| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/00168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/259 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/259
2023 03 14 2023/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч Ц.Төгөлдөр,
Хохирогч Э.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа,
Шүүгдэгч З.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин ургийн овогт Зд холбогдох эрүүгийн 2209000001955 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамтаар ..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 69 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 10 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоосон, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 161 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан З.Зын эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 29 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон боловч мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн гэх үндэслэлээр эдлээгүй үлдсэн 03 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, хорих ялыг биечлэн эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, ................
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч З.З нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:
-2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “G tower”-ын урд талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан хохирогч Ц.Уын 77-43 УАС улсын дугаартай “Toyota Alphard" загварын тээврийн хэрэгсэл дотроос “Iphone 7 Plus” загварын rap утас, могойн арьсан түрийвч, бэлэн 115,000 төгрөг, 10 доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Ут бага хэмжээнээс дээш буюу 602,718 төгрөгийн хохирол;
-2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жимсхэн” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн С.Гийн эзэмшлийн 96-16 УАР улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явахдаа тухайн тээврийн хэрэгсэл дотроос Э.Н Blue channel загварын үнэртэй ус 1 ширхэг, Burberry загварын үнэртэй ус 1 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 724,500 төгрөгийн хохирол;
-2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Сити” зочид буудал дотор байсан насанд хүрээгүй хохирогч М.Бгийн “Fuzda” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, насанд хүрээгүй М.Бд 380,000 төгрөгийн хохирол, бусдад нийт 1,707,218.3 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:
-2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жимсхэн” гэх нэртэй дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн С.Гийн эзэмшлийн 96-16 УАР улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
-2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн авто зогсоол дээрээс хохирогч Г.Ны өмчлөлийн 98-59 УНП улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
-2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Роял Хаус” буудлын хашаанд түр байрлуулан тавьсан хохирогч Б.Бын өмчлөлийн 79-06 УБЗ улсын дугаартай “Toyota Rumion” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
-2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” гэх нэртэй зоогийн газрын үүдэнд байсан иргэн Д.Сгийн эзэмшлийн 11-94 УЕК улсын дугаартай “Lexus IS250” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
-2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхдийн 100” гэх нэртэй газрын “Хаан” банкны эсрэг талд зам дагуу зогсож байсан иргэн П.Дын эзэмшлийн 23-25 УНИ улсын дугаартай “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тус тус авч явсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209000001955 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Ц.Төгөлдөрөөс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч З.Зын өмгөөлөгч Л.Мөнхтуяагаас: “Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргахгүй, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж,
Хохирогч Э.Н “Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. ...Машиныг маань аваад явсан байсан. Тухайн үед машинд маань зурагт, эрэгтэй эмэгтэй хүний үнэртэй ус 2 ширхэг байсныг аваад явсан. Зурагтаа биет байдлаар нь хүлээж авсан. Харин үнэртэй усны тухайд дүүгийнхээ хуримын бэлэг болгож өгөхөөр авсан байсан уснууд байсан. Тэр үнэртэй усыг үнэлсэн үнэлгээнийх нь дагуу нэхэмжилнэ. Хохирлыг төлж барагдуулбал гомдол санал гэх зүйл байхгүй, шүүх хуулийн дагуу шийдвэрлэнэ байх” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч З.З “Би архи уучхаараа хүний машиныг бариад яваад байдаг юм. Үйлдсэн хэргээ ойлгон ухамсарлаж, гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно. Нэмж мэдүүлэг гаргахгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч З.З нь 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Үүнд:
-Хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 30 минутын үед өөрийн 7743 УАС улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жэй таурын гадна байрлах ил зогсоолд байрлуулсан. Тухайн үед яараад явж байсан болохоор өөрийн тээврийн хэрэгслээ цоожлохоо мартаад явсан байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ 15 цагийн орчимд ирсэн чинь хаалга нь онгорхой машин доторх эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Тэгээд өөрийн эд зүйлээ шалгахад Iphone 7 Plus загварын rap утас, могойн арьсан хэтэвч, могойн арьсан түрийвч дотор байсан 280,000 төгрөг, 12 доллар, 10000 вонн, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримт алга болсон байсан. Мөн ягаан өнгийн түрийвч дотор нь байсан бичиг баримт хулгайлаад аваад явсан байсан. Могойн арьсан түрийвч дотор байсан 280,000 төгрөгөөс 115,000 төгрөг нь байхгүй байна. Мөн түрийвч дотор байсан 10 доллар бас байхгүй байна. Бусад зүйл нь бүрэн бүтэн байна. Би Iphone 7 Plus загварын rap утас болон могойн арьсан түрийвчээ үнэлгээний байгууллагаар үнэлүүлье. Бусад эд зүйл үнэлэгдэхгүй тул шаардлагагүй. 115,000 төгрөг болон 10 доллар алга болсон байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10-11, 17-18 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн дүгнэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 21-23, 52-54, 202-204, 2 дахь хавтаст хэргийн 72-74 дүгээр тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 36-37, 116-122, 2 дахь хавтаст хэргийн 21-24, 63 дугаар тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 38-44, 2 дахь хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),
-Хохирогч П.Дын “...2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 23-25 УНИ улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хүүхдийн 100-ийн “Хаан” банкны урд байдаг түргэн үйлчилгээний цэгт бараа буулгаад буцаад машиндаа ирэхэд миний машин алга болсон байсан. Би машинаа асаалттайгаар 3- 4 минут орхисон байсан юм. Тэгээд ойр орчмын хяналтын камер шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн суугаад аваад явсан байсан. Тоёота Приус 41 загварын улаан хүрэн өнгөтэй 23-25 УНИ улсын дугаартай машин байсан. Уг машиныг би 2022 оны 08 дугаар сард Япон улсаас оруулж ирсэн юм. Уг машин 2014 онд үйлдвэрлэгдсэн машин юм. Би тухайн машинаа 35,000,000 төгрөгөөр авч байсан юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50 дугаар тал),
-Хохирогч Н.Содгэрэлийн “...С.Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагад хандаж 13,750,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Бид зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 36 сарын хугацаатай 2.5 хувийн хүүтэй, 13,750,000 төгрөгийг ЗГ1007220209 дугаартай зээлийн гэрээг байгуулан зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 96-16УАР улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг манай компанийн өмчлөлд мөн өдрийн ЗБ1007220209 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан шилжүүлсэн. ...Зээлийн гэрээнд заасны дагуу ...бусдын амь нас, эрүүл мэнд, эрүүл мэндэд учруулсан хохирлыг зээлдэгч бие даан хариуцна” гэж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),
-Гэрч С.Гийн “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20 цаг 30 минутын орчим би Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны баруун талд байрлах Жимсхэн мухлагтаа байж байсан чинь манай хамтран амьдрагч Н харалдаа зам дээр миний эзэмшлийн саарал өнгийн Приус-41 загварын 96-16 УАР улсын дугаартай машиныг байрлуулж тавьчихаад орж ирсэн ба дэлгүүрт орж ирсэн хүмүүст үйлчлээд байж байсан чинь Н гэр лүүгээ харих гээд 83-22 УНЛ улсын дугаартай Тоёота Кровн загварын тээврийн хэрэгслээ унаад явсан. Тэгээд явсных нь дараа би наймаагаа хийж байгаад 20 цаг 40 минутад гэр лүүгээ харих гээд жимсний лангуугаа хаагаад гарч ирээд машинаа унах гэсэн чинь миний саарал өнгийн Приус 41 загварын 96-16 УАР улсын дугаартай машин алга болчихсон байхаар нь би Н рүү залгаад машинаа асуусан чинь яг харалдаа зам дээр байрлуулж тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139-141 дүгээр тал),
-Хохирогч Э.Н гэрчээр өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 01- ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны баруун талд байрлах Жимсхэн гэх нэртэй хүнсний мухлагийн зам дагуу 96-16 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслээ байрлуулаад машин дотроо түлхүүрээ байрлуулаад ажил руугаа орж байгаад 20 цагийн үед ажил гараад гэр лүүгээ явж байхад манай нөхөр “чи машинаа хаана байрлуулсан бэ, машин алга байна” гэхээр нь гайхаад буцаад ажил дээрээ ирэхэд зам дагуу байрлуулсан машин байхгүй байхаар нь МҮИС-ийн лицей сургууль руу орж хяналтын камерыг үзэхэд манай машиныг хүн унаад явж байгаа нь бүдэг харагдаж байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр машинаа хайгаад модны 2-н гэрлэн дохионы орчимд явж байхад ачилтын машин ачаад явж байхаар нь араас нь дагаж очоод асуухад зам тээврийн осол гаргаад хүн нь зугтаачихсан машиныг нь журмын хашаанд хийж байна гэсэн. Манай машин дотор байсан “Скай Ворт” загварын 42 инчийн зурагт алга болсон байсан. Мөргүүлсэн гэх машины жолооч хэлэхдээ машинаас зурагт аваад зугтаасан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа айлын хашаан дотроос машин дотор байсан зурагтыг олж бидэнд хүлээлгэн өгсөн. Зурагтанд эвдрэл гэмтэл учраагүй байсан. Алдагдсан гэх 96-16 УАР улсын дугаартай Тоёота Приус 41 загварын тээврийн хэрэгслээ хүлээн авсан бөгөөд манай машинд дараах эвдрэл гэмтэл учирсан байсан. Үүнд зүүн урд талын гупер зурагдсан, их гэрлийн гэрэл шүргэгч нь хугарч эвдэрсэн, зүүн хойд талын гупер зурагдаж зүсэгдсэн байсан. Уг эвдрэл гэмтэл нь хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ. Мөн машин дотор байсан Blue Chanel загварын үнэртэй ус, Burberry загварын эмэгтэй үнэртэй yc машин дотроос алга болсон байсан. Blue Channel загварын үнэртэй усыг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 485,000 төгрөгөөр, Burberry загварын эмэгтэй үнэртэй усыг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 320,000 төгрөгөөр Улаанбаатар Их дэлгүүрээс худалдаж авч байсан. Би алдагдсан Приус 41 загварын тээврийн хэрэгсэл дотор байсан “Скай Ворт” загварын 42 инчийн зурагтыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх шаардлагагүй. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-144149-150 дугаар тал),
-Гэрч Ч.Оын “...Нэг амьжиргаа цагаан нөгөө Приус 41 загварын тээврийн хэрэгслийн ар талд замыг нь хаагаад зогсчихсон бөгөөд тухайн амьжиргаа цагаан машины жолооч машинаасаа бууж ирээд энэ Приус-41 загварын тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийг мөргөчихөөд зугтаачихлаа. Та туслаад өгөөч гэхээр нь би машинаасаа бууж очоод жолоочийн сандал дээр сууж байгаа залууд чи жолооч нь юм уу гэсэн чинь нөгөө жолооч залуу би хохирлыг чинь барагдуулна. Дагаад явчих гээд байсан ба нөгөө амьжиргаа цагааны жолооч руу ална шүү гээд дайраад байсан чинь амьжиргаа цагааны жолооч түргэн үйлчилгээний цэг орчихоод буцаад ирсэн дахиад дайраад байсан...Тэгсэн чинь нөгөө Приус 41 загварын тээврийн хэрэгслийн жолооч хаалгаа хаагаад машинаа хөдөлгөх гэхээр нь би машиных нь түлхүүрийг гараас нь булаагаад авсан чинь нөгөө жолооч повер дээрээ дарж машинаа асаагаад ухарсан чинь миний машины жолоочийн баруун хойд талын гуперыг шүргээд наачихсан. Тэгэхээр нь би түлхүүрийг нь аваад жаахан холдоод цагдаад дуудлага өгсөн гэхээр нь хүлээж байсан чинь гэнэт нөгөө Приус 41 жолооч явган зугтаачихлаа гэсэн чинь цагдаа зугтсан зүг рүү нь машинтайгаа хөөгөөд явсан. Тэгээд буцаж ирэхдээ нөгөө жолоочийг алдчихлаа гээд ирээд замын цагдаа нь тухайн 96-16 УАР улсын дугаартай саарал өнгийн Приус-41 загварын тээврийн хэрэгслийг журмын хашаа руу аваад явсан. Тэгээд дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн байх үед нь манай эхнэр Хонгорзул тухайн хүний зугтсан гудамж, давж орсон хашааг цагдаа нарт зааж өгөх үед тухайн 96-16 УАР тээврийн хэрэгсэлд байсан хайрцагтай зурагтыг олсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр тал),
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 159, 185, дүгээр тал),
-“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 163-167 дугаар тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 181-183 дугаар тал),
-Хохирогч Б.Бын “...2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн 50 минутын үед ажлаа тарах дөхөөд өөрийн 79-06 УБЗ улсын дугаартай Тоёота Румион загварын машинаа асаачихаад халааж байх хооронд буцаж ажил руугаа ороод ойролцоогоор 20 минутын дараа гарч ирэхэд машин маань алга болчихсон байсан. Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роял хаус караоке, зочид буудлын хашаанд машинаа байрлуулж, асаасан байсан. Миний машинд бичиг баримт, хэтэвч байсан. Миний машин 2008 онд үйлдвэрлэгдэж, 2018 оны 10 дугаар сард орж ирсэн улаан өнгийн Тоёота Румион загварын эвдрэл, гэмтэл, сэв зураасгүй машин байсан. Би өөрийн машиныг алдсан талаараа фэйсбүүк-т зар тавьсан байсан бөгөөд түүний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү Молл худалдааны төвийн автобусны буудал дээрээс олоод очоод авчихсан. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас үүсээгүй байсан тул ямар нэгэн санал, гомдол байхгүй. Миний машины түлхүүр, хар өнгийн “Play boy” гэх бичиглэлтэй арьсан хэтэвч алга болсон байсан. Миний хэтэвчинд юм байгаагүй хоосон байсан. Эдгээр зүйлд ямар нэгэн санал, гомдол байхгүй. Үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 190-191, 194-195 дугаар тал),
-Хүний биед үзлэг хийсэн тухай “...З.З нь /РД:М397032131/ нь хар өнгийн ногоон улаан канттай цамцтай, өвдөг хэсгээрээ урагдалтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз өмссөн байдалтай байв. З.З нь баруун хөмсөгний дээд хэсэгтээ хуучин сорвитой, баруун шанаа хэсэгтээ хуучин сорвитой, зүүн гар хугарч гипсдүүлсэн байдалтай, өвдөг болон шилбэ хэсгээрээ хуучин шалбарч зулгарсан байдалтай, зүүн мөр хэсэгтээ жижиг соёмбоны шивээстэй, 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон гэх...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 211 дүгээр тал),
-Насанд хүрээгүй хохирогч М.Бгийн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ах М.Мандуулын ажиллуулдаг “Сити" зочид буудлын 1 давхарт өөрийн цагаан өнгийн унадаг дугуйг үлдээгээд гэртээ орсон. Маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр сургууль руу явах гээд дугуйгаа авахаар буудал руу ортол миний дугуй байхгүй байсан болохоор нь ах М.Мандуулд миний дугуй алга болсон байна гэдгийг хэлсэн. Ямар нэг зүйлээр түгжээгүй. Миний ээж С.Нандинцэцэг надад 500,000 төгрөгөөр зун авч өгч байсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллага дээр ирж өөрийн алдагдсан дугуйг бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 243-244 дүгээр тал),
-Хохирогч Г.Ны “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай хүү Амин-Эрдэнэ нь нохойд хазуулаад хүүгээ аваад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвч авч ирээд машинаа асаалттай орхиод хүүгээ аваад эмнэлэг орчихоод буцаж гарч иртэл миний машин алга болсон байсан. Тэгээд би машинаа гэмтлийн харуулаас асуухад 1 цагийн өмнө гарч явсан байна гэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд хайгаад явж байтал хорооллын арын Энхбаярын замаар өгсөөд явж байхад миний машиныг үл таних гар нь хугархай залуу уначихсан явж байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. 2019 онд 13,500,000 төгрөгөөр авч байсан.... Одоо машинаа олж авсан. Ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
-Хохирогч Д.Сгийн “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орой 22 цаг 20 минутын үед өөрийн эзэмшлийн 11-94УЕК улсын дугаартай Lexus IS250 загварын хар өнгөтэй тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор зоогийн газрын үүдэнд машинаа асаалттай үлдээчихээд ажил болох Болор зоог руу орж куртикээ өмсчихөөд л гараад ирсэн чинь машин маань байхгүй байсан. Тэгэхээр нь Болор зоог дотор байх Гэгээ нэртэй ломбардны камерын бичлэгийг шүүж үзэхэд намайг машинаас бууснаас 3-4 минутын дараа цээжин хэсгээрээ хувцасгүй, зүүн талын гар нь гибстэй юм шиг үл таних эрэгтэй хүн миний машиныг унаад ертөнцийн зүгээр хойд тал руу буюу төв зам орж КТМС-ийн тойрог руу өгсөөд явсан байсан юм. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан юм... Машины түлхүүр надад өөрт байгаа. Бензин нь талаас доогуур байсан. Ойролцоогоор 200 км явна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч З.Зд холбогдох хэргийг зүйлчлэхдээ 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тодруулбал, “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэрээр үйлдэгддэг,
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүйгээр үйлдэгддэг бөгөөд материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих шаардлагын дагуу очих газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч З.З нь бусдын эд хөрөнгийг хулгайлах болон тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлүүдээ хууль бус болохыг ухамлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл заалтуудад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч З.З нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Нд 724,500 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ут 148,598.3 төгрөгийн хохирол, хохирогч “Ж” ХХК-д 658,000 төгрөгийн хохирол, нийт 1,531,098.3 төгрөгийн хохирол учруулсан ба дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор, бусад хохирогч нарт олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.
Гэвч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар ажлын 5 өдрөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирол төлбөр төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Заас 1,531,098.3 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Э.Нд 724,500 төгрөгийг, хохирогч Ц.Ут 148,598.3 төгрөгийг, хохирогч “Ж” ХХК-д 658,000 төгрөгийг олгох нь зүйтэй. Харин насанд хүрээгүй хохирогч М.Б, хохирогч Г.Н, Б.Б, Д.С, П.Д нарт олгох хохирол төлбөргүй болно.
Хохирогчоор тогтоогдсон “Ж” ХХК-д олгогдох 658,000 төгрөгийг авто тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигчид /96-16УАР улсын дугаартай Toyota Prius машин/ өгөх нь зүйтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч З.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоног болгон өөрчилж, 3 сарын хорих ялыг 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх утга агуулга бүхий саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нь удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засарч хүмүүжсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй байдлыг үндэслэн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Харин гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч З.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 03 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгчид оногдуулсан 03 жил 03 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт яллагдагчаар нийт 156 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З. Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.Зыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Заас нийт 1,531,098.3 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нд 724,500 төгрөгийг, хохирогч Ц.Ут 148,598.3 төгрөгийг, хохирогч “Ж” ХХК-д 658,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогч М.Б, хохирогч Г.Н, Б.Б, Д.С, П.Д нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН