| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2020/0353/З |
| Дугаар | 128/ШШ2021/0788/З |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2021/0788/З
| 2021 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 128/ШШ2021/0788 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүгч О.О, шүүгч Т.М нарын шүүх бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД: ..../
Хаяг: ...
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай 7, Хангарьд ордон.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, С.Ү, иргэдийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7/24 дүгээр тогтоол гаргаж, манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар тус асуудалтай холбоотой маргаан бүхий захиргааны хэрэг үүсэж, дурдсан хэргийг хянан шийдвэрлэх хүртэл бид тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалт хийх боломжгүй бодит нөхцөл байсныг шалгаж, сонсолгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус болсон. Тодруулбал, манай компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 7/24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлтэй хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхээр батлагдсан Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн "...7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбицол бүхий хэсэг болох талбайг хүчингүй болгох" үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна. Нэгэнт дурдсан газрын солбицол тодорхой болоогүй тул бид Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 7,1 га газарт олборлолт хийхгүй байх буюу үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг-ээ зөрчихгүйн үүднээс Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, 7.1 га талбайд хамаарах газрын координатыг тодорхой болгож, тус хэсгийг хүчингүй болгох шаардлагыг тавьж, тус шаардлага биелэгдэхгүй байсан тул газрын хэвлийг ашиглаагүй болно.
Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал түүнийг биелүүлэхгүй эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийг ашиглах боломжгүй байсан үед Нийслэлийн Засаг дарга тус бодит нөхцөл байдлыг шалгалгүйгээр буюу дээрх Хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг харгалзалгүйгээр ...3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй хэмээн, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл бий болоогүй байхад тус үндэслэл бий болсон хэмээн үзэж бодит нөхцөлд нийцээгүй захирамж гаргаж бидний эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг гагцхүү Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцлах эрхтэй байхаар хуулиар тогтоосон. Тодруулбал, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. Хуулийн 13 дугаар зүйлд уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгоно гэж тус тус заажээ. Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахад илүү нарийвчилсан хуулийг мөрдөхөөр зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор газрын хэвлийг ашиглах эрх мөн дуусгавар болох бөгөөд нөгөө талаас газрын хэвлийг нь ашиглах эрхгүй хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байх боломжгүй логик харагдаж байна. Гэтэл тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй хууль зөрчсөн шийдвэр болсон.
Өөрөөр хэлбэл Газрын хэвлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах тухай зохицуулалт юм. Гэтэл хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Газрын хэвлийн тухай хуульд заасан газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг хэрэглэж байгаа нь тухайн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамааралгүй зохицуулалтыг ашиглан эрх хэмжээгээ хэтрүүлэн акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-д заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” Түүнчлэн 37.3-д “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ.” 37.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.” гэсэн сонсох болон мэдэгдэх процессын ажиллагаа огт хийгдээгүй шууд цуцалсан нь шийдвэр бодит нөхцөлд нийцээгүй байх үндэслэл болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн ******* Зуун мод гэх газарт 22.54 гектар талбайг хуульд заасны дагуу ашиглах тусгай зөвшөөрлийг 2010 онд авсан. Тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2010 оноос 2018 оныг дуусталх хугацаанд тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулах, хайгуулын ажил хийж гүйцэтгэх, хайгуулын ажлын тайлан боловсруулж, батлуулах, орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар батлуулах гэх мэт ашиглалтын үйл ажиллагаа явуулахаас өмнөх үйл ажиллагааг манай компани хийж, гүйцэтгэж байсан. Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаар тогтоол гарч, тусгай зөвшөөрөл бүхий Зуун мод гэх газраас 50 га газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан. Уг 50 га газар нь манай тусгай зөвшөөрөлтэй 7.1 га газартай давхацсан. Уг тогтоолтой холбогдуулан нэхэмжлэгч “Э” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байтал 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай “Э” ХХК нь эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээнд заасан 7.1 га газрыг буцаан өгөх, 7.1 га газрыг ашиглахгүй учраас холбогдох газрын төлбөрийг төлөхгүй байх нөхцөлийг зааж өгсөн. Хэдийгээр гэрээ байгуулсан боловч 7.1 га газраас хасуулах хүсэлтийг Налайх дүүргийн өмч, газрын харилцааны алба болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга бүхий хүсэлтүүдээ тавьсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй. Манай 50 га газартай давхцалтай 7.1 га газрыг ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан ашигт малтмалаа ашиглах боломжгүй байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 22 дахь хэсэгт “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэдэг үндэслэлээр газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон. Бид уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь манайх 2010 онд тусгай зөвшөөрлөө авснаас хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элсний нөөцийг тогтоолгох, орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах зэрэг төрийн захиргааны байгууллагуудаас авах зөвшөөрлүүдийг аваад явж байсан. Мөн ашигт малтмал ашиглахтай холбоотойгоор манай компаниас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад бэлтгэл үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Иймд манай зүгээс маргаан бүхий шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч маргаан бүхий актыг 2017 оны 10 дугаар сард мэдэгдсэн гэж байна. Шүүхэд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримтуудыг бид шүүхэд гаргасан өгсөн байгаа. Маргаан бүхий А/609 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэж, гардуулсан үйл баримт байхгүй. Манайх 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02/860 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг Байгаль орчны газраас маргаан бүхий акттай холбоотой хариу албан бичгийг аваад ийнхүү маргаан бүхий актыг мэснээс хойш хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оноос 2021 оныг хүртэл Нийслэлийн Засаг даргаас “Э” ХХК-д холбогдуулан ямар нэгэн албан бичгийг ирүүлж байгаагүйг тодорхойлсон шуудангийн баримтыг шүүхэд өгсөн байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хууль-ийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2 байгууллагын хамтран хийсэн хяналт шалгалтаар Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно.
“Э” ХХК нь нэхэмжлэлдээ Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаартай тогтоол гарсны улмаас тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийг ашиглах боломжгүй байсан гэж дурьдсан байна. Тус компанид Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон харин Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаартай тогтоол 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш тус тогтоол нь 3 жил 3 сарын дараа гарсан байна. Иймд Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1 дэх заалтын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэх үндэслэл нь тус компанид хамааралгүй заалт юм.
Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн.
Нийслэлийн Засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд Захиргааны хуулийн 43 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу цахим хэлбэрээр мэдэгдсэн.
Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжид шуудангаар хүргүүлсэн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухайн аж ахуйн нэгж нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан өдрөө өөрийн албаны ёсны цахим хуудаст нийтэлсэн байгаа. Цуцлагдсан гэдэг албан бичгийг Нийслэлийн байгаль орчны газраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр шуудангаар аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг тухайн өдрийн 08 цаг 15 минутад албан ёсны цахим хуудсаар бүх аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж мэдээлсэн байгаа” гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ: “...Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан байна. Уг маргаан бүхий актыг гаргахдаа энэ тухай мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу боломжит нөхцөлөөр нь хангах нь зөв. Хэрэв нотлох баримтууд нотолж чадаж байвал нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх тус шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” хэмээн эцэслэн тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар, Улаанбаатар хотын Налайх дүүрэг, ******* зуунмод нэртэй газарт орших 22.54 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-д олгосон.
Нийслэлийн Засаг дарга 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Э” ХХК компани багтсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... 2013 онд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг буюу 7.1 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсны улмаас бид шүүхэд маргаан үүсгэж, газрын хэвлийг ашиглаж чадаагүй”, “газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1.3-д заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамаарахгүй” хэмээн, хариуцагчийн зүгээс “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг анх олгосон 2010 оноос газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан 2013 оны 9 дүгээр сарыг хүртэл 3 жил 3 сарын хугацаанд нэхэмжлэгч нь газрын хэвлийг ашиглаагүй болох нь тогтоогдсон”, “Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр захирамжаа гаргаад олон нийтэд мэдээлж, цахим хуудастаа байршуулсан” зэрэг үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
3. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жил ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно”, 5-д “газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” хэмээн,
Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: 37.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 37.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй; 37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан; 37.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон”, 37.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-д заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 37.3-д “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 37.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” хэмээн тус тус хуульчилсан.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаас үзэхэд,
Нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 644 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүрэг, ******* зуунмод нэртэй газарт орших 22.54 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшсэнээс хойш 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 7/24 дүгээр тогтоолоор “Орон нутгийн байгалийн унаган төрх, иргэдийн эрх, ашигт нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт орших “Зуун мод”-ны 50 га газрыг ... дүүргийн тусгай хамгаалалтад авах” хүртэл хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/24 дүгээр тогтоолоор дүүргийн тусгай хамгаалалтад авсан “Зуун мод”-ны 50 га газар”-т нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 7.1 га талбай нь давхацсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/24 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/24 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 534 дүгээр захирамж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 5/586 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
5. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хамтран баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх” 2017/16 дугаар удирдамжийн дагуу ажлын хэсэг хяналт шалгалтын ажиллагааг явуулж 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2017/16 дугаар Хяналт шалгалтын танилцуулгыг гарган, Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 02/959 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт”-ийг хүргүүлсний 53-т нэхэмжлэгч “Э” ХХК газрын хэвлийг 3 жил ашиглаж эхлээгүй” гэсэн байдлаар туссан.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дугаар захирамжаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Ингэхдээ Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заагдсан “цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэх ажиллагааг, 37.3. “...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, 37.4. “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэх ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг болон мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх заалттай тус тус нийцэхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн.
Мөн маргаан бүхий захиргааны актаар “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 02/1173 дугаар албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2021 оны 05/624 дүгээр албан бичиг болон хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
6. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх тухайд, хариуцагчаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийг тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжид 2017 оны 02-02/4110 дугаар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгээр шуудангаар хүргүүлсэн хэмээн тайлбарлаж байх боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан “Монгол шуудан” ХК-ийн 2021 оны 05/624 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2017 оноос хойш 2021 оныг хүртэл хугацаанд “Э” ХХК-д албан бичгийг тус байгууллагаар дамжуулан хүргүүлж байгаагүй болох нь,
нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандан гаргасан гомдлын хариуг хариуцагчаас Нийслэлийн Байгаль орчин газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02/862 дугаар албан бичгээр өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор буюу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Байгаль орчин газрын даргын 2020 оны 02/862 дугаар албан бичиг, шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан тухай дардас зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
7. Шүүх хуралдааны явцад хэлэлцэн тогтоогдсон дээрх үйл баримттай холбогдуулан шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан ч маргаан бүхий актыг гаргахдаа энэ тухай мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас хууль зөрчсөн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байвал нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн дээрх дурдсан бүхий л нөхцөл байдлыг үнэлэн үзэж хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дугаар захирамжийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт хэмээн үзэх боломжгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2-дахь хэсэг, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М
ШҮҮГЧ Т.М
ШҮҮГЧ О.О