Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч М.Отгонбаатар,

         хохирогч Ц.Л,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

         шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2219004010345 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: О.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Б нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Лтэй “бусдын гэрийнх цонх цохилоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж “баруун шуу ясны хугарал бүхий” хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед би архи уусан байсан. Гэхдээ үйлдлээ хянах чадвартай байсан. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчид хохиролд 250.000 төгрөг өгсөн. Хохирогчид 700.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ц.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Жаргалсайханыд орохоор очиход ар талын гал тогооны цонхон дээр очоод хараад зогсож байсан. Хүн байна гээд эргээд хартал Б ирж явснаа үгийн зөрүүгүй энгэрээс заамдаж бариад 2 удаа дугтраад газар унагасан. Энэ үед Болор-Эрдэнийн эхнэр “хүүе Лхам эгч байна ш дээ” гээд нөхрөө аваад орсон. Би хүүхдүүддээ хэлээд эмнэлэг явсан. Гар нэг л хөдөлж болохгүй хавдаад байхаар нь үзүүлтэл хугарсан байна гэсэн. Хохиролд 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Б 700.000 төгрөг өгье гэж гуйхаар нь тэгье гэж тохирсон. Тэгээд 250.000 төгрөг өгсөн. Би энэ хүүхдийг бас харж үзсэн. Гэвч өөрөө сэтгэл гараагүй гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчимд Жаргалсайхан гэх нутгийн хөгшиний гэр лүү нь орох гээд 2 хүүхэд болон 1 найзын хамт явж байгаад 2 хүүхэд болон найзыгаа дэлгүүр явуулчихаад Жаргалсайханы гэрт хүн байна уу гээд цонхоор нь харж байтал арын айлын Б гэх залуу гаднаас согтуу ирж харагдсан ба үгийн зөрүүгүй миний пудволкноос заамдаад түлхэж унагаасан. Би босоод ирсэн чинь миний баруун гарыг мушгиж дахиж газар унагаасан гэсэн мэдүүлэг /хх 8-9, 56-57 ху/,

            -Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: тухайн өдөр би өөрийн гэртээ байж байтал Л эгч гаднаас гар эвгүй болчихлоо гээд манай гэрт орж ирж байсан. Би юу болсон талаар асуутал Б миний гарыг мушгичихлаа тэгээд эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Л эгчийн баруун гарын шуу хэсэг бага зэргийн хавдартай байсан ба хөдөлгөөн хязгаарлагдмал байсан. Гар нь хугарсан байж магадгүй гээд би 13а маягт бичиж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/,

           -Гэрч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Л тухайн үед согтуу юм шиг байсан. Тэгээд Наранмөнх босоод хөшиг хаачихаад ирсэн. Цаанаас нэг эрэгтэй хүн ирээд та айлын цонх хагалаа шүү дээ гэж хэлж байсан ба би тухайн эрэгтэй хүнийг хэн гэдгийг нь мэдээгүй. Тэр эрэгтэй хүн ирээд Л орилж хашгирхаа больж чимээгүй болсон. Л манай гэрт хэд хоногийн дараа баруун гараа цагаан даавуугаар боочихсон орж ирсэн ба би тухайн үед болсон асуудлыг нь хэлтэл би архи уугаагүй эрүүл байсан. Таныг гэртээ байна уу гээд цонхоор чинь харж байсан юм. Тэгтэл Б ирээд миний хоолойг боож гарыг хугалсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,

           -Шинжээч эмч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Үзлэгээр Ц.Лгийн биед ил харагдах гэмтэл шарх тогтоогдохгүй, баруун шуу, сарвуу хэсгийг уян боолтоор боосон байдалтай, баруун гарын бугуй хэсгээр хөдөлгөхөд хөдөлгөөн хязгаарлагдмал байсан. Иймээс Ц.Лгийн эмнэлгийн баримт бичгийг шинжлэн судлахад хугарамтгай хэсгийн хугарал, баруун шуу ясны доод 1/3 хэсгийн зөрүүгүй хугарал гэсэн онош тавигдсан байсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сайншанд нэгдсэн эмнэлэг дүрс оношилгооны төвийн рентген тайлбарт баруун шуу ясны доод хэсгээр хугаралтай, хугарлын хэсгээр зөөлөн бороо эхэлж буй гэсэн тайлбар байсан. Эдгээрийг үндэслэн Ц.Лгийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх 24-26 ху/,

           -Яллагдагч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би гэрийнхээ гадаа 21 цагийн орчимд тамхи татаад зогсож байтал хажуу айлын цонхон дээр Л гэх эмэгтэй айлын цонх балбаад зогсож байсан. Би очоод наад айлд чинь хүн байхгүй гэж хэлсэн чинь чи яахаараа мэддэг юм гэж хэлээд надаас зуурахаар ойртож ирсэн. Тэгээд надаас зүүгдэж байгаад газарт унасан. ...Л эгчтэй уулзаж хохирол барагдуулах талаар ярилцаж тохирсон гэсэн мэдүүлэг /хх 2-3, 49-50 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0516 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Ц.Лгийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт х 28 ху/,

          -Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг /хх 33-37 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 63-66 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-45, 49-50 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч О.Б нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Лтэй “бусдын гэрийнх цонх цохилоо” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний гарыг мушгиж “баруун шуу ясны хугарал бүхий” хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Б-ийн...Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Тухайн үед би архи уусан байсан. Гэхдээ үйлдлээ хянах чадвартай байсан. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчид хохиролд 250.000 төгрөг өгсөн. Хохирогчид 700.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Лгийн ...Б ирж явснаа үгийн зөрүүгүй энгэрээс заамдаж бариад 2 удаа дугтраад газар унагасан. Гар нэг л хөдөлж болохгүй хавдаад байхаар нь үзүүлтэл хугарсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Бямбадоржийн “...Л эгч гаднаас гар эвгүй болчихлоо гээд манай гэрт орж ирж байсан. Би юу болсон талаар асуутал Б миний гарыг мушгичихлаа тэгээд эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Л эгчийн баруун гарын шуу хэсэг бага зэргийн хавдартай байсан ба хөдөлгөөн хязгаарлагдмал байсан. Гар нь хугарсан байж магадгүй гээд би 13а маягт бичиж өгсөн” гэсэн, гэрч М.Д-ын “...Л тухайн үед согтуу юм шиг байсан. Тэгээд Наранмөнх босоод хөшиг хаачихаад ирсэн. Цаанаас нэг эрэгтэй хүн ирээд та айлын цонх хагалаа шүү дээ гэж хэлж байсан ба би тухайн эрэгтэй хүнийг хэн гэдгийг нь мэдээгүй. Тэр эрэгтэй хүн ирээд Л орилж хашхирахаа больж чимээгүй болсон” гэсэн, шинжээч эмч Э.Анхбаярын “...Ц.Лгийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шуу ясны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0516 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Хохирлын хувьд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Ц.Лд хохирол 700.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 250.000 төгрөгийг өгсөн талаар шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар мэдүүлж байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Лд олгохоор шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бэс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр баг, Төмөр замын 3-2 тоотод оршин суух, Барга овогт Цэнд-Аюушийн Лд /ИЭ76050804/ олгосугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА