Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Бунжаа,

Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Цд холбогдох эрүүгийн 2235000000253 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн .....суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............... багт оршин суух хаягтай,

-урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

-2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сар, 23 хоног хорих ял,

-2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан 2003 оны 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 хоногийг нэмж бүгд 3 жил 10 хоногийн хорих ял,

-2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сарын хорих ял,

-2009 оны 7 дугаар сарын 07-ний өдрийн 101/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

-2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 3 сарын хорих ял, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож байсан, Б овогт Т-ийн Ц, регистрийн дугаар: ..........;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 10.68 м.куб хэрэглээний нойтон улиас мод бэлтгэн, Вонго Жи-3 загварын 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 2.635.656 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг: “Шүүгдэгч Т.Ц нь Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах Гаст гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 5.16 м.куб хэрэглээний нойтон улиас мод бэлтгэн, Вонго Жи-3 загварын 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 2.635.656 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго Жи-3 загварын 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70.000 төгрөгийн үнэлгээний бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг сүхийг улсын орлого болгох, хохирлыг нөхөн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Т.Ц нь үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээж, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Нэмэлт ажиллагаагаар мэргэжлийн хүмүүс үзлэг хийгээд шүүгдэгч Т.Цгийн нийт бэлтгэсэн нойтон улиас мод нь 11.16 м.куб болохыг тогтоосон. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс зөвшөөрлийн бичигтэй бэлтгэсэн 6 м.куб модыг хасахаар хууль бусаар 5.16 м.куб нойтон улиас мод бэлтгэж 2.635.656 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Модны үнэлгээний талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө, сүх зэрэг нь ахуйн хэрэгцээний эд зүйл байгаа. Т.Ц нь Увс аймгийн Тэс суманд төрсөн амьдрахын эрхээр Давст сум руу шилжин суурьшиж мал маллан амьдарч байгаа. Шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго Жи-3 загварын 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр ахуйн амьдралаа авч явдаг байсан. Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлдөг гэдгийг ойлгож нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас хохирол төлж чадаагүй. Иймд Т.Цд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын яллагчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөх гэж байсан мөнгөөрөө өвс тэжээл худалдаж авсан. Малаа зараад хохирлоо нөхөн төлнө. Бүх модоор малын хашаа барьчихсан байгаа. Намайг харж үзэж, хэргийг  надад ашигтайгаар шийдэж өгнө үү. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын эрхээр ийм хэрэг үйлдсэн. Маш их харамсаж байна” гэв.

Эрүүгийн 2235000000253 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дахь тал);

2. Мод бэлтгэх эрхийн бичиг буюу УВА-21056727, УВА-21056724 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгүүд (хавтаст хэргийн 24-30 дахь тал);

3. Давст сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Хэрэглээний мод олгох тухай захирамж, түүний хавсралт (хавтаст хэргийн 31-39 дэх тал);

4. Мод бэлтгэхэд ашигласан хөрөө, сүх болон хууль бусаар тээвэрлэсэн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-46 дахь тал);

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Давст сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар иргэдэд мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн ба тухайн захирамжийн хавралтаар иргэн Т.Цд 3 м.куб улиас мод бэлтгэх хэрэглээний эрх олгогдсон. Би сумын байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд томилогдсон тул мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрх байхгүй, Уг газар нь тусгай хамгаалалтай газрын хязгаарлалтын бүс юм. Тухайн газар энэ жил улиас мод бэлтгэхээр тусгаарлалт хийгдсэн талбай юм. ...Шинжээчийн дүгнэлтээр Т.Ц нь 16.68 метр.куб мод бэлтгэсэн. Үүнээс зөвшөөрөлтэй 6 метр модыг хасахаар хууль бусаар 10.68 метр куб мод бэлтгэсэн байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.455.194 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-66 дахь тал);

6. Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2022 оны 10 дугаар сард Т.Ц улиас мод бэлтгэж малын хашаа саравч баримаар байна, хамт бэлтгээд өг гэж хэлэхээр нь би Т.Ц, Д бид гурав Давст сумын нутаг Торхилогийн голын гүүрний дээд талаас улиас мод бэлтгэж Т.Цгийн эзэмшлийн Вонго-3 маркын автомашинаар 4 тэвш мод бэлтгэж өвөлжөөнд авч ирсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Т.Ц, Д бид нар хамт барилцсан. Тухайн үед мод бэлтгэхдээ Т.Ц мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн ба ямар хэмжээний мод бэлтгэх эрх авсныг би мэдэхгүй. Тухайн үед бид нар мод бэлтгэхдээ моторт хөрөө ашигласан ба уг хөрөө Т.Цгийнх юм" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-69 дэх тал);

7. Гэрч Е.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын эхээр би Давст сумын төв орж өвөлжөөний хашаа барих зорилгоор 3м3 улиас мод бэлтгэх хэрэгцээний эрхийн бичиг авсан. Түүний дараа нөхөр Т.Ц, Ц.Д, Д нар мод бэлтгэх эрхийн бичиг дээр заагдсан газраас хэрэглээний улиас мод бэлтгэж нөхөр Т.Ц өөрийн эзэмшлийн автомашинаар 4-5 удаа тээвэрлэж өвөлжөөнд авч ирсэн. Тухайн үед би яваагүй тул мод хаанаас бэлдсэнийг мэдэхгүй. Тухайн үед манай нөхөр өөрийн моторт хөрөөг авч явсан ба 2022 оны 10 дугаар сарын сүүлээр нөхөр Т.Ц, Ц.Д, Д нар малын хашаа саравчийг уг модоор барьсан....” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 70-73 дахь тал);

8. Гэрч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сард сумын засаг даргад малын хашаа барихаар улиас модны зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын эхээр би сумын Засаг даргын тамгын газар орж өөрийн нэр дээр 3 м куб улиас мод бэлтгэх хэрэглээний эрхийн бичиг авсан. Миний төрсөн ах Т.Ц 2021 онд шинээр өвөлжөө худалдаж авсан тул малын хашаа, байр томруулж барьмаар байна, мод бэлтгэх зөвшөөрлөө надад өгчих гээд миний зөвшөөрлийг авч Торхилогийн голын гүүрний дээд талаас мод бэлтгэж малын хашаагаа барьсан. Тухайн үед би төрсөн ах Т.Ц улиас мод бэлтгэж байхад нэг удаа очиж тусалсан ба Ц.Д, Ш.Д, Б.Б нар хамт бэлтгэлцэж байсан. Би өөрийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг авсан боловч би өөртөө ямар нэгэн мод бэлтгэж авсан зүйл байхгүй. Манайх өөрийн гэсэн өвөлжөөтэй, мал хангалттай багтдаг тул төрсөн ах Т.Ц өвөлжөөгөө томруулахад би тусалсан юм. Тухайн үед би нэг удаа түр очиж тусалсан тул хөрөө, сүх ашигласан эсэхийг мэдээгүй, төрсөн ах Т.Ц өөрийн эзэмшлийн Вонго-3 маркын машинаараа тээвэрлэж өвөлжөөндөө авч очсон байх...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 76-77 дахь тал);

9. Гэрч Ш.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 10-р сарын эхээр Давст сумын 1-р багт дүү Т.Эгийн гэрт байхад Т.Ц дүү ирж хамт яваад улиас мод бэлтгэлцээд өг гэж гуйсан. Тэр үед Т.Цгээс мод бэлтгэх гоожин бичиг авсан эсэх талаар асуухад авчихсан тул та туслаад өг гэж хэлэхээр нь Т.Ц, Ц.Д, Б.Б бид нар Давст сумын 1-р багийн нутаг Торхилогийн голын гүүрний дээд талд модон дотроос улиас мод бэлтгэж Т.Цгийн эзэмшлийн Вонго-3 маркын 31-49 УВС улсын дугаартай автомашинаар 3-4 удаа тээвэрлэж тэдний өвөлжөөнд авч ирж бүх модыг нь ашиглаж малын хашаа, байр барьсан. Тухайн үед мод бэлтгэж байхад Т.Цгээс бид нар ямар хэмжээний мод бэлтгэх зөвшөөрөл авсан эсэх талаар асуухад та нар санаа зоволтгүй, би хашаа байр /малын/ барина гээд гоожин авсан гэж хэлсэн. Тухайн үед мод бэлтгэж байхад бид нар жижиг модыг сүхээр цавчиж, том модыг хөрөөдөж бэлтгэж байсан. Тэр хөрөө, сүх хэнийх гэдгийг би мэдэхгүй, Т.Ц 31-49 УВС улсын дугаартай автомашиныг энэ хавар худалдаж авсан ба уг моднуудыг зарж борлуулсан, өөр газар буулгасан зүйл байхгүй. Бид нар мод авч ашиглаагүй, ашиг олоогүй бүгдийг нь Т.Цгийн малын байранд ашигласан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 78-80 дахь тал);

10. Гэрч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мод бэлтгэх эрхийн бичгийг авсны дараагаар хүнд худалдан борлуулах, мод бэлтгэх эрхийг бусдад олгохыг хуулиар хориглосон. Харин төрсөн ах дүү нар ямар нэг байдлаар мөнгө төгрөг хоорондоо өгөхгүйгээр, өөрийнх нь ажилд туслалцаж, нэгнийх нь ажил төрөл амжихгүй тохиолдолд мод бэлтгүүлж түүнийг ашиглахыг хуулиар хориглоогүй. ...6 метр куб мод бэлтгэх эрхийн бичгээр 16.68 метр куб мод бэлтгэж болохгүй энэ тохиолдолд 10.68 метр куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 87-88 дахь тал);

11. Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай "...Давст сумын N 50 33 54.3, Е92.40 54.0,N 50 38 42.88 Е 92.36 16.3, N 50 38 41.4, Е 92.36 15.6, N50 38 40.6, Е 92.36 15.7 солбилцолд орших газар нь ойн сангийн 1-р мужид хамрагдах, улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамрагдах ой юм. Төрийн захиргааны төв байгууллага, аймаг сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 2022 онд Давст сумын Гаст, Боом гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдсэн болно. Битүүмжилсэн мод нь Улиас мод байна. Мод 16.68 метр куб болж байна. Дээрх моднууд нь ахуйн хэрэглээнд бэлтгэсэн нойтон мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 8.591.909 (найман сая таван зуун ерөн нэгэн мянга есен зуун ес) төгрөг болж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-104 дэх тал);

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон шигтэй төмөр сүх /хуучих/, цахилгаан хөрөө, улиас мод, малын хашаа, саравчийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 111 дэх тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Бонго-жи3 загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 5.598.000 (таван сая таван зуун ерэн найман мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 112 дахь тал);

14. Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай захирамжийн дагуу эд зүйл буюу 608 модонд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 203-210 дахь тал);

15. Дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 211 дэх тал);

16. Модны хэмжээ, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Тус аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг “Гаст” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Уг газар нь газарзүйн өргөрөгийн N50038'42.8, уртрагийн Е092036'16.3 солбилцолд байрладаг, тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарна. Тус “Гаст” гэх газрыг Улсын их хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг. Иргэн Т.Цгийн бэлтгэсэн моднууд нь Улиас төрлийн мод байна. Тухайн моднууд нь 11.16 метр куб хэмжээтэй байна. Дээрхи мод нь хэрэглээний мод байна.  Уг бэлтгэсэн моднууд нь 2022 онд иргэн Т.Цгийн хэлсэн цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг моднууд нь нойтон мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ 5.700.371 (таван сая долоон зуун мянга гурван зуун далан нэг) төгрөг болж байна. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар нойтон хэрэглээний улиас модны 1 шоо.метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг 286.770 төгрөг байхаар нэгдүгээр хавсралтаар баталсан. Увс аймгийн ойн санд 2020 онд ойн тооллого буюу ой зохион багйуулалтын ажил хийж, Увс аймгийн нийт ойн санг хамгаалалтын бүсэд хамрах ой байна гэж үзэн, Ойн сангаар 1 дүгээр сужид орсон” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 221-228 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

1. Гэрч Д.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ц нь сургуульд суралцаагүй, боловсрол, мэргэжилгүй, багаасаа мал маллаж амьдарч байсан. Одоо ч малаа маллаж амьдарч, малынхаа ашиг шимээр амьдардаг, Т.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй юм. Урьд өмнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан, одоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй...Т.Цгийн зүрх нь өвддөг, байнга зүрхний эм хэрэглэдэг, урьд өмнө хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан, биеийн хөгжил хэвийн, эрүүл чийрэг биетэй, сэтгэцийн хувьд эрүүл” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал);

2. Гэрч Б.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ц нь нагац өвөө, эмээтэйгээ хамт өсөж торнисон бөгөөд цэргийн алба хаагаагүй, хөдөө мал маллаж байгаад эхнэр Отай гэр бүл болсон, сургуульд суралцаагүй, бичиг үсэг мэддэггүй, уншиж бичиж чаддаггүй. Т.Цгийнх 4 охинтой, 3 хүүхэд нь сургуульд сурдаг, бага охин нь гэртээ байдаг. Т.Ц, эхнэр О нар нь эрхэлсэн ажилгүй, хөдөө мал маллаж, малынхаа ашиг шимээр амьдардаг. Т.Ц зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, үг дуу цөөтэй, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, тусархуу, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй, хүнлэг энэрэнгүй зантай юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутагт өвөлжөөний газартай, 8 ханатай Монгол гэр 1 ширхэг, цөөхөн тооны малтай,цагаан өнгийн ачааны автомашин 1 ширхэг байдаг, өөр эд хөрөнгө байхгүй, малын ашиг шимээр амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал);

3. Т.Цгийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 147-150 дахь тал);

4. Т.Цгийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 151 дэх тал);

5. Т.Цгийн өмчлөлийн 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 153 дахь тал);

6. Т.Цгийн мал тооллогын А дансны хуулбар (хавтаст хэргийн 154-156 дахь тал);

7. Модны хэмжээ, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 221-228 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Ц нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч Т.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний хооронд Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос УВА-21056727, УВА-21056724 дугаартай, 6м.куб хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэж тээвэрлэхдээ зөвшөөрлөөс хэтрүүлэн 5.16 м.куб хэрэглээний нойтон улиас модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 2.635.656 (хоёр сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-23 дахь тал), УВА-21056727, УВА-21056724 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг (хавтаст хэргийн 24-30 дахь тал), Давст сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Хэрэглээний мод олгох тухай захирамж, түүний хавсралт (хавтаст хэргийн 31-39 дэх тал), мод бэлтгэхэд ашигласан хөрөө, сүх болон хууль бусаар тээвэрлэсэн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-46 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-66 дахь тал), гэрч Ц.Д, Е.О, Л.А, Ш.Д, М.Д нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 67-73, 76-80, 87-88 дахь тал), ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 221-228 дахь тал), шүүгдэгч Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

2. Улсын яллагчаас хэрэгт авагдсан шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Т.Цг зохих зөвшөөрөлгүйгээр,  хууль бусаар 10.68 м.куб эзлэхүүнтэй мод бэлтгэж, тээвэрлэн, ойн санд 5.455.194 төгрөгийн хохирол учруулсан гэж яллажээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас Т.Цд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэн, шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн 2 ширхэг малын хашаанд эзэмшигч Т.Цг  байлцуулж, тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн оролцуулан үзлэг хийж, хохирлын хэмжээг дахин тогтоолгосноор  шүүгдэгч Т.Ц нь хууль бусаар 10.68 м.куб биш 5.16 м.куб модыг зөвшөөрөлд зааснаас хэтрүүлж бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон байна.

Улсын яллагчаас хавтаст хэргийн 221-232 дахь талд авагдсан Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Т.Цг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний хооронд Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 5.16 м.куб хэрэглээний нойтон улиас модыг хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж, ойн санд 2.635.656 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхээс Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Цд холбогдох эрүүгийн гэмт хэргийн хохирол,хор уршгийн хэмжээг тогтоосон гэх Увс аймгийн Сум дундын ойн ангийн дарга, шинжээч М.Дээшингийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, шинжилгээний обьектоор шинжээч М.Дээшинд хүргүүлсэн “эд зүйл буюу модонд үзлэг хийсэн тэмдэглэл” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан үзлэг хийх журам, оролцогчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдож байна. Түүнчлэн шинжээч М.Дээшин нь үзлэгийн тэмдэглэлдээ Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Гаст” гэх газрыг хэзээ, хэний шийдвэрээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамааруулсан талаарх эх сурвалжийг дурдаагүй, дүгнэлтдээ холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй нь уг дүгнэлтийг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.

Иймд хууль зөрчсөн баримтад үндэслэж гаргасан, шинжээч М.Дээшингийн  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

5. Увс аймгийн Түргэн сум дахь Сум дундын ойн анги, Увс аймгийн Давст сумын засаг дарга нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-гээр Увс аймгийн Давст сумын “Гаст” гэх нэртэй газраас түлш, хэрэглээний бургас, улиас модыг уламжлалт бүтээгдэхүүн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэх 7 га газрыг тусгаарласан болох нь хэргийн 36-39 дэх  талд авагдсан мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, мод бэлтгэх талбай сонгосон тухай акт, бургасны дээж талбайн тооллогын хүснэгт, нийт талбайн тооллогын хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг, “Гаст” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрлийн дагуу цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлын зориулалтаар мод бэлтгэж болохоор байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Ц нь эрх бүхий байгууллагад түлш болон хэрэгцээний мод бэлтгэх талаар хүсэлт тавьж, албан ёсоор зөвшөөрөл авсан боловч, уг зөвшөөрлийн хэмжээнээс хэтрүүлэн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй газар нутгийн ойгоос 5.16 м.куб илүү улиас модыг цахилгаан хөрөө, сүх ашиглан бэлтгэн, тээвэрлэсэн нь тогтоогджээ.

Тодруулбал: Шүүгдэгч Т.Ц нь малын хашаа барих зорилгоор Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх газрын ойгоос 3 м.куб мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу төлбөр хураамжийг нь төлсний үндсэн дээр гаргуулан авсан, мөн өөрийн дүү Л.Ааас түүний нэр дээр олгосон, Давст сумын 1 дүгээр баг, Гаст гэх газраас 3м.куб мод бэлтгэх эрхийн бичгийг өөрийн дүү Л.Ааас авч, нийтдээ 6 м.куб мод бэлтгэх эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, 11.16 м.куб эзлэхүүнтэй мод бэлтгэсэн нь тогтоогдож байх тул Т.Цг 5.16 м.куб модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 26,29, 32-33 дахь тал),

Ойн тухай хуулийн (35.4.1) “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; (35.4.2) зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн; (35.4.3) засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр зааснаас үзэхэд гэрч Л.Ааас шүүгдэгч Т.Цд мод бэлтгэх эрхийн бичиг шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.

6. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй газрыг Монгол Улсын их хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан нь шинжээчийн дүгнэлт, түүнд хавсаргасан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Цг “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” хууль бусаар мод бэлтгэсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 228,231-232 дахь тал);

Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Иймд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Т.Ц болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн сум, орон нутгийн байгаль хамгаалагч болон холбогдох албан тушаалтнуудын зүгээс иргэдэд олгосон зөвшөөрлийн бичгээр мод бэлтгэх үйл ажиллагаанд тавих хяналт сул байгаа нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж тус тус хуульчилжээ.

Увс аймгийн Өндөрхангай, Түргэн сум дахь сум дундын ойн ангийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах, Давст сумын Торхилог багийн нутаг дэвсгэрт байрлах “Гаст” гэх нэртэй газарт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 11.16м3 эзлэхүүнтэй, улиас мод бэлтгэж, тээвэрлэсэн байх бөгөөд үүнээс 5.16 м.куб модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэсэн нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалаар 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд ойн сангийн 1 дүгээр мужид хамаарах ойгоос бэлтгэсэн улиас улиангар модны 1 шоо.метр куб модны экологи, эдийн засгийн үнэлгээг 286.770 төгрөг, хэрэглээний модны итгэлцүүрийг 1.8 байхаар тус тус тогтоожээ.

Шүүгдэгч Т.Цгийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 5.16 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход 5.16х283.770=1.464.253төгрөг,х1.8=2.635.656 төгрөг буюу шүүгдэгч Т.Цгийн ойн санд учруулсан бодит хохирлыг 2.635.656 ( хоёр сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Т.Цгийн ойн санд учруулсан бодит хохирол болох 2.635.656 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 7.906.968 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Цгээс гэмт хэргийн хор уршигт 7.906.968 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт ойн санд учруулсан хохирол 7.906.968 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 3 жилийн хугацаагаар Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70.000 төгрөгийн үнэлгээний бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг сүхийг улсын орлого болгох саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цгийн хууль бусаар бэлтгэж, малын хашаа барьсан 5.16 м.куб модны зах зээлийн үнэлгээ буюу 774.000 төгрөгийг шүүгдэгч Т.Цгээс албадан гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Вонго Жи-3 загварын 31-49 УВС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Т.Цгийн тээврийн хэрэгсэл болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хураан авч, хохирол төлөхөд зарцуулах илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Т.Ц нь үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээж, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын яллагчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Т.Ц эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ:  “Намайг харж үзэж надад ашигтайгаар шийдэж өгнө үү. 4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын эрхээр ийм хэрэг үйлдсэн. Маш их гэмшиж байна” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Т.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

-Шүүгдэгч Т.Цгийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ц нь сургуульд суралцаагүй, боловсрол, мэргэжилгүй, багаасаа мал маллаж амьдарч байсан. Одоо ч малаа маллаж амьдарч, малынхаа ашиг шимээр амьдардаг, Т.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, нийтэч, элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 82-83 дахь тал), гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Ц зан байдлын хувьд төлөв даруухан, бусадтай зөв боловсон харилцдаг, хүмүүстэй харилцах харьцаа сайтай, үг дуу цөөтэй, нийтэч, элдэв муу зуршилгүй, ажилсаг, хөдөлмөрч, илүү дутуу зангүй, тусархуу, хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй, хүнлэг энэрэнгүй зантай юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаг, өөр ямар нэг муу зуршилгүй, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутагт өвөлжөөний газартай, 8 ханатай Монгол гэр 1 ширхэг, цөөхөн тооны малтай, цагаан өнгийн ачааны автомашин 1 ширхэг байдаг, өөр эд хөрөнгө байхгүй, малын ашиг шимээр амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал) зэргийг түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

6. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Цд 1 (нэг) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурдаж, шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Т.Ц нь зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 5.16 м.куб мод бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдсон тул уг модыг гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хураан авч улсын төсөвт шилжүүлэхээр байна.

Гэвч шүүгдэгч Т.Ц нь Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Гаст” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 6 м.куб бэлтгэх зөвшөөрлөөр 11.16 м.куб мод бэлтгэж, 2 ширхэг малын хашаа барьсан  байх тул уг малын хашаанаас хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн гэх 5.16 м.куб модыг ялган хураан авч улсын орлогод оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд мөрдөн байцаалтын шатанд эрх бүхий шинжээч нь 1 куб.метр улиас модны зах зээлийн үнэ цэнийг 150.000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж, 5.16 м.куб х 150.000=774.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж, шүүгдэгч Т.Цгээс 774.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, албадлагын арга хэмжээг түүнд ашигтай байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ц нь өөрийн эзэмшлийн 31-49 УВС улсын дугаартай, Вонго Жи-3 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар бэлтгэсэн 5.16м.куб модыг тээвэрлэсэн, мөн мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө, сүх ашигласан нь тогтоогдсон тул Т.Цгийн эзэмшлийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 5.598.000 төгрөгийн үнэлгээ бүхий, цагаан өнгийн, ачааны тэвштэй, Киа вонго3 маркийн тээврийн хэрэгсэл, 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 5000 төгрөгийн үнэлгээ бүхий модон бариултай сүх зэргийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, техник хэрэгсэл гэж үзэж, шүүгдэгч Т.Цгээс хураан авч, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн  2005 онд үйлдвэрлэгдсэн, 5.598.000 төгрөгийн үнэлгээ бүхий, цагаан өнгийн, ачааны тэвштэй, Киа вонго3 маркийн тээврийн хэрэгсэл болон 2 ширхэг малын байрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, 2 ширхэг малын байр битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Цд 1 (нэг) жил зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.Ц нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Т.Цгээс гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 2.635.656 (хоёр сая зургаан зуун гучин таван мянга зургаан зуун тавин зургаа) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 7.906.968 (долоон сая есэн зуун зургаан мянга есэн зуун жаран найм) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 5.16 м.куб модны зах зээлийн үнэ 774.000 (Долоон зуун далан дөрвөн мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох Т.Цгийн эзэмшлийн, 2005 онд үйлдвэрлэгдсэн, 5.598.000 (Таван сая таван зуун ерэн найман мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, цагаан өнгийн, ачааны тэвштэй, Киа вонго3 маркийн тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, Т.Цгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл болох 70.000 (Далан мянга) төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 5000 (таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий модон бариултай сүх зэргийг шүүгдэгч Т.Цгээс албадан гаргуулж, улсын орлогод оруулж, шүүгдэгч Т.Цгийн эзэмшлийн  “Киа вонго3” маркийн тээврийн хэрэгсэл болон 2 ширхэг малын байрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай тогтоолын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, уг тогтоолын 5.23 х 20.17 м, 4.55х16 м хэмжээтэй, 2  ширхэг малын байр битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА