Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 105/2022/1551/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1589 |
Огноо | 2022-10-31 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1589
2022 10 31 2022/ШЦТ/1589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04012 2969 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, маркетинг менежмент мэргэжилтэй, “ХХХХХХХХХХХХ” ХХК-д талбайн даамал ажилтай, Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол, Замчид гудамж, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, ХХ00000000 регистрын дугаартай, Б овогт Н.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод иргэн П.Уийн гэрийн эд зүйлс болох зурагт, хөргөгч, угаалгын машин, шкаф, шүүгээ, хаалга, толь зэргийг санаатайгээр эвдэж, ашиглах боломжгүй болгон хохирогчид 2.011.740 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хохирогч П.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Б тухайн өдрийн 19:00-20:00 цагийн хооронд над руу залгаж “танай хамаг юмыг чинь эвдлээд хаячихлаа, хохь нь та нар” гэж хэлээд утсаа таслахаар нь би охин Х.Ц рүү залгаж Н.Бы хэлсэн зүйлийн талаар хэлэхэд “би одоо гэр лүү орж байна” гэж надад хэлсэн. Тэгээд охин над руу удалгүй залгаад “гэр орон буулгачихсан байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа шууд гэр лүүгээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Х.Цийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өглөө фэйсбүүкээр чат бичиж хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан. Тэгээд намайг гэртээ байж байхад 13:00 цагийн орчимд манай гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00-00 тоотын хаалга гаднаас тогшсон. Очоод хаалга онгойлгоход Н.Б архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн зогсч байсан. Би юу хийж явааг нь асуутал “би хүүхдээ авах гэж ирлээ” гэж хэлээд гэрт орсон. Тухайн үед манай гэрт би 3 хүүхдийн хамт байж байсан ба Н.Б орж ирээд намайг “битгий уурла” гээд аргадаад “би пиво ууж болох уу?” гэж надаас асууж, би зөвшөөрөөд Н.Б дэлгүүр орж пиво аваад, буцаж орж ирэн манай гэрт Н.Б ганцаараа уугаад суусан. Би Н.Бд хоол хийж өгөөд, хоолыг нь идүүлчихээд “одоо ээж ирэх гэж байгаа учраас одоо яв” гэхэд “би ойрхон буудалд хоночихно” гэж хэлээд бид хоёр хамт манай гэрээс гаран манай гэрийн хажуу талд байх буудалд оруулаад, өрөөнд оруулж хэвтүүлээд, “наанаа унт” гэж хэлээд гарсан. Би тухайн буудлаас гараад “Норжин” худалдааны төв рүү очиж, хүнсний зүйлээ цуглуулаад явж байхад Н.Б над руу залгаж байсан. Би утсыг нь аваагүй ба би хүүхэд рүүгээ залгахад “аав гаднаас хаалга тогшоод байна” гэж хэлсэн. Би цуглуулж байсан тортой хүнсээ “Норжин”-гийн лангуун дээр үлдээгээд гэр лүүгээ гүйж ирээд цонхныхоо доор ирээд охиноо дуудахад манай охин тагтан дээрээ гарч ирэхэд нь би “аав чинь хаалга тогшиж байна уу?” гэхэд “тогшиж байна” гэж хэлсэн. Манай охин яг тэгж хэлтэл араас нь Н.Б тагтан дээр гарч ирээд “би чамайг ална аа, за” гэж хэлэхээр нь би буцаж “Норжин” худалдааны төв рүү очоод тортой хүнсээ аваад буцаж гэртээ ирэхэд манай хаалга эвдэрчихсэн, гэр орон буулгаад хамаг тавилга эвдэлчихсэн, хүүхдүүд уйлчихсан байдалтай, Н.Б байхгүй байсан. Энэ яасан юм гэж охиноосоо асуухад аав уурлаад гэр орны хамаг юм эвдчихээд гараад явчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14/,
- Н.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод иргэн П.Уийн гэрийн эд зүйлс болох зурагт, хөргөгч, угаалгын машин, шкаф, шүүгээ, хаалга, толь зэргийг санаатайгээр эвдэж, ашиглах боломжгүй болгон хохирогчид 2.011.740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Б тухайн өдрийн 19:00-20:00 цагийн хооронд над руу залгаж “танай хамаг юмыг чинь эвдлээд хаячихлаа, хохь нь та нар” гэж хэлээд утсаа таслахаар
би охин Х.Ц рүү залгаж Н.Бы хэлсэн зүйлийн талаар хэлэхэд “би одоо гэр лүү орж байна” гэж надад хэлсэн. Тэгээд охин над руу удалгүй залгаад “гэр орон буулгачихсан байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа шууд гэр лүүгээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Гэрч Х.Цийн өгсөн: “... Н.Б тагтан дээр гарч ирээд “би чамайг ална аа, за” гэж хэлэхээр нь би буцаж “Норжин” худалдааны төв рүү очоод тортой хүнсээ аваад буцаж гэртээ ирэхэд манай хаалга эвдэрчихсэн, гэр орон буулгаад хамаг тавилга эвдэлчихсэн, хүүхдүүд уйлчихсан байдалтай, Н.Б байхгүй байсан. Энэ яасан юм гэж охиноосоо асуухад аав уурлаад гэр орны хамаг юм эвдчихээд гараад явчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14/,
- Н.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Ут 2.011.740 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Быг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баас 2.011.740 төгрөгийг гаргуулан хохирогч П.У /ХХ00000000/-т олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ