| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0004/З |
| Дугаар | 128/ШШ2021/0742 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2021/0742
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Б” ХХК. .
Хариуцагч: СХДТХ ТУБ Б.Ц, Ж.М.
Гомдлын шаардлага: “...СХДТХ ТУБ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч Б.Ц, Ж.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ТУБ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2017 онд 1,6 тэрбум төгрөгийн гараашны барилга худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэдгээр шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй байна. Энэ гарааш бол манай байгууллагын үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй үндсэн хөрөнгө бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн “бараа” гэдэг ойлголтод хамаарахгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг хамааруулна” гэж заасан. Яагаад бараанд хамаарахгүй вэ гэхээр энэ заалт нь ерөнхий заалт. Орчин үед бараанд бүх л төрлийн бараа, үйлчилгээ гарч ирж байгаа учраас хууль тогтоогч нар энэ заалтыг оруулж өгсөн байх. Үндсэн хөрөнгө ямар тохиолдолд бараа материал болох нь тусдаа ойлголт юм. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16-д зааж өгсөн. Худалдан бэлтгэх зориулалтаар, үл хөдлөх хөрөнгийн компанийн хувьд үндсэн хөрөнгө нь бараа материал болж байгаа. Манай компанийн хувьд худалдан борлуулах зорилгогүйгээр нягтлан бодох бүртгэлийн 16 дугаар стандартад заасны дагуу үндсэн хөрөнгийн зориулалтаар ашиглаж байсан хөрөнгө. Үүнийг улсын байцаагч нар зөвхөн “бараа” гэсэн ойлголтод хамааруулаад акт тогтоож байгаа. Татварын улсын байцаагч нараас акт тогтоохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримталсан. Уг заалтыг баримтлахдаа “...бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна...” гэж бараа гэдэг үгийг оруулсан. Уг заалт нь бүхэлдээ өөр “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна” гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөг ба түүнээс дээш төгрөг гэдгийг тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалтад хамаарахгүй” гэж заасан. Тэгэхэд улсын байцаагч нар үндсэн хөрөнгө борлуулсан учир үндсэн хөрөнгө нь хуульд зааснаар бараа болно. 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын босго хангасан учир хуульд заасан хугацаандаа төлөх ёстой гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдрийг “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөг гэж байгаа. Үндсэн хөрөнгийн борлуулалт энэ заалтад хамаарахгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хяналт шалгалт хийж байх үеийн хууль 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь онцлог зохицуулалттай. Шууд авдаг ашиг, үндсэн хөрөнгөөс авдаг татвар биш эдийн засгийг хянах зориулалтаар гарч ирсэн хасалт хийдэг онцгой татвар юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т “үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн. Маргаан бүхий үндсэн хөрөнгийг анх худалдан авахад мэдээж зах зээлээс Нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа бүтээгдэхүүнээс худалдан авч борлуулсан боловч худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаагүй байгаа. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр маргаан гарсны даргаа, акт тавигдсаны дараа хуульд өөрчлөлт орсон. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хасалттай холбоотой заалт орсон. Үүнд “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан барааг ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдаж авсан бол борлуулахдаа хасалт хийдэг. Хасалт хийсэн бол татвараа төлдөг. Энэ ойлголт нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тодорхой болсон. Үүнээс өмнө маргаантай байсан. 2015 оны хуулиас өмнө хэрэгжиж байсан хуульд аж ахуй нэгж дээр үндсэн хөрөнгө борлуулчхаад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлдэг байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь аж ахуй нэгжид ашигтай байдаг. Зах зээл дээрээс худалдан авах борлуулалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалтаасаа хасалт хийж татвараасаа хасагдуулж тооцдог байсан. Энэ хандлагаасаа салахгүйгээр үндсэн хөрөнгө борлуулсан 50 сая төгрөг хүрсэн гэж татвар ногдуулж байгаа нь хууль бус юм. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан тодорхой байх, 5.1.3-т заасан шударга байх зарчимтай. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн өөрчлөлтөөр үндсэн хөрөнгө худалдан авсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийдэг болсон. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш борлуулсан үндсэн хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь зөв байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуулиар жил бүр тогтоодог. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүр хуулиар тогтоож байгаа. Үндсэн хөрөнгө дээр 2 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар тооцно. Үндсэн хөрөнгө ашиглалтын татвар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувиар тооцож татвараа төлсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар авдаг. 2017 онд үндсэн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувиар татвараа төгсөн. Татварын улсын байцаагч нар хасалт хийгээгүй барилга борлуулсан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 10 хувиар татвар авах гээд, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэж 2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүр авдаг. 3 төрлийн татварыг нэг хөрөнгөөс авах нь шударга байх зарчмыг зөрчиж байна. Хэрвээ шүүх энэ бараанаас заавал нэмэгдсэн өртгийн албан татвар авах ёстой гэж үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохиролцсон хуваарийн дагуу гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийг нэг өдөр зараагүй зээлээр борлуулсан нь санхүүгийн түрээсэнд хамаарна. Тэгвэл хяналт шалгалт хийж байх хугацаанд 300 сая төгрөгтэй холбоотой татвар ногдуулах байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-т эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн шийтгэлийн хуудсыг ажлын 9 өдрийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шуудангаар хүргүүлсэн. Энэ үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот томилолтын дагуу хяналт шалгалтыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 76 хоног хийж хугацаа хэтрүүлсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх хугацаа хугацаа 14 хоног байна. Шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн эрх бүхий албан тушаалтан 14, прокурор 30 хоногоор сунгах эрхтэй гэтэл ийнхүү сунгалт хийгээгүй ба, сунгалт хийсэн байсан ч хугацаа хэтрүүлсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох заалтын 1.4-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх хугацаа дууссан тул бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй.
Үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн татварыг хасахгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заалтыг “Б” ХХК-д хамааралгүй, “Н П” ХХК-д хамааралтай гэж хуулийг буруу тайлбарлаж байна. Энэ заалт бүх компанид хамааралтай. Борлуулсан байхад өмнө нь хасалт хийх эрхийг олгоогүй. Тэрбум 800 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийгээгүй байхад энэ заалт хамаарахгүй гэж буруу тайлбарлаад байна. Нөгөө талдаа энэ заалтаа “НП” компани хэрэгжүүлж хасалт хийгээгүй учир нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зорилт бол эдийн засгийг хянах, хасалт хийх. Иргэд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгож урамшуулал олгож байгаа нь хуулийн зорилго нь татвар авах гэхээсээ илүү эдийн засгаа хянах, 2019 оны хуулиар манайх хасаад “Н п” төлнө товчхондоо ийм л ойлголт” гэв.
Хариуцагч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, “Б” ХХК нь 2006 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө дансыг 124,500.000 төгрөгөөр нэмэгдүүлж дансны бичилт хийсэн. Хоёрдугаарт, дээрх санхүүгийн тайланд тусгагдсан үндсэн хөрөнгө дансны бичилтийг үндэслэн татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн системд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлийн 2006 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хийж ГЗ-******* тоот гэрчилгээг олгосон байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдсэн байна. Эдгээр бүртгэлийг “Б” ХХК санхүүгийн болон татварын тайландаа тусгаж татварын албанд бүртгэгдсэн. Иймд 2017 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэх орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ, хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаа эсхүл иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг заасныг “Б” ХХК хамааруулан ойлгож тайлбарлаж байна. Харин бид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойших хугацаанд олсон албан татвар ногдох орлогыг зөрчилд тооцсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээдийн борлуулсан үндсэн хөрөнгөд албан татвар ногдуулах эсэх, албан татвар төлөгчийн босго хангах орлогод үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарах эсэх эргэлзээтэй асуудлын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинэчилсэн найруулгаар 5 дугаар зүйлийн 5.5-т “энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй гэж эцэслэн шийдвэрлэж тайлбарлаж байна. Хоёрдугаарт энэхүү нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-т үндсэн хөрөнгийн мөрдөх хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх эсхүл түүнээс хойших санхүүгийн жилүүдэд хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайлант үе нь дуусгавар болох аж ахуй нэгжүүд түрээсийн гэрээнд СТОУС 16 зайлшгүй мөрдөх ёстой гэсэн зохицуулалттай байх тул маргаан бүхий захиргааны актад тавигдсан зөрчилд одоо хамаарахгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэсэн зохицуулалт нь Б ХХК-д хамаарахгүй харин худалдан авагч тал болох “Н П” ХХК-ийн нягтлан бодох бүртгэл болон татварын бүртгэлд дараах байдлаар хөтлөх байсан. Нягтлан бодох бүртгэл талаасаа “Н
П” ХХК нь үндсэн хөрөнгийг тэрбум 800 сая төгрөгөөр, энэ нь нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан дүн. Кредит талдаа мөнгөн хөрөнгө бэлнээр 600 сая төгрөг урьдчилж төлснөөр дансны өглөг нэг тэрбум 200 сая төгрөгөөр хүлээн зөвшөөрөх байсан. Нөгөө талдаа татварын бүртгэлд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа ажил үйлчилгээний үнийн дүнг нэг тэрбум 636,363,636.36 мөнгөөр хүлээн зөвшөөрөх, түүнд худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварт 163,636,364.64 мөнгөөр хүлээн зөвшөөрөх байсан. Худалдан авалтын бараа ажил үйлчилгээнд төлсөн хасагдсан нэмэгдсэн өртгийн албан татвар дүн нь 163,636,363.64 мөнгө байх байсан. Үүнээс үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 163,636,363.64 мөнгө байх байсан. Үндсэн хөрөнгийг худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэдэг нь энэ бичилт зөвхөн “Н П” ХХК-д хамаарна.
“Б” ХХК-д энэ заалт хамаарахгүй. Хэрвээ “Б” ХХК борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвар шивж өгсөн бол цаад компани нь шивэлтээ хийгээд, нэг тэрбум 800 сая төгрөгөөр үндсэн хөрөнгөө хүлээн зөвшөөрөөд нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа ногдуулаад, эргээд хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татвараар хасаж өгөх тайлангаар явах байсан. Ногдоод хасахаар ямар ч татвар ногдохгүй гэсэн. Энэ эрхийг нь эдлүүлээгүй. Маргаан бүхий захиргааны актад авагдсан зөрчил нь бараа борлуулагч буюу “Б” ХХК-д хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого, түүнд ногдох албан татварын тухай байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсөн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол гэж тодорхой зааж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1-т хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна. 7.1.1-т Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1-т албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна. 8.1.1-т бараа ажил үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан тухай бүрт гэж заасны дагуу “Б” ХХК нь нягтлан бодох бүртгэл болон татварын бүртгэлийг дараах байдлаар бүртгэх байсан. Нэг тэрбум 800 сая төгрөгөөр гэрээ хийгдсэн учраас нэг тэрбум 800 сая төгрөгөөр борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч 600 сая төгрөгийг урьдчилан төлсөн буюу бэлэн мөнгөөр авсан мөнгөн хөрөнгөөр, нэг тэрбум 200 сая төгрөгийг 24 сарын хугацаанд барагдуулахаар гэрээ хийсэн гэж үзвэл авлагаар хүлээн зөвшөөрөх байсан. Борлуулалтын орлогод борлуулалт, борлуулалтын орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг гэж салгаж тусгаж өгөх ёстой байсан.
“Б” ХХК-ийн гомдлын шаардлагын хоёрдугаарт хэрвээ үндсэн хөрөнгийн борлуулалтаас заавал албан татвар авна гэж үзвэл гэдэгт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийн дагуу баримтлан тухай бүрт гэж заасан. Манай компани борлуулсан үндсэн хөрөнгө санхүүгийн түрээсийн хэлбэрээр буюу зээлээр борлуулж сар бүр төлбөр төлөх хуваарийг гаргасан. 2017 онд хуваарийн дагуу 300 сая төгрөг орж ирсэн ба үүнд ногдох татварыг ногдуулах учиртай гэжээ. Харин санхүүгийн түрээс буюу лизингийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т санхүүгийн түрээс дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан байна. 5.1.1-т гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байна. 5.1.2-т гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны 4/3-аас багагүй байхаар тогтоосон байх, мөн зүйлийн 5.2-т энэ зүйлийн 5.1.2-т заасан хугацааг Аж ахуй Нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хугацааг баримтлан тогтооно гэж заасныг хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь “Б” ХХК нь “Н П” ХХК-тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-т энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн -******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байна. Мөн гэрээний хавсралт №1-т “Н П” ХХК нь үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал буюу 24 сарын хугацаатай байна. Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож түүний элэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна. Барилга байгууламж 40 жил гэж заасныг нийцэхгүй байна гэж үзэж байна. “Б” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2006 онд санхүүгийн тайланд бүртгэсэн. 2017 оны эхний хагас жил хүртэл буюу 12 жил ашигласан. Үлдэх ашиглалтын хугацаа 28 жил бөгөөд түрээсийн гэрээний хугацааг 21 жилээр байгуулах байсан” гэв.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудас нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Энэ өдөр бид “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Т гэдэг хүнтэй утсаар ярьж мэдэгдэхэд ажил явдал гадаа хөдөө явсан өөрийн биеэр очиж гардаж авна гэж хэлсэн учраас өөрийг нь ирэхийг хүлээсэн. Удаа дараа утсаар ярьж хүлээгээд ирээгүй учраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр илгээсэн. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярьсан, өөрт нь мэдэгдсэн нь шийтгэлийн хуудсыг 3 өдрийн дотор биечлэн танилцуулна, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж мэдэгдэнэ гэдэгт хамаарна. Утсаар ярьсан нь харилцаа холбооны хэрэгсэл ашигласан гэсэн үг. Томилохтой холбоотой Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ. Зөрчил үйлдсэн нь тодорхой, зөрчилд учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчил нь тодорхой байсан учир прокурор заавал хянах шаардлагагүй. Эрсдэлийн түвшин 46 хувьтай дунд эрсдэлтэй байсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ гэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т борлуулах, “Б” ХХК, “Н п” ХХК-тайлбар байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр борлуулсан. Гэрээний 3.3-т энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно. Улсын бүртгэлд бүртгүүлээд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Санхүүгийн түрээс гэж ойлгохгүй, худалдсан гэж ойлгоно” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Б” ХХК-аас СХДТХ ТУБ Б.Ц, Ж.М нарт холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдол /нэхэмжлэл/ гаргасан ба уг шаардлага бүхий гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.
Шүүх, гомдол гаргагч “Б” ХХК-ийн гомдолд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тэдгээрийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хянаж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын бүртгэлийн 90******* дугаар гэрчилгээтэй, ******* дүгээр регистртэй, гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг татвар төлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, “Б” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Ж.М нар хяналт шалгалт хийх ******* дүгээр томилолт, татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжийн дагуу иж бүрэн хяналт шалгалт хийж, 1,659,090,908.00 төгрөгийн татварын зөрчил илрүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 165,909,089.00 төгрөгийн нөхөн татвар, 49,772,724.00 төгрөгийн торгууль, 1,161,453.00 төгрөгийн алданги, нийт 216,843,266.00 төгрөгийн төлбөр ногдуулж, арга хэмжээ авсныг гомдол гаргагч /нэхэмжлэгч/ нь бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Гомдол гаргагчийн зүгээс “татвар ногдуулсан гарааш нь манай байгууллагын үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй байгаа хөрөнгө бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “бараа” гэсэн ойлголтод хамаарахгүй, хуулийг буруу тайлбарласан, татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүргүүлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж маргасан бол хариуцагчийн зүгээс “татварын хяналт шалгалтыг хуулийн хүрээнд явуулсан, бараа борлуулагч буюу “Б” ХХК-д хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого, түүнд ногдох албан татварын тухай асуудал байсан учраас хууль зөрчөөгүй...” хэмээн тайлбарлаж, гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.12, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т: “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, ... 11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.12, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий татварын улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Энэ утгаараа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч татварын улсын байцаагч нар нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь 070808 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал түүнд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухайд, гомдол гаргагч “Б” ХХК нь 2015 онд 11,363,636.00 төгрөгийн түрээсийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй, 2017 онд 1,636,363,636.00 төгрөгийн гараашны барилга худалдан борлуулсан орлого, нийт 1,647,727,272.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг тус тус гаргасан нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн. Тодруулбал,
2015 онд 11,363,636.00 төгрөгийн түрээсийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 1,136,363.00 төгрөгийн нөхөн татвар, 340,908.00 төгрөгийн торгууль, 227,272.00 төгрөгийн алданги,
2015 онд 11,363,636.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 1,136,363.00 төгрөгийн нөхөн татвар, 340,908.00 төгрөгийн торгууль, 227,272.00 төгрөгийн алданги,
2017 онд 1,636,363,636.00 төгрөгийн гараашны барилга худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 163,636,363.00 төгрөгийн нөхөн татвар 49,090,908.00 төгрөгийн торгууль, 706,909.00 төгрөгийн алданги.
Нийтдээ 1,659,090,908.00 төгрөгийн зөрчилд 165,909,089.00 төгрөгийн нөхөн татвар, 49,772,724.00 төгрөгийн торгууль, 1,161,453.00 төгрөгийн алданги нийт 216,843,266.00 төгрөгийн төлбөр ногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Гомдол гаргагчийн зүгээс үнийн дүн бүхий түрээсийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлөө хүлээн зөвшөөрч, 2017 онд 1,636,363,636.00 төгрөгийн гараашны барилга худалдан борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан 163,636,363.00 төгрөгийн нөхөн татвар 49,090,908.00 төгрөгийн торгууль, 706,909.00 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх зөвшөөрөөгүй хэсэгт нь дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.
“Б” ХХК нь 2006 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгө /өмч/-ийг 124,500,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авч, татварын албаны татвар төлөгчийн бүртгэлийн системд бүртгэл хийлгэсэн, энэ нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05/2152 дугаар албан бичгээр ирүүлсэн санхүүгийн баталгаажсан тайлан, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/5737 албан бичгээр гаргаж ирүүлсэн тус компанийн 2013-2017 онд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тооцооллыг татварын удирдлагын нэгдсэн системийн баримт зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр татварын албанд бүртгүүлсэн байна.
Гомдол гаргагч “Б" ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хавсралтын хамт үйлдэж, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо ******* *******ийн гудамж ******* тоот хаягт байрлах 714 м.кв тайлбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /гарааш/-ийг 1,800,000,000.00 төгрөгөөр “Н п” ХХК-д худалдахаар тохиолцож өмчлөлд нь шилжүүлсэн байна.
Гомдол гаргагчийн “үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй байгаа гараашны барилга нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан бараа гэсэн ойлголтод хамаарахгүй” гэх үндэслэлийн тухайд.
Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 6 дугаар зүйлийн 6.1-д: “татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-т: “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-т: “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг”, 7 дугаар зүйлийн 7.1-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т: “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-т: “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-т: “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж зааснаар ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр худалдан борлуулж буй үл хөдлөх хөрөнгө болох гараашны барилга нь мөнгөн хөрөнгөөс бусад эд хөрөнгө гэсэн ойлголтод хамаарч, барааг борлуулагч буюу “Б” ХХК-ийн борлуулсан бараанд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлого, түүнд ногдуулсан албан татвар болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөс баталсан Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2 - Бараа материал стандартад: “Бараа материал гэдэг нь дараах хөрөнгүүд юм. а/бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулахаар эзэмшиж байгаа, б/ингэж борлуулахын тулд үйлдвэрлэлийн процессод байгаа, эсвэл в/ үйлдвэрлэлийн процессод эсвэл үйлчилгээ үзүүлэхэд ашиглан зарцуулагдах материал буюу хангамжийн зүйлсийн хэлбэрээр байгаа...” гэж заажээ. Энэ утгаараа “Б” ХХК-ийн үнийн дүн бүхий худалдан борлуулсан гараашны барилгын борлуулалт нь нягтлан бодох бүртгэлээр болон татварын тайлангийн бүртгэлээр орлого /бараа/ гэх ойлголтод хамаарч байна.
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 16 - Үндсэн хөрөнгө стандартад: “Үндсэн хөрөнгө гэдэг нь дараах шинжтэй биет зүйлсийг хэлнэ. Үүнд: а/бараа, үйлчилгээний үйлдвэрлэл буюу нийлүүлэлтэд ашиглах, бусдад түрээслэх эсвэл удирдлагын хэрэгцээнд ашиглах зорилгоор эзэмшиж байгаа, ба б/нэгээс дээш тайлант үед ашиглагдахаар хүлээгдэж буй..” гэж заасан байна. Гомдол гаргагчийн “манай компанийн хувьд худалдан борлуулах зорилгогүйгээр нягтлан бодох бүртгэлийн 16 дугаар стандартад заасны дагуу үндсэн хөрөнгийн зориулалтаар ашиглаж байсан хөрөнгийг улсын байцаагч нар зөвхөн “бараа” гэсэн ойлголтод хамааруулаад акт тогтоож байгаа нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д: “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлийн 5.2-т: “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1: “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 5.5-д: “Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй” гэж хуульчилсныг иш татан,
Гомдол гаргагч талаас гомдлын шаардлагын бас нэгэн үндэслэл болгож “...улсын байцаагч нар үндсэн хөрөнгө борлуулсан учир үндсэн хөрөнгө нь хуульд зааснаар бараа болно, 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын босго хангасан учир хуульд зааснаар татвар төлөх ёстой гэж үзсэн. Үндсэн хөрөнгийн борлуулалт энэ заалтад хамаарахгүй, үндсэн хөрөнгөөс авдаг татвар биш эдийн засгийг хянах зориулалтаар гарч ирсэн хасалт хийдэг онцгой татвар юм. 2017 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэж 2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрээр төлсөн байхад Татварын улсын байцаагч нар хасалт хийгээгүй барилга борлуулсан байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар 10 хувиар татвар авахаар шийдвэрлэсэн нь хууль бус, 3 төрлийн татварыг нэг хөрөнгөөс авах нь шударга байх зарчмыг зөрчиж байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн өөрчлөлтөөр үндсэн хөрөнгө худалдан авсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийдэг болсон. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш борлуулсан үндсэн хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах ёстой...” зэргээр тайлбарлан маргаж байна.
Шүүх дүгнэхдээ, “Б” ХХК 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр татварын албанд бүртгүүлсэн, энэ үйл баримттай маргаагүй. Ийнхүү нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс хойших хугацаанд бий болсон албан татвар ногдох орлого байна. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум найман зуун сая төгрөгөөр гараашны барилга худалдахаар борлуулалт хийхдээ зургаан зуун сая төгрөгийг урьдчилан бэлэн мөнгөөр буюу мөнгөн хөрөнгөөр, үлдэгдэл тэрбум хоёр зуун сая төгрөгийг 24 сарын хугацаанд хуваан төлөхөөр гэрээ хийж авлага байдлаар дансандаа тусгаж тайлагнасан байна. Энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөр орсон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д: “Энэ хуулийн 4.1.8, 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт гэдэгт тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй” гэх заалт нь маргааны зүйлд үндэслэл болохгүй, харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед авч үзэх заалт байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг нэг өдөр бэлэн мөнгөөр шууд зараагүй зээлээр борлуулсан нь санхүүгийн түрээс ба хяналт шалгалт хийж байх хугацаанд орсон 300 сая төгрөгтэй холбоотой татвар ногдуулах байсан гэх үндэслэлийн тухайд.
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т: “Санхүүгийн түрээс дор дурдсан шаардлагын аль нэгийг хангасан байна” 5.1.1-т: “гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгасан байх” 5.1.2-т “гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх” гэж заасан ба гомдол гаргагчийн тавьж буй үндэслэл нь энэ хуулийн агуулгад нийцэхгүй байна. Татвар ногдох зүйлээр маргаж буй гараашны барилга нь “Н п” ХХК-ийн нэр дээр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр огноолон эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон, үүгээрээ санхүүгийн түрээсийн гэрээний дагуу “Б” ХХК-ийг төлбөрөө авч байсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Татварын улсын байцаагчид шийдвэр гарсны дараа татвар төлөгчид хуулийн хугацаанд мэдэгдсэн, татвар төлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хүлээсний дараа шуудангаар илгээсэн нь хууль зөрчөөгүй, “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байсан” гэх гомдол гаргагчийн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.
“Б” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар нийт 1,659,090,908.00 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах ...”, 18.1.14-д “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг 2015 онд 11,361,636.00 төгрөгийн түрээсийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, 2017 онд 1,636,363,636.00 төгрөгийн гараашны барилга худалдан борлуулсан орлого 1,647,727,272.00 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй нь татварын зөрчил нь тогтоогдсон гэж үзэж,
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.2-д “...татварыг хугацаанд нь төлөөгүй...”, зэргийг үндэслэн эрх бүхий улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 4-д “... татварыг төлөөгүй бол ... 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар холбогдогч “Б” ХХК-ийн нөхөн татвар, торгууль, алдангийг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д: “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон 2017 оны 7 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.
Энэхүү хэрэг нь “гомдол”-оор үүсэх тусгай журмаар шийдвэрлэх маргаан, хэргийн хугацаа тусгай журмаар шийдвэрлэгдэх маргааны зохицуулалтаар сунгагдсан, ийм учраас шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн нэхэмжлэгч бус “гомдол гаргагч” гэж бичсэн, давж заалдах хугацааг шүүх хуралдааны үед тайлбарлаж өгснийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Ж.М нарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б