдүүлэх ажлыг 2023 оны 01 дүгээр сарын хурлын тогтоолоор хил заагийг тодорхой болгох асуудлууд хийгдсэн. Тухайн хил заагийг тодорхой болгоод алдааг нь залруулахад тухайн газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд багтсан. Алдаатай мэдээллийн сангаас бусдад газар олгосон бол шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хэвээрээ энэ газраа цааш эзэмших хүсэлтэй байгаа бол Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргах эрхтэй. Энэ газар нь бусдын газартай давхацсан нөхцөл байдал байхгүй. Нийслэл рүү шилжсэн ч тухайн газар одоогийн байдлаар бусдын газартай давхцаагүй байгаа юм. Энэ маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосноор цаашид ямар үр дагавар үүсэх вэ гэхээр газар ашиглах эрх нээгдэх үү, үгүй юу гэдэг асуудал байна. Тусгай хамгаалалттай газраас гарч, Нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд шилжсэн газар учир Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалыг хүчингүй болгохоор өөр эрх бүхий албан тушаалтны эрхэд халдсан байдлаар шийдвэр гарсан болоод, өөрөө хууль зөрчсөн нотцой үр дагавр үүснэ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.2. Хилийн цэс алдаатай байсан гэдгийг 30 жилийн өмнөх зөв гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа боловч үүнийг ямар нэгэн байдлаар баталсан зүйл дурдаагүй. Алдаатай байсан гэдгийг Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуучлалын яам харилцан хүлээн зөвшөөрөөд хилийн цэсийг тогтоосон байгаа. Хилийн цэсийн талаар Захиргааны хэргийн шүүх 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр хилийн цэсийг тогтоож байсан. Кадастрын зураг хилийн цэсийн зурагтай таарч байна гэж харж байгаа. Хилийн цэсийн холбогдолтой асуудлаар 30 жилийн өмнө байсан асуудал нь шүүхийн шийдвэр, яам, нийслэл харилцан зөвшөөрөөд гарсан учраас үнэн бодитой гэж үзэж байна.

3.3. Мөн Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дүгээр тушаалаар Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т  аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, хавсралтын 51 дэх хэсэгт нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн Т  амны ашиглах эрх бүхий 27875.7 м.кв газар орсон байдаг. Энэхүү баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

3.4. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосон хилийн цэсийг зөвтгөж дахин 2023 онд залруулсан гэсэн үндэслэлээр 2020 онд буюу хилийн цэст залруулга хийхээс өмнө ашиглах эрх авсан аж ахуйн нэгжийн эрхийг нь цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу шинжлэн судлаж, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2.  Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Б ” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дүгээр тушаалын “Б ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

2.2. Анхан шатны шүүх “... Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/ дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т  аманд хилийн цэст залруулга оруулсан гэх баримтууд хавтаст хэрэгт байгаа боловч энэхүү хилийн цэсийн өөрчлөлтийг Улсын Их хурлаар оруулж хэлэлцүүлэн батлуулаагүй байх тул дээрх захиргааны байгууллагуудыг Улсын Их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна ... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосон хилийн цэсийг зөвтгөж дахин 2023 онд залруулсан гэсэн үндэслэлээр 2020 онд буюу хилийн цэст залруулга хийхээс өмнө ашиглах эрх авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэст оруулж эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд ашиглах эрх авсан газрыг Улсын Их хурлын тогтоол гаргаагүй байхад Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т  аманд хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/348 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т  ам нэртэй газарт 27875 метр квадрат талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Б ” ХХК-д олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/0 дүгээр тушаалаар ... Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т  аманд  хилийн цэст залруулга оруулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компаний газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1/-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 2/-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” эрхтэй гэж Улсын Их Хурлын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Мөн хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т  аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалдаа Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх боловч дээрх тогтоолуудад Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон болохоос биш Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг, хязгаарыг шинэчлэн тогтоогоогүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

2.6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

 

   ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ