Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 12-р хороо ******* тоотод оршин суух, Бо  овогт Ц-н Б /*******/-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.За  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, илгээлтээр хөдөө аж ахуйн салбарт ажилласан. Хулд сумын Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрийн ажилтан, уурын зуухны галч,  барилгын туслах ажилтан, мужаан зэрэг ажлыг хийж байсан. 1976 оны 9 сараас сумынхаа сургуульд биеийн тамирын багшаар ажилласан.

Иймд 1974 оны 10 сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Быг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд  1974 оны 10 сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл уурын зуухны гачегараар  ажиллаж   байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь хадгалагдаагүй бөгөөд архиваас олдохгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Б Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд  1974 оны 10 сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл уурын зуухны гачегараар  ажиллаж  байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

  • Нэхэмжлэгч Ц.Бын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 2-р хуудас/
  • Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1976 оны 5 сарын 10-ны өдөр Ц.Бад олгосон, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 4-5-р хуудас/
  • Дундговь аймгийн Архивын тасгийн 2002 оны 12 сарын 9-ний өдрийн 553 дугаартай тодорхойлолт / хэргийн 7-р хуудас/
  • Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 10 сарын 31-ний өдрийн 28 дугаартай “ажилд авах тухай” тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/
  • Дундговь Аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1976 оны 9 сарын 7-ны өдрийн 119 дугаартай “Багш томилох тухай” тушаалын хуулбар

- Гэрч О.А-н “...Ц.Б нь 1974-1976 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрт мужаан,  барилгачин, галч  хийдэг  байсан. 1976 онд  Хулдын сумын дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилласан хүн.  Би 1972-1976 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын  дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/

-Гэрч О.Х-н “...Ц.Б нь 1974-1977 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрт барилгачин, ажилчин байсан. Барилга барьдаг, галч  хийдэг  байсан. 1976 онд оройгоор 10-р анги төгсөөд,  1976 оны 9 сараас Хулдын сумын дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилласан хүн. Би 1974-1978 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн туслах үйлдвэрт хамт ажиллаж байгаад, 1975 онд Хулд сумын дунд сургуулийн пионерын ахлагч удирдагчаар томилогдож 1978 он хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/

-Гэрч Л.Р-н “...Ц.Б нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын дунд сургуульд суралцаж 1974 онд 8 дугаар анги төгссөн. Ц.Б нь 1974-1976 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн нэгдэл дундын үйлдвэрт  туслах үйлдвэрт мужаан,  барилгачин, галч  хийдэг  байсан.  1976 онд  Хулдын сумын дунд сургуульд биеийн тамирын багшаар ажилласан хүн. 1977 онд цэрэгт явсан хүн. Би 1973-1976 он хүртэл малчин, түүнээс хойш  Хулд сумын Худалдаа бэлтгэлтийн ангид  агентын ажлыг 1993 оныг хүртэл  хийж байсан. Бид нэг суманд ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бо овогт Ц-н Б-ын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд  1974 оны 10 сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны  гачегараар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х