Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 216

 

Н.Жархыны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарыг оролцуулан хийж, Н.Жархыны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0198 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16.1, 17.2, 17.3, 17.4, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр “Н.Жархыныг ажлаас чөлөөлөх тухай” нөхөн тушаалыг хүчингүй болгон, маргаан бүхий орон тоонд томилон ажиллуулахыг даалгах, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, мөн гуравдагч этгээдээс “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 9 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0198 дугаар магадлааар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/ШШ2017/0002 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 10, 12, 17 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд Н.Жархыныг эгүүлэн тогтоож, мөн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд А.Амангүлийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд А.Амангүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэг. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх merit зарчим үйлчлэхээр заасан. Тус зарчмыг буюу төрийн алба мэргэшсэн байх явдлыг хангаж, сонгуулийн үр дүнгээс хамаарч улс төрчид өөрсдийн танил, хүссэн хүнээр төрийн албыг бүрдүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдээс мэргэшлийн шалгалт авч хамгийн өндөр оноо авсан дарааллын дагуу төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тухай Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгүүдэд заасан. Түүнчлэн, хуульд заасан журмын дагуу томилогдсон төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах явдлыг хангах үүднээс төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас бусад үндэслэлээр төрййн жинхэнэ албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах тухай Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан байна.

Нэхэмжлэгч Н.Жархын нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу маргаан бүхий орон тоонд томилогдоогүй учир Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдахгүй юм. Хуульд заасан журмын дагуу томилогдсон нөхцөлд сая тухайн хүн Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах учиртай. Хуулийг тийнхүү байдлаар тайлбарлахгүй бол Төрийн албаны тухай хуулийн “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим алдагдах болно. Учир нь, эрх бүхий этгээд хууль зөрчиж томилогдсон этгээдийг ажлаас халах, хууль бус тушаалыг хүчингүй болгож, залруулах боломжгүй болох юм. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хуульд заасан журмын дагуу томилогдоогүй этгээдийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх нөхцөлд шүүх “Төрийн албаны тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шаардлага хангаагүй этгээдийг төрийн албанд ажиллуулах тухай шийдвэр гаргаж, төрийн албаны мэргэшсэн байх зарчмыг зөрчсөн” хэрэг болох юм. Өөрөөр хэлбэл. шүүхээс хууль бус ашиг сонирхлыг хамгаалсан хэрэг болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалд томилох удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэнээр Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ерөнхий шаардлагыг хангасан байна” хэмээн дүгнэсэн. Энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус дүгнэлт юм.

            1/ Төрийн албаны тухай хуулийн 17.3 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албанд томилох ажиллагаа нь дарааллын хувьд эхэлж шалгалт өгч, түүний дараа нэр дэвшүүлэх, томилогдох дарааллаар явагдах юм. Иймд төрийн жинхэнэ албанд томилогдсоны дараа мэргэшлийн шалгалт өгөх нь түүнийг төрийн албанд томилсон тушаалыг зөвтгөх, хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хуулийг энэ байдлаар тайлбарлах нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж, төрийн албаны мэргэшлийн шалгалтын утга учрыг алдагдуулна. Учир нь хуулийн тус зарчим, журмын утга учир нь сонгуулийн үр дүнгээс хамаарч, улс төрчид, эрх бүхий албан тушаалтан өөрсдийн танилын хүрээгээр төрийн албыг бүрдүүлэх явдлыг хязгаарлах хэрэг билээ. Иймд, төрийн жинхэнэ албанд томилогдсоны дараа шалгалт өгөх нь хууль нийцнэ гэдэг байдлаар тайлбарлавал эрх бүхий албан тушаалтнууд “дараа шалгалт өгчихнө” гэдэг байдлаар мэргэшлийн шалгалт өгөөгүй иргэний төрийн албанд авч ажиллуулах явдал ихсэх болно. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн, “spoil” томилгоог хийх улс төрчдийн хүсэн хүлээсэн үр дүнг бий болгох болно.

            2/ Түүнчлэн хэдийгээр тухайн хүн төрийн албанд томилогдсоны дараа мэргэшлийн шалгалтад тэнцэвч Төрийн албаны тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасан “шалгалт өгсөн иргэдээс хамгийн өндөр оноо бүхий иргэнийг эхэлж томилох” журам зөрчигдөх болно. Тухайлбал, шүүх “...нэхэмжлэгч Н.Жархын нь ...удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэнээр ...Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ерөнхий шаардлагыг хангасан байна” гэж дүгнэж байгаа боловч Н.Жархын төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх нь түүнийг маргаан бүхий орон тоонд ажиллах эрх бүхий этгээд гэдгийг нотлохгүй юм. Учир нь, хуулийн 17.3 дахь хэсэгт зөвхөн мэргэшлийн шалгалтад тэнцсэн байх шаардлага тавьсан бус, шалгалтад тэнцсэн хүмүүсээс хамгийн өндөр оноо бүхий иргэн томилогдохоор заасан байна. Нэхэмжлэгч Н.Жархын шалгалт өгч тэнцсэн нотлогдоогүй зүйл. Иймд, түүнийг ажилд томилох шийдвэр гаргах нь Төрийн албаны тухай хуулийн 17.3 дахь заалтыг зөрчсөн хэрэг болно. Мөн шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилохоор шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх бүрэн эрхийг үгүйсгэсэн, тус байгууллагын үйл ажиллагааг хянах бус, түүний чиг үүргийг орлон гүйцэтгэж, өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн хэрэг юм.

            3/ Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалд томилох, удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэний хууль зүйн үр дагавар нь тухайн цаг мөчөөс хойш төрийн жинхэнэ албанд өрсөлдөх, нэр дэвших эрхийг олгох болохоос биш, түүнийг хууль зөрчиж томилсон тушаалыг зөвтгөх үр дагавар үүсгэхгүй юм. Хуулийг энэ байдлаар тайлбарлавал төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдаж, улс төрийн томилгоо ихсэх үр дагаварт хүргэхийг дээр тайлбарласан. Тухайлбал, шалгалт өгөөгүй хүнийг төрийн албанд томилж, 4 жилийн дараа шалгалт өгч тэнцсэнээр жинхлэх зэргээр хуулийн зарчмыг алдагдуулах, улс төрийн томилгоо хууль ёсны болох, шүүхээр хамгаалагдах үр дагавартай болно.

            4/ Нэхэмжлэгч Н.Жархын нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалд томилох, удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдэх нь зөвхөн тухайн албан тушаалд томилогдох боломжийг олгох үр дагавартай юм. Өөрөөр хэлбэл, өөр байгууллага, албан тушаалд өрсөлдөж шалгалт өгөх нь Монгол Улс даяар, аль ч албан тушаалд томилогдох үр дагаврыг бий болгохгүй. Энэ талаар хариуцагч, мэргэшсэн байгууллага болох Төрийн албаны салбар зөвлөл шүүхэд тайлбар ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.2.1-д “аймаг, нийслэл дэх салбар зөвлөл нь тус тусын харьяаллын дагуу ...нөөцийн сангаас нэр дэвшүүлнэ”, 6.5-д “тухайн салбар зөвлөл нь өөрийн нөөцийн сангаас нэр дэвшүүлэх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн болон бусад салбар зөвлөлийн нөөцөөс нэр дэвшигчийг сонгож болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн нь Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалд нэр дэвших эрхийг олгохгүй юм. Маргаан бүхий орон тоог аймгийн нөөцөөс нөхөх боломжгүй байсан гэдэг нь нотлогдоогүй, боломжгүй байсан ч бусад зөвлөлөөс нөхөхөд нэхэмжлэгч нь хамгийн өндөр оноо бүхий буюу нэр дэвших эрх бүхий этгээд болох нь тодорхой биш юм. Иймд, нэхэмжлэгч тухайн орон тоонд нэр дэвших, томилогдох эрхгүй.  

Хоёр. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 тогтоолтой холбоотой.

Давж заалдах шатны шүүх дээрх тогтоолын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон тоонд Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшээгүй тус салбар зөвлөлд шалгалт өгөөгүй тул энэ асуудлаар маргах эрхгүй. Гагцхүү, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бол дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Түүнээс бусад байдлаар нэхэмжлэгч тус тогтоолтой маргах эрхгүй юм. Учир нь, захиалга ирүүлээгүй байхад нэр дэвшүүлсэн, нөөцөд байх хоёр жилийн хугацаа дууссан эсэх асуудлууд нь нэхэмжлэгчид хамааралтай буюу түүний эрхийг зөрчсөн асуудлууд биш юм. Тодруулбал, дээрх журмууд зөрчигдөөгүй байсан ч нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм. Энэ нь, тухайн асуудлууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал биш болохыг харуулна. Иймд, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч зөвхөн өөрийнх нь эрхийг зөрчсөн асуудлаар маргах эрхтэй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус буруу хэрэглэсэн явдал юм. Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байсан. Нэхэмжлэгч нь, өөрийг нь ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж маргаж байгаа мөртлөө дээрх тогтоолтой холбогдуулж маргахдаа сул орон тооны талаар нийтэд мэдээлээгүй гэх зэргээр маргаж байгаа нь ойлгомжгүй, зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсгэж байна. Учир нь, шалгалт өгөөгүй тухайн албанд нөөцөөс нэр дэвших эрхгүй мөртлөө тийнхүү нэр дэвшиж томилогдох эрхийг зөрчсөн мэтээр маргаж байна.

 Давж заалдах шатны шүүх маргаан бүхий сул орон тоог нөөцөөс нөхөх тухай ажил олгогчийн шийдвэр, захиалга ирээгүй байхад Төрийн албаны салбар зөвлөл нөөцөөс нөхөх ажиллагаа хийсэн нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хуулийн 17.4-д “шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж зааснаар Төрийн албаны зөвлөл нь сул орон тоо болохыг мэдсэний үндсэн дээр нөөцөөс нөхөх ажиллагаа хийх тул сул орон тоо гарсан бол ажил олгогч нь Төрийн албаны зөвлөлд мэдэгдэхийг үүрэг болгосон хэрэг. Ажил олгогч сул орон тоог нөхөх тухай захиалга ирүүлээгүй байх нь Төрийн албаны зөвлөлийн сул орон тоог нөхөх үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гагцхүү сул орон тоо биш орон тоонд нөөцөөс нөхөх үйл ажиллагаа явуулсан бол төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа нь хууль бус болох юм. Иймд, давж заалдах шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоолыг энэ үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэнээр Төрийн албаны зөвлөл нь сул орон тоог нийтэд зарлах талаар 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, 5 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан зэргээр тухайн орон тоог сул орон тоо болохыг мэдэж байсан юм. Ажил олгогч буюу эрх бүхий этгээд Баян-Өлгий аймагт байгаагүй тул нөөцөөс нөхөх захиалгыг нөхөж бичгээр хүргүүлсэн нь нөөцөөс нөхөх ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Төрийн жинхэнэ албанд хуульд заасан журмын дагуу томилогдож ажиллаж буй хүн байхгүй нөхцөлд тухайн орон тоог сул орон тоо гэж үзэх юм. Н.Жархын нь тухайн орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдоогүй тул маргаан бүхий орон тоо нь сул байсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “...Төрийн албаны салбар зөвлөл маргаан бүхий тогтоолыг гаргах үед Н.Жархын, А.Амангүл нар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байхад уг тогтоолыг гаргасан нь буруу юм” гэж дүгнэсэн нь ямар учир шалтгааны улмаас хийсэн дүгнэлт болох нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Жархын нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай нөхөн тушаал”-аар Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ба хариуцагчаас захиргааны актын үндэслэлийг “Н.Жархын нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй” гэж тайлбарлан маргажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн албаны зарчмыг тодорхойлсон ба 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” гэж, 17 дугаар зүйлийн 17.3-д төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон, түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр хуульчилсан.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй, хуульд заасан төрийн албан тушаал эрхлэх болзол, шаардлагыг хангаагүй Н.Жархыныг анх хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалаар нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилон ажиллуулжээ. Улмаар түүнийг 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тушаалаар Бугат сумын шимтгэл хариуцсан болон нэг цонхны үйлчилгээний байцаагчаар, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар тус тус томилон ажиллуулсан байх бөгөөд жирэмсний болон амаржсаны амралт авч байгаа гэсэн үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Маргаан бүхий Б/24 дүгээр нөхөн тушаалыг гаргах үед нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  актын  үндэслэл болсон “сонгон шалгаруулалтад ороогүй, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй” гэх үндэслэл арилсан гэж үзэхээр буюу нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байжээ.

Түүнчлэн тус нийгмийн даатгалын хэлтсээс Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн сул орон тооны захиалга өгөөгүй байхад аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор гуравдагч этгээд А.Амангүлийг тус албан тушаалд томилуулахаар нэрийг дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5,           Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 5.1, 5.2, 5.3, 6.1-д заасныг зөрчсөн байна.

Тус журмын дээрх заалтуудад томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд зааснаар сул орон тоог нөхөх тухай захиалгаа харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд ирүүлэх, захиалгад тухайн ажлын байрны тодорхойлолт, сул орон тоо гарсныг нотлох шийдвэр, сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн тухай баримт зэргийг хавсарган, томилох эрх бүхий этгээдийн албан бичгийг ирүүлэхээр журамлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар аймгийн төрийн захиргааны байгууллагуудын ажлын байрны сул орон тоог нөхөх тухай асуудлыг хэлэлцэн, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Толбо, Бугат сум болон Цагааннуур тосгоны нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байруудын сул орон тоог нөөцөөс нөхөх, сул орон тооны тухай нийтэд мэдээлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 114 тоот албан бичгээр Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны сул орон тоонд л захиалга хүргүүлсэн байх ба тухайн үед нэхэмжлэгч Н.Жархыныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй, түүнийг Бугат сумын болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар томилсон 2015 оны 09 дүгээр тушаал хүчинтэй байжээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд нь маргаан бүхий ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг хууль, журамд заасны дагуу салбар зөвлөлд ирүүлээгүй, нэр дэвшүүлсэн шийдвэр гарсны дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдсон байна.   

Мөн, дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заажээ.

 Гуравдагч этгээд А.Амангүл нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй байсан бөгөөд түүний нөөцөд бүртгэлтэй байх 2 жилийн хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.

Гэтэл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь А.Амангүлийн хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч бүртгэн, улмаар эрх бүхий этгээдээс маргаан бүхий ажлын байрны сул орон тоог нөхөх талаар захиалга, холбогдох баримтыг ирүүлээгүй байтал түүний нэрийг дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн болон журмын дээрх заалтуудыг зөрчжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаж буй захиргааны акт, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгч Н.Жархыны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд, гуравдагч этгээдийн “...давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэхь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...нэхэмжлэгч зөвхөн өөрийнх нь эрхийг зөрчсөн асуудлаар маргах эрхтэй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх гуравдагч этгээд А.Амангүлийн бие даасан шаардлагыг “2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаалын үйлчлэл дуусгавар болсон учраас захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэстэй байхад давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийг “уг тушаалтай маргах эрхгүй” гэж буруу дүгнэсэн, гэвч гуравдагч этгээд энэ үндэслэлээр хяналтын гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0198 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.Амангүлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА