| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2022/1555/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1599 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1599
2022 11 01 2022/ШЦТ/1599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Мөнхтулга
шүүгдэгч О.М нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт О.Мт холбогдох эрүүгийн 2206044583020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын даамал ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт .... аймгийн ХХ сум, 00 дугаар баг 00 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 919 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
Т овогт О.М, /РД:ХХ00000000/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ХХ хотхоны ХХ тоотод оршин суух хохирогч М.Уын байшингийн цонхоор орж, хоол хийж идэж, хонож оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
2.Хохирогч М.Уын мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 40 минутын үед ирж шалгасан ба тэр үед зүгээр байсан. Тэгээд өнөөдөр өглөө 08 цаг 40 минутад ирэхэд хойд эсгий гэрийн хаалгыг онгойлгочихсон байсан. Би байшин руугаа орсон чинь манай байшингийн том өрөөнд үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. Энэ чинь юу болж байна гэхэд өчигдөр хонох газаргүй болоод танай гэрт ороод хоночихлоо. Би гэхдээ танайхаас ямар нэгэн юм аваагүй, одоо ингээд явчихна гэж хэлсэн. Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй юм шиг байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай гэрээс О.М нь ямар нэгэн эд зүйл авч гараагүй. Одоо надад хэрэгт хавсаргуулах хохирлын баримт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-17-р хуудас/,
3.Яллагдагч О.Мын өгсөн: “Миний ойр хавьд нэг хашааны хаалга нь онгорхой, хашаан дотроо эзэнгүй юм шиг Монгол гэр байшин байсан. Тэгээд би тухайн хашаа руу онгорхой хаалгаар нь ороод байшингийн ойролцоо очиход байшин эзэнгүй байхыг мэдсэн. Байшингийн ертөнцийн зүгээр баруун талын жижиг порчикоор нь байшин руу дотогш орсон. Би байшинд ороод дотор унтчихаад өглөө явъя гэж бодсон. Тэгээд би тухайн байшинд ороод, хоол хийж идээд нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгтэл өглөө нь гэрийн эзэн гэх хүн гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед би тэр айлаас эд зүйл авах зорилгогүй байсан, ямар нэгэн эд зүйл аваагүй учир цагдаа гэхээр нь зугтсан. Би байрлаж байсан айлдаа согтуу орохыг хүсээгүй, мөн надад очиж хонох газар байхгүй байсан тул хонох зорилгоор орсон. Тэрнээс өөр бол би хулгай хийх болон эд зүйл авах санаа сэдэлгүй орсон. Би тухайн айлаас ямар нэгэн эд зүйл аваагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46-р хуудас/,
4.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10-р хуудас/,
5.Цагдаагийн алба хаагчийн: “Ахлах дэслэгч М.Саруултөгс би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөний 09 цаг 07 минутад Цэц-10-аас “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ХХ хотхоны ХХ тоотод үл таних хүн орчихсон согтуу хэвтэж байна” гэх дуудлага хүлээн авч очиход Одончимэг О.М /,,,/ гэгч эзгүй хашаатай айлд шөнийн цагаар цонхоор орж, тус байшинд хоноод өглөө унтаж байгаад гэрийн эзэнд баригдсан гэсэн байдалтай байж байсан гэх хэргийн газрыг хамгаалалтад авч, жижүүрийн бүрэлдэхүүнд О.Мыг хүлээлгэн өгсөн болно.” гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/,
6.Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ХХ хотхоны ХХ тоотод оршин суух хохирогч М.Уын байшингийн цонхоор орж, хоол хийж идэж, хонож оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би байшин руугаа орсон чинь манай байшингийн том өрөөнд үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан. Энэ чинь юу болж байна гэхэд өчигдөр хонох газаргүй болоод танай гэрт ороод хоночихлоо. Би гэхдээ танайхаас ямар нэгэн юм аваагүй, одоо ингээд явчихна гэж хэлсэн. Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй юм шиг байна...” гэх, О.Мын яллагдагчаар өгсөн “...Би байшинд ороод дотор унтчихаад өглөө явъя гэж бодсон. Тэгээд би тухайн байшинд ороод, хоол хийж идээд нэг мэдсэн унтаад өгсөн байсан. Тэгтэл өглөө нь гэрийн эзэн гэх хүн гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Тухайн үед би тэр айлаас эд зүйл авах зорилгогүй байсан, ямар нэгэн эд зүйл аваагүй учир цагдаа гэхээр нь зугтсан. Би байрлаж байсан айлдаа согтуу орохыг хүсээгүй, мөн надад очиж хонох газар байхгүй байсан тул хонох зорилгоор орсон...” гэх мэдүүлэг, цагдаагийн алба хаагчийн “...Ахлах дэслэгч М.Саруултөгс би 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөний 09 цаг 07 минутад Цэц-10-аас “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ХХ хотхоны ХХ тоотод үл таних хүн орчихсон согтуу хэвтэж байна” гэх дуудлага хүлээн авч очиход Одончимэг О.М /.../ гэгч эзгүй хашаатай айлд шөнийн цагаар цонхоор орж, тус байшинд хоноод өглөө унтаж байгаад гэрийн эзэнд баригдсан гэсэн байдалтай байж байсан гэх хэргийн газрыг хамгаалалтад авч, жижүүрийн бүрэлдэхүүнд О.Мыг хүлээлгэн өгсөн болно.” гэх илтгэх хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөөтэй, халдашгүй байх эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн зохисгүй, хууль зөрчиж буйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Ут хохирол учраалгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар О.М нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ