Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бийн Мд холбогдох эрүүгийн 2335000000019 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................... өдөр Увс аймгийн .............. суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .............. ......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Бийн М, регистрийн дугаар: ................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Увс аймгийн .............. сумын “Баруун хөвөө” гэх газарт иргэн С.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай “Мустанг-5” загварын мотоциклийг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в, 3.7.а, 12.2, 12.3, 23.9.з-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн ард талд сууж явсан зорчигч иргэн С.Б нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в, 3.7а 12, 13, 23.9з дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.М нь мал аж ахуй эрхэлж амьдардаг, амь хохирогчтой багын найзууд байсан. Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын нутаг дэвсгэрээр дамжиж Улаангом сумын Шатад гэх газарт хаварждаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн болон амь хохирогчийн мал аж ахуйн нийлүүлэн маллаж байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч. Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хөдөө малдаа явчхаад гэртээ ирээд байж байтал талийгаач залгаад би тахыг чинь аваад тавьчихсан байна гэхээр нь орой 08 цагийн үед гэрээсээ гараад 09 цагийн үед тэднийд очсон. Намайг очиход согтуу байсан, тэднийх хоол хийсэн байсан, хоол идчихээд морины тахаа аваад явах гэж байтал намайг талийгаач М манай ахын бие муу байна гэнэ ламд очоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ламд очоод юм аваад хүргэж өгөх гэж явж байгаад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн осол гарсан шалтгаан нь талийгаач ард сууж яваад дайвалзаад байсан. Эхлээд замаас гараад буцаж зам руу ороод явж байгаад дахин зүүн талдаа дайвалзаад бид хоёр мотоцикльтой унасан. Уначихаад босож ирээд бие нь яаж байна гэхэд зүгээрээ гэж хэлсэн. Хамраас чинь цус гарч байна гэсэн чинь зогсчихлоо гэж хэлсэн. Би эхнэрт нь хэлсэн чинь та хоёр наанаа байж би эмч аваад очно гэж хэлсэн. Талийгаач ах руугаа яриад би зүгээрээ эмч дуудах шаардлагагүй гээд бид хоёр тэднийд очсон. Гэртээ очоод орондоо ороод 30 орчим минут хэвтэж байгаад үхлээ гээд орилоод босоод ирсэн. Би явж эмч авч ирээд тариа хийлгэх гэсэн чинь би тариа хийлгэхгүй гээд орилоод байсан. Хэнийг ч ойртуулахгүй байсан тул С.О ах гарыг нь барьж байгаад шингэн хийлгэсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би найзынхаа эхнэрт тусалж дэмжиж явна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000019 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал);

2. Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн төвөөс гаргасан лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал);

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-23 дахь тал);

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 24-27 дахь тал);

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим нөхөр С.Б гэртээ байж байгаад дэлгүүр ороод морины тах аваад ирье гэж хэлээд гараад явсан. Ингээд удалгүй буцаад морины тах авчихсан мөн 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архи авчихсан орж ирсэн. Манай нөхөр хааяа архи уудаг, тэр тусмаа ганцаараа архи уудаггүй бөгөөд тухайн архийг ганцаараа уугаад дуусгасан. Би тухайн үед ганцаараа ингэж гэр орондоо архи уудаггүй хүн яагаад архи авч ирээд ууж байгаа юм бол гэж бодоод өнгөрсөн. Ингээд байж байтал нөхрийн гар утас дуугарч нөхрийн төрсөн ах Лхамаа залгаад халуураад бие муу байна, яаралтай ламд үзүүлээд хэрэглэх зүйл аваад ир гэж нөхөр рүү залгасан. Ингээд удалгүй гаднаас манай нөхрийн найз Б.М эхнэр П.Уын хамт 21 цагийн орчим манайд ирсэн бөгөөд нөхөр дэлгүүрээс авсан тахыг түүний найз Б.М захисан байсан. Ингээд тэр хоёр тахаа аваад манайхаас гараад явах гэж байтал манай нөхөр Б.Мг Даржаа ламын гэрт очоод ахыг үзүүлээд ирье гэж хэлээд Б.Мгийн хамт тухайн ламын гэрт очихоор гараад явсан. Тухайн үед тэр хоёр манай нөхрийн эзэмшлийн мотоцикльтой явсан бөгөөд хэн нь барьж явсан талаар мэдэхгүй, хэсэг хугацааны дараа буюу 10-15 минутын дараа дахин орж ирээд рашаан, утлага авлаа, ахад аваачиж өгчхөөд ирье Б.Мгаар мотоцикль бариулаад яваад ирье гэж хэлээд түүний эхнэр П.Уа надтай хамт манай гэрт үлдээд нөхөр Б.М хоёр 23 цагийн орчим байх, нөхрийн эзэмшлийн мотоциклийг Б.М унаад нөхөр өөрөө чи миний урд суучих би ард чинь суугаад явъя гэж хэлээд тэр хоёр хөдлөөд явсан. Удалгүй 10-15 минутын орчмын дараа Б.М над руу залгаад бид хоёр мотоциклоос уначихлаа гэж над руу ярьсан. Би Уын хамт тухайн унасан газар болох Баруун хөвөө сумын төвөөс 5-6 орчим км зайд байх газарт очихоор гараад явж байтал дахин Б.М залгаад за за бид хоёр очлоо, буцаад та хоёр байж бай гэж ярихаар бид хоёр буцаад манай гэрт ирээд байж байтал удалгүй араас нөхөр Б, М хоёр ороод ирсэн ба тухайн үед нөхрийн хамарнаас цус гарсан байдалтай, нөхөр өөрөө надад хандаж за зүгээрээ одоо би унтлаа гэж хэлээд орондоо орчихсон. Орондоо ороод 30 минут орчим унтаж байгаад би үхлээ гэж хэлээд босоод ирсэн. Тухайн үед би айгаад нөхрийн төрсөн ах С.Оийг айл хамт байдаг тул дуудаж оруулж ирэхэд нөхрийн чихнээс цус гарч байсан. Тэгээд бид сандралдаад шөнийн 01 цаг болох гэж байсан, Б.М явж эмч авч ирэхээр яваад манай сумын эмч Т гэх эмчийг авч ирээд Т үзлэг хийх гэхэд надаас холд би зүгээр байна гээд орилж, хашгичиж, хэнийг ч өөртөө ойртуулахгүй, шоконд орчихсон байсан бөгөөд эмч нь үзэж чадахгүй байсан. Хадам ах С.Оээр гарын даруулж байгаад исмэс гэх тариаг хийхээр зүүн гарын сарвуунд хатгасан боловч судас нь хагараад баруун гарын сарвуунд дахин хатгаж, тухайн тариаг хийгээд архи нь гарахаар өглөө 08 цагт эмнэлэг дээр авч ирээд үзүүлээрэй, бүр болохгүй бол дахин дуудаарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд дахин унтаж чадахгүй, орилоод хэн нэгнийг хажуудаа ойртуулахгүй байсан тул хадам ах С.О ламд үзүүлэхээр яваад удалгүй хэрэглэх зүйл утлага авч хэрэглээд тайвшраад унтаад өгсөн. Ингээд өглөө 07 цагийн үед унтаж байгаад сэрээд босоод хартал гар нь татсан байдалтай харагдахаар хадам ах С.Оийг орж дуудаад өглөөний 07 цагийн үед дахин дуудлага өгөөд Б.М эхнэр П.Уын хамт надтай нөхрийн биеийн байдлыг ажиглаад хамт хонож байсан тул дахин очиж эмч Т эмчийг авч ирэхэд Т эмч хүүхэн харааг нь үзээд яаралтай эмнэлэг авч явах хэрэгтэй гээд эмнэлэг рүү тээвэрлээд 08 цагийн үед эмнэлэг дээр очоод 5-10 минут болоод нас барсан байна гэж хэлсэн. Манай нөхөр С.Б Б.Мг ирэхээс өмнө гэртээ ганцаараа 0.5 литрийн архийг ганцаараа уучихсан байсан. Манайд М ирэхэд ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Нөхрийн хувьд ганцаараа нэг шил архийг уусан боловч ухаантай өөрийгөө хянах чадвартай байсан гадна салхинд гараад тасарчихсан байх гэж би бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-38 дахь тал);

6. Гэрч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай хашаанд манай отгон дүү С.Б эхнэр хүүхдүүдийн хамтаар байдаг. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дүүгийн том хоёр охин манайд хааяа орж ирж хонодог тул манай гэрт ороод ирчихсэн зурагт үзээд сууж байтал хэдэн цагийн үед гэх талаар мэдэхгүй байна, хадам дүү Г.Х орж ирээд Б мотоцикльтой Лхамаа ахын гэрт арц, утлага хүргэж өгөхөөр Б.Мтай хамт явж байгаад замдаа онхолдчихлоо гэж байна ахаа гэж орж ирсэн. Ингээд бэр дүү Б.Мгийн эхнэртэй хамт түрүүлээд гараад явчихсан бөгөөд би дүү С.Б руу залгаад болохгүй бол араас нь очъё гэж бодоод дүүгийн утас руу залгахад дүү С.Б өөрөө утсаа аваад зүгээрээ би жоохон уучихсан байсан юмаа, хамраас цус гараад тогтчихлоо гэж утсаар ярихаар тайвшраад за за одоо ир гэхэд за одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд удалгүй мотоцикль хашаа руу ороод ирэхээр тэр хоёрыг ирж байгаа юм байна гэж бодоод орондоо ороод унтаж байтал шөнө дунд 12 өнгөрч байхад байх бэр дүү Х орж ирээд ахаа С.Б үхлээ гээд орилоод байна гэхээр дүүгийн гэрт орж ирэхэд чихнээс цус гарч байсан. Тэгээд бид сандралдаад шөнийн 01 цаг болох гэж байсан эмч дуудаад Б.М эхнэр П.Уын хамт дүүгийн гэрт байсан тул Б.М явж эмч авч ирэхээр яваад манай сумын эмч Т гэх эмчийг авч ирээд Т үзлэг хийх гэхэд надаас холд би зүгээр байна гээд орилж, хашигчиж, хэнийг ч өөртөө ойртуулахгүй эсэргүүцэж, шоконд орчихсон байсан бөгөөд эмч нь үзэж чадахгүй байхаар би дүү С.Бын гарыг дарж байгаад исмэс гэх тариаг хийхээр зүүн гарын сарвуунд хатгасан боловч судас нь хагараад баруун гарын сарвуунд дахин хатгаж, тухайн тариаг хийгээд архи нь гарахаар өглөө 08 цагт эмнэлэг дээр авч ирж үзүүлээрэй, бүр болохгүй бол дахиад дуудаарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд дахин унтаж чадахгүй орилоод, хэн нэгнийг хажуудаа ойртуулахгүй байсан тул би ламд үзүүлэхээр яваад манай сумын Батсүх гэх ламд үзүүлэхэд сүнс нь явчихсан байна гэж хэлээд хэрэглэх зүйл утлага авч очоод хэрэглээд тайвшраад унтаад өгсөн. Ингээд арай гайгүй болчихлоо гэж бодоод мөн Б.М, П.Уа нар бэр дүүтэй хамт хань болоод хоноё гэхээр үүрийн 04 цагийн үед гэртээ ороод унтаж байтал өглөө 07 цагийн үед дахин хадам дүү Г.Х ахаа татаад байх шиг байна гэж орж ирэхээр яваад ороход гар нь татаад байх шиг байхаар Б.Мг дахин очиж эмч Т эмчийг авч ирэхэд Т эмч хүүхэн харааг нь үзээд яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай гэж хэлээд эмнэлэг рүү тээвэрлээд 08 цагийн үед эмнэлэг дээр очоод 5-10 минут болоод нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал);

7. Гэрч П.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Б нь Б.Мд хандаж хоёулаа ламд очоод үзүүлээд ирье манай ахын бие муу байна гэж байна гэхээр би за за хамт яваад ир гэж хэлээд нөхрөө С.Бын хамт явуулсан. Ингээд тэр хоёр удалгүй ирээд рашаан, утлага авлаа, ахад аваачиж өгчхөөд ирье би Б.Мгаар мотоцикль бариулаад явчхаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Би С.Бын эхнэрийн хамт тэдний гэрт үлдсэн. Тухайн үед С.Б би архи уучихсан байна чи мотоцикль барьчих би ард нь суугаад явъя гэж хэлээд тэр хоёр С.Бын мотоцикльтой явсан. Удалгүй 10-20 орчим минутын дараа Б.М Х руу залгаад бид хоёр мотоциклоос уначихлаа гэж ярьсан. Тэгээд Г.Х бид хоёр тухайн унасан газар Баруун хөвөө гээд сумын төвөөс 5-6 орчим км зайд байх газарт очихоор гараад Г.Х хамт нэг хашаанд байх хадам ахдаа хэлээд гараад ирье гэж хэлэхээр ороод гараад ирсэн. Гарч ирээд бид хоёр явж байтал дахин Б.М залгаад за за бид хоёр очлоо буцаад та хоёр гэртээ байж бай гэж ярихад бид хоёр буцаад С.Бын гэр рүү орж ирээд сууж байтал удалгүй араас нөхөр Б.М, С.Б хоёр ороод ирсэн ба тухайн үед С.Бын хамраас цус гарсан байдалтай орж ирээд эхнэр Г.Хд хандаж за зүгээрээ одоо би унтлаа хувцас тайл гэж хэлээд орондоо орчихсон. Би нөхрийн хамт явах гэж байсан боловч нөхөр бид хоёр найз нөхөд яаж хаяад явчих уу гэж бодоод хажууд нь эхнэрт нь хань болж хонохоор үлдсэн. С.Б нь орондоо ороод 30 орчим минут унтаж байгаад гэнэт орилоод хашгичаад байсан. Би зүрх муутай тул тэр хооронд юу болсон талаар мэдэхгүй байна, хөл гар салганаад зүрх өвдөөд эм уугаад сууж байсан, тэр хооронд гэнэт эмч Б.Т мөн Бын хадам ах С.О нар ирсэн байсан. Намайг гаднаас мод түлээ оруулж ирээд цай чанаж байгаач гэж С.О ах хэлэхээр гарч мод түлээ оруулж ирж байх үед эмч үзээд гараад явж байсан. Тухайн үед эмч юу гэж хэлсэн яасан талаар мэдэхгүй байна. Ингээд хэвтэж байгаад орилж, хашгичаад байна унтаж чадахгүй байна гээд С.Бын ах С.О нь манай нөхрийн хамт ламд үзүүлэхээр яваад удалгүй хэрэглэх зүйл утлага авч ирж хэрэглээд тайвшраад унтаж байна гээд С.О ах гэртээ орчихсон. Бид унтаж байтал С.Бын эхнэр татаад байна гээд орилж босож ирээд хадам ахыгаа дуудахаар явсан. Тэгээд ах нь орж ирээд өглөө 07 цагийн үед дахин дуудлага өгөөд манай нөхөр Б.Т эмчийг авч ирээд үзүүлсэн бөгөөд эмч үзээд яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай гэж хэлээд эмнэлэг рүү авч очоод 5-10 минут болоод нас барсан байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал);

8. Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “................. сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүн онхолдоод хамар, чихнээс нь цус гараад байна гэж дуудлага ирсэн. Тухайн үед надтай манай сумын иргэн П.Уа гэх хүн ярьсан бөгөөд намайг ирээд авчих машин байна уу гэхэд мотоцикльтой хүн явуулъя гэж хэлсэн. Тухайн дуудлаганд 10 минутын дараа яваад очиход миний үл таних хүн хэвтэж байсан бөгөөд ойртож үзлэг хийх гэхэд уурлаж, надаас холд гэж хашгичсан, гэрийнхнийгээ ч өөртөө ойртуулахгүй байдалтай байсан. Ингээд би тухайн хүний төрсөн ах гэх хүнээр дуудлага өгсөн иргэний гарыг бариулаад хоёр чихийг харахад чих болон хамарнаас нь цус гараад хатчихсан байдалтай мөн тухайн хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Ингээд ахаар нь гарын даруулж байгаад баруун гаранд нь аналгин димедрол хийхээр баруун гарны сарвуунд хатгахад гараа татаад судсаа хагалчихсан. Ингээд зүүн гарын сарвуунд хийсэн. Тухайн хүн ямар нэгэн байдлаар биедээ үзлэг хийлгээгүй орчиндоо харьцаатай байсан тул ямар нэгэн зүйл болвол дахиад дуудлага өгөөрэй, өглөө эрт архи нь гарахаар эмнэлэг дээр авч ирээрэй гэж хэлээд явсан. Ингээд дахин өглөө 07 цаг 30 минутын үед дахин нөгөө айлаас сэрэхгүй байна гэж дуудлага өгсөн. Тухайн дуудлаганд шөнө ирж авсан мотоцикльтой хүн ирсэн бөгөөд 07:40 минутанд дуудлага дээр очиход өвчтөн ухаангүй, арьс салт ердийн, зүрхний авиа чагнагдахгүй, амин үзүүлэлт хэмжигдэхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, нүүр тэгш хэмтэй 2 гарын хүч сул байсан тул эрүүл мэндийн төвийн дарга Бадамгаравт танилцуулахад Дарьсүрэн, Өргөжих эмчээс зөвлөгөө ав гэхээр Дарьсүрэн эмчтэй ярихад эрүүл мэндийн төв дээр аваад ир гэж хэлсэн. Ингээд тухайн өвчтөнийг тээвэрлэж 08 цаг 10 минутанд эмнэлэг дээр ирж хүчилтөрөгч өгч, кордамин судсаар хийсэн, зүрх судасны сэхээн амьдруулалт хийсэн боловч 08 цаг 17 минутанд нас барсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал);

9. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай "................. улсын дугаартай мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд орж тэнцсэн байна..." гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 61-62 дахь тал);

10. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай "Амь хохирогч С.Бын биед зүүн чамархайн, зулай, суурь ясны шугаман хугарал, зүүн чамархайн ясны дотно ялтасны сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдэд цусан хураа, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чамархайн, зулай, суурь ясны шугаман хугарал, зүүн чамархайн ясны дотно ялтасны сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдэд цусан хураа гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно... Амь хохирогч С.Б нь тухайн гэмтлийг авсан цаг хугацаанаас хойш цонх үе буюу цусан хураа тархийг дарж, шахах хүртэл хугацаанд ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас гавлын хөндийд цусан хураа үүсч тархийг дарж шахан гавлын дотоод даралт ихсэж тархи шаантаглаж амьсгал, зүрх судасны төвийн хурц дутагдлаар нас барсан..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-78 дахь тал);

11. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сумын төвөөс гараад явж байтал С.Б хоёр талдаа дайвалзаад унах гээд болдоггүй, би чи надаас чанга бариад суугаад яваач гэхэд за за гэж хэлээд цааш хөдлөөд явсан. Цааш хөдлөөд удаагүй зүүн тал гэнэт хүчтэй дайвалзсан бөгөөд би замаас зүүн талд хазайж гараад буцаад зам руугаа орж байтал дахин зүүн тал руу дайвалзаад бид хоёр зүүн талаараа газар уначихсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 106-107 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад хэн нэгнийг буруутгах зүйл байхгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмч ирсэн боловч өөрөө эсэргүүцэж, ойртуулаагүй, өөрийн найзаа гуйж өөрөө мотоцикль бариулж ард нь сууж явсан, золгүй байдлаар амь насаа алдсан, тиймээс надад гомдол санал, хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй...ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй, мөрөөрөө явж байсан хүнийг гуйж, мотоцикль бариулж яваад ийм хэрэгт холбогдуулсан Б.Мгийн хувьд энэ хэргийг хөнгөрүүлэн боломжтой бүх талаас нь шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-38 дахь тал);

2.  Б.Мгийн яллагдарчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Надад маш харамсалтай байна. Намайг хамт яваад ирье гэж гуйсан болохоор би хамт явсан, хамт явснаас болж золгүй байдлаар зам тээврийн осол гарч найз С.Бын биед гэмтэл учруулж, амь насаараа хохирсонд харамсаж байна. Цаашид би найзынхаа гэр бүлд тусалж, дэмжиж явах болно. Миний багын сайн найз минь байсан, бид гэр бүлтэй болж, гэр бүлийн найзууд болсон байсан...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал);

3. Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дэх тал);

4. Б.М болон гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 114-117, 128-130 дахь тал);

5. Увс аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дугаартай “...Б.Мгийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 119 дэх тал);

6. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим системээс “Б.М нь амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх өрхийн 680641 дугаартай тодорхойлолт, (хавтаст хэргийн 121 дэх тал);

7. Увс аймгийн .............. сумын Орлого багийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны 28 дугаартай “...Б.М нь жилийн эцсийн малын тоо адуу-11, үхэр-5, хонь-100, ямаа-130 бүгд 246 толгой мал тоолуулсан, малтай өрх юм”  тодорхойлолт (хавтаст хэргийн 126 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан бөгөөд  “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.

2. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

3. Шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө Увс аймгийн .............. сумын “Баруун хөвөө” гэх газарт иргэн С.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай “Мустанг-5” загварын мотоциклийг шороон гадаргуутай замд жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан “ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .......үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.9.з-д заасан “өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр” тээвэрлэхийг хориглох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироосон байна.

4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай "Амь хохирогч С.Бын биед зүүн чамархайн, зулай, суурь ясны шугаман хугарал, зүүн чамархайн ясны дотно ялтасны сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдэд цусан хураа, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чамархайн, зулай, суурь ясны шугаман хугарал, зүүн чамархайн ясны дотно ялтасны сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн булчинд цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал, баруун дух, чамархай хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, баруун чамархайн тархины эдэд цусан хураа гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Амь хохирогч С.Б нь тухайн гэмтлийг авсан цаг хугацаанаас хойш цонх үе буюу цусан хураа тархийг дарж, шахах хүртэл хугацаанд ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас гавлын хөндийд цусан хураа үүсч тархийг дарж шахан гавлын дотоод даралт ихсэж тархи шаантаглаж амьсгал, зүрх судасны төвийн хурц дутагдлаар нас барсан..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-78 дахь тал)-ээр талийгаач С.Б нь зам тээврийн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, нас барсан болох нь нотлогджээ.

5. Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны шөнө буюу 23 цагийн үед Увс аймгийн .............. сумын “Баруун хөвөө” гэх газарт иргэн С.Бын эзэмшлийн .............. улсын дугаартай “Мустанг-5” загварын мотоциклийг шороон гадаргуутай замд жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, хүний амь нас хохирох хор уршигт хүргэсэн байх тул түүний үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Мгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл нь хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.

6. Иймд шүүгдэгч Б.Мг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д заасан “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.9.з-д заасан “өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр” тээвэрлэхийг хориглох гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

7. Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба шүүгдэгч Б.Мгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх гол шалтгаан нөхцөл болсон байна.

8. Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсдэж, хүнд хор уршиг учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хд гэмт хэргийн хор уршигт сайн дураараа 300.000 төгрөг төлж барагдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Мгаас нотлох баримтаар ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид ч хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Мгаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 35-38 дахь тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Б.М нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.М нь мал аж ахуй эрхэлж амьдардаг, амь хохирогчтой багийн найзууд байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн болон амь хохирогчийн мал аж ахуйн нийлүүлж маллаж байгаа. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би найзынхаа эхнэрт тусалж дэмжиж явна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.

-Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

- Шүүгдэгч Б.М нь урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дэх тал)-аар нотлогдож байна.

 Хувийн байдлын хувьд тэрээр  ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг, хувьдаа 246 толгой малтай, 8 ханатай Монгол гэрт амьдардаг, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал хэрэгт тогтоогдсон байна.

Түүнчлэн Б.Мгийн зан төлөвийн талаар гэрч Ө.ЭнхТ мөрдөн байцаалтын шатанд: “...Б.М нь зан байдлын хувьд төлөв, даруухан, үг дуу цөөтэй, хүн болгонд туслаж, дэмжиж явдаг, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж үзээгүй, тамхи татдаггүй, гэр бүлийнхээ төлөө малаа маллаад амьдарч байгаа хүн юм. Мөн сумандаа нэр хүнд сайтай,...” гэж мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 56 дахь тал),

6. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

7.Иймд шүүгдэгч Б.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Мд оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах, хохирол хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Мг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурван) жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Мд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Мг тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Увс аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА