| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0152/З |
| Дугаар | 221/МА2025/0143 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0143
“У ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Д.М
Нэхэмжлэлийн шаардлага “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, П.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.П, Б.Б, С.М
Гуравдагч этгээд Ё.Э, Л.Н, С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0152/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У ” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, 11.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б, 14.7.2.в, 14.7.2.г дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах” тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай “У ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3-д дүгнэхдээ тухайн албан бичигт дурдагдаагүй үгийг нэмж бичсэн буюу “шинэчилсэн график төлөвлөгөөнд сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй” гэж албан бичгийн утга агуулгад өөрчлөлт оруулан дүгнэсэнд гомдолтой байна. Мөн Нийслэлийн Засаг даргын А/00 дугаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамжийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, журам нь үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 г-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах” гэж заасны дагуу манай компани өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулан 80 хувьд хүрсэн тул гэрээг хянуулахаар Нийслэлийн Засаг даргад хандаж байсан. Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дүгээр хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт мөн дурдсан байгаа. Уг шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсарган өгсөн. Гэтэл шүүх гэрээ байгуулаад 80 хувьд хүрсэн талаар дүгнэсэн нотлох баримтыг үнэлээгүй, хуулийн зохицуулалт нь үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй.
3.2. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны ямар журмыг манай компани зөрчсөн эсэхийг хариуцагч тал нотлоогүй байхад шүүх дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Тухайлбал, “төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй” гэх зохицуулалтын хувьд манай компани тухайн хугацаанд календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан, өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулан 80 хувьд хүрч гэрээг хянуулахаар Нийслэлийн Засаг даргад хандсан. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа гүйцэтгэж байсан. “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад уйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх зохицуулалтын хувьд өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулан 80 хувьд хүрсэн нөхцөлд гэрээг Нийслэлийн Засаг дарга хянан баталгаажуулсны дараа барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоно. Эдгээр зохицуулалтууд нь зөвшөөрөл авснаас хойш хийгдэх ажлууд юм. Нийслэлийн Засаг дарга гэрээг хянан баталгаажуулаагүй тул уг зохицуулалт төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахад хамааралгүй болох юм. “төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй” гэх зохицуулалтын хувьд манай компани Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжийн дагуу төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш тухайн журамд заасан хугацаанд буюу 45 хоногийн дотор төлөвлөгөөгөө батлуулж, уг төлөвлөгөөний дагуу төслийн ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 80 хувьд хүрсэн гэрээг хянаж өгөлгүй 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Манай компаний зүгээс дээрх захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр захирамжийг хүчингүй болгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон … Бид 2021 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн ажлаа гүйцэтгэж байсан боловч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 тоот захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, уг захирамжид гомдол гарган 2022 оны 3 сараас 2023 оны 05 сар хүртэлх хугацаанд шүүхээр явж шийдвэрлүүлсэн. Шүүхээр явсан 1 жил 2 сарын хугацаанд батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх ямар ч боломж байгаагүй.
3.3. ... Нийслэлийн Засагдаргын А/00 дугаар захирамжийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт үндэслэлтэй эсэх талаар шүүхээс ямар ч дүгнэлт гаргаагүй байж “... төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан нь “хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, захирамжид үндэслэсэн хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий ...” байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Манай компани төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш журамд заасан хугацаанд буюу 45 хоногийн дотор календарчилсан төлөвлөгөөгөө батлуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн ажлаа гүйцэтгэж байсан. Журмын 7.4-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөөг батлуулаагүй тохиолдолд …” гэж заасан байх бөгөөд уг зохицуулалт дээр төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш, календарьчилсан төлөвлөгөөг батлуулаагүй тохиолдолд гэж заасан байгаа болохоос биш батлагдсан төлөвлөгөөг 45 хоногийн дотор шинэчлэн батлуулах үүрэгтэй гэх агуулга байхгүй байна. Тус журмын 7.4-д заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдсон. Гэтэл урьдчилсан нөхцөл бүрдээгүй, нотлогдоогүй байхад шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.
3.4. Хариуцагч тал 2022 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шалтгааны улмаас 1 жил 2 сарын хугацаанд шүүхээр явж, батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж чадаагүй нь манай компаниас шалтгаалаагүй болно. Шүүхээр явсан хугацааг шинэчилсэн төлөвлөгөөнд тусгаад, хугацаагаа сунгаад шинэчлээд өгөхөөр уг төлөвлөгөөг баталж өгдөггүй. Тэгсэн хирнээ А/00 дугаар захирамжаар төлөвлөгөөг батлуулаагүй гэх үндэслэлээр дахин төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Шүүхээс манай компанийн батлагдсан төлөвлөгөөг дүгнээгүй атлаа, огт төлөвлөгөө батлуулаагүй мэтээр журмыг буруу тайлбарлан дүгнэсэнд гомдолтой байна ... Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б, журмын 7.4-д заасан зохицуулалт нь анх удаа төлөвлөгөөг батлуулахад өмчлөгч иргэдийн саналыг тусгасан төлөвлөгөө боловсруулах ёстой гэх агуулгатай юм. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-д сууц өмчлөгчийн саналыг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй гэж төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг хуульчилж өгсөн. Өмчлөгч иргэд хүсэлт гаргаагүй байхад бид график төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах үндэслэлгүй юм. Харин шүүхийн шийдвэрийн дагуу төслийн ажлаа үргэлжлүүлэхэд төлөвлөгөөг шинэчлэн батлуулах шаардлагатай байна гэх Хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичгийн дагуу шинэчилсэн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн. Уг шинэчилсэн төлөвлөгөөнд төсөл хэрэгжих үеийн гүйцэтгэх ажлын агуулгад ямар ч өөрчлөлт ороогүй, зөвхөн хугацаа сунгагдсан болно. Хэрэв хариуцагч тал 2022 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, шүүхээр маргаж 1 жил 2 сарын хугацаа алдаагүй байсан бол график төлөвлөгөөний хугацааг сунгаж батлуулах асуудал үүсэхгүй байсан. Хариуцагч тал өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас үүсгэсэн төлөвлөгөөний хугацаатай холбоотой асуудлаа манай компанийн буруу мэтээр тайлбар өгч, өөрсдийн сонгон шалгаруулсан төслийн ажлаа дэмжин ажилладаггүй, оршин суугчдыг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж, төсөл хэрэгжүүлэгч компанийг их хэмжээний хохиролд оруулаад байна.
3.5. Манай компани 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 65/23, 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 67/23 дугаар албан бичгээр 9 сарын хугацаатай шинэчилсэн төлөвлөгөө батлуулах хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн боловч хэт урт хугацаа байна гээд баталж өгөөгүй. Хугацааг багасгаад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115/23, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185/23, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/24 дугаар албан бичгүүдээр дахин өгсөн боловч бас л батлаагүй. Хариуцагч талаас оршин суугчид уг төлөвлөгөөг дэмжээгүй гэж тайлбарладаг хирнээ төлөвлөгөөтэй холбоотой оршин суугчдын гаргасан нэг ч өргөдөл, гомдол хэрэгт байдаггүй … Бид 2021 онд дээрх бүх асуудлыг тусгасан төлөвлөгөөг батлуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу ажиллаж, өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулан 80 хувьд хүрсэн. Гэрээг хянаж, батлуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байсан боловч гэрээг хянан батлаагүй, шууд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж гаргасан. Уг захирамжид манай компани шүүхэд хандан гомдол гаргасан. Шүүхээс төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамжийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд 1 жил 2 сарын хугацаа алдсан. Энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэдгийг шүүх тогтоосон … манай компани өмчлөгч иргэдийн саналыг тусган эцэслэн боловсруулсан төлөвлөгөөг батлуулж, өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулан 80 хувьд хүрсэн. Батлагдсан төлөвлөгөө гэрээний салшгүй нэг хэсэг тул 80 хувьд хүрсэн гэрээнд хавсаргадсан байгаа. Бид Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б дэх заалтуудыг огт зөрчөөгүй.
3.6. … Манай компани 2021, 2022 онуудад сууц өмчлөгчтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулан 80 хувьд хүрсэн. Уг гэрээ хучин төгөлдөр хэвээр байгаа Гэрээг хянуулахаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20/22 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан боловч хянаж өгөөгүй, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан захирамж гаргасан. Уг захирамжид бид гомдол гаргаж, гурван шатны шүүх цуцалсан шийдвэрийг хүчингүйд тооцож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10/1227 тоот “төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, ажлаа эхлүүлэх” талаарх албан бичгийг манай компанид ирүүлсэн. Уг албан бичгээр төлөвлөгөөгөө батлуулж, дараа нь ажлаа эхлүүлэх логик дараалалтай гэж үзсэн. Иймээс ч дээрх албан бичигт дурдсан хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн зүгээс 65/23 тоот албан бичгийг хүргүүлж, төлөвлөгөөг шинэчлэн батлуулах хүсэлтийг өгсөн. Уг төлөвлөгөөнд төслийг дэмжихгүй өмчлөгч иргэдтэй гэрээ байгуулахад “хүндрэл бэрхшээлтэй байгаа, түүнчлэн хүйтний улирал эхэлж байгаагийн улмаас нуүлгэн шилжүүлэх боломжгүй” тухай үнэн учир байдлаа дурдаж хоёр болон гурван талт гэрээ байгуулах хугацааг 9 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг тавьсан. Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх хугацааг хэтэрхий урт байна гэсэн хариу тайлбарыг аман байдлаар өгсөн. Ингээд манай компанийн зүгээс хугацааг багасгаад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115/23, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 185/23, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/24 дугаар албан бичгүүдээр “шинэчилсэн төлөвлөгөө”-г дахин илгээхдээ өмчлөгч иргэдтэй хоёр болон гурван талт гэрээг байгуулах ажлыг 6 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн төслийг хэрэгжүүлж дуусах эцсийн хугацаа 2027 он боловч орон сууцаа чөлөөлсөн иргэдийг 2026 оны 06 дугаар сард шинэ орон сууцанд оруулахаар төлөвлөсөн юм. Уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй цаг хугацааны хувьд маш удсан … Манай компанийн зүгээс гурван шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш төслийн ажлаа үргэлжлүүлэхийн тулд Хот байгуулалт, хөгжлийн газраас тавьсан шаардлагын дагуу төлөвлөгөөг шинэчлэн батлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч батлаагүй, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн А/00 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Ийнхүү шүүхийн шийдвэрт дурдаад байгаа захиргааны байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээ биелүүлэхгүй, оршин суугчдыг зөв мэдээллээр хангахгүй, өөрсдийн хэрэгжүүлж буй төслийн ажлаа дэмжин ажилладаггүй, тавьсан шаардлагынхан дагуу төсөл хэрэгжүүлэгч төлөвлөгөөгөө шинэчлээд өгөхөөр баталж өгдөггүй зэрэг хүнд суртал гаргаад байхад бидэнд барилгын ажлыг эхлүүлэх, сууц өмчлөгчтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах ямар ч боломж байхгүй байна.
3.7. ... Уг гомдол дээр Л.Н тэргүүтэй төслийг дэмждэггүй 8-9 өмчлөгч гарын үсгээ зураад, бусад өмчлөгч нар гарын үсэг зураагүй байна. Зүгээр л нэр, тоот, утасны дугаарыг бичсэн нь харагдаж байна. Мөн уг гомдолд 40 биш 38 оршин суугчийн нэрс байна. Үнэхээр энэ 38 оршин суугч дэмжихгүй санал өөрсдөө гаргаж ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл “У ХХК-иар төсөл хэрэгжүүлэхийг дэмжихгүй гэх агуулгатай гомдлыг гаргасан оршин суугчдаас бүх өмчлөгчид санал өгсөн нэг ч тоот байхгүй байна. Жишээлбэл 35-11 тоот дээр Б.Моолой гээд гарын үсэг зурсан боловч бусад 8 өмчлөгч дэмжсэн, дэмжээгүй эсэх нь тодорхойгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх дутуу судалж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
3.8. Хот байгуулалт хөгжлийн газраас авсан санал асуулгын хуудас нь хуулийн шаардлага хангаагүй, өмчлөгчдийн өмнөөс нэрийг нь бичиж бөглөөд өгсөн, оршин суугчид ийм саналын хуудас тараагдсан эсэхийг ч огт мэдээгүй, миний гарын үсэг биш, зарим саналын хуудас гарын үсэггүй, өмчлөгч тус бүр гарын үсэг зураагүй, итгэмжлэлгүй этгээд саналын хуудас бөглөж өгсөн гэх мэт зөрчилтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу шүүх уг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дүгнээгүй. Тэгсэн хирнээ Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан зарчимд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу хяналтын хорооны төсөл цуцлуулах санал хүргүүлсэн албан бичиг нь хуулийн шаардлага хангаагүй.
3.10. Нийслэлийн Засаг даргын А/00 дугаар захирамжийн үндэслэл болсон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай уйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах урьдчилсан нөхцөлийг манай компани огт зөрчөөгүй.
3.11. Зөрчсөн эсэхийг хариуцагч тал нотолж чадаагүй. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгад өөрчлөлт оруулан өөрийн санаачилгаар үг, өгүүлбэр нэмж бичин үндэслэлгүй дүгнэлт гаргаж байна.
3.12. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “У ” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, Засаг дарга хооронд байгуулах 3 талт гэрээний гол нөхцөлд орон сууц өмчлөгчдийн өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, тэдгээрт олгох нөхөн олговрын хэмжээ, нөхөн олговор олгох нөхцөл, нөхөн олговор олгох хугацаа, төслийн талбайг чөлөөлөх, нүүлгэн түр суурьшуулах асуудал, гэрээний хүчин төгөлдөр хугацааг бүрэн тусгаж, уг асуудлыг тусгасан төлөвлөгөөг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана. Тодруулбал ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах энэ харилцааны гол нөхцлүүдийг уг харилцаанд оролцогчид тохиролцож гэрээ болон график төлөвлөгөөнд тусгах учиртай … өмнө байгуулсан гэх хоёр болон гурван талт гэрээний гол нөхцлүүд бодит байдалд хэрэгжих боломжгүйг, сууц өмчлөгч иргэдтэй гэрээний гол нөхцлийг дахин тохирох зайлшгүй шаардлагатайг, энэ ажиллагаанд урт хугацаа шаардагдахыг нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч хүлээн зөвшөөрсөн ч энэ ажиллагааг төлөвлөхдөө, мөн төслийн барилга угсралтын ажлыг 2024 оны 09 дүгээр сараас 2026 оны 11 дүгээр сарыг дуустал гүйцэтгэж, 2026 оны 12 сард байрыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн график төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахдаа энэ харилцааны нэг оролцогч, график төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон гэрээний тал болох сууц өмчлөгч иргэдийн саналыг тусгаагүй нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасныг зөрчсөн, ийнхүү саналыг тусгаагүй төлөвлөгөөг батлаагүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа 14.7.2.в-д заасан ... төлөвлөгөөг хянах чиг үүргийн хүрээнд байх тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий тухайн хорооны Засаг дарга, сууц өмчлөгчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан хяналтын хорооны саналыг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэр үндэслэл бүхий байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь тогтоогдсон Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 00, 00 дугаар байрыг нийслэлийн Засаг даргын 2014 оны А/977 дугаар захирамжаар буулган дахин төлөвлөж, барилгажуулахаар шийдвэрлэж, 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтээр төсөл хэрэгжүүлэгчээр “У ” ХХК шалгарсныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар захирамжаар батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон байна.
2.4. Улмаар маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар захирамжаар “... Иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө ирүүлсэн, сууц өмчлөгч иргэд болон Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгааг мэдэгдсэн” гэх үндэслэлээр нийтийн зориулалттай орон сууцны 00, 00 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “У ” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/337 дугаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон захирамжаа цуцалжээ.
2.5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх”, 14 дүгээр 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, 14.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана”, 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална”, 14.7.1.г дэх заалтад “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах”, 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах”, 14.7.2.б-д “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах”, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 7.4-д “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 7.7-д “Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хууль, журмын зохицуулалтын агуулгаас үзэхэд иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдсон харилцааг зохицуулж, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэхээр байна.
2.7. Мөн төслийг хэрэгжүүлэхээр сонгосон талбайд байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нарт танилцуулж 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авч, төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлэх, төсөл хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргахгүй байх, чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашиглахгүй байх үүрэгтэй байна.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “У ” ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 00, 00 дугаар байрны иргэдийн саналыг тусгаагүй график төлөвлөгөө өгсөн болох нь тогтоогдож байх төдийгүй төсөл хэрэгжүүлэгч шинэчилсэн график төлөвлөгөөнд хоёр болон гурван талт гэрээг байгуулах ажлыг 9 сарын хугацаагаар тогтоож байгаа нь дээрх хууль журмын зохицуулалттай нийцэхгүй байна.
2.9. Түүнчлэн, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо нь төсөл хэрэгжүүлэгч, нэхэмжлэгч “У ” ХХК-ийн төслийн ажлыг эрчимжүүлж, ажлын график төлөвлөгөө болон барилгажилтын төслийг шинэчлэн батлах ажлын явцад удаа дараа гомдол гаргасан байх бөгөөд энэхүү дахин төлөвлөлтийн ажлын талаар сууц өмчлөгч, иргэн, аж ахуй нэгж болон төсөл хэрэгжүүлэгчтэй албан уулзалтыг зохион байгуулж нэхэмжлэгч компаниар дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжүүлэн дэмжих эсэх талаар санал хураалт явуулжээ.
2.10. Уг санал хураалтад 00 дугаар байрны нийт 29 сууц өмчлөгчдөөс 1 иргэн дэмжиж, 21 иргэн дэмжээгүй санал өгсөн, 00 дугаар байрны 32 сууц өмчлөгчдөөс 2 иргэн дэмжиж, 25 сууц өмчлөгч дэмжээгүй санал өгсөн байх бөгөөд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 00, 00 дугаар байрны нийт 61 сууц өмчлөгчдөөс 49 сууц өмчлөгч буюу 80.3 хувь нь “У ” ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэн явуулахыг дэмжээгүй байна. Энэ нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 400 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00, 00 дугаар байрны өмчлөгчдийн жагсаалттай тохирч байна.
2.11. Нэгэнт сууц өмчлөгч иргэд нэхэмжлэгч “У ” ХХК-ийн дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг дэмжээгүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг дэмжихгүй байгаа талаар саналыг гаргасан байх тул хариуцагч нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан маргаан бүхий 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/00 дугаар захирамж нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.7.1.г дэх заалтад заасантай нийцжээ.
2.12. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжаар “... гэрээ байгуулах эрх авснаас хойш нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр “нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/165 дугаар захирамжийг хүчингүй болгож”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 225 дугаар магадлалаар “шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч “У ” ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 00, 00 дугаар байрны дахин төлөвлөлттэй холбоотой энэ талаарх зардлаа тодорхойлон иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ