Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1603

 

 

 

 

 

    

  2022         11         01                                        2022/ШЦТ/1603

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Д.Мт холбогдох эрүүгийн 2206000003147 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ачигч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Хужирбулан 00 дугаар хэсэг гудамж, 00  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Д овогт Д.М, /РД:АА00000000/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 00 айлын орон сууц 00 тоот  гэртээ хадам дүү Б.Д.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шаазан аягаар цохиж, толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

2.Хохирогч Б.Д.Мын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед төрсөн эгч Мөнхцэцэгийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 15 дугаар байранд ирсэн. Тэгээд дүү Бямба-Очиртой юм ярьж байгаад маргалдаад Бямба-Очирыг 2 удаа алгадсан чинь манай хүргэн ах Д.М юугаар цохисныг мэдэхгүй толгой руу минь нэг юмаар цохисон. Тэгсэн удалгүй миний толгойноос цус гараад эхлэхээр нь миний толгойг хагалчихлаа гээд би цагдаад дуудлага өгсөн. Би  ганцаараа Сансарын Цэ пабад пиво уугаад, дүү Бямба-Очирыг ирээд ав гэсэн чинь ирээгүй. Тэгэхээр нь би гэртээ очоод Бямба-Очирт яагаад намайг ирээд аваагүй юм гээд бид хоёр маргалдсан. Бямба-Очир намайг цохиж зодоогүй. Д.М толгой руу аягаар цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12239 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт  хэсэгт:

-1.Б.Д.Мын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-2.3.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-6.7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

4.Яллагдагч Д.Мын өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 01:00 цагийн орчимд гэртээ унтаж байтал манай хадам дүү Б.Д.М согтуу орж ирээд манай том хүү Бямба-Осорт агсам тавиад чи намайг ирж авсангүй гээд хэрүүл хийгээд байхаар нь би орноосоо босч ирээд хадам дүү Б.Д.Мыг дарж унагаатал намайг мөргөнө гээд дайраад байхаар нь би ахиж толгойноос нь доош дарсан. Тэгтэл миний хөлийг өргөж аваад унагаасан. Би газарт унахад миний хажуу талд шаазан аяга байхаар нь би толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, толгойг нь хагалсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2022 оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, 00 айлын орон сууц 00 тоот  гэртээ хадам дүү Б.Д.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт шаазан аягаар цохиж, толгойн дагз хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би орноосоо босч ирээд хадам дүү Б.Д.Мыг дарж унагаатал намайг мөргөнө гээд дайраад байхаар нь би ахиж толгойноос нь доош дарсан. Тэгтэл миний хөлийг өргөж аваад унагаасан. Би газарт унахад миний хажуу талд шаазан аяга байхаар нь би толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, толгойг нь хагалсан...” гэх, хохирогч Б.Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хүргэн ах Д.М юугаар цохисныг мэдэхгүй толгой руу минь нэг юмаар цохисон. Тэгсэн удалгүй миний толгойноос цус гараад эхлэхээр нь миний толгойг хагалчихлаа гээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12239 дугаартай “ ...Б.Д.Мын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгч Д.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Д.М нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

           Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Мт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ