Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/304

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208030701699 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” агуулах худалдааны төвийн замын эсрэг талд таксигаар үйлчлүүлж буухдаа хохирогч *******“Самсунг А-33” маркын гар утсыг “дата цацаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2208030701699 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Н.*******ийн: “Би өөрийн ******* УНЗ улсын дугаартай “Тоёота королла” маркын тээврийн хэрэгсэлтэй 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 3-4 дүгээр хорооллын Парадокс үйлчилгээний төвийн хойд зам дээр явж байтал 20-25 насны эрэгтэй гар өргөж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шар орно гэж суусан. Тэгээд уг залуу Таван шарын буудал дээр иртэл цааш явж 10-н буудлын буудал дээр бууна гэж хэлсэн. Залуус хорооллын төмөр замын гарам гараад уг залууд 20,000 төгрөг гарсан талаар хэлтэл уг залуу гар утсаараа над руу мөнгө шилжүүлэх гэтэл “утас нь датагүй байна” гэж хэлэхээр нь би өөрийн самсунг А-33 маркын гар утсаа өгөхөд уг залуу надаас код асууж би 0000 гэж хэлтэл уг залуу миний машины арын хаалгыг онгойлгож гараад ертөнцийн зүгээр төмөр замын гарам гараад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулах руу зугтсан. Би хөөгөөд гүйцэхгүй байсан учир орилоод хүмүүсээс тусламж гуйгаад араас нь гүйж байтал жижиг саарал машинтай 2-3 залуу намайг нааш ир гэхээр нь яваад очтол уг 3 залуу миний гар утсыг аваад зугтсан гэх залууг бариад авсан байсан. Намайг очтол барьж авсан залуучууд миний гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд би цагдаад хандсан. Би гар утсаа болон таксины мөнгөө буцаагаад авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 107 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.10.10-ны өдрийн 1860 дугаар тайланд: “Самсунг А-33 маркын 1 ширхэг гар утас 800,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүгдэгч *******яллагдагчаар өгсөн: “...Би таксины жолооч *******гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч явсан нь үнэн, ямар нэг маргах зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Самсунг А-33 маркын усан цэнхэр өнгөтэй 1 ширхэг гар утас хохирогч Н.*******ид хүлээлгэн өгсөн” гэх тэмдэглэл (хх-13), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-34), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-38), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-39), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-40), дансны хуулга (хх-41-50), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-119, 120), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-121), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-122-123) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” агуулах худалдааны төвийн замын эсрэг талд таксигаар үйлчлүүлж буухдаа хохирогч *******“Самсунг А-33” маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 800,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *******“...би өөрийн “Самсунг А-33” маркын гар утсаа өгөхөд уг залуу надаас код асуухаар нь би 0000 гэж хэлтэл уг залуу миний машины арын хаалгыг онгойлгож ертөнцийн зүгээр төмөр замын гарам гараад зугтсан...” гэх мэдүүлэг (хх-10), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг А-33 маркын 1 ширхэг гар утас 800,000 төгрөг” гэх шинжилгээ (хх-17-18), шүүгдэгч *******“...Би таксины жолооч *******гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авч явсан нь үнэн. Хохирлоо бүрэн барагдуулж гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг (хх-118) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******“дата цацаад өгье” гэж хэлээд хохирогч *******гар утсыг авч зугтаасан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ид 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-56, 120)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулах худалдааны төвийн замын эсрэг талд таксигаар үйлчлүүлж буухдаа хохирогч *******“Самсунг А-33” маркын гар утсыг “дата цацаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна. Дахиж хэрэг төвөгт орохгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч *******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бусдын эд хөрөнгийн эрхэд халдан “дата цацаад өгье” гэж хэлэн хохирогчийн гар утсыг авч зугтаасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 800,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2 дугаар дамжааны оюутан гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********овогт *********ы **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР