| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: С.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Сын Яд холбогдох эрүүгийн 2235000000227 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Сын Я, ....... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн ................. сумын 4 дүгээр багийн ................ суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Я нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ................. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баянзүрх” хүнсний дэлгүүрийн урд иргэн А.Гийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Я нь ................. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баянзүрх” хүнсний дэлгүүрийн урд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.Гийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “ С.Яын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр түүнийг оюун ухааны хөнгөн хомсдолтой, насны хувьд 9-12 насны сэтгэхүйтэй болохыг тогтоосон байдаг. Шүүгдэгч Яын учруулсан хохирлыг түүний ар гэрийн хүмүүс нь төлж барагдуулсан учраас гомдолгүй гэсэн бичгийг өмгөөлөгчөөр дамжуулж өгсөн. С.Я нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдалдаа дүгнэлт хийж байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэж заасан. Ийм учраас Ят холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Гийг зодоогүй. Хохирогч А.Г нь шатнаас унасан. Багийн дарга Уртаагийнд очиж ажиллахад эхнэр 10.000 төгрөг өгсөн. Тэдний гэрлүү орж явахад Г нь шатнаас унахад шал согтуу байсан. Хавирга хугарчихлаа гээд цагаан бөс ураад боосон. Хэд хоногийн дараа надтай тааралдаж, намайг дуудаад багийн дарга Уртаагийн хашаанд шатнаас унасан хэргээ чам руу чихээд гарчихвал яах вэ гэж хэлэхээр нь би түүнийг чадах уу гэж хэлээд өвдөглөөд дарсан. Энэ хэргийг би хийгээгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2235000000227 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-5 дахь тал);
2. Хохирогч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүү А.Бгийнд очиж ажил хийж байхдаа найзтайгаа хамт хоёр шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уучихаад найз Ж.Лагийн хамт гэрлүүгээ явж байгаад дөрвөн замын уулзвар дээр байх Баянзүрх гэх дэлгүүрийн гадна очиж амраад сууж байхад гэнэт дээлтэй хүн гарч ирээд намайг заамдаж унагааж байгаад нэг удаа өшиглөж, цээжин хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж, миний толгойг газар мөргүүлсэн, тэгэхээр нь би үхэх гэж байна намайг тавьчих гэж хэлсний дараа намайг тавьж, би чамайг ална шүү гэж элдэв янзаар хэлж байгаад миний малгайг авч яваад урчихсан... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр ирж шинжилгээ өгч нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 9, 10 дугаар хавирга хугарсан, уушги нэг талдаа бяцралттай, нэг уушги хөөсрөлттэй гэсэн тул гэмтлийн тасагт 9 хоног хэвтэж, эрчимт эмчилгээний тасагт 6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Тухайн хүнийг би таньдаг бөгөөд надтай хамт явж байсан Ж.Лын хадам дүү С.Я байсан. Би урьд өмнө таарч байсан боловч маргалдаж байгаагүй. Миний биеийн байдал дунд зэрэг бөгөөд анх эмнэлэгт ирэхэд босох чадваргүй байсан, 15 хоног эмчилгээ хийлгээд өөрөө босох чадвартай болсон. Гэхдээ амьсгалахад хүндрэлтэй удаан ярьж чаддаггүй. Амьсгалын аппарат тогтмол зүүдэг. Мөн уушги өөрчлөлттэй гэсэн тул эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явах юм бас яригдаж байгаа... ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6-10 дахь тал),
3. Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө би нөхөр хүүхдийн хамт гэртээ байж байхад манай нөхөр Гийг 08 цагийн үед нөхрийн найз болох Ж.Ла нь гэрт ирээд айлд очиж хамт юм хийе гэж хэлээд дагуулаад явсан. Би тухайн өдөр ажил дээрээ очиж цэвэрлэгээ хийчихээд 19 цагийн гэртээ ирэхэд манай нөхөр А.Г нь гэртээ ирчихсэн, баруун хацар нь шалбарч шороо болсон байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад надад шатнаас унасан гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Орой нь манай нөхөр А.Г нь унтаж байхдаа бие өвдөөд байна гэж хэлээд зовиуртай хоносон бөгөөд надад толгой өвдөж байна гэж хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой би ажлаа тараад ирэхэд нөхөр бие өвдөөд байна гэж хэлээд хэвтээд байхаар нь 103-т дуудлага өгсний дагуу эмч ирж үзээд хавирга гэмтсэн байна, ажлын цагаар ирж нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөөрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь нөхрийн хамт нэгдсэн эмнэлэг орж эмчид үзүүлээд баруун талын хоёр хавирга хугарсан тул яаралтай эмнэлэгт хэвт гэж хэлээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Мөн эмчид үзүүлж байхдаа манай нөхөр шатнаас унасан гэж мэдүүлсэн. Гэмтлийн тасагт 8-9 хоног орчим хэвтэн эмчлүүлж байхад дахин шинжилгээ авч, томографид ороход зүүн талын уушги нь бяцралттай, баруун талын хавирга хугаралттай тул бяцарсан тал нь ажиллагаа хэвийн бус байгаа тал эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явж гэмтлийн тасагт очиж дахин нарийн шинжилгээ өгөхөөр яригдаж байхад биеийн байдал нь хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжиж одоогоор 8 дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болсон. ...Баянзүрх дэлгүүрийн үүдэн дээр очоод сандал сууж байхад нь Я нь гэнэт гарч ирээд зодож байхад Ж.Ла нь салгасан зүйл байхгүй бөгөөд манай нөхөр газар уначихаад босоод ирэхэд Ж.Ла нь мөн адил байхгүй байсан учраас гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал);
4. Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед аав Гтэй хамт найз Ласүрэн согтуу ирээд манайд хононо гэж хэлэхээр нь би манай гэрт нялх хүүхэд байгаа учраас хонуулах боломжгүй, би таныг таксинд суулгаад гэрт нь хүргээд өгье гэсэн боловч Ласүрэн нь би эхнэр хүүхэдтэйгээ маргалдсаны улмаас 3-4 хоног гэртээ хариагүй байгаа тул гэртээ харьж чадахгүй гэж хэлээд гэрт хонох боломжгүй бол танай түлээний амбаарт хононо гэж хэлээд орж унтсан. Тухайн үед аав бас архи уусан байсан учраас удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь би 07 цагийн үед гадуур ажилтай байсан тул эрт гарч явахад аав болон манай гэр бүлийнхэн амралтын өдөр байсан учраас унтаад хоцорсон. Би өдөр гэртээ буцаж ирэхэд ээж ажилдаа явсан харин дүү нар байсан бөгөөд орой 19-20 цагийн үед аав ганцаараа бас архи уусан байдалтай, толгойны хэсэг нь хавдаж нүүр болон хувцас толгой нь шороо болсон мөн нурууны ар хэсэг нь өвдөж зовиуртай байна гэхээр нь юу болсон талаар асуухад эхлээд унаснаас болж гэмтчихлээ, Лааг дууд мөн цагдаа дууд гэж хэлэхээр нь Ж.Ла ах ямар хамаатай юм гэж асуухад согтуу байсан учраас Ж.Лааг дууд гээд дахин дахин хэлж байгаад өвчин намдаагч уугаад унтсан. Маргааш өглөө нь орноосоо босохгүйгээр халуурч бөөлжиж, хоол цай идэхгүй байсан учраас дахин өвчин намдаах эм уугаад байсан бөгөөд яагаад бэртсэн талаар асуухад 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ласүрэнтэй хамт айлд очиж архи уучихаад буцаж гэрлүүгээ явж байгаад дөрвөн замд байх Баянзүрх гэдэг дэлгүүрийн үүдэн дээр сууж хөлөө амрааж байхад Ласүрэнгийн хадам дүү Я нь ирээд Ласүрэнг уруу татаж гэртээ хонуулж архи ууж байна гэж хэлээд уурлаж түлхэж унагааж байгаад хавирга хэсэг рүү дэвссэн учраас хэсэг хугацаанд ухаан манарч байгаад нэг сэрээд босоход Ласүрэн болон Я нь байхгүй байсан, тэгээд би гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн. Аав бэртсэнээс хойш гурван хоног өвчин намдаагч ууж амьсгалахад хүндрэлтэй байна гэж хэлж байсан учраас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед 103 дуудахад түргэн тусламжийн эмч ирээд хавирга давхардсан байна, маргааш өглөө ирж шинжилгээ өг гэсний дагуу аав бид хоёр 14 цагийн үед Бат-Үржихүй өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай гэмтлийн эмчид очиж үзүүл гэсний дагуу гэмтлийн тасагт очиж үзүүлэхэд хавирга хугарсан тул рентгенд үзүүл гээд бичиг хийж өгсөн боловч эмчид үзүүлэх цаг дууссан байсан учраас маргааш өглөө нь үзүүлэхээр цаг авчихаад гэрлүүгээ явсан. Гэрт очиход аавын бие хөндүүрлэж өвдөж хоносон. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ээж, аав бид гурав эмнэлэг дээр очиж рентген зураг болон томографид үзүүлэхэд хавирга хугарсан учраас уушги гэмтсэн байна гээд яаралтай гэмтлийн тасагт хэвтүүлж, нарийн шинжилгээнүүдийг авсан. Гэмтлийн тасагт 8-9 хоног хэвтэн эмчлүүлж байхад биеийн байдал нь муудаж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Тухайн хугацаанд эмчилгээ шинжилгээ дутуу байгаа учраас 2- 3 хоног дахин эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу явах эсэхийг нь шийднэ гэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн эмнэлгийн машинаар эмч болон ээжийн хамт Улаанбаатар хот явсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр ээжтэй ярьж, аавын биеийн байдлыг асуухад биеийн байдал нь хүнд бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эмч нарын зөвлөгөөнөөр орно гэж хэлсэн. Баруун талын хавирга хугарсны улмаас уушги руу хатгаж уушги нь гэмтсэн мөн тухайн зүйлээс хамааран зүүн талын уушги нь бяцралт үүссэн гэж эмч нь тайлбарлаж байсан. Мөн уушгины гурван дэлбээний нэг нь хумигдсан учраас нэг нь ажиллаагүй болсон гэж ярьж байсан. Өөрөөр ямар нэг байдлаар нүүр болон бусад хэсэгт гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал);
5. Гэрч Ж.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи уусан байхдаа найз А.Гийн гэрт очиход согтуу байсан учраас Гийн охин Г.А нь намайг хүргэж өгнө гэж байсан боловч би их согтсон учраас гэртээ харихгүй гэж хэлээд тэдний түлээний амбаарт хоносон. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 24-ний өдөр би А.Гийн хамт Бгийн гэрт очсон. Учир нь Б Улаанбаатар хот явсан учраас гэрийнхээ түлхүүрийг надад үлдээж, би гэрийг нь харж байсан. Бид хоёр Бгийн гэрт 0,5 литрийн Ерөөл нэртэй хоёр шил архи уусан. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй учраас бид хоёр өдөржин хамт уусан бөгөөд би тухайн үед нилээн согтсон байсан. Бид хоёр архиа ууж дууссаны дараа нэг мэдэхэд А.Г бид хоёр дөрвөн замд явж байсан бөгөөд Баянзүрх гэдэг нэртэй дэлгүүрийн урд байх сандал дээр очоод тамхи татах гээд сууж байтал манай хадам дүү С.Я нь хаанаас ч юм гарч ирээд А.Гийг цохиж байхаар нь би очоод салгах гээд С.Яын гарнаас татахад нь би унах гээд байсан тул салгаж чадаагүй. Би тухайн үед их согтсон байсан учраас зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Г бид хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Бид хоёрыг хамт явж байхад өөр хүн А.Гийг зодож цохисон зүйл байхгүй. С.Я улаан хүрэн өнгийн дээлтэйгээ явж байсан. Ганцаараа ирсэн бөгөөд ямар нэгэн хүнтэй хамт явж байгаагүй. Би тухайн үйл явдал болсноос хойш 2-3 хоногийн дараа С.Яд чи А.Гээс очиж уучлалт гуй, настай хүнийг яагаад цохиж байгаа юм гэхэд надад уурлаж би уур хүрээд цохисон гэж хэлэхээр нь намайг А.Гтэй нийлж архидсан учраас А.Гийг зодсон гэж би хувьдаа ойлгосон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-19, 22-23 дахь тал);
6. Гэрч С.Орломын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн дүү С.Я нь А.Г гэх хүн намайг хэл амаар доромжилж миний хамраас цус гаргасан учраас би Гийг цохисон гэж хэлэхээр нь би яагаад бие муутай хүнийг цохиж байгаа юм гэж хэлэхэд намайг доромжилсон гэж хариулсан. Дахин манай нөхөр Ла нь надад хэлэхдээ хамт ажилладаг хүмүүсийн хамт Гийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон. Гийн хавирга хугарсан байна гэж хэлж байсан бөгөөд өөр ямар нэгэн юм хэлээгүй. Би Яд чиний цохисон хүн эмнэлэгт хэвтэж байна, хаана нь, яаж цохисон бэ гэж асуухад тэгсэн байна уу гэж хариулсан бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал);
7. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн А.Гийн өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 32-50 дахь тал);
8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай “Үзүүлэгч А.Гийн биед баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 28-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №11983 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 54-57 дахь тал);
9. Шүүгдэгч С.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би А.Гээс надаас авсан сандал ширээ яасан бэ гэж асуухад аваагүй гэж хэлэхээр нь би чи худлаа хэлж байна гэж хэлээд би газар унагааж дээр нь гарч суугаад миний хүргэн ахыг дагуулж архи ууж байна гэж уурлаад цохисон. Би дээр нь өвдөглөөд хэвтсэн бөгөөд намайг газар унагааж байхад нүүр нь шалбарсан байсан. Мөн намайг малгайгаар цохих гээд байхаар нь би малгайг нь аваад шидсэн. Би ихээр цохиж дэвсээгүй дээр нь өвдөглөж суусан болохоор бие нь бэртсэн байх” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал);
10. Прокурорын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (2 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал);
11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дүгаартай "...С.Я нь онош: Оюуны хөнгөн хомсдол F70 /оюуны түвшин 65%- тай, оюуны чадавхын баримжаа нас 9-12 насны дундаж ухааны хэмжээтэй/ С.Я нь оюуны хөнгөн хомсдол F70 оноштой. Энэ нь төрөлхийн өвчин бөгөөд эдгэрэх боломжгүй өвчин юм. С.Я нь болсон явдлын талаар өөрийн оюун ухааны хөгжлийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. С.Я нь тухайн хэрэг болох үе дэх сэтгэцийн байдалд оюуны хоцрогдлын дошгирол, солиорол илэрсэн үгүйг хяналтын эмч нь болон тухайн үед үзсэн эмч үнэлэх боломжтой. Одоогоор сэтгэцийн байдал нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад учирсан эмчилгээний зардал болох нэг сая төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал);
2. Гэрч Ж.Лагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Я нь сургуульд огт суралцаагүй бөгөөд төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, бага байхдаа групп тогтоолгож тэтгэмж авдаг болсон. С.Яд 2004 онд аймгийн халамжаас шинэ гэр олгож манай хашаанд ирж буусан. Түүнээс хойш оройд гэртээ хонож хоол, цайгаа манайд орж ирж идэж, уудаг. Өдөр нь гадуур явж байгаад ирдэг болсон. Заримдаа хөлсөөр ажил хийж хөлс авдаг, заримдаа өдөржин хэсээд өнждөг. Гэр бүл огт зохиож байгаагүй, мөн архи болон тамхи огт хэрэглэдэггүй. Ах дүү нарынхаа үгэнд сайн ордог. Аж амьдралын хувьд гэвэл тааруу амьдралтай гэртээ зөвхөн орж унтах амрах зорилгоор байдаг бусад үед байнга манайд хоол цай унд идэж ууж группын мөнгөөрөө амьдардаг. Хүмүүс С.Яыг Яншаа гэдгээр нь мэддэг бөгөөд гудамж талбайд шүлэг уншаад явдаг гэдгээр нь мэднэ. Хүнд тусархаг зантай байдаг болохоор хүмүүс дургүйцээд байдаггүй. Харин өөрийг нь шоолсон хүүхэд болон том хүнд огцом уурлаж айлгах тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал);
3. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 40 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201-202 дахь тал);
4. Увс аймаг дахь хууль зүйн туслалцааны төвд хүргүүлсэн Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 46-3/1910 дугаартай “С.Яд холбогдох эрүүгийн 2235000000227 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар өмгөөлөгч томилж ирүүлнэ үү” гэх албан тоот (1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал);
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дүгаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
- Шүүгдэгч С.Я нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн ................. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Баянзүрх” хүнсний дэлгүүрийн урд тодорхой шалтгаангүйгээр иргэн А.Гийн цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа 2 удаа цохиж, толгойгоор нь хүчтэй газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч С.Яын дээрх үйлдлийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхүйд нь хамарсан арьсан доорх хий хуралт бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь амь насанд аюултай, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Шүүх хуралдаанаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Тодруулбал: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Г, гэрч А.Б, Г.А, Ж.Ла, С.Орлом нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хохирогч А.Гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч А.Г, гэрч А.Б, Г.А, Ж.Ла, С.Орлом нарын мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч С.Я нь хохирогч А.Гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, түүний цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа 2 удаа цохиж, толгойгоор нь хүчтэй газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.Яыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Яын хохирогч А.Гийг зодсон үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Яыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
2. Шүүгдэгч С.Яын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд “баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхүйд нь хамарсан арьсан доорх хий хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч А.Г нь уг гэмтлийн улмаас Увс аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь хохирогч А.Гийн мэдүүлэг болон 1 дэх хавтаст хэргийн 32-50, 177-195 дахь талд авагдсан өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.
3. Хохирогч А.Г нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Яаас эмчилгээний зардалд 1.132.131 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд хохирогч А.Г нь “...Миний зүгээс эмчилгээний төлбөрөө гаргуулж авсан гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байх ба шүүхээс хохирогч А.Гэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралдаанд оролцохгүй, С.Яаас хохиролд 500.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй“ гэх хариуг өгсөн нь 2 дахь хавтаст хэргийн 52-53 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Яаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай болох нь Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Я нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол F70 /оюуны түвшин 65%, түүний оюуны чадавхын баримжаа нас 9-12 насны дундаж ухааны хэмжээтэй/ өвчтэй боловч тэрээр болсон явдлын талаар өөрийн оюун ухааны хөгжлийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл С.Я нь сэтгэцийн хувьд төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч тэрээр өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ят оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “С.Яыг шинжээчийн 5 дугаартай дүгнэлтээр оюун ухааны хөнгөн хомсдолтой, насны хувьд 9-12 насны сэтгэхүйтэй гэж тогтоосон. Мөн дүгнэлтэд шүүгдэгчийг өөртөө болон бусдад аюул учруулахгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй байх тул түүнийг оюун ухааны хомсдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн, хэрэг хариуцах чадваргүйд тооцож өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн боловч Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахгүйгээр байвал шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид шилжүүлж болно гэсэн заалтуудыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү" гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч С.Я нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснөөр хохирогч А.Г гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.Я нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Яыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Я нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч С.Яын хувийн зан байдлын талаар гэрч Ж.Лагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, С.Яын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Яд 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
8. Шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөөгийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “С.Яыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч С.Я нь энэ гэмт хэргийн улмаас Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 90 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Яын энэ хэрэгт цагдан хоригдсон 90 хоногийг түүний эдлэх хорих ял оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эдлэх хорих ялыг нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Сын Яыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Яд 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Яд оногдуулсан 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Яын энэ гэмт хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 90 (ер) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Яаас гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй, хохирогч А.Г нь цаашид нэхэмжлэх хохиролгүй гэснийг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч С.Яд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА