Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

 

 

  2023        02          15                                   2023/ШЦТ/243

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч А.Өсөхбаяр,

хохирогч Г.М,

шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Ч.Од холбогдох эрүүгийн 2206 06119 0067 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 00 дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Х овогт Ч.О / Регистрийн дугаар: ХХ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ХХ" хотхоны ХХ байрны гараашинд байршуулсан Г.А эзэмшлийн ХХХХ УНХ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг архины шилээр цохиж хагалж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Г.Мийн гэрийн хаалганы бариулыг эвдэж 950.000 төгрөгийн буюу хохирогчид нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “...Нөхрөө энэ эмэгтэйтэй үнсэлцэж байхыг хараад ийм зүйл болсон. Миний буруу. Энэ хүнд учирсан хохирлыг төлсөн гэв....” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирогч Г.М мэдүүлэхдээ: “....Тухайн өдөр манай ажлын газрынхан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд Ч.О намайг нөхөртэйгөө үнсэлцэж байсан гэх шалтгаанаар манайд үүрээр ирж намайг маажсан. Өглөө 06 цагийн үед машины салхины шил хагалж, хаалганы бариул эвдэлж хаалган дээр хэл амаар доромжилсон үг бичсэн. Надад гэр бүл үймүүлсэн явдал байхгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Шөнийн 03 цагийн үед хаалга хүчтэй нүдээд байхаар нь хаалгаа нээсэн чинь Ч.О үгийн зөрүүгүй урдаас гараараа хүзүү рүү маажаад, хаалга өшиглөсөн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ч.О над руу янз бүрээр мессеж бичээд залгаад байсан. Тэгж байснаа орой 19 цагийн үед хаалга үүд өшиглөөд хаалганы бариулыг хугалаад, хаалган дээр юм бичээд байх шиг байхаар нь хаалгаа онгойлгохгүй байж байгаад явсны дараа нээж хартал хаалганы гадна талын төмөр бариулыг хугалж, хаалган дээр "Янхан гичий, банзал янхан" гэж бичсэн байсан. Доор гараашинд байсан приус 30 маркийн автомашины урд салхины шилийг хагалсан байсан. Үүнийг Ч.Оын нөхөр Ганзориг "нөгөө мэдрэл чинь автомашины шилийг чинь хагалсан байна" гэж хэлсэн ... Уг эмэгтэйн гаргасан үйлдлийн улмаас миний эзэмшлийн ХХХХ УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч 450.000 төгрөгийн хохирол, гэрийн хаалганы бариул хугалж, хаалган дээр элдэв бусаар доромжилж бичсэний улмаас 950.000 төгрөгийн хохирол учирсан. Миний хувьд тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 400.000 төгрөгөөр солиулсан ба гэрийнхээ хаалгыг солиулж чадаагүй байгаа. Өөрийнхөө гэрийн хаалгыг солиулахаар ямар үнэтэй байгаа болохыг судалж "Хермес барилгын материалын төвөөс асуухад 950.000 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд нэхэмжлэх гаргуулсан. Миний хувьд гэрийнхээ хаалгыг шинээр солиулж янзлуулах хүсэлтэй байна ..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 05-10 дахь тал/.

 

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16163 дугаартай "

  1. Г.Мы биед эрүү, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт. баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

"Сүлд үнэлгээ" ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 51 дэх тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 54 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 48 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, /хавтаст хэргийн 53 дахь тал/

- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Мийг нөхөртэйгөө хардаж маргалдан хохирогчийн машины салхины шилийг хагалж, гэрийнх нь хаалганы бариулыг эвдэж нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

           Шүүгдэгч Ч.Оын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О нь мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ч.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Мийг нөхөртэйгөө хардаж маргалдан хохирогчийн машины салхины шилийг хагалж, гэрийнх нь хаалганы бариулыг эвдэж нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Мийн "...Тэгж байснаа орой 19 цагийн үед хаалга үүд өшиглөөд хаалганы бариулыг хугалаад, хаалган дээр юм бичээд байх шиг байхаар нь хаалгаа онгойлгохгүй байж байгаад явсны дараа нээж хартал хаалганы гадна талын төмөр бариулыг хугалж, хаалган дээр "Янхан гичий, банзал янхан" гэж бичсэн байсан. Доор гараашинд байсан приус 30 маркийн автомашины урд салхины шилийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16163 дугаартай дүгнэлт, "Сүлд үнэлгээ" ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Ч.Оын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох  нь нотлогдон тогтоогдсон байна.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Оын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

          Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээх гэдэг ойлголт эд зүйл, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудах, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх боломжгүй болгохыг хэлдэг. Шүүгдэгч Ч.О нь хохирогчийн автомашины салхины шил, хаалганы бариулыг дахин ашиглах боломжгүй болгож гэмтээсэн үйлдэл нь дээрх ойлголтод хамаарч байна.

 

          Шүүгдэгч Ч.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

          Иймд шүүгдэгч Ч.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1.400.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгч Ч.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна .

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  нотлох баримтаар  төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хомоол овогтой Чулууны Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Си-Диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ