| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2019/00215/И |
| Дугаар | 237 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. На, Л. Б нар нь 2015 оны 5 сарын 13-ны өдөр тус банкны Сайнцагаан тооцооны төвөөс 10 сая төгрөгийн цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч Б.На, Л.Б нар зээлийн гэрээний дагуу төлбөрөөс зээл, хүүгийн төлбөрт нийт 6.642.144 төгрөг төлсөн. Зээлдэгч Б.На, Л.Б нарын оршин суугаа газар нь тогтоогдохгүй, 2018 оны 2 сарын 27-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 8.462.734.34 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй 1167 хоног хугацаа хэтэрч байна. Зээлдэгч гэрээ байгуулах үедээ амьдарч байсан хаягтаа оршин суухгүй байгаа бөгөөд энэ нь багийн засаг даргын албан тоотоор тогтоогдож байгаа болно.
Иймд зээлдэгч Б.На, Л.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.На, Л.Б нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 00/001653 дугаартай, 00/001654 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаагаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц овогт Б-ны На /ВЖ82031813/, Х овогт Л-н Б /ВК86091900/ нар нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Тахилт 2-р байр 20 тоотод бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
Иргэний үнэмлэхний лавлагаанд бичигдсэн хаягтаа Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б-ны На /ВЖ82031813/, Л-н Б /ВК86091900/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.На, Л.Б нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажлыг гүйцэтгэхийг Дундговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х