| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох 2323000000042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Завхан аймгийн ******* сумын ******* багийн -ын доод хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтой *******ын ******* /регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч С.******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн нутагт дэвсгэрт байх гэрийнхээ гадна хохирогч П.*******тай маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгын гадна дээд болон доод хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч П.*******ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч П.******* нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1. овогтой *******ын ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багт байх гэрийнхээ гадна гараашны хажууд хохирогч П.*******тай маргалдаж улмаар толгой руу нь үхрийн баасаар цохилоо гэсэн шалтгаанаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгаар зүссэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
С.******* өөрийг нь хутгаар зүссэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч П.*******ын “... 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед гэрийнхээ гадаа малдаа тэжээлийг нь өгчхөөд гэртээ орж ирсэн. Тэгээд өмнө нь авсан байсан 2.5 литрийн 2 ширхэг пивыг С.******* ахтай хувааж уусан. Тухайн үед би нэлээн согтсон болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон юм шиг байна лээ. С.******* ах миний зүүн гар луу хутгалсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 10-11 дэх тал/
С.*******, П.******* нар маргалдаж С.******* хохирогчид гэмтэл учруулсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.гийн “...2023 оны 02 дугаар сарын 03-ны орой би ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр П.******* нь хажуу айлын ах ******* ахтай пиво уугаад сууж байсан. Надад пивоноос 2 удаа хийж өгөхөөр нь би тэрийг нь уусан. Тэгээд хүүхдүүдээ унтуулчхаад өөрөө бас унтсан. Тэгээд удалгүй нэг хүн намайг цохихоор нь сэрсэн чинь манай нөхөр П.******* байсан бөгөөд надтай хэрүүл хийх гээд байхаар нь би гарч яваад малын хашаанд ороод нуугдчихсан. Тухайн үед ******* ах адууны хашаанд морины хошуувч аваад зогсож байтал манай нөхөр П.******* очоод хэрүүл маргаан хийгээд муудалцаад байхаар нь би гэр лүүгээ ороод байж байтал П.******* араас орж ирсэн. П.******* гэртээ орж ирэх үед гараас цус гарчихсан байхаар нь би гарыг нь боож өгсөн чинь уурлаад байхаар нь би сургуулийн ажлын хувцас сольдог өрөө рүү 3 хүүхдээ аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 16-17 дахь тал/
Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******ийн “...Би П.*******тай тэдний гэрт 2.5 литрийн 2 ширхэг Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Тэгээд гадаа гарч малдаа өгсөн тэжээлийн сав аа хурааж байтал араас ******* адууны хашаа руу орж ирээд над руу уурлаад, дайраад байсан. Тэгээд миний толгой руу үхрийн баас авч шидээд тэрнээс болж бид хоёр барьцалдаж аваад ******* миний дээр дарж унаад намайг цохисон. Тэгээд би арай гэж зугтаад гэртээ орсон чинь араас орж ирээд гэр дотор барьцалдаж аваад тэгээд би *******ыг гэрээс түлхэж гарах гэхэд дахиад миний дээр гарчихаар нь би гарахдаа тогооны шүүгээн дээр байсан хутгыг авч гарсан. Тэр хутгаараа *******ын зүүн мөрөнд 1 удаа хутгалсан. Тэгэхэд ******* дээгүүрээ цээж нүцгэн байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Харин ******* хойд харгана дунд орилоод байсан. ******* согтчихсон намайг хэл амаар доромжлоод байсан. Тэрнээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 45-46 дахь тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ийн үйлдлийн улмаас хохирогч П.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар 06-ны өдрийн 44 дугаартай “...1. Иргэн П.*******ын биед: Зүүн гарын бугалгын гадна дээд болон доод хэсэгт шарх гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь иртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ... 4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр үүссэн байх боломжтой. 5. П.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6. Иргэн П.*******ын биед: Зүүн гарын бугалгын гадна дээд болон доод хэсэгт шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хэргийн 22-23 дахь тал/
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч С.******* хохирогч П.*******ын зүүн гарын бугалга хэсэгт хутгаар зүссэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч С.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч С.******* нь хохирогч П.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул С.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
1.4. Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогчийг эмчлүүлэхэд гарсан зардал 338,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
2.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг цаашид ашиглах боломжгүй учир устгахаар шийдвэрлэлээ.
2.3. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгайн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид С.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураан авсан ажлын хэсгийн урт-12 см, ишний урт 10 см, нийт 22 см урттай, хар өнгийн иштэй хутгыг устгасугай.
7. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ