Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ДШМ/33

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч  Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор  Ч.Энхжаргал

                                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг

                                                        Нарийн бичгийн дарга Л.Сүхбар нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн давж заалдах гомдлоор  М.Г-д холбогдох эрүүгийн 1826001250056 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Тарвагач овогт М.Г

 

М.Г нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... тоотод байрлах Г.Т-н гэрт хууль бусаар нэвтрэн орж 13000 төгрөг, эрэгтэй хүний савхин куртикийг хулгайлан 213000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Тарвагач овгийн М.Г-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Г-н цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцохоор, М.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/382 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ялтан М.Г-н гаргасан хүсэлтийг хангаж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах хугацааг сэргээн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид оролцогч гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шийтгүүлж 5 жилийн хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай 423 дугаар хорих ангид ял эдэлж байна. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 4 жилийн хорих ялаар, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд саад учруулаагүй болно. Мөрдөн байцаагч ахлах дэслэгч О.Азжаргал нь миний үйлдээгүй олон хэргийг надад тулган, нэг ч хэрэг, хоёр ч хэрэг адилхан гэж шаарддаг байсан. Чамд 10 жилийн хорих ял оногдуулж, хамгийн чанга дэглэмтэй мааньтийн шорон руу ачуулна гэж загнадаг байсан. Мөрдөн байцаагч О.Азжаргал нь миний хэргүүдийг байцаагч Өлзийжаргалд шилжүүлэхдээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч нар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно гээд аваад үлдсэн. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г нөгөө хэргийг чинь шүүхээр оруулахгүй бол болохгүй нь санаа зоволтгүй прокурорт танилцуулаад оруулна. Хоёр шүүх хурал болохгүй, нэг л шүүх хурал болно гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд сүүлийн гэмт хэрэгтээ шийдүүлнэ гэхэд хэрэг ирээгүй байсан. Өмгөөлөгч Б.Энхтуяа бид хоёр бүх үйлдлүүдийг нэгтгэж шийдүүлэх хүсэлт гаргасан боловч прокурор манайд тийм хэрэг ирээгүй, хэргүүдээ хольж хутгаад байна гэсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 4 жил, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед би хууль эрх зүйн мэдлэг дутмаг, биеийн байдал муу байсан. Миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Миний ар гэрт 70 настай хэвтрийн дэглэмтэй хөгшин ээж, эхнэр, гурван хүүхэд байдаг. Би ял эдэлж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрийн төвд мужааны ангид сурч төгссөн. Одоо хорих ангид мужаанаар ажиллаж байна. Нийт хохирлын хэмжээ 1158000 төгрөг бөгөөд үүнээс ажлын хөлс 15300 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хоёр хэргийг нэмж нэгтгэн ял хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Ч.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:  “...М.Г нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 23-13 тоотод байрлах хохирогч Г.Т-н гэрт хууль бусаар нэвтрэн орж 13.000 төгрөг, эрэгтэй хүний савхин куртикийг хулгайлан 213.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.

М.Г-н хүсэлтэд дурьдсан 2 хэргийг нэгтгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд аль аль шийтгэх тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон тогтоолууд юм. М.Г-н үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж ял оногдуулах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй байна.

М.Г-н хувьд эрх зүйн байдал нь дордсон гэх үндэслэлгүй, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, оногдуулахдаа гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзсэн бөгөөд бүх үйлдлүүдийг нэгтгэвэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1/ гэж үзэх үндэслэл байгаа нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь хүндрэх, дордох нөхцөл байдал байгааг дурьдах нь зүйтэй байна. Иймд М.Г-с гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэжээ

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт холбогдсон боловч сүүлийн хулгай хийх үйлдлүүд нь хоорондоо ойрхон байгаа юм. Тийм учраас хоёр үйлдлийг нэмж нэгтгэн хорих ял оногдуулах боломжтой байсан боловч тусад нь шийдэж М.Г-н эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Сүүлийн гэмт хэргийн үйлдлээрээ 213000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Өмнөх гэмт хэргийн үйлдлийн 153000 төгрөгийн хохирлоо ажил хийгээд төлсөн бөгөөд үлдсэн 1158000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хоёр үйлдлийг нь нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

 

Прокурор Ч.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь 2018 оны 05 сарын шийтгэх тогтоолоос өмнө 2018 оны 03 сард шийтгэх тогтоолоор шийтгүүлэхдээ нийт 7 удаагийн үйлдлээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Сүүлийн нэг гэмт хэргийн үйлдлийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч Азжаргал нөхөн илрүүлэлтээр илрүүлсэн байдаг. Сүүлийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон цаг хугацаанд сүүлийн гэмт хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн байдаг. Прокуророос хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байна гэж үзсэн. Мөн сүүлийн гэмт үйлдэл буюу Г.Т-н орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдэлтэй гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхэд шилжүүлэхдээ мөрдөн байцаалтын явцад М.Г-тай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл, гомдол мэдээлэл байгаа эсэх талаар цагдаагийн газарт албан бичиг хүргүүлсэн. М.Г нь хэтэрсэн хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан юм билээ. Уг хүсэлтийг прокурор мэдээгүй байж байгаад давж заалдах гомдол гаргах үед шүүгчийн туслахтай уулзахад  хэтэрсэн хугацааг нь М.Мандахбаяр шүүгч сэргээсэн байсан. Тэгээд би тухайн хэрэгтээ танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 5-д зааснаар хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно гэсэн бөгөөд 38.2 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүх хэтэрсэн хугацааг сэргээнэ гэсэн байдаг. Гэхдээ шүүгчийн захирамжид хүндэтгэн үзэх шалтгааны талаар тодорхой дурдаагүй байсан. Хавтас хэргээс харахад М.Г болон түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарт шүүхийн шийдвэрийг танилцуулж гарын үсэг зуруулсан бөгөөд хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байдаг. Тэгээд 1 жил 4 сар гаруйн дараа гомдол гаргасан бөгөөд хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлт нь ойлгомжгүй юм билээ. М.Г нь бүх хэргүүдийг нэгтгэж шалгаж өгөхийг хүсэж байгаа бөгөөд эрх зүйн байдал дордож байна гэдэг. Хэргүүдийг нэгтгэж шийднэ гэхээр 2018 оны 03 сар болон 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоол хоёулаа хүчингүй болж байж хэрэг нэгтгэнэ. Одоогийн практикаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1-д заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хоёр шийтгэх тогтоол хүчингүй болох боломж бүрдэнэ. Гэхдээ М.Г-н хэргийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэх заалтад хамаарч болох юм билээ. Гэхдээ сүүлийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ч зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд М.Г-н эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Яагаад хүндэрч байна бэ? гэхээр М.Г нь нийт 8 удаагийн гэмт хэргийн үйлдэлтэй бөгөөд шоронгоос гарангуутаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Хэргүүдийг нэгтгэж шийдвэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зүйлчлэлээр шийдэгдэж түүний эрх зүйн байдал дордоно. Иймд М.Гын гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

М.Г-г 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрүүдийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсний дараа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г.Т-н гэрт хууль бусаар нэвтрэн орж 13000 төгрөг, эрэгтэй хүний савхин куртикийг хулгайлан 213000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус хорих ял дээр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд М.Г-н 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг 23-13 тоотод байрлах Г.Т-н хүн амьдрах зориулалттай орон байранд  нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэх үйлдэл нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн, нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд дээрх хэргүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн явуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаан, хэргийг прокурорт очтол М.Г-д Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2018/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.