Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 396

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

- иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэн,

- иргэний нэхэмжлэгч Ц.Оюун,

- шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,

           - шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Батнасангийн Болдбаатар, Бичээч овогт Дамбаравжаагийн Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн 201619000612 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын харъяат, 1971 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн 6-12 тоотод оршин суудаг, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн  2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 37 дугаар захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Бичээч овогт Дамбаравжаагийн Отгонбаатар /РД:НМ71110818/.

 

Монгол улсын харъяат, 1970 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, тракторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн 1-20 тоотод оршин суудаг, урд ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай,  Урианхан овогт Батнасангийн Болдбаатар /РД:НМ70080914/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хоолтын ам” гэх газраас 2.948 метр/куб нойтон улиас модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 96-00 ТӨА улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, Монгол улсын ойн санд 420.974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Болдбаатар шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ:  Д.Отгонбаатар бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хоолтын ам” гэх газраас хадам дүүгийн эхнэр Оюуны эзэмшлийн 99-22 ТӨА улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг гуйж түлээний модонд явахаар болсон. 2016 оны 08 дугаар сарын 01-нд банкинд модны гоожингийнхоо мөнгийг тушаах гэсэн боловч банк очер ихтэй байхаар нь мөнгөө тушааж амжаагүй. Ууланд очоод 2.948 метр/куб нойтон улиас мод бэлтгэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан 420974 төгрөгийн хохирол төлбөрийг экологи эдийн засгийн тогтоосон үнэлгээгээр 3 дахь нэмэгдүүлэн төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв. 

Шүүгдэгч Д.Отгонбаатар шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Найз Б.Болдбаатартай таарч түлээний модонд хамт яваад ирээч гэж гуйхаар нь би хамт явсан. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй гэдгийг би мэдээгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв. 

Иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэн шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд нийт 1 262 923 төгрөг нэхэмжилсэн.  421 900 төгрөгийг өнгөрсөн долоо хоногт манай сумын татварын дансанд хийсэн байсан. Манай гэр Улаанбаатар хотод байдаг өчигдөр Б.Болдбаатар манай гэрт ирээд үлэгдэл 841 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өнөөдөр шүүх хуралдаанаас өмнө хохирол төлсөн тухай нотариатаар батлуулсан байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Оюун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зоорь ухаж байгаа юмаа машинаа өгчих гээд авсан. 2011 онд 6 000 000 төгрөгөөр авсан. Ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг. Битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гэрч Л.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Б.Болдбаатар, Д.Отгонбаатар гэх хүмүүсийг танина. Нэг нутаг усны хүн гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ..., ... Б.Болдбаатар 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын төвд байрлах Хаан банк ороод гарч ирэхэд Б.Болдбаатар надад хандан Яаж гарал үүслийн гэрчилгээ авах уу, би модонд явах гэсэн юм гэхээр нь би түүнд хандан Эхлээд банканд мөнгөө тушаа, дараа нь тушаасан баримтаа надад авч ирж өгөөд гоожингоо аваарай гэхэд тэрээр за за гэж хэлээд үлдсэн. Б.Болдбаатар надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тэгж нэг удаа асуусан ба харин Д.Отгонбаатар надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй,... энэ талаарч асуугаагүй..., ... Манай суманд түлээний мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа. Харин иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй, нойтон мод бэлтгэхийг хориглосон байдаг. ... Тийм зүйл огт байхгүй. Тэр надтай уулзаад модонд явдаг юм гэхээр нь эхлээд банканд мөнгөө тушаа, дараа нь тушаасан баримтаа надад авч ирж өгөөд гоожингоо аваарай гэж л хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-41/,

Гэрч Т.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2016 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 08 дугаар 04-ний шөнийн 03 цагийн орчим Газар хот гэх газар Мазда маркийн 96-00 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоогоод Д.Отгонбаатар гэх хүнийг буулгаад дахин хөдлөөд явж байхаар нь шалгахад тус тээврийн хэрэгслийн тэвшинд мод ачсан байсан. Жолооч Б.Болдбаатар гэх хүн байсан ба түүнд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. Тэгээд яагаад тэр хүнээс бичиг баримтаа авч яваагүй талаар асуухад тэрээр Надад мод бэлдэх эрхийн бичиг байхгүй, гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. Хэнтэй мод бэлтгэсэн талаар асуухад дөнгөж сая буусан Д.Отгонбаатар гэх хүнтэй хамт мод бэлтгэсэн гэж хэлсэн. Тэгээд Б.Болдбаатарыг тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модтой нь хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн... Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь гар хөрөөгөөр мод бэлтгэсэн гэж байсан ба тээврийн хэрэгсэл дотор нь ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй..., Болдбаатар нь тухайн үед галын түлээний мод бэлтгээд ирсэн гэж байсан ... мэдүүлэг /Хх-ийн 43-р хуудас/

 

Гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2016 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Эрдэний хамт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнийн 03 цагийн орчимд Газар хот гэх газар Мазда маркийн 96-00 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоод нэг хүн буулгаад дахин хөдлөөд явж байхаар нь зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн тэвшинд мод ачсан байсан. Жолооч Б.Болдбаатар гэх хүн байсан ба  тэр хүнд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаагүй. Тэгээд яагаад тэр хүнээс бичиг баримтаа авч яваагүй талаар асууж тодруулахад тэрээр надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэх хэлсэн. Хэнтэй мод бэлтгэсэн талаар асуухад дөнгөж сая буусан Д.Отгонбаатар гэх хүнтэй хамт мод бэлгэсэн гэж хэлсэн. Тэгээд Б.Болдбаатарыг тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл дотор нь ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй гэх мэдүүлэг /Хх-ийн 42-р хуудас/

 

Сэжигтэн, яллагдагчаар Д.Отгонбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... Би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг Хоолтын ам гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 3-ны өдөр найз Болдбаатарын хамт Мазда маркийн 96-00 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Болдбаатарын эзэмшлийн гар хөрөөгөөр 33 ширхэг нойтон мод бэлтгэсэн байгаа ... Манай найз Болдбаатар Галын түлээний модонд хамт яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь явсан юм. ... Би энэ асуудлыг нөхөн төлж чадахгүй. Болдбаатар энэ асуудлыг шийдэх байх..., Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /Хх-ийн 69-70-р хуудас/

 

Сэжигтэн, яллагдагчаар Б.Болдбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг Хоолтын ам гэх газраас найз Отгонбаатарын хамт 2 ширхэг ургаа мод, 1 ширхэг унаган модыг өөрийнхөө эзэмшлийн гар хөрөөгөөр тайрч Ц.Оюуны эзэмшлийн Мазда маркийн 96-00 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тэвшин дээр ачиж яваад 2016 оны 08  дугаар сарын 04-ний өдөр шөнийн 03 цагийн орчим дэслэгч Хонгорзул, цагдаа Бат-Эрдэнэ нарт баригдсан юм. Би тухайн үед гарал үүслийн гэрчилгээгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Мөн би анх модонд явах саналыг гаргаад өөрийн найз Отгонбаатарыг дагуулж явсан ба галын түлээний зорилгоор модонд явсан. ... Би ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авна. ... Би хууль бусаар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /Хх-ийн 65-66-р хуудас/

 

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  2016 оны 08 сарын 15-ны өдрийн 19-04-337/25 тоот дүгнэлтэд:

Төв аймгийн Жаргалант сумын Зохицуулагч, дэслэгч Б.Хонгорзул, хэсгийн цагдаа, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ нар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Ойн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн иргэн Б.Болдбаатар нь 2,948м3 түлээний нойтон улиас мод хууль бусаар бэлтгэн, тээвэрлэсэн зөрчил илэрсэн байна. Энэ нь Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20,2,1 дэх, 29 дүгээр зүйлийн 29,1,7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Хууль бусаар бэлтгэсэн 2,948 м3 түлээний нойтон улиас модны экологи-эдийн засгийн хохирлыг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42,1,2 дахь заалт, БОАЖСайдын 394 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт Ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээний 1 дүгээр мужийг үндэслэн тооцоход 420974,4 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,3 дахь заалтыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд 1262923,2 төгрөгийн хохирол ойн санд учруулсан болно. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10,12,1 дахь заалт Байгалт орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,4,1 дэх заалт Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42,4 дэх заалтыг үндэслэн Тогтоох нь 1. Хууль бусаар бэлтгэн тээвэрлэсэн 1,5 мертийн урттай 33 ширхэг 2,948м3  түлээний нойтон улиас модны хохирол 1262923,2 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу 14 хоногт багтаан иргэн Б.Болдбаатараар нөхөн төлүүлэх... /хх-ийн 47/.

            - Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/,

- Модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11/,

            - Тээврийн хэрэгсэл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/,

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/,

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/,

            -Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-25/,

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32/,

            - Экологи эдийн засгийн үнэлгээ гаргах тухай, хавсралт /хх-ийн 49-50/,

 

            - Шүүгдэгч Д.Отгонбаатар урд нь Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2007 оны 05 дугаар сарын 08-ны Төв аймаг Сум дундын 1  дүгээр шүүхийн 37 дугаар шүүгчийн захиарамжаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн гэх лавлагаа /хх-80-84/,

            - Шүүгдэгч Б.Болдбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад: Үгүй гэх хуудас /хх-ийн 74/,

 

 - Шүүгдэгч Б.Болдбаатарыг  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-63-64/, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-65-66/,

Шүүгдэгч Д.Отгонбаатарыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-67-68/, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-69-70/ байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хоолтын ам” гэх газраас 2.948 метр/куб нойтон улиас модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, 96-00 ТӨА улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, Монгол улсын ойн санд 420.974 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11/, тээврийн хэрэгсэл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-13/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-25/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32/, экологи эдийн засгийн үнэлгээ гаргах тухай, хавсралт /хх-ийн 49-50/, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19-04-337/25 дугаартай Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцох тухай” гэх албан бичиг / хх-ийн 47/, иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Ц.Оюун нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/, гэрч Л.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42/, гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Н.Болор мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43/, иргэний нэхэмжлэгч Д.Дарьсүрэн, Ц.Оюун нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, тус тус хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1 262 900 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь Байгаль хамгаалах сангийн 5740214163 тоот дансанд болон бэлнээр 2016 оны 12 дугаар сарын 02, 11-ний өдрүүдэд тус тус мөнгөн шилжүүлгийн баримт, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хохирол барагдуулсан тухай баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “..Тус сумын иргэн Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь ойн санд учруулсан шууд хохирол 1 262 900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02, 11-ний өдрүүдэд тус тус  төлж барагдуулсан байх тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” ... гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй болно.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

          Мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 96-00 ТӨВ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ц.Оюуны  эзэмшлийнх бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэсэн болохыг мэдээгүй болох нь: иргэний нэхэмжлэгч Ц.Оюуны “.....Б.Болдбаатар манай хүргэн ах маань байгаа юм. ...Манайд ирээд машинаар чинь ах нь зоорь ухах гэсэн юм. Ахдаа машинаа өгөөч гэхээр нь өгсөн. Тэрнээс бол ийм гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй  мэдэхгүй. ... Иймд миний эзэмшлийн 96-00 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... би тухайн тээврийн хэрэгслийг ашиглан зоорь ухаж дуусаад, ... түлээний мод бэлтгэхээр болж тээвэрлэсэн байгаа. Мод бэлтгэсэн талаар Ц.Оюун мэдээгүй, тухайн үед ч хэлээгүй гэсэн... мэдүүлэг, 0105946 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураагаагүй болно. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 96-00 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 0105946 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ц.Оюунд буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Харин хууль бусаар мод бэлтгэхэд ашигласан мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хураан авах тогтоолоор битүүмжлэгдсэн 1 ширхэг гар хөрөөг устгах, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 33 ширхэг улиангар мод зэргийг улсын орлого болгож, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Болдбаатарын эзэмшлийн 18564376601107 нэгж талбарын дугаартай 1992 м,кв талбайтай, Г-1414000932 дугаарын бүртгэлтэй газар, Д.Отгонбаатарын эзэмшлийн 42 инчийн хар өнгийн телевизор зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Отгонбаатар, Б.Болдбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бичээч овогт Дамбаравжаагийн Отгонбаатар, Урианхан овогт Батнасангийн Болдбаатар нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар шүүгдэгч Д.Отгонбаатарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Монгол улсын Эрүүгийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Болдбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, ялтан Д.Отгонбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

              4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Болдбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, ялтан Д.Отгонбаатарт оногдуулсан 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

              5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

            6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

            7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.2, 49.3 дахь хэсэгт тус тус зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 33 ширхэг улиангар модыг улсын орлого болгосугай.

            8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 1 ширхэг гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            9. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн  2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 96-00 ТӨВ улсын дугаартай Мазда бонго маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож Ц.Оюунд буцаан олгох, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Болдбаатарын эзэмшлийн 18564376601107 нэгж талбарын дугаартай 1992 м,кв талбайтай, Г-1414000932 дугаарын бүртгэлтэй газар, Д.Отгонбаатарын эзэмшлийн 42 инчийн хар өнгийн телевизор зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

              10. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар 0105946 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ц.Оюунд буцаан олгох, Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болдбаатар, Д.Отгонбаатар нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА