Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00007 дугаар шийдвэртэй, Х.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Мт холбогдох, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 880 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Э Баянгол дүүрэг, баруун дөрвөн замд байрлах Гранд плаза, 5 давхарын 5-6 дугаар лангуунаас 2016 оны 10 дугаар сард 880 000 төгрөгийн үнэ бүхий годон гутал худалдан авсан боловч үйлдвэрлэлийн алдаатай байсныг худалдагчид мэдэгдэн буцаан өгсөн. Тухайн үед эзэн П.М нь үйлдвэрлэлийн алдаатай бүтээгдэхүүн худалдсан болохоо хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сард хохиролгүй болгож, шинээр солиулж өгнө гэж гутлыг буцаан авч шинэ гутлаар сольж өгөх тухай бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл асуудлыг шийдвэрлээгүй. Мөн намайг удаа дараа сануулж хэлэхэд үл ойшоож хэлсэн үгэндээ хүрэхгүй зүй бусаар харьцсан тул П.Маас годон гутлын үнэ болох 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М нь “Гранд плаза” дэлгүүрт лангуу ажиллуулдаг бөгөөд 2 жил гаруй хугацаанд ОХУ-ын Якутаас годон гутал оруулж ирж зардаг бөгөөд энэ хугацаанд “үйлдвэрийн доголдолтой” гэсэн гомдол нэг ч ирж байгаагүй. Нэхэмжлэгч Х.Э 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр годон гутал худалдаж авсан. Тэрээр гутлыг бүтэн өвөлжин өмсөж, эдэлж байгаад 2017 оны 2 дугаар сарын сүүлчээр гутлаа “үйлдвэрийн доголдолтой байна” гэж хэлээд буцааж өгсөн байдаг. Гутлыг буцааж өгөхөд баруун талдаа ханзарсан, өсгий элэгдсэн, том хөлтэй хүн чихэж өмссөн байдалтай байсан. Тухайн үед буюу Х.Э гутлыг буцааж өгөхөд П.М өөрөө байгаагүй, худалдагч н.Энхтуяа байсан ба “2017 оны 10 дугаар сард гутлыг шинээр сольж өгнө” гэж бичиг хийж, П.Мын тамгыг дарсан байсан. П.Мын хувьд гутлыг шинээр сольж өгнө гэж амлаагүй, харин засуулж өгөхөөр болсон. Одоо засуулсан гутал нь  байгаа тул нэхэмжлэгч буцаан авч болно.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.3-т заасны дагуу доголдлын талаар шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан. Түүнд П.М цоо шинэ гутал зарсан бөгөөд ямар нэг доголдол байсан бол мэдэх боломжтой. Гэтэл удаан хугацааны турш гутлыг өмсөж элэгдүүлчихээд мөнгөө буцааж авна гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гутал хүлээн авах үедээ шалгаад, доголдол байсан бол мэдэх боломжтой байсан. Уг гутал нь өөрөө үйлдвэрийн доголдолгүй байсныг Якутын гутлын үйлдвэрээс ирсэн бичгээс харж болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Маас 880 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Маас 25 670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Э нь “Гранд плаза” дэлгүүрээс 880 000 төгрөгөөр годон гутал худалдаж авсан бөгөөд 4 сарын хугацаанд гутлаа өмсөж, 2017 оны 2 дугаар сарын сүүлчээр П.Мыг байхгүй үед худалдагч Н.Энхтуяаг загнаж, гутал заруулахгүй байсан тул аргагүйдэж, нэхэмжлэгч талын шахалтаар гутал худалдан авсан баримт дээр нь нэмж, “2017 оны 10 дугаар сард шинээр сольж өгнө” гэж бичсэн боловч тухайн үед П.Мтай утсаар ярихад Якут руу явуулж юунаас болж урагдсаныг тогтоолгоод засуулж өгнө гэж хэлснийг гэрчилсэн байдаг.

Шүүх гутал худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Гэхдээ нэхэмжлэгч 4 сар гаруй хугацаанд худалдаж авсан гутлаа өмссөн үйл баримтыг шүүх бодитойгоор үнэлээгүй. Нэхэмжлэгч хоёр дахь удаа ирэхдээ П.Мыг төлөөлж буй худалдагч Н.Энхтуяагаар дамжуулан хэлцэл хийгдсэн үйл баримтыг бодитойгоор, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Худалдагч бичсэн зүйл дээрээ тамга дараагүй, өмнөх тамгатай баримт дээр бичсэнийг анзаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгчийн шахалтаар уг баримтыг үйлдсэн талаар дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нэхэмжлэгчид Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй гутал хүлээлгэн өгснийг шүүх анхаараагүй. Доголдолгүй гэж хүлээн авсан гутлаа 4 сарын хугацаанд өмссөний дараа доголдолтой гэж ирсэн нь шаардах эрхээ алдсан гэсэн үг.

Хариуцагч нэхэмжлэгчийн худалдагчид орхисон гутлыг амласныхаа дагуу Якут явуулж, доголдолтой эсэхийг шалгуулахад гутлын үйлдвэрээс уг гутлын ханзцархай нь үйлдвэрийн доголдлоос биш харин том хэмжээтэй гутал өмсдөг хүн чихэж өмссөн, үүнээс болж урагдсан гэх дүгнэлт цахимаар ирсэн, түүнийг шүүхийн үзлэгээр баримтжуулсан байхад эдгээрийг зохих ёсоор үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгчийг удаа дараа засуулсан гутлаа авах талаар шаардахад аваагүй, шинэ гутал авна гэж нэхэмжлэл гаргасныг үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч П.Мт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гутлын үнэ 880 000 төгрөг гаргуулах нэхэмжилж, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Э 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч П.Мын “Гранд плаза” дэлгүүр дэх лангуунаас цайвар өнгийн годон гутал 880 000 төгрөгөөр худалдан авсан боловч уг гутал урагдсан доголдол илэрсэнтэй холбоотойгоор буцаан өгсөн, хариуцагч 2017 оны 10 дугаар сард шинэ гутлаар сольж өгөхөөр тохиролцсон үйл баримт хэргийн 4 дүгээр талд авагдсан “Тооцооны хуудас” гэх баримтаар тогдоогдсон байна.

 

Хариуцагч татгалзсан үндэслэлээ зааж буй “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэгчид худалдсан гутал доголдолтой байсан болох нь зохигчдын хэн алины гаргасан гутлыг өмссөний дараа урагдсаны улмаас худалдагчид буцаан өгсөн талаарх тайлбар, гутлыг буцаан авсан тухай бичгийн баримтаас үзэхэд гэрээний зүйл болох эд хөрөнгийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан доголдолгүй гэж үзэх боломжгүй байна. Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө солиулахаар эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй. Гутлыг доголдлын улмаас хариуцагчид буцаан өгснөөс хойш доголдолгүй өөр гутлыг оронд нь өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Хэргийн баримтаар хариуцагч тал нэхэмжлэгчид анх доголдолтой гутал өгсөн, түүнийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, Х.Э нь гутлыг өмсөж хэрэглэсний дараа урагдаж доголдол гарсан учраас хариуцагч бараа бүтээгдэхүүнийг буцаан авсан байх бөгөөд ийнхүү засварласан гутлыг авах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, шаардсан баримтгүйгээс гадна талууд гутлыг засварлуулах талаар тохиролцсон гэх баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах буюу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гутлын үнэ 880 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА