Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэртэй, С.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү 2 480 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ган-Од,

Гуравдагч этгээд М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд кесар хагалгаанд орж амаржих явцад давсаг гэмтээсэн. Энэ үеэс давсагны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд орсон. Шээс агуулах хэмжээ 100 грамм болоход би өмдөндөө шээдэг. Одоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өндөр хүчин чадалтай аппаратаар оношлуулж хиймэл давсаг тавиулах талаар судалж байгаа. Энэ нь намайг ядаж 1-2 литр шээс хуримтлуулах боломж өгөх байх гэж найдаж байна. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын 50-60 хувийн зэрэг тогтоон, жил жилээр сунгаж байгаа ба 2010 онд 199 800 төгрөг, 2011 онд 321 600 төгрөг, 2012 онд 441 600 төгрөг, 2013 онд 441 600 төгрөг, 2015 оны 1-5 саруудад тус тус 192 000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1 076 000 төгрөг байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн дундаас үүсэх зөрүү нийт 2 480 600 төгрөгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны хувьд эмнэлэг хариуцсан төв байгууллага учир эмнэлэг, эмчдээ арга хэмжээ авч хяналт тавих байх гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсан ба үүнээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 40 минутад яаралтай тусламжийн тасгаар ирж хэвтэх үед онош жирэмсний 35 долоо хоногтой, эхэс бүрэн түрүүлэлт, жирэмсний хожуу хордлого хөнгөн хэлбэр, 2 удаагийн кесар хагалгааны дараах умайн бүрэн бус сорвижилттой, 1999, 2003 онуудад кесар хагалгаагаар төрсөн. 2001, 2004 онуудад аборт хийгдсэн байсан. Төрөлтийн төлөвлөгөө 2010 оны 8 дугаар сарын 30-нд мэс заслаар төрүүлэх, төрөлтийн явцад цус ихээр гарвал умайг авах эсвэл умайг тайрах мэс засал хийх, ургийн бүтэлт, умайн цус алдалтаас сэргийлнэ, мэс заслын бэлтгэл хангасан, мэс заслын гарах эрсдэл хүндрэлийг тайлбарлаж зөвшөөрөл авсан. Хагалгааны явцад ба дараа үед цус алдах, хэрэв цус алдалт 1.500 мл-ээс их бол умайг авах, хагалгааны явцад наалдац салгах үед давсаг, гэдэс, сэмж гэмтэх эрсдэлтэй, мэс заслын шарх болон умай үрэвсэх эрсдлүүдийг тайлбарлан бичиж, гарын үсгээр баталгаажуулсан.

Жирэмсний эмгэгийг тасагт 11 хоног хэвтүүлж, хагалгааны бэлтгэл хангаж, 2010 оны 8 дугаар сарын 30-нд жирэмсний төлөвлөгөөт кесар мэс засалд орсон. Мэс заслын явцад нугасны мэдээ алдуулалтын дор хэвлийн урд хананд хуучин сорвиор хэвлийг үечлэн нээсэн, нээхэд сэмж 3 хэсэг газар наалдсан байсныг салгаж оёж боосон. Давсаг дээш татагдаж, умайн сорвин дээр наалдсан, наалдацыг салгах явцад давсагны орой хэсэгт 1 см гэмтсэнд 3 викрил утсаар хөвөрдөг оёдол тавьж битүүлээд урогинеколог эмч дуудаж, мэс заслыг хамт үргэлжлүүлсэн. Сорви маш нимгэн, эхэсийг салгаж авсны дараа умайн хүзүүний суваг орчмоос цус урсан гарч байсан тул умайг бүхлээр авахаар шийдсэн. Умай авах явцад давсаг умайн ар ханатай наалдсан байсныг салган, давсагны булчинд 3 оёдол тавьсан. Зүүн өндгөвч үрэвсэж, үрийн хоолой умайн ар ханатай наалдсан байсан. Нийт алдсан цус 3 000 мл, мэс заслын дараа шээс тунгалаг 200 мл гарсан.

Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн 4 дэх хоногт тасагт шилжүүлсэн, 8 дахь хоногт хүүхдийн хамт эмнэлгээс гарсан. Эмчилгээнд цус 610 мл, сийвэн 230 мл сэлбэж, шингэн сэлбэх, цус төлжүүлэх, халдварын эсрэг эмчилгээнүүд хийсэн. Эмгэг судлалд умай, зүүн дайврын хамт илгээсэн. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 4 удаагийн дүгнэлт гарч, мэс засал стандартын дагуу хийгдсэн тухай дүгнэсэн. Мөн хагалгаанд хэвлий нээхэд, давсаг дээш татагдан өргөгдөж, умай сорви дээр наалдаж эдгэрсэн байсан. Энэ бол хэвлийн зарим хагалгааны дараа хэвлийн эрхтэн хооронд үүсдэг наалдац бөгөөд түүний давсаг гэмтэж болох эмгэг нөхцлийг бүрдүүлжээ. Ингэж хоёр эрхтнийг хооронд нь наалдуулан үүссэн сорви нь умайн хүзүүвч ба давсагны хананд гүнзгий шигдэж орсон байдаг. Энэ сорвийг салгах явцад 1-2 мл хиртэй нимгэрсэн, давсагны зөөлөн булчин хана язарч цоорох нь цөөн боловч тохиолддог. Шээс задгайрал нь төрөөгүй эмэгтэйчүүдэд 5 хувь, кесар хагалгааны дараа 9 хувь тохиолддог. С.Мд хийсэн 3 дахь кесар болон умай авах хагалгааны үед давсагны гэмтлийг бүрэн оношилж, төгс эмчилсэн байна. Давсагны багтаамж 100 мл хүртэл багассан нь дан ганц сүүлчийн бус өмнөх давтан хагалгаанаас улбаатай эсвэл архаг цистит өвчний гаралтай давсагны мэдрэл булчингийн архаг үрэвслийн шалтгаантай байж магадгүй. Мэс засал хийж төрүүлэх явцад ЭХЭМҮТ болон хагалгааны баг бүрэлдэхүүн, эмч нарын зүгээс ямар нэг алдаа зөрчил хариуцлагагүй байдал огт гаргаагүй тул иргэн С.Мгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг ба 2010 оны 8 дугаар сарын 30-нд С.Мг кесар мэс заслаар төрүүлсэн. Тэрээр 5 удаа жирэмсэлж, 3 удаа төрсний 2 удаад кесар мэс заслаар төрсөн. 2010 оны 3 дахь төрөлт эхэс түрүүлж умайн хүзүүг бүрэн тагласан, умайн шархны бүрэн биш сорвижилт оношоор давтан кесар мэс заслаар төрүүлэх явцад давсаг дээш татагдаж, умайн соривт наалдсан байсныг салгах явцад давсагны хана 1.0 см гэмтсэн. Үүнийг оношлон төгс арга хэмжээ авсан. Улмаар умайгаас цус ихээр алдаж умайг авах мэс засал хийгдсэн. Хагалгааны дараа шарх бүрэн эдгэрч 8 дахь хоногт эмнэлэгээс гарсан. Хагалгааны өмнө хагалгаа хийх явцад давсаг гэмтэх эрсдэлтэйг эхэд тайлбарлан ойлгуулж, хагалгаанд орох зөвшөөрлийг авч, гарын үсгийг нь зуруулан баталгаажуулсан.

С.М нь кесар мэс заслын үед давсаг гэмтээсэн гэх гомдол хуулийн байгууллагаар шалгагдаж, мэс засал заалт, стандартын дагуу хийгдсэн ба давсагны гэмтэл өмнөх хагалгааны үед умайн сорвинд давсаг наалдсан байсныг салгах явцад гарч болох хүндрэл юм. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би С.Мд үүссэн шээс задгайрал нь давсагны ханын гэмтлээс шалтгаалсан гэж үзэхгүй байна. 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр урологийн мэс засалд орсон гэх мэс заслын заалт, хийгдсэн мэс засал, түүний үр дүн тодорхойгүй, давсагны багтаамж 100 мл болсон гэх оношийн нотолгоо үндэслэлгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтооход юуг үндэслэн ямар шинжилгээгээр нотолсон нь тодорхойгүй. Шээс задгайрал 3 дахь мэс заслын өмнө болон дараа үүссэн эсэх нь тогтоогдоогүй. Иймд иргэн С.М нь удаа дараа эмнэлэг болон эмч нараас нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 747 600 төгрөгийг гаргуулж С.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 733 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс 22 492 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, гуравдагч этгээд М.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 650 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2620 дугаар шийдвэрээр ... гэм хор учирсан болохыг тогтоож ... шийдвэрлэсэн, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул ... Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэхэмжлэгчийн шаардаж буй хохирлыг тогтоосон хэмжээгээр хариуцан төлөх үндэслэлтэй ...” гэжээ. Уг хэрэг маргаан 2010 оноос үүдэлтэй, тухайн үед нэхэмжлэгч нь эмч н.Энхжаргалыг цагдаагийн байгууллагаар шалгуулж, мөрдөн байцаалтын явцад 4 удаа шинжээч томилж, 2010 онд 461, 2011 онд 128, 384, 2012 онд 71 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гарсан. 2012 оны 71 тоот дүгнэлтэд “...С.Мд хийгдсэн мэс засал нь кесар хагалгааны MNS 5225:2002-ын 11.1, 11.3, 11.8-д зааснаар явагдсан байна...”, 2011 оны 384 тоот дүгнэлтэд “...өмнөх кесар мэс заслын дараах давсаг, умайн хананы наалдацтай байсан бөгөөд 3 дахь удаагийн кесар мэс засал хийлгэж төрөх үед хуучин сорви наалдацыг салгахад цооролт бүхий гэмтэл үүссэн. Жирэмсний эмгэгийн тасгийн эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. Иймээс гарч болох хүндрэл юм...” гэснийг үндэслэн дүүргийн прокурорын 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 123 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл 2620 дугаартай шийдвэрээр М.Э эмчийг буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн, тухайн үед эмч нэг удаа л мөнгө төлөөд болох юм байна гэж ойлгон хууль зүйн туслалцаа буруу авснаар уг шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй хэргийг дуусгасан. Эмчийг буруугүй болохыг тогтоосон прокурорын тогтоол байсаар атал шүүхийн шийдвэрээр буруутгасан нь нотлох баримтыг үндэслэл бүхий тал бүрээс нь үнэлээгүйтэй холбоотой. Энэ удаагийн маргаанд хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1148 тоот дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчид гаргасан ба дүгнэлтэд С.М нь шээс задгайрах эмгэгтэй бөгөөд энэ эмгэг нь 2010 оны ЭХЭТҮТөвд хүүхэд төрүүлэх үед давсаг цоорч гэмтсэнтэй холбоотой үүсээгүй, уг өвчин өөр учир шалтгаантай болохыг тогтоосон ач холбогдол бүхий нотлох баримт юм. Гэтэл шүүх үнэлэхгүй, нэгэнт тогтоосон үйл баримт гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Шүүх С.Мгийн гаргасан нэхэмжлэлийн умай тайрах мэс засал хийгдсэний дараа шээс байнга савирах эмгэг илрэх гэсэн 8.4 заалттай хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосон. Харин нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1083 тоот акт, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1083 тоот актыг үндэслэн 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ногдох 747 600 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Энэ хэсгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон заалт нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 174/135 тоот хамтарсан тушаалаар батлагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтын 7-39-т заасан шээсний замын мэс заслын дараах хүндрэл давсаг үтрээний цоорхой заалтаар 2012 оны 1083 тоот актаар 60 хувиар шинээр тогтоон, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасан.

2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэж 4 дүгээр сарын 10-нд шээсний сүвний ард байрлах 1.7-1.8 см хэмжээтэй жижиг буглааг нээж, шээсний суваг оёх мэс засалд орсон. Уг мэс засалд орохоос өмнө 2012 оны 4 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн комиссын хурлаар шээсний замын мэс заслын дараах хүндрэл давсаг үтрээний цоорхой хэмээн мэс засал эмчилгээ хийгдээгүй байхад мэс заслын дараах хүндрэл өвчний заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 6 сараар тогтоосон. Нотлох баримт хуурамчаар мэс заслаас өмнө урьдчилан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шүүх хуралдаанд асуухад эмч нарын тавьсан онош бид мэдэхгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн байдаг.

Шээдэг сүвний ойролцоо байрлалтай архаг буглаа өвчин нь 2012 онд бий болсон эмгэг тул цаг хугацааны хувьд 2010 оны үйл явдалтай тохирохгүй, шээсний сүвний ойролцоо буглаа тул буглааны байршил анатомын бүтэцийн хувьд давсаг болон шээсний сүв хоёр тус тусдаа өөр байршилтай эрхтэн тул 2010 оны давсагны гэмтэлтэй хамаарахгүй, мэс засал эмчилгээ хийгдээгүй байхад урьдчилан мэс заслын дараах хүндрэл болох шээсний замын хүндрэл давсаг үтрээний цоорхой 7-39 тоот заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоон сунгасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох 123 тоот прокурорын тогтоол, 1148 тоот шинжээчийн дүгнэлт, өвчний карт зэрэг баримтуудаар ЭХЭМҮТөвийн эмч М.Эын 2010 онд С.Мд хийсэн эмчилгээ, мэс ажилбар нь хууль тогтоомж зөрчөөгүй болохыг хангалттай нотлож байхад гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.М нь Эрүүл мэндийн яам болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбогдуулан хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүд 2 480 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ба хариуцагчийн хүсэлтээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч М.Эыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Мгийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан нөхцөл болон эрх бүхий байгууллагаас тогтоосон хувь хэмжээ, хугацааны талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд ногдох нийгмийн датгалаас олгох тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүү болох 747 600 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэв.

Энэ нь хохирсон этгээд цалин хөлс орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй нөхөн төлбөр шаардах, ажиллагч нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээх талаар зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, эрүүл мэндэд учирсан зарим хохирлыг тодорхойлох журмыг тогтоосон 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсгийн заалтад нийцэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1148 дугаартай шинжээчийн дүгнэлтээр С.М шээс задгайрах эмгэгтэй бөгөөд энэ нь 2010 онд хүүхэд төрүүлэх үед давсаг цоорч гэмтсэнтэй холбоотой үүсээгүй, өөр учир шалтгаантай болохыг тогтоосон байхад шүүх үүнийг үнэлээгүй гэжээ. Хэрэгт авагдсан уг шинжээчийн дүгнэлтээр “... 2010 онд мэс заслаар хүүхэд төрүүлсэнтэй холбоотой умайг хүзүүтэй нь дайврын хамт тайрч авснаас аарцгийн хөндийн дотоод даралт өөрчлөгдсөнтэй холбоотой байх боломжтой” гэсэн нь хариуцагч байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн бие, эрүүл мэндэд гэм хор учирсан шалтгаант холбоог шууд үгүйсгээгүй байна. /2хх 52-56/

Түүнчлэн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 123 дугаартай прокурорын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол нь нэхэмжлэгч С.Мгийн биед үүссэн эмгэг, энэ талаар тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. /1хх 56/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                            

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА