Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1600

 

 

 

 

 

    

 

  2022        11         01                                        2022/ШЦТ/1600

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Д.О нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Д.От холбогдох эрүүгийн 2206000003194 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Цайз 00 тоотод түр оршин суух хаягтай,

Т овогт Д.О, /АА000000000/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 00 байрны 00 тоотодэхнэр Б.Бтэй “Утсаа шалгуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, буруу зүйл хийснээ ойлгосон...” гэжээ.

2.Хохирогч Б.Бийн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Отай 2015 оноос хойш амьдарч байгаад бид 2016 онд охинтой болсон. Манай нөхөр миний гар утсыг өгөхгүй надтай булаацалдаад байсан. Тэгээд бид 2 бие биеэ түлхэж байсан. Тэгтэл манай нөхрийн цамц урагдсан. Тэгтэл намайг түлхэхээр нь би буйдан дээр унасан. Миний шанаа, нүүр хэсэг рүү нийт 4 удаа гараараа цохисон. Тэгтэл миний нүд хөхөрч хавдсан. Миний биед учирсан гэмтлийг Д.О учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13675 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт  хэсэгт:

-1.Б.Бийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

-2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15-р хуудас/

4.Яллагдагч Д.Оын өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2022 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 00 байрны 00 тоотодэхнэр Б.Бтэй “Утсаа шалгуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Д.Отай 2015 оноос хойш амьдарч байгаад бид 2016 онд охинтой болсон. Манай нөхөр миний гар утсыг өгөхгүй надтай булаацалдаад байсан. Тэгээд бид 2 бие биеэ түлхэж байсан. Тэгтэл манай нөхрийн цамц урагдсан. Тэгтэл намайг түлхэхээр нь би буйдан дээр унасан. Миний шанаа, нүүр хэсэг рүү нийт 4 удаа гараараа цохисон. Тэгтэл миний нүд хөхөрч хавдсан. Миний биед учирсан гэмтлийг Д.О учруулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13675 дугаартай “... Б.Бийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б нь хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч 15.000  төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь хуульд нийцнэ. 

           Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болхыг дуртдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.От анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Д.Оаас 15.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.  

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ