Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/299

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч, хохирогч *******,   

шүүгдэгч, хохирогч *******, хэлмэрч П.Сайнбаяр, өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******, ******* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208030210104 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****

Шүүгдэгч: *****

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч *******, ******* нар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” авто вокзалын зогсоол дээр “автобуснаас буусан 4 хүний ачааг аваад явлаа” гэх шалтгаанаар үл ойлголцон хувийн таарамжгүй үүсгэн ******* нь хохирогч *******ы толгой руу гараараа цохиж биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ******* нь хохирогч *******ын нүүр рүү гараараа цохиж биед зүүн дээд 1,2-р шүдний сулрал, эмтрэл, доод уруулд язрал, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг буруугаар ойлгоод ******* цохисон. Би баруун гараараа толгойд нь 2 удаа цохисон. Миний 2 шүд хөдөлсөн, хувиараа эмчлүүлсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

Шүүгдэгч, хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Миний буруу, уучлаарай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зодуулснаас хойш зүүн нүдний хараа жаахан муудсан. Толгой байнга өвдөж байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэв

Эрүүгийн 2208030210104 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *******ын: “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгоны орон нутгийн автобусны буудал дээрээс эхнэрийн дүүг тосож ачааг аваад машиндаа суулгасан. Тэр үед тухайн автобусны жолооч ах над дээр ирээд “Энэ хоёр хүүхдийг аваад явчих, очих газраа мэдэхгүй байна, хүргээд өгчихөөрэй” гээд гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд тухайн хоёр хүүхдийг утсаар очих газар луу залгатал 11-р хороолол гэж хэлсэн. Тэгэхээр нь авч явахаар болсон. Уг хоёр хүүхдийн ачааг автобуснаас буулгаад барьж явтал араас нэг үл таних эрэгтэй хүн сонин орилоод байхаар нь эргээд хартал нэг залуу шууд гараас татаад заамдаад намайг хоёр удаа цээж, нүүр лүү цохихоор учрыг нь асуутал хэлгүй эрэгтэй хүн байсан. Бид хоёрын хажууд байсан таксинд явдаг хүмүүс надад “Чи энэ хэлгүйгийн авч явах гэж байгаа хүний ачааг нь авчихсан юм биш үү” гэхээр нь “үгүй, өөр хүний ачаа, автобусны жолооч аваад яв гэсэн шүү” гэж хэлтэл тухайн хэлгүй залуу ахиад намайг заамдаад цохих гэхээр нь өөдөөс түлхээд ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл хажууд байсан жолооч нар салгасан. Тухайн хэлгүй залуу өөдөөс ирээд миний шүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон, миний шүд эвгүй болоод ахиж маргалдаж муудалцалгүй цагдаа дуудсан. Миний биед гэмтэл учирсан ч би өөрөө мөн адил гэмтэл учруулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.06-ны өдрийн 12045 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *******ын биед зүүн дээд 1,2-р шүдний сулрал, эмтрэл, доод уруулд язрал, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Хохирогч *******ы: “...2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” төвийн орон нутгийн авто зогсоол дээрээс хүн авч таксинд явах бодолтой очсон. Тухайн үед автобуснаас бууж ирсэн 4 эмэгтэйг такси авахаар намайг дуудлаа гэж ойлгоод очиж хаашаа явахыг нь асуухаар өөрийн гар утсаараа ойлголцох гэтэл араас өөр залуу гарч ирээд тухайн 4 эмэгтэйн ачааг шууд аваад явахаар нь миний авч явах байсан хүмүүсийг булаагаад авлаа гэж ойлгосон. Тэгээд тухайн залуутай заамдалцаж маргалдаж байхад намайг миний толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авахаар хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Салсан хойно миний бие зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр маргалдаж муудалцахаа болиод салсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.06-ны өдрийн 12048 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *******ы биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 2022.08.27-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-23-25),

шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-75), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-70), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-76), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-77), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-78), **** дүүргийн онцгой байдлын хэлтсийн 2023.01.18-ны 13.3/13 дугаар “******* нь тус хэлтсийн **** ангид Гал унтраах автомашины жолоочоор ажилладаг нь үнэн болно” гэх албан бичиг (хх-79),

шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-89), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-86), хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар (хх-87), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-90), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-92), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-93) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******, ******* нар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” авто вокзалын зогсоол дээр “автобуснаас буусан 4 хүний ачааг аваад явлаа” гэх шалтгаанаар үл ойлголцон хувийн таарамжгүй үүсгэн ******* нь хохирогч *******ы толгой руу гараараа цохиж биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ******* нь хохирогч *******ын нүүр рүү гараараа цохиж биед зүүн дээд 1,2-р шүдний сулрал, эмтрэл, доод уруулд язрал, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *******ын “...нэг үл таних эрэгтэй хүн сонин орилоод байхаар нь эргээд хартал нэг залуу шууд гараас татаад заамдаад намайг хоёр удаа цээж, нүүр лүү цохихоор нь... таксинд явдаг хүмүүс надад “Чи энэ хэлгүйгийн авч явах гэж байгаа хүний ачааг нь авчихсан юм биш үү гэж хэлэхээр нь “үгүй өөр хүний ачаа байгаа юм, автобусны жолооч аваад яв гэсэн шүү” гэж хэлтэл тухайн хэлгүй залуу ахиад намайг заамдаад цохих гэхээр нь өөдөөс түлхээд ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн хэлгүй залуу өөдөөс ирээд миний шүд рүү зүүн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-31-32), шүүх эмнэлгийн 12045 дугаар “1. *******ын биед зүүн дээд 1,2-р шүдний сулрал, эмтрэл, доод уруулд язрал, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-40-41), хохирогч *******ы “...тухайн залуутай заамдалцаж маргалдаж байхад миний толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авахаар...” гэх мэдүүлэг (хх-37-38), шүүх эмнэлгийн 12048 дугаар “1. *******ы биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжилгээ (хх-45-46) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ын хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан хохирогч *******ы толгой, дагз хэсэг рүү гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдэл,

шүүгдэгч *******ы хохирогч *******тай “автобуснаас буусан 4 хүний ачааг аваад явлаа” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэнд гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдэл нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-96, 97)-ийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон авто вокзалын зогсоол дээр “автобуснаас буусан 4 хүний ачааг аваад явлаа” гэх шалтгаанаар хохирогч *******ы толгой хэсэг рүү нь гараараа цохиж биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон авто вокзалын зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар хохирогч *******ын нүүр лүү нь гараараа цохиж биед нь зүүн дээд 1,2-р шүдний сулрал, эмтрэл, доод уруулд язрал, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд торгох ял тохиромжтой зэргийг харгалзан 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэж,

шүүгдэгч ******* “Буруу хийсэн зүйлээ ойлгож байгаа. Миний буруу, уучлаарай” гэж,

шүүгдэгч ******* “Хэлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ******* хохирогч *******ыг “автобуснаас буусан 4 хүнийг аваад явах гэлээ” гэх шалтгаанаар үл ойлголцон маргалдаж, хохирогч *******ын нүүр рүү гараараа цохиж, хохирогч *******ы толгой, дагз хэсэгт гараараа цохин харилцан зодолдож хохирогчийн эрх, эрх чөлөөнд тус тус халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч *******ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч *******ы хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломж (Гал унтраах, аврах ангид жолооч ажилтай, тодорхой орлоготой), шүүгдэгч *******ы орлого олох боломж (халамжийн тодорхой орлоготой, хувиараа такси үйлчилгээ эрхэлж тодорхой орлого олдог гэх)-ийг тус тус харгалзан шүүгдэгч *******, ******* тус бүрийг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэж байна.

Шүүгдэгч нар харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан, хэн аль нь хохирол төлсөн зүйлгүй, шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан түүний өмгөөлөгчийн “Шүүгдэгч *******ыг 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт *******ын *******, ********** овогт **********ийн ******* тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР