Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1601

 

 

 

 

 

 

    

   2022        11         01                                       2022/ШЦТ/1601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Ц нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц.Цт холбогдох эрүүгийн 2206041192961 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б овогт Ц.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны оройн 17:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 дугаар  орцны үүдэнд иргэн А.Мгийн өмчлөлийн Самсунг А-3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

         1.Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

2.Хохирогч А.Мгийн мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 дугаар  орцны үүдэн дээр сууж байхад үл таних 25-30 орчим насны саарал цамцтай залуу хажуугаар гарахдаа гарт байсан Самсунг А-3 маркийн гар утсыг булааж аваад зугтаасан.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

3.”Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/168 тоот “...Самсунг А-3 маркийн гар утас 300.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/

4.Эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-21/,

5.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны оройн 17:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 дугаар  орцны үүдэнд иргэн А.Мгийн өмчлөлийн Самсунг А-3 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...үл таних 25-30 орчим насны саарал цамцтай залуу хажуугаар гарахдаа гарт байсан Самсунг А-3 маркийн гар утсыг булааж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, Ц.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр архи хэрэглэсэн байсан ба архины халуунд хажууд сууж байсан ахын гар утсыг авч зугтаасан...” гэх мэдүүлэг зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгч Ц.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.М нь гар утсаа буцаан авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

           Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Ц.Цт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Цт анхааруулсугай.  

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ОЮУНТУНГАЛАГ