Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхий н шүүгч Д.Буянтогтох даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

-хохирогч Б.Ганцэцэг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг,

-шүүгдэгч Б.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямдоржид холбогдох эрүүгийн 201619000494 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч н.Гэрэлмаагийн хамт Увс аймгийн Цагаан хайрхан сумын 1 дүгээр багийн Хулж гэх газар /Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо зүүн ард аюуш 25-8 тоотод түр/ оршин суух хаягтай, урьд нь -2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил, 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, -2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 259 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ОС80080218 регистрийн дугаартай, Шарилж овогт Баатарсүрэнгийн Нямдорж.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Нямдорж нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч Б.Мөнх-Очиртой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Д.Эрдэнээгийн өмчлөлийн хул хүрээ, хул алаг морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Д.Эрдэнээд 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой Б.Ганцэцэгийн өмчлөлийн хар азарга, бор морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Б.Ганцэцэгт 2 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь      

                Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч Б.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.Мөнх-Очир манайд ирээд бид хоёр Налайх орсон.  Налайхаас такси авч Төв аймгийн Эрдэнэ суманд айлын өвөлжөөнд очиж тэндээ хоносон. Маргааш нь уулын ам өгсөж бусдын 5 тооны адууг өвөлжөө рүү тууж оруулаад 2 морийг бугуйлдаж бариад маргааш нь уулаар явж байгаад Х.Отгонбаатар гэх найзынхаа хашаанд хулгайлсан морийг нядалж байгаад баригдсан гэв. 

Хохирогч Б.Ганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд 500 000 төгрөг авсан. Гомдолтой байна. Манай хар азарга гэмт хэргийн улмаас унаж эдлэх аргагүй болсон. Иймд төлбөрийг нь нэхэмжилж байна гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч Д.Эрдэнээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Төв аймгийн   Эрдэнэ сумын төвд амьдардаг. 2016 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 09-ний хооронд 6 тооны адуугаа хайгаад олоогүй. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 тооны адуугаа олсон. Нэг адуунд нь цагаан өнгийн бугуйл бүхий оосор буруу талын хойд хөлөнд орооцолдсон байсан. Хул үрээ, хул алаг морь, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. Нядлагдсан хул үрээ, нядлагдаагүй хул алаг морь хоёр миний өөрийн эзэмшлийн адуу. Малын "А" данс манай хадам аав Цолмон гэх хүний нэр дээр байдаг. Би алдагдсан гэх хул алаг морио хүлээж авсан, нядлагдсан хул үрээнийхээ мах арьсыг хүлээж авсан боловч өтөж ногоорсон учир зарж борлуулах боломжгүй болсон байсан. Нөгөө алдагдсан хүрэн үрээгээ одоо болтол олоогүй байгаа хөлөөрөө алдсан байж болзошгүй  байгаа... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38-39 хуудас/

 

Хохирогч Б.Ганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай нөхөр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр азаргатай адуугаа хайгаад явж байхад манай хар азарга, бор морь хоёр явж байхыг харсан байсан. Тэгээд орой нь манай нөхөр ирээд хар азарга, бор морь хоёр сайхан болсон байна гэж хэлж байсан. Маргааш өглөө адуундаа яваад хар азарга, бор морь хоёроо хайгаад олоогүй. Бас 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр адуундаа яваад хайгаад бас л олоогүй. Өнөөдөр байж байтал манай багийн дарга Мөнхбат танай хоёр морийг хулгайлсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаад баригдсан байна гэж хэлсэн. Бэлчээрт байсан адууг минь хулгайлаад явсан. Очоод адуугаа автал хар азарга, бор морь хоёрыг хоёулангийнх хөлийг нь гэмтээсэн, хар азарганы хоёр хаа зулга татсан, зүүн талын хойд хөл доголсон, бор морины хойд хөлийн голхыг нь тасалсан явж чадахгүй байна. Хар азарга, бор морио тус бүрд нь 1 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн 2 морь манай нөхөр Баярхүүгийн нэр байдаг А дансаар тоолуулдаг. Хар азаргийг уналга эдэлгээнд хэрэглэхээргүй болсон. Бор морийг хотоос хэвтээгээр нь ачаад Төв аймгийн Эрдэнэ суманд хөдөө гэртээ авч ирээд нэг хоноод үхсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/

Гэрч Х.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нартай нэг нутгийн хүмүүс. 2016 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 02 цагт гэртээ байж байтал надруу Б.Мөнх-Очир утсаар залгаад танайд очиж явна гэсэн. 02 цагийн үед хашааны хаалга дугарсан ба гараад хартал Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нар 4 тооны хул алаг, хар азрага, бор морь, хул морь зэрэг адуунуудыг хөтлөөд ирсэн. Хар азаргийг нь унасан бололтой эмээлтэй байсан. Хаанаас авч ирсэн адуу вэ, хэний адуу вэ гэж асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгэхээр нь гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 102 утас руу залгаад асуудлыг хэлээд эргээд хашаандаа ороод иртэл хул морийг нь нядлаж байсан. Би тэр хоёрт цагдаа дуудсан талаар хэлээгүй удалгүй цагдаа нар ирж Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нарыг авч явсан. Надад 3 тооны адууг түр хүлээлгэн үлдээсэн. Бор зүсмийн адуу нь зүүн хойд хөл нь доголсон байсан. Б.Нямдорж, Б.Мөнх-Очир нар нь өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож шүүхээр орж байсныг мэдэх учир хулгай хийсэн гэж мэдсэн ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44-45 хуудас/

Гэрч Т.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр адуундаа явахад 3 овоот гэх газар байсан. Маргааш нь адуундаа явахад алга болсон байсан. Адуугаа 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хайгаад олоогүй … гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46 хуудас/

 

Сэжигтнээр Б.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос орой 19-20 цагийн үед нутгийн найз Б.Нямдоржийн хамт Дэнжийн 1000-гаас автобусаар гараад БЗД-ын офицерийн буудал дээр ирсэн. Тэгээд Налайхын автобусанд суугаад Налайх дүүрэг орсон. Тэндээсээ марк дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн такси 25.000 төгрөгөөр хөлслөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Элстэй гэх газар модтой уулын аманд буугаад тэр амандаа хоносон. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5 тооны адуу модтой амны эхэн дээр байсан ба тэгэхээр нь хүлээж байгаад орой гэгээ тасрах алдад 5 адууг бид хоёр тууж авч ирээд ойролцоо байсан өвөлжөөний хашаанд шахаад хул алаг, хул зүсмийн 2 тооны адууг барьж авсан. Бусад адуу нь хашаа даваад явсан хүрэн болон хээр зүсмийн адуу байсан. Тэгээд барьсан 2 тооны хул адуугаа уяаж хоноод 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тэндээ өнжсөн. Тэр оройдоо хул морийг нь би эмээллэж унаад Б.Нямдорж хул алаг морийг нь зайдан унаад Улаанбаатар хотруу буцах гэж байтал замд хар азарга, бор морь таарсан тэгэхээр нь дахин өвөлжөөний хашаанд шахаж барьж аваад хар азаргийг би эмээллэж унаад Б.Нямдорж хул алаг морийг зайдан унаад бид хоёр Улаанбаатар хотруу шууд явсан. Налайхын хойд талын уулаар яваад тэндээ 1 хоноод маргааш орой нь гэгээ тасрахаар Улаанбаатар хотруу хөдлөөд Чингэлтэй дүүргийн арын ууланд 3 хоносон. 2016 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хотруу 00-02 цагийн үед ирээд найз Х.Отгонбаатар руу утсаар танайд очлоо гэж хэлээд гэрт нь очсон. Хашаанд нь 4 тооны адуугаа оруулаад байж байтал Х.Отгонбаатар шатахуун авч ирнэ гээд гараад явсан тэр хооронд нь хул морийг нь би цуслаад унагасан. Тэгээд янзлах гэж байтал цагдаа хүрээд ирсэн. Би Х.Отгонбаатарт хулгай хийсэн талаараа хэлсэн тэгтэл Х.Отгонбаатар дургуйцэж байснаа за за гээд зөвшөөрсөн. Тухайн үед баяр наадам болоод хүмүүс амарсан, махны зах ажиллахгүй байсан болохоор ууланд хоносон. Улаанбаатар хотоос гарахдаа хилийн гурилан боов дэлгүүрээс авсан байсан. Хутгыг би дэлгүүрээс авсан жижиг хутга нь надад байсан юм хазаарнуудийг би авч ирсэн эмээлийг Б.Нямдорж авч ирсэн. Бид хоёр өмнө иь 2, 3 хоногийн өмнө мал хулгайлах талаар ярилцаж байсан. Тэгээд зүүн тийшээ явъя гээд Төв аймгийн Эрдэнэ сум руу явсан. Мал хулгай хийх санааг бид хоёр хоёулаа гаргасан би мөнгө олох зорилгоор хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Надад өөр үйлдсэн малын хулгайн гэмт хэрэг байхгүй би өмнө нь малын хулгайн гэмт хэргээр 4 удаа шүүхээр шийтгүүлж байсан. Би хууль бус гэдгийг мэднэ би мөнгө олох зорилгоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Би сонсгож байгаа ялыг хүлзэн зөвшөөрч байна. Зардлаа хийж Увс аймаг явах зорилгоор мал хулгайлсан. Би хохирол барагдуулаагүй байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуудас/

 

Сэжигтнээр Б.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос орой 20-21 цагийн үөд нутгийн найз Б.Мөнх-Очирийн хамт Төв аймгийн Эрдэнэ сум руу мал хулгай хийхээр явсан. Эрдэнэ сум руу явахдаа 2 хазаар 2 ногтыг Б.Мөнх-Очир авч ирсэн би 1 ширхэг эмээлийг гэрээсээ авч ирсэн. Тэгээд танихгүй номер дугаарыг нь мэдэхгүй цагаан өнгийн жижиг тэрэг 25.000 төгрөгөөр хөлслөөд Эрдэнэ сум руу явсан. Эрдэнэ сумын Элстэй гэх газрын модтой аманд 23 цагийн үед очоод бид хоёр буусан. Модонд хамт хоноод 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 5 тооны адуу модтой амны эхэн дээр байж байхаар нь хүлээж байгаад орой гэгээ тасрах алдад хул алаг хул зүсмийн 2 тооны адууг хоосон өвөлжөөний хашаа руу шахаж барьж аваад хажуудаа уяж хоносон. Нөгөө гурав нь хашаа даваад явсан. 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой нөгөө хоёр морио унаад Улаанбаатар хот руу буцах гээд явж байтал замд хар зүсмийн азарга, бор морь зэрэг 2 тооны адуу зогсож байсан. Хашаа руу шахаж барьж аваад би хул алаг морин дээр зайдан морьдоод хар азаргийг эмээллээд Б.Мөнх-Очир унасан нөгөө хоёр хул, бор хоёр зүсмийн адууг ногтлоод хөтлөөд Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Налайхын ойролцоо ирсэн. Тэр оройдоо Улаанбаатар хотод орж ирээд Дамбадаржаад байдаг Бэлхийн голын ойролцоо ууланд очоод 3 хоносон. 2016 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Улаанбаатар хот руу 00 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Орж ирээд Б.Мөнх-Очир Х.Отгонбаатар руу утсаар яриад гэрт чинь очлоо гэртээ байна уу гзж хэлээд Х.Отгонбаатарын гэрт очоод морьдоо оруулсан. Б.Мөнх-Очир, Х.Отгонбаатартай уулзаад байсан. Тэгээд Х.Отгонбаатар бид хоёрыг хашаандаа орхиод шагахуун түгээх газар ороод бензин аваад ирнэ гэж явсан тэр хооронд нь хул морийг Б.Мөнх-Очир цуслаж унагаад бид хоёр нядлаж байтал цагдаа нар хүрээд ирсэн тэгтэл Х.Отгонбаатар гэртээ ирсэн гэрээсээ гарч ирж байсан. Тэгээд Б.Мөнх-Очир бид хоёр цагдаад баригдсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 4 тооны адууг Б.Мөнх-Очиртай цуг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэгцээ болоод байж байхад Б.Мөнх-Очир цуг зүүн тийш маланд явчаад ирье гзсэн. Хохирлоо барагдуулаагүй байгаа..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 78-79 хуудас/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/,

- хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 11/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21/

- эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд ... хар цагаан алаг өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 2 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгийн 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг ... зэрэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/,

- мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30/,

- 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49/,

- шүүгдэгч Б.Нямдоржийн ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 97, 99-109, 118-120/,

- 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 179-180/,

- эд зүйл битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 186-187/,

 

-шүүгдэгч Б.Нямдоржийг 2015 оны 03 сарын 31-ний өдрийн сэжигтнээр /1хх-90-91 тал/, 2015 оны 04 сарын 02-ны өдөр, 2015 оны 06 сарын 12-ны өдөр, яллагдагчаар /хх-192-93, 216 тал/  тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

 Хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх  тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Нямдорж нь ялтай байхдаа шүүгдэгч Б.Мөнх-Очиртой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд Д.Эрдэнээгийн өмчлөлийн хул хүрээ, хул алаг морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Д.Эрдэнээд 2 000 000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр шүүгдэгч Б.Мөнх-Очиртой бүлэглэн, урьдчилан үгсэн тохирч, шунахай сэдэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны орой Б.Ганцэцэгийн өмчлөлийн хар азарга, бор морь зэрэг 2 тооны адуу хулгайлж, иргэн Б.Ганцэцэгт 2 000 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ... ороход баруун урд буланд зүүн зүгрүү толгойг нь харуулан 4 хөлийг нь хойш харуулан байрлуулсан хул зүсмийн адууг цээжинд цусласан байдалтай, урд хэсгийн хөрс нилэнхийдээ улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон... ногт зэрэг байна гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 11/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд ... хар цагаан алаг өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 2 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгийн 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг ... зэрэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 49/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 179-180/, эд зүйл битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 186-187/, хохирогч Д.Эрдэнээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-40, 176/, хохирогч Б.Ганцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-43, 177/, гэрч Х.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Т.Баярхүү мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч Г.Цэрэнсамбуу мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47/, 2016 оны 07 сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийг 49/, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйийн үнэлгээ /хх-ийн 179/, хохирогч Б.Ганцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Нямдоржийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

  Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл  тохирсон  тул  түүнийг ялтай байхдаа  бусадтай бүлэглэн, үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үнэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нямдоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэлийг сонгон оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч Д.Эрдэнээ, Б.Ганцэцэг нарт учруулсан хохирол болох 2 000 000 төгрөгний хохирлоос шүүгдэгч Б.Нямдорж нь өөрийн төлбөл зохих  1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1254366 дугаар хаан банкны орлогын баримтаар хохирол төлбөр төлөгдсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдон тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

  

   Эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар

            Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйл битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Б.Мөнх-Очирын төрсөн ээж болох Н.Цэрэнхоролын төлөг хонь 4, төлөг ямаа 4 зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд мөрийн баримтаар хураан авсан хар цагаан өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 1 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгийн 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг зэргийг энэ хэргээс тусгаарласан шүүгдэгч Б.Мөнх-Очирын эрүүгийн хэрэгтэй хамтатган хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, Б.Нямдорж нь 118 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Ганцэцэг, Д.Эрдэнээ нарт хохиролд төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Шарилж овогт Баатарсүрэнгийн Нямдоржийг Тайж овогт Баянбаатарын Мөнх-Очиртой урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдоржийн эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямдоржид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нямдоржийн цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

 

үргэлжлүүлж,  ялтан Б.Нямдоржийн эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг өнгийн хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэг, шаргал өнгийн суран хазаар 2 ширхэг, суран ногт 1 ширхэг, цагаан өнгийн бугуйл бүхий олс 1 ширхэг, шаргал өнгийн модтой эсгийн 1 ширхэг тохомтой эмээл 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Мөнх-Очирын эрүүгийн хэрэгтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхээр Төв аймгийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Н.Цэрэнхоролын төлөг хонь 4, ямаа 4 зэргийг битүүмжилсэн тогтоолыг шүүгдэгч Б.Мөнх-Очирын эрүүгийн хэрэгтэй хамтатган хянан шийдвэрлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

   7. Энэ хэрэгт ялтан Б.Нямдорж нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Нямдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ