Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0142

 

 

 

 

 

 

 

 

 

Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

Нэхэмжлэлийн шаардлага Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 943 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, В.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2023/0875/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.           

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 943 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Э ” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний 000000000  дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газрын З  баруун богино нэртэй 900 м.кв талбайг ашиглах гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Б-н баталсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон “E ” ХХК нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан 267 дугаар Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээр дурдсан тушаал, газар ашиглуулах гэрчилгээ болон холбогдох гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ...  Нэхэмжлэгч “Э ” ХХК нь маргаан бүхий газрын чанх урд талд байрлах бөгөөд түүний хэрэгжүүлэх төслийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан зураг төслийн дагуу түүний орц, гарцыг хааж байгаа нь түүний эрхийг хязгаарлаж буй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх бөгөөд орц гарцыг ашиглах нь газар ашиглах эрхийн үндсэн бүрэлдэхүүнд хамаарч буй субьектив эрх тул дээрх хуулийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Шүүхээс гуравдагч этгээдийн ашиглах эрх үүссэн маргаан бүхий газрыг бүхэлдээ Замын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/843 дугаар албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн газрын давхцалын зураг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/1247 дугаартай албан бичиг түүний хавсралтаар ирүүлсэн кадастрын зургаас үзэхэд туслах гудамж ангиллын авто замд хамаарч байх бөгөөд энэ нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 6.19-д заасан “гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх зай 50 м зай гэсэн хэсэгт хамаарсан мөн 10кв-ын Бага тэнгэр фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газартай давхцалтай болох нь тогтоогдсон тухай дүгнэсэн байх боловч нэхэмжлэгчийг тус асуудлаар субъектив болон объектив эрхийн агуулгаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэж, хууль бус захиргааны актад дүгнэлт хийгээгүй нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

3.2. Шүүхээс уг хуулийг хэрэглэсэн тайлбараа “зурвас газарт ашиглах эрхийг ““E ' ХХК”-д олгосон нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчилгээ үзүүлээгүй” гэсэн байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэрэг юм. Газрын маргааны хувьд нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөвхөн давхцалтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхийг шүүгч хааж буй нь үндэслэлгүй байх бөгөөд захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн үүднээс газар ашиглах эрхээ зохих ёсоор, зүй ёсоор ашиглаж чадахгүй байгаа нь мөн л эрхийн зөрчилд хамаарахаар байгаа тул уг маргааны хувьд дээрх хуулийн 18 дугаар зүйлийг хэрэглэхгүй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь хууль зөрчиж, ашиглах эрх үүсгэхийг хуулиар хориглосон зурвас газарт ашиглах эрх үүсгэсэнээс нэхэмжлэгч газраа зохих ёсоор ашиглаж чадахгүй байх нөхцөл байдал үүссэнтэй холбоотой газрын маргаан байна.

3.3. ... маргаан бүхий газрын хувьд нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд хамаарах газар байсан бөгөөд “Э ” ХХК-ийн ашиглаж буй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А-000 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З  зүүн богины аманд байрлах 2.4 га газрыг анх аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатай олгож, дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/000 дугаар тушаалаар дахин хугацааг сунгасан бөгөөд мөн оны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/000 дугаар тушаалаар газрыг хэмжээг 0.76 га газраар нэмэгдүүлэн солбилцлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрх олгосонтой маргаагүй гэсэн байх гэх байдлаар дүгнэж, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Түүнчлэн уг маргаан нь газрын маргаан болохын хувьд шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй улмаас нэг мөр хэргийг шийдвэрлэх, үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр шийдвэрлэсэн.

3.4. Маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргахад нэхэмжлэгчид боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээдэд хууль бусаар олгосон байх тул хүчингүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасныг огт хүлээн аваагүй, энэ талаар шүүхийн шийдвэртээ ч дүгнээгүй. Нэхэмжлэгчээс гаргасан удаа дараагийн хүсэлтийг хангахгүй шийдсэн нь шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны хүсэлт хэлэлцүүлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын гуравдагч этгээдээс өмнөх газар ашиглагч этгээд нар болох Ү.Т гийн харилцан хамаарал бүхий этгээд Н.Н болон Ү.Т нарт газар олгосонтой холбоотой шийдвэр буюу “E ” ХХК-ийн газрын хувийн хэргийг бүхэлд нь гаргуулах болон Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх дугуйн замын архитектур төлөвлөлтийн даалгаврыг нотлох баримтаар гаргуулах, тухайн авто замын зурвас газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжтой эсэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанааас тодруулах хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч, хувийн хэрэг гаргах хүсэлтийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон буюу тухайн Н.Н, Т нарт маргаан бүхий газрыг олгож байсан нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй бөгөөд “E ” ХХК-д олгосон баримт хавтаст хэрэгт авагдсан гэж үзэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

3.5. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газрыг анхнаасаа хууль бусаар дамжуулан ашиглуулсан байдлыг нотлохын тулд тус газрын хувийн хэргийг бүхэлд нь гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргахад шүүхээс няцааж зөвхөн маргаж буй акт л хамааралтай гэж тайлбарлаж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй буюу холбогдох нотлох баримтыг ирүүлэн үнэлж үзэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаас, шүүхээс хүсэлт шийдвэрлэхдээ “E ” ХХК-ийн хүчин төгөлдөр бичиг баримт хавтас хэрэгт авагдсан байгаа тул Н болон Ү.Т-н өмнө гаргасан захирамж хамааралгүй буюу Ү.Т-х газар ашиглах эрх дуусгавар болж “E ” ХХК-д олгосон нь дамжуулан эзэмшээгүй шинээр үүссэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид холбогдох зөвшөөрлийн хэсгийн дүгнэхдээ огнооны хувьд хариуцагч болон бусад эрх бүхий байгууллагатай зөвшилцсөн орц, гарц гуравдагч этгээдийн газар ашиглах эрх олгосон хугацаанаас өмнө нь байхад нэхэмжлэгчийг холбогдох зөвшөөрлийг авахдаа анхнаасаа хууль зөрчсөн мэтээр шүүхээс хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн Ү.Т гийн газар ашиглах эрх олгосон хугацаанд холбогдуулан дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан зөрүүтэй дүгнэлт гаргасан болох нь харагдаж байна.

3.6. ... нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тухай тайлбарлан хүсэлт гаргасан байхад тус үндэслэл бүрдээгүй гэсэн нь нэхэжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн ... Иргэн Ү.Т нь газар ашиглах эрхээ дуусгавар болгохдоо миний хувьцаа эзэмшдэг компанид олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу буюу Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх шилжүүлэх зохицуулалтаар олгож буй мэт түүнийг хүсэлтийг үндэслэн хариуцагчаас түүнд давуу байдал олгон түүний хувьцаа эзэмшдэг “E ” ХХК-д шууд ашиглуулах шийдвэр гарган дамжуулан ашиглуулсан байхад шүүхээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөвхөн эрхийн гэрчилгээгүй этгээдэд дамжуулан ашиглуулах нөхцөл хамаарна гэж хуульд огт заагаагүй зүйлийг давуулан тайлбарласан нь бодит байдалтай нийцээгүй байна.

3.7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2.  Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий Богдхан уулын дархан цаазат газрын З  баруун богинод байрлах 900 м.кв газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/264 дүгээр тушаалаар иргэн Ү.Т д олгосон, улмаар түүний хүсэлтээр газар ашиглах эрхийг 2022 оны А/587 дугаар тушаалаар дуусгавар болгож, 2022 оны А/0 дугаар тушаалаар “E ” ХХК-д газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон нь газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэх ойлголтод хамаарахгүй. Газраа бусдад дамжуулан ашиглуулах гэдэг нь газар ашиглагчаас газар ашиглах эрхгүй бусад этгээдэд газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг зөвшөөрсөн, улмаар тухайн газар ашиглах эрхгүй этгээд тухайн газрыг ашиглаж байхыг ойлгоно. Маргааны хувьд Ү.Т болон “E ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын З  баруун богинод байрлах 900 м.кв газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн ашиглах эрх тус тусдаа үүссэн байх тул газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж үзэх үндэслэлгүй … Шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэг, “Э ” ХХК-ийн аялал жуулчлал, гольф үйлчилгээний барилгын загвар зургийн ерөнхий төлөвлөгөө, хөдөлгөөний схем, харагдах байдлыг төлөвлөсөн зургаар нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын баруун талаар орц, гарцтай болох нь тогтоогдсон тул “Э ” ХХК-ийн 3.16 га газрын орц, гарцын хэсгийг хааж, газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Гуравдагч этгээд “E ” ХХК-д захиргааны байгууллага авто замын зурвас газар болон цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвас газарт газар ашиглах эрх олгосон нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй, түүнд эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.3. Нэхэмжлэгчээс “…“Э ” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартаа тогтоосон замаар орж, гарах орц, гарцыг хааж, цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс, авто замын зурвас газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон. Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл нийтийн дугуйн замын трасстай давхацсан, газрын доогуур төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, тэр дундаа 110000 Квт өндөр хүчдэлийн шугамын трасс дайран өнгөрсөн төдийгүй цаашид дулаан, цэвэр бохир усны шугамын трасс хийгдэхээр төлөвлөгдсөн байх тул уг зам шугам сүлжээний газарт хууль бусаар иргэнд газар ашиглах эрх олгосон” гэж тайлбарлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/340 дүгээр тушаалын хавсралтын 2-д зааснаар Хан-Уул дүүргийн З  зүүн богино гэх газар байршилтай, 2.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Э ” ХХК-д олгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/291 дүгээр тушаалаар тус газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/465 дугаар захирамжаар ... Э ” ХХК-д олгосон 2.4 га газрын талбайн хэмжээг Ерөнхий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/2448 тоот дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1143 тоот саналын дагуу 0.76 га газраар нэмэгдүүлэн солбицлыг өөрчилж, нийт 3.16 га газар ашиглах эрхтэй” гэж үзэж ашиглах талбайн хэмжээг нэмэгдүүлжээ.

2.5. Гэсэн атлаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/0 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт буюу З  баруун богинын аманд 900 м2 газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох зориулалтаар гуравдагч этгээд E ” ХХК-д 5 жилийн хугацаагаар олгож, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 000000000  дугаартай газар ашиглах гэрчилгээгээр баталгаажуулан, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах гэрээ”-г байгуулсан байна.

2.6. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “замын байгууламж гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна”, 16.3-д “Нийслэл болон хот, суурингийн авто замын зурвас газрын өргөнийг холбогдох норм, дүрмийн хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэж, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.03/-ийн 6.18-д “Гудамж замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөний эрчимжилт, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, архитектуртай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байхаар тооцож төлөвлөнө. Гудамж замын тооцооны үзүүлэлт болон гудамж замын ирмэгээс орон сууцны барилгын эдэлбэр газрын улаан шугам хүртэлх хэмжээг 10 дугаар хүснэгтэд зааснаар төлөвлөнө”, 6.19-д “Гол гудамж замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртлэх зай 50м-ээс багагүй байна” гэж тус тус заажээ.

2.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байх бөгөөд хамгаалалтын зурвасын зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулахыг хориглосон байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/0 дугаар тушаалаар гуравдагч этгээд E ” ХХК-д олгосон газар нь Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Дүнжингаравын гудамжны 10.7 км урттай авто замын туслах гудамж ангиллын авто замтай давхцалтай, 10кВ-ын Бага тэнгэр фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст багтсан болох нь хэрэгт авагдсан Замын хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/843 дугаартай “1333113035 нэгж талбарын дугаартай газрыг авто замын зурвас давхцалтай давхцуулан хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн газрын давхцлын зураг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/1247 дугаартай “... E ” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь 10 кВ-ын бага тэнгэр фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон” гэх албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.

2.8. Маргаан бүхий энэ тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалаар гуравдагч этгээд “E ” ХХК-д газар олгохдоо тухайн газарт авто зам барихаар төлөвлөгдсөн эсэх, дээрх хууль журамд зааснаар авто замын зурвас газарт хамаарч байгаа эсэх, цахилгаан дамжуулах буюу шугам сүлжээний хамгаалалтын зурвастай ямар хэмжээгээр давхцаж байгаа зэргийг бүрэн тогтоосны эцэст гуравдагч этгээдэд тухайн газрыг олгохоор байна.

2.9. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хамгаалалтын зурвасад оруулж байгаа нь тухайн дэд бүтцийн объектын аюулгүй байдлаас гадна газар ашиглагчийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой зохицуулалт байдаг тул дээрх нөхцөл байдлыг тодруулж, эрх бүхий байгууллагын тухайн газарт төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөөнүүдэд хэрхэн тусгагдсан болохыг шалгаж тодруулсны эцэст шийдвэрлэхээр байна. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин нягталж, шийдвэр гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй.

2.10. Түүнчлэн, “Э ” ХХК-ийн аялал жуучлал, гольф үйлчилгээний барилгын ерөнхий төлөвлөгөө, байршлын схем, харагдах байдлын камерын өнцөг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Э ” ХХК-ийн аялал жуучлал, гольф, үйлчилгээний барилгын автомашины ил зогсоолыг гуравдагч этгээд “E ” ХХК-д олгосон газартай давхцуулан төлөвлөж загвар зургийг баталсан байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчөөгүй гэж шууд дүгнэх үндэслэлгүй.

2.11. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “... анх ашиглаж буй газрынх нь хэсгээс хасах шаардлагатай гэсний дагуу улсад буцаан өгсөн одоогийн гуравдагч этгээдийн ашиглаж буй газар руу сунгаж авах хүсэлт гаргахад шугам сүлжээний газар тул ашиглуулах эрх олгох боломжгүй гэсний дагуу баруун талын хэсэг талаас газрын хэмжээг нэмэгдүүлэн зөвшилцсөн. Энэ нь тухайн маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргахад нэхэмжлэгчид боломжгүй гэсэн атлаа гуравдагч этгээдэд хууль бусаар олгосон” гэх тайлбарлаж байх тул маргаан бүхий газрыг ашиглах хүсэлт гаргаж байсан эсэх, хүсэлт гаргасан бол захиргааны байгууллагаас ямар хариу өгсөн болохыг тодруулах шаардлагатай.

2.12. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.14. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг тус тус хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 943 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, мөн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/0 дугаар тушаалын “E ” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “E ” ХХК-д олгосон 000000000  дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах” 267 дугаар гэрээ хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                          ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ