Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагч М.Отгонбаатар, Б.Ариунтөр,

         Шүүгдэгч Д.Н, Г.Э нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

   Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2319000000022 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.Н, Г.Э

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Н, Г.Э нар нь 2023 оны 01 дүгээр сарын 02, 06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулсан байсан “Э” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн 3.720.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумляторыг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Д.Ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аккумляторуудыг 2 удаагийн үйлдлээр авсан. Бид хоёр цуг явсан. Энэ хэргийг үйлдэх санаачлагыг хамт архи ууж байгаад шийдсэн. Зараад мөнгөөр нь архи уусан. Одоо хоёр аккумляторыг төлөөгүй байгаа. Удахгүй төлнө. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө, хэргийн хувьд маргахгүй. Дөрвөн аккумляторыг биет байдлаар буцаан өгсөн. Сүүлд авсан хоёрыг авч явж байгаад баригдсан. Хоёр аккумляторыг Хандсүрэн гэдэг хүнд нийт 300.000 төгрөгөөр зарсан. Хандсүрэнгийн хохирлыг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,

          -Шүүгдэгч Г.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Зургаан аккумляторыг авсан. Ямар нэгэн зорилго байхгүй. Бид хоёр ярилцаж байгаад авчихсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. Хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа. Би группт байдаг. Хоёр аккумляторыг төлнө гэсэн мэдүүлэг,

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай компани нь тээвэр хийх зориулалтай том оврын ачааны нийт 33 ширхэг тээврийн хэрэгслийг Замын-Үүдийн боомтоор шинээр нь оруулж ирсэн. Тухайн тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 10 дугаар сард оруулж ирээд Сайншанд сумын зүүн урд байрлах хогийн цэгийн баруун талд айлын хажууд байршуулан тавьсан. ...Тэгээд энэ оны 1 дүгээр сарын 6-нд байршуулсан 3 тээврийн хэрэгслээс 6 ширхэг 180 ампертай аккумлятор алга болсон байсныг надад мэдэгдсэн. ...4 ширхэг аккумлятороос 2 ширхэгийг буцаан авсан, 2 ширхэгийг буцааж өгөөгүй гэсэн мэдүүлэг /хх 54-55, 97 ху/,

         -Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харуул хийж байсан Болдоо над руу залгаад "эзэнгүй байсан чинь 1 машины 2 ширхэг аккумляторыг 2 хүн аваад явж байхтай таарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол 2 танихгүй согтуу хүн North V3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлчихсан байсныг манай харуул олсон байсан. ...Тэгээд буцаагаад машиндаа байрлуулаад бүх аккумляторыг шалгахад 1 North V3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор алга болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

         -Гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ууганбаяртай аваачиж тавьсан машинаасаа очиж түлш авах гээд асаах гэсэн чинь тухайн цагаан өнгийн Норд В3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг 180 ампертай аккумляторууд алга болчихсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 01 сарын 06-ны өдөр Ууганбаяр руу харуул яриад хүн аккумлятор авч байсныг нь барилаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол 2 согтуу хүн 2 ширхэг 180 ампертай хулгайлсан байсныг буцаагаад тавиулчихлаа гээд манаач байж байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

         -Гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Н гэх хүн залгаад аккумлятор авах уу гэж асуусан. ...би машин олоод барилгын 36 руу яваад очсон. Намайг очиход Н гэх залуу бас өөр нэг танихгүй залуу байсан. Тэгээд надад 2 ширхэг том ачааны машины нэгийг 150.000 төгрөгөөр бодоод 300.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг /хх 41-42 ху/,

         -Яллагдагч Д.Ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ... хогийн цэгийн цаана баахан машинууд байхаар нь аккумлятор хулгайлаад зарж мөнгө олох санааг би гаргасан. Тэгээд Эын хажуу айлын усны тэргийг нь аваад тухайн газар руу явсан. Тэр газар нь хогийн цэгийн баруун талд нь байрлаж байсан. Тэндээс хамгийн баруун талын эгнээний хойноосоо 2 машины нийт 4 ширхэг аккумляторыг нь түлхүүрээр салгасан. ... 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эын таньдаг хүн нь гэрээс нь ирж авсан. Тэр хүнд нэгийг нь 150.000 төгрөгөөр бодоод зарсан. ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахиад нөгөө газраасаа 2 ширхэг том ачааны машины аккумлятор хулгайлаад тэр газраасаа явж байтал манаач нь гараад ирсэн. ...тэгээд нөгөө хоёр аккумляторыг буцаагаад машинд нь тавиулаад машины эзнийг нь дуудчихсан гэсэн мэдүүлэг /хх 17-18, 33, 69 ху/,

         -Яллагдагч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Нтай хамт хулгай хийсэн. ...Н бид хоёр тухайн компаниас хулгайлсан аккумлятороо буцааж өгсөн. ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 4-5, 80 ху/,

         -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт х 3-6 ху/,

         -Хохирлын үнэлгээ х 34-37 ху/,

         -Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг х 43-45 ху/,

         -Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл х 56 ху/,

         -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 83-95 ху/,

         -Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлх 61-63, 69-73, 80 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 81-82 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Д.Н, Г.Э нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 02, 06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулсан байсан “Э” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн 3.720.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг аккумляторыг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  Д.Ны...Аккумляторуудыг 2 удаагийн үйлдлээр авсан. Бид хоёр цуг явсан. Энэ хэргийг үйлдэх санаачлагыг хамт архи ууж байгаад шийдсэн” гэсэн, шүүгдэгч Г.Эын...6 ширхэг аккумляторыг авсан. Ямар нэгэн зорилго байхгүй. Бид хоёр ярилцаж байгаад авчихсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрнө“ гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х-ын ...Манай компани нь тээвэр хийх зориулалтай том оврын ачааны нийт 33 ширхэг тээврийн хэрэгслийг Замын-Үүдийн боомтоор шинээр нь оруулж ирсэн.  тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 10 дугаар сард оруулж ирээд Сайншанд сумын зүүн урд байрлах хогийн цэгийн баруун талд айлын хажууд байршуулан тавьсан. ...Тэгээд энэ оны 1 дүгээр сарын 6-нд байршуулсан 3 тээврийн хэрэгслээс 6 ширхэг 180 ампертай аккумлятор алга болсон байсныг надад мэдэгдсэн. ...4 ширхэг аккумлятороос 2 ширхэгийг буцаан авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.У-ын “...би яваад очтол 2 танихгүй согтуу хүн North V3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлчихсан байсныг манай харуул олсон байсан. ...Тэгээд буцаагаад машиндаа байрлуулаад бүх аккумляторыг шалгахад 1 North V3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.П-гийн “2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ууганбаяртай аваачиж тавьсан машинаасаа очиж түлш авах гээд асаах гэсэн чинь тухайн цагаан өнгийн Норд В3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг 180 ампертай аккумляторууд алга болчихсон. 2023 оны 01 сарын 06-ны өдөр Ууганбаяр руу харуул яриад хүн аккумлятор авч байсныг нь барилаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол 2 согтуу хүн 2 ширхэг 180 ампертай хулгайлсан байсныг буцаагаад тавиулчихлаа гээд манаач байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Х-ийн “Н гэх хүн залгаад аккумлятор авах уу гэж асуусан. ...би машин олоод барилгын 36 руу яваад очсон. Намайг очиход Н гэх залуу бас өөр нэг танихгүй залуу байсан. Тэгээд надад 2 ширхэг том ачааны машины нэгийг 150.000 төгрөгөөр бодоод 300.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

          Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

          Шүүгдэгч Д.Н, Г.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н, Г.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан.

          Шүүгдэгч Д.Н, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх үндэслэл болно.  

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Нд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

         Хохирлын хувьд хохирогч “Э” ХХК-д 6 аккумлятор буюу 3.720.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.Хандсүрэнд 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 ширхэг аккумляторыг биет байдлаар хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байна.

         Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирлын талаар хэлэлцэж шүүгдэгч  нараас 1.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Э” ХХК-д 2 аккумляторын үнэ 1.240.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хохирол нөхөн төлөх талаар шүүгдэгч талаас завсарлага авч, шүүгдэгч Г.Э  хохирогч “Энх танан зам” ХХК-д 620.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Х-д 150.000 төгрөгийг төлсөн байна.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наас 770.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Энх танан зам” ХХК-д 620.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Хандсүрэнд 150.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д.Н, Г.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Нд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Г.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг анхааруулсугай. 

        4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Наас нийт 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Э” ХХК-д 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х-д 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

        7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА