Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 626

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэртэй, Н.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 26 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сард банкнаас зээл авч Д.Мд зээлдүүлсэн. Охин У.Ундармаад 15 750 000 төгрөгийг шилжүүлж Д.М гэх хүнд өгөөрэй гэж хэлсэн. У.Ундармаа нь 100 айлд Д.Мтай уулзаад 15 750 000 төгрөгийг өгсөн байдаг. Мөн миний бие Д.Мд 2016 оны 11 дүгээр сард 2 700 000 төгрөг бэлнээр өгсөн юм. Нийт 18 450 000 төгрөг өгсөн. 11 550 000 төгрөгийг хүү гэж нэмж тооцсон байгаа. Хожим 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр түүнийгээ баталгаажуулж зээлийн гэрээгээ байгуулсан. Удаа дараа утсаар шаардахад удахгүй өгнө, Хятадтай нүүрсний гэрээ байгуулагдсан, будаа шинжилгээнд өгсөн удахгүй газрууддаа нийлүүлнэ, өнөө маргаашгүй мөнгө орох гээд байна гэсээр өдийг хүрлээ. Д.М нь 1 удаа 4 000 000 төгрөг өгсөн. Иймд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу хариуцагчаас 26 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Агаас мөнгө зээлж аваагүй. Харин Н.А нь “Жи тайм” гэх компанийг сонирхоод мөнгө оруулъя гэсэн байдаг. Тэр үед Д.М “Жи тайм” компанид ажилладаг байсан. Н.А нь нөхөр зодоод хэцүү байна, баталгаа гэсэн бичиг хийж өгөөч гэсэн байдаг. Д.М нь ямар ч хууль зүйн мэдлэггүй хүн болохоор хий гэсэн бичгийг нь хийж, зур гэсэн газар нь зураад явж байсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас үзэхэд У.Ундармаа нь “Жи тайм” компанийн дансанд 15 750 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь Н.Агаас мөнгө зээлж аваагүй буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Маас 11 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, үлдэх 14 250 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 202 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжилсэн мөнгө “Жи тайм” ХХК-ийн дансанд тушаагдсан байхад уг баримтад ямар ч дүгнэлт өгөөгүй, зөвхөн гэрч Г.Ундармаагийн мэдүүлгийг үндэслэн 15 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Хуульд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болохоор заасан боловч гэрч Г.Ундармаагийн хувьд нэхэмжлэгчийн төрсөн охин нь буюу ашиг сонирхол нэгтэй этгээд учраас өөрт ашигтай байдлаар мэдүүлэх эрх нь нээлттэй юм. Иймд гэрчийн мэдүүлэг бусад баримтуудаар давхар нотлогдохгүй байхад шууд нотлох баримтын хэмжээнд үнэлж тухайн хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.4 дэх хэсэгт заасныг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч өөрийн охин Г.Ундармаагийн данс руу мөнгө шилжүүлснийг тэрээр авч, өөр банкинд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхад уг баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүх “хариуцагчаас нэхэмжлэгчид 4 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт нь Н.Агаас мөнгө зээлж аваагүй гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэж байна” гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт Д.Маас 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн баримт байхгүй ба зохигчдын анх зуучилж танилцуулсан нэхэмжлэгчийн танил н.Цэцэгмаа гэх хүн Д.Маас “Н.Аг “Жи тайм”-д оруулсан хүн нь би учраас надаас мөнгөө нэхээд байлгаж, суулгахгүй байна” гэж хэлж 500 000 төгрөг авсан байдаг. Хариуцагч өөрөө н.Цэцэгмаад өглөгтэй байсан учраас тэр 500 000 төгрөгийг өгсөн гэж ярьдаг. Эдгээр баримтуудыг нягталж тодруулалгүйгээр шүүх хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурлаж хариуцлагагүй дүгнэлт хийсэн.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж тухайн үйл баримтыг мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт, баталгаа гэх баримт нотлож байна гэж дүгнэсэн. Тэгвэл тэдгээрт дурдсан 30 000 000 төгрөгийн үнийн дүнг хуурамч гэж үзсэн бол ямар үндэслэлээр үндсэн баримт буюу талуудын хооронд дүр үзүүлж, нөхөж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй буюу тухайн хэрэг маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагаа хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгө зээлдүүлсэн тухай гэрээ, Бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт зэрэгт үндэслэн 30 000 000 төгрөг зээлүүлсэн, 4 000 000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх төлбөрийн үүргээ биелүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Мын хувьд дээрх шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, түүний хүсэлтээр охин У.Ундармаагаар нь ”Жи тайм корпорейшн” ХХК-ийн дансанд уг мөнгийг шилжүүлэхэд нь тусалсан” гэх тайлбар гарган татгалзсан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл талууд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүнд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөгийг зээлүүлсэн талаар тусгаж, уг мөнгийг бэлнээр хүлээн авсан гэх баримтыг үйлджээ. Зохигчид хэдийгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар өөрийн охин У.Ундармааг гэрчээр асуулгажээ. Уг гэрчийн мэдүүлэгт тухайн мөнгийг нэхэмжлэгч нь У.Ундармаагаар дамжуулан Д.Мд өгсөн гэх боловч тухайн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч У.Ундармаагийн нэрээр “Жи тайм корпорейшн” ХХК-ийн 473018711 дугаарын дансанд 15 750 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байна. Энэ үйл явдлыг гэрээнд дурдсан мөнгийг хариуцагч Д.М хүлээн авсан гэж үзэх, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /хх35/

 

Харин анхан шатны шүүх “Н.Агаас мөнгө хүлээж аваагүй” гэх хариуцагч Д.Мын тайлбарыг Н.Ад 4 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэсэн агуулгаар дүгнэлт хийжээ. Дурдсан хэмжээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шүүхийн дээрх дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА