Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0789

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0789

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “З” ХХК /РД:.../

Хаяг: ...

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “З” ХХК нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 2004 оноос хойш XV-******* дугаартай, /Дорноговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* гэх газарт байрлах/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу эзэмших хугацаандаа Монгол Улсад нийт 48,775,048,337,41 төгрөг буюу 17,277,858,27 ам долларын хөрөнгө оруулалт хийснээс 2004 оноос 2020 оны 8 сарыг хүртэлх хугацаанд нийт 1,970,706,088.26 төгрөгийг тусгай зөвшөөрлийн төлбөрт, 7 тэрбум 800 сая төгрөгийг XV-******* дугаартай лицензийн үнэлгээ, хайгуулын ажилд, 39,004,342,249 төгрөгийг ажилчдын цалин, татвар, техник хэрэгсэл, үйл ажиллагааны бусад зардалд зарцуулж Монгол Улсад тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд юм.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Дээрх тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, холбогдох журмын дагуу тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн сэргээхийг даалгах тухай" шаардлагатай, нэхэмжлэл гаргасан.

Covid19 цар тахлын улмаас Монгол Улс хилээ хааж, Засгийн газраас удаа дараа хөл хорио тогтоосны улмаас манай компанийн хувьцаа эзэмшигч Монгол Улсад ирэх болох манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломж огт хангагдаагүй. “З” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг Их Британийн Виржиний арлууд нь оффшор бүсээс хэд хэдэн удаа гүйлгээ хийсэн боловч манай улс саарал жагсаалтад орсон цаг хугацаатай давхцаж байсан учраас гүйлгээ амжилтгүй болж буцаагдаж байсан.

Манай компани дээрх нөхцөлийн улмаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар тус газарт удаа дараа албан бичгээр мэдэгдэж, хүсэлт гаргаж байсан боловч, хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг ч хариу мэдэгдэлгүй байсаар манай байгууллагын эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

2004 оноос хойш Монгол Улсад зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрт 1.9 тэрбум төгрөг төлсөн, 39 тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан. Гэтэл энэ их зардлыг гаргачхаад 1 жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхгүй байх шалтгаан байхгүй. Өнөөдрийн нөхцөл байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой. Олон жил тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас төрийн захиргааны байгууллагад хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж байсан ч тухайн асуудлыг судалж үзээгүй, хариу өгөөгүйг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

Бид тусгай зөвшөөрөл цуцалсан тухай албан бичгийг аваад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч хариуг өгөлгүй байсаар дахин гомдол гаргахад 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр хариуг өгсний 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан. Үүнийг хариуцагч нотолно. Хавтаст хэрэгт авагдсан баримтад бид 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг хүлээн авсан өдрөө хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан.

Мөн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тухайн албан бичгийг хүлээн авсан ч  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргаж 7 дугаар сарын 10-18-ны өдрийг дуустал нийт 9 хоног амрахаар ийнхүү шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан бид хуульд заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“З” ХХК нь 2004 оноос Дорноговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу эзэмшиж байгаа. Энэ хугацаанд 1.9 тэрбум төгрөгийг тусгай зөвшөөрлийн төлбөрт төлсөн. Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг Монгол Улсад холбогдох дүрэм, журмын дагуу явуулж, их хэмжээний зардал гарган тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр манай эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрт гомдол гаргасан боловч хариу өгөөгүй тул 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин гомдол гаргасны дагуу Ашигт  малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад холбогдох журмын дагуу “З” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Тухайн үед Монгол Улс саарал жагсаалтад орсны улмаас далайн эргийн улсууд буюу Виржиний арлаас мөнгөн гуйвуулга хийх ямар ч боломжгүй болсон. Цар тахалд хөрөнгө оруулагч тал нэрвэгдсэн болон Ерөнхий захиралтай байгуулсан гэрээгээр компанийн ерөнхий захирал нь 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий санхүүжилтийн асуудлыг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийх эрхгүй талаарх холбогдох баримт, хүсэлтээ гаргаж байсан. Ковид-19 өвчний улмаас Монгол Улс хилийн хорио тогтоож, хөрөнгө оруулагч нар ирэх боломжгүй болсны улмаас хөрөнгө оруулагч нар маань Монгол Улсад ирж тусгай зөвшөөрлөө цаашид эзэмших эсэх, эзэмшихийн тулд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр бодлогоо боловсруулах боломжгүй нөхцөлд хүрсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх асуудалд хүндрэл гарсан болохоо мэдэгдэж, төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох журмын дагуу хандаж байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан, цаг үеийн нөхцөл байдлыг үл харгалзаад хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

Өнөөдөр ч Монгол Улсад тодорхой хэмжээний хязгаарлалттай үйл ажиллагаа явагдаж байгаа. “З” ХХК нь тухайн үед үнэхээр төлбөрийн чадваргүй байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Хамтран үйл ажиллагаа хэрэгжүүлдэг компаниас мөнгө зээлэх байдлаар үйл ажиллагаагаа авч явсан. Энэ нөхцөлүүдийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2003 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн *******, ******* сумдын нутаг дэвсгэрт байрлах 142407,12 га талбай бүхий ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын 7856X дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Б” ХХК-д олгож, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2006 оны 1260 дугаар шийдвэрээр “З” ХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн.

“З” ХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн буцааж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу Цөмийн энергийн газрын ЦИАМХ-ийн даргын 2014 оны 10 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбай 11692,43 га болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

Гэтэл "З" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө болон алдангийн хугацаа ороод 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө төлөөгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын 7856х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн ярьж буй асуудлыг Татварын ерөнхий хуульд тодорхойлсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-иас анх тус шүүхэд хандан “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актын түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр,

Дорноговь аймгийн *******, ******* сумдын нутаг, ******* нэртэй газарт орших 142407.12 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын 7856Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2003 оны 184 дүгээр шийдвэрээр “Б” ХХК-д олгосныг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2006 оны 1260 дугаар шийдвэрээр “З” ХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн.

“З” ХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцааж өгөх тухай хүсэлт гаргасныг үндэслэн Цөмийн энергийн газрын Цөмийн материалын хэлтсийн даргын 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр 36717.29 га талбайг, Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт ашигт малтмалын хэлтсийн даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр 93995.01 га талбайг тус тус дуусгавар болсонд тооцож, тусгай зөвшөөрлийн  талбайг 11692.43 га болгон хавсралтад өөрчлөлт оруулсан.

“З” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 7856Х дугаар тусгай зөвшөөрлийн 16 дахь жилийн төлбөрт 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 84.770.117.50 төгрөгийг төлсөн бөгөөд ээлжит  17 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр “З” ХХК-ийн  Дорноговь аймгийн ******* сумын нутаг, ******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын 7856Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “З” ХХК нь “Их Британи Виржин Арал улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай”, Ерөнхий захирлын гэрээгээр 10 сая төгрөгөөс дээш дүнтэй санхүүгийн зарцуулалтыг цор ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр шийдвэрлэдэг бөгөөд тухайн үед Монгол Улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-д орсны улмаас оффшор бүсэд хамаарах Их Британийн Виржин арлаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг шилжүүлэхтэй холбоотой гүйлгээг хийхэд удаа дараа буцаагдаж, ковид-19 өвчний улмаас хил хаасан байсан тул хөрөнгө оруулагч Монгол Улсад өөрөө ирж асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Эдгээр хүндэтгэн үзэх нөхцөл байдлаа хариуцагчид удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүсэж байсан боловч хариуцагч тухайн нөхцөл байдлыг судалж үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус”, “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдолд хариуг өгөлгүй байсаар 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/2958 дугаар албан бичгээр хариуг өгснийг бид 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан” хэмээн, хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй”, “нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шалтгааныг Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж үзэхгүй” зэрэг үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

3. Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө”, 20.4-т “Энэ хуулийн 20.2, 20.3.1-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу төлнө” хэмээн,

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”,

56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: 56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”,

24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” хэмээн,

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж: 6.1.41.г.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон,  6.1.41.д.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” хэмээн,

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” хэмээн тус тус хуульчлан заасан.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “З” ХХК нь  ашигт малтмалын хайгуулын 7856Х дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит 17 дахь жилийн төлбөрийг төлөх хугацаа 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр,

мөн хуулийн 34.6-д “...Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр тус тус дуусгавар болсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул хариуцагчаас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр “З” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 7856Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ” Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” заасан мэдэгдлийг хүргүүлээгүй,

нэхэмжлэгч “З” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/10 дугаар албан бичгээр хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх асуудалд хүндрэл үүссэн тухайгаа хариуцагчид мэдэгдэж, төлбөр төлөх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн байх боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлттэй холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т тухайлан заасан хүсэлт, баримт бичгийг хянах,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой ямар нэгэн ажиллагааг хийлгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3132 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүрэн төлж бүртгүүлэхийг мэдэгдэж”, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 287 дугаар шийдвэр, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан  холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

5. Зүй нь, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн дээрх хүсэлттэй холбоотой болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан асуудлууд болох Их Британи Виржин Арал улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “З” ХХК-иас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх асуудалд тус улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын “саарал жагсаалт”-д орсон гэх асуудал нөлөөлсөн эсэх,

“З” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Ерөнхий захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэх, хувьцаа эзэмшигчээс “З” ХХК-ийн ерөнхий захиралтай байгуулсан  “Ерөнхий захирлын гэрээ”-ний “Зөвшөөрөл авах” гэх 5 дахь хэсгийн  “Ерөнхий захирал нь компанийн аливаа үйл ажиллагаанд зориулж 10.000.000 /арван сая/ төгрөг хүртэл зарцуулах эрхтэй ба энэ дүнгээс дээш санхүүгийн зарцуулалтыг цор ганц хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр шийдвэрлэнэ”  гэх заалтууд  болон ковид-19 өвчний улмаас хөрөнгө оруулагч этгээд Монгол Улсад нэвтрэх боломжгүй байсан гэх асуудал мөн тухайн нөхцөл байдалтай холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 02/270 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ”-г авсан зэрэг асуудал нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заагдсан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хамаарах эсэх, тухайн нөхцөл байдал нь тусгай зөвшөөрлийг төлөх хуулиар тогтоосон хугацааг хойшлуулах үндэслэл болох эсэх талаар дүгнэлт хийж тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонгох боломжийнхоо хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй.

Үүнтэй холбогдуулан шүүх, хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн нөхцөл байдал нь “хүндэтгэн үзэх шалтгаан” мөн эсэх асуудлыг үнэлж, дүгнээгүй байхад шүүхээс эл асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан асуудал бөгөөд тухайн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна хэмээн үзэж хариуцагч захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдлыг тодруулж, шинжлэн судалж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” хэмээн заасан. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн зүгээс маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 287 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2020 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 02/16 дугаар албан бичгээр гаргасан гомдлын хариуг хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 3/4298 дугаар албан бичгээр өгсөн гэх боловч нэхэмжлэгчээс тухайн хариуг аваагүй хэмээн маргаж, шүүхээс хийсэн үзлэгийн хүрээнд 7856Х дугаар тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт тухайн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн тухай баримт авагдаагүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Харин нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр дахин гаргасан гомдлын хариуг  Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/2958 дугаар албан бичгээр өгснийг нэхэмжлэгч 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан тул шүүх эл хугацаанаас тооцон нэхэмжлэгчийг шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна хэмээн үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар шийдвэрийн “З” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

                 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М