| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
2023 03 07 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***,*** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003350316 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд ***тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannibinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,7936 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ээс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2202003350316 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр иргэнээс “энэ айлд нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
2. Хэргийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***тоотод үзлэг хийснийг буулгасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
3. Камерын бичлэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийхэд:
- Зураг №2 38 секундэд тестийг холбогдогчид задалж үзүүлж байгааг харуулав.
- Зураг №3 01 минут 03 секундэд тестийг холбогдогчид он сар хугацааг үзүүлж байгааг харуулав.
- Зураг №4 05 минут 11 секундэд тестийн лацыг авч байгааг харуулав.
- Зураг №5 05 минут 43 секундэд тестийн сорьцыг харуулав. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),
4. ***хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн: ...Надад гар хүрч зодоод, үсдэж чирээд байхаар нь цагдаа дуудах гэсэн чинь утсыг минь аваад нуусан. *** намайг уучлаарай одоо тайвширъя гэж хэлээд ариун цэврийн өрөө ороод өвсөө татсан. *** өвсөө татсаны дараа хоёулаа эвлэрье гэж хэлээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэрний дараа хамт унтъя гэхээр нь би хамт унтахгүй гээд доор нэг давхарт хэвтэж байсан. *** 2 давхарт унтсан. Би гар утсаа хайж олоод ариун цэврийн өрөөнд орж найз *** интернэтээр цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. 12 цагийн үед гэж санагдаж байна. 2 цагдаагийн албан хаагч манай гэрт ирсэн. ...Би цагдаагийн алба хаагч нарт болсон хэргийн талаар хэлсэн ба цагдаагийн албан хаагч нар энгэр дэх камераараа ариун цэврийн өрөөний бичлэг хийсэн. Хэрэглэж байсан өвс, ундааны саваар хийсэн өвсөө татдаг хэрэглүүр зэргийг бичиж авсан. Анх ирсэн цагдаагийн албан хаагчид ногоон өнгийн ургамал мэт зүйл болон татдаг хэрэглүүрийг хурааж авч явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 173-175 дахь тал),
5. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Манайх хаягтаа гурав дахь жилдээ амьдарч байна. Манай дээд айл болох *** тоот айлд 2021 оноос эхлэн нэг эрэгтэй, эмэгтэй хоёр амьдарч байгаа. 2021 оны 12 дугаар сард байх дээд талаас ус алдаж хэд хэдэн удаа *** тоот айл руу очиж хаалга тогшиход онгойлгож өгөөгүй. ...Би жирэмсэн байсан, шөнө байнга босдог, нойл ордог, сар өдрөө сайн санахгүй байна, нэг удаа нойл ороход маш муухай өмхий үнэртэй угаар үнэртээд байсан. Хаанаас орж ирснийг нь мэдэхгүй, цагдаа нар ирээд хаалгаа тайлахгүй байна гээд явчихдаг. Цагдаа явсны дараа дахиад үргэлжлүүлээд зодоод байхаар нь цагдаа нар руу эргэж залгаад, хүн үхчихвэл яах юм бэ гэхэд цагдаа нар хаалгаа тайлахгүй байна, өдөр ирнэ гээд явсан. *** тоотын 2 гаж юм шиг орилох дуу чимээ гаргаад, төмөр цохиод түчигнээд байдаг. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),
6. Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***тоотод төрсөн ах болох *** нь 2019 онд уг байрыг шинээр нь худалдан авч амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний төрсөн ах *** нь цагдаагийн байгууллагын тусгай тасагт олон жил ажиллаж байгаад хувиараа юм хийж гадагшаа сургуульд явах болоод ажлаасаа гарсан. Цусны өтгөрөлттэй гээд цус шингэлэх эм уудаг байсан. Сүүлд тархинд цус хурсан байсан учир хагалгаанд ороод өнгөрсөн. Миний мэдэхэд ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглээгүй. Хэрэглэх хүн ч биш гэж бодож байна. Нойр булчирхай өвдөж байхад хэд хоног гүрийж хэвтэж байгаад өвчин намдаах ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэхгүйгээр босож ирж байсан болохоор би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар огт мэдэхгүй. Хэрэглэхгүй ч гэж бодож байна. Нас барахын өмнө толгой нь өвдөөд хэцүү байхад нь өвчин намдаах хэрэглэж, пиво уухаар намдаж байна гэсэн яриа гаргаж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149 дэх тал),
7. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 28-29-ны шилжих шөнө жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00:10 минутад нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага мэдээлэл орж ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад, *** гэх залуу хамтран амьдрагч ***зодсон байдалтай байсан. ***болсон явдлын талаар асуухад “манай хамтран амьдрагч *** байнгын хар тамхи хэрэглэдэг байсан, түүнээс болж намайг зодсон гэх яриа өгүүлж ярьсан. Тухайн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ***,***тоотод хэргийн газар үзлэг хийхээр тогтож, үзлэгийг эхлүүлэн гэрт нь ороход эмх замбараагүй байх бөгөөд, дараа дараагийн дуудлага ихтэй байсан учраас үзлэгийг шинжээч, оролцогч ***нарыг оролцуулан явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд оролцогч ***нь манай нөхөр хар тамхи шиг зүйл татаад байдаг гээд нойлын өрөөний хогийн саванд хэрэглэсэн гэх зүйл нь байгаа гэж заасан. Үүний дагуу шинжээчээр үзүүлэхэд хүрэн бор хуванцар савтай хажуу талд нь цоолсон, хар тортог бүхий зүйлээр бохирлогдсон зүйл, мөнгөн дэвсгэрт хуйлж гуурс шиг болгосон, түүний дээр мөнгөлөг тогоон хэлбэртэй зүйл гарч ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан аваад, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд нойлын өрөөний хаалганы хойд талын угаалгын машин дээр мөнгөлөг цаастай нунтаг ургамал мэт зүйл байсныг мөн шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, үзлэгийг оролцогч нарт танилцуулан дуусгаж, дараагийн дуудлага мэдээлэлд явсан. Уг гомдол мэдээллийг маргааш нь манай мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Саранхүү нь уг ажиллагаанд хүчинтэйд тооцуулсан байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164 дахь тал),
8. Шинжээч Г.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд шинжээч мэргэжилтний үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 3 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ***,***тоотод “нөхөр нь эхнэрээ зодсон” гэх дуудлага мэдээлэлд очиход эхнэр гэх эмэгтэй уйлсан байдалтай, нөхөр гэх сахалтай залууг алаг тэргэнд суулгасан байсан. Хэргийн газрын үзлэг хийхээр болж мөрдөгч, хэргийн газрын үзлэгийг тус *** тоот байранд хийхээр болж эхнэр гэх эмэгтэйг оролцуулж, үзлэгийг хийж хэрэгт ач холбогдолтой зүйл ул мөр илрүүлэх зорилготой ажиллагааг явуулж байхад эхнэр гэх эмэгтэй нь нойлын өрөөний хогийн сав руу зааж, ийм юм хэрэглэдэг гээд хуванцар бор өнгийн сав, хажуу талд нь цоолж цорго гаргасан, дотроо хар тортог мэт зүйлээр бохирлогдсон зүйл гаргаж өгснийг нь би гялгар уутанд хийж хураан авч, мөрдөгчид хүлээлгэн өгсөн, мөн угаалгын өрөөний хаалганы ард мөнгөлөг цаастай нунтаг өвс мэт зүйл байсныг бас хэрэгт авч, мөрдөгчид хүлээлгэн өгсөн юм. Миний хэргийн газрын үзлэгийн үед 11 кадр гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. Хураан авсан эд зүйл нь №10, 11 дугаартай гэрэл зургаар бэхжүүлж авсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дахь тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №2621 дугаартай:
- Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Мөнгөлөг цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар сав зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2622 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “*** ***” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
11. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж байна. Манай хөрш *** тоотод *** оны *** гэх ах амьдардаг байсан. Би тухайн айлд орж *** ах бид хоёр хааяа нэг шил пиво хувааж уудаг байсан. Тухайн үед би гэрт нь ороход *** ах ганцаараа байсан. *** ах маш их шарталттай байсан, миний бие өвдөөд байна, хэд хоногоос эмнэлэгт хэвтэнэ гэж байсан. Тухайн үед *** ах өөрийн өмсөж байсан саарал өнгийн куртикийг надад бэлэглэсэн. *** ах ууж чадахгүй, би авч орж ирсэн том Сэнгүр нэртэй 2 литр пивоноос уугаад сууж байгаад би нойлын өрөөнд бие засахаар ороход угаалтуурын дээд талын тавиур дээр мөнгөлөг цаасаар хийсэн бонго буюу гаанс хэлбэрийн зүйл, бас хажуу талд нь мөнгөлөг цаастай өвс байхаар нь нойлоос гарч ирэхдээ бариад *** ахаа би ганц нэг сороод үзье гэсэн. *** ах тэг тэг гэхээр нь би өвснөөс гаансанд нь жаахан хийгээд асааж, сорж хэрэглэсэн. Өвсийг хэрэглэснээр онц гойд юм мэдэгдээгүй. Тэгээд үлдсэн өвс, гаансыг *** ахын бэлэглэсэн саарал өнгийн гадуур хувцсанд хийгээд аваад гарсан. *** ах намайг авч явахыг зөвшөөрсөн тул би гэр лүүгээ аваад орсон. Би *** ахын өгсөн гадуур хувцсыг хоёр давхрын хувцасны өлгүүрт өлгөөд орхисон. ...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хувцас, хунараа угаах гээд хувцаснуудаа авч халаасыг нь суллаад байж байтал, нөгөө саарал хувцасны халаасанд хийсэн өвс, бонго хоёр гараад ирэхээр нь гэнэт санаад ...өвсөө нойлын өрөөнд орж байгаад асааж хэрэглэсэн. Би утаанд нь хахаж цацаад нойлоос гараад ирсэн. Надад маш гоё мэдрэмж төрсөн. Хоол идсэн чинь хоол маш амттай санагдаж, хөгжим сонсоход анхаарал төвлөрч, ая зохиомоор санагдаад явчихсан. Тэр даруйдаа нэг дууны ая хөгжмийг нь хийсэн, би дуу хийчхээд уг өвс гоё юм байна гээд тамхи татаад гэртээ сууж байсан чинь хамтран амьдрагч *** гаднаас орж ирээд ямар балиар тамхины утаа вэ, чи зайлаад өг гэж орилсон. Тэгээд миний толгой хэсэг рүү хэдэн удаа цохихоор нь би гараараа хоолой, цээж хэсэг рүү нь түлхэхэд, *** арагшаа болж орилж чарлаад бөөн хэрүүл болсон. Би тэгээд 2 давхар руу гараад унтахаар болоод хэвтэж байтал чи надтай учирсандаа харамсаж байна уу гэхэд нь харамсалгүй яахав дээ гэж хэлээд унтаад өгсөн. Нэг мэдсэн цагдаа нар орж ирээд үзлэг хийж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дахь тал),
12. ***овогт ***нь *** төрсөн, *** өдөр нас барсан бүртгэлд бүртгэгдсэн тухай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 151 дүгээр хуудас),
13. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №657 дугаартай:
- *** нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
- *** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
- *** нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.
- *** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
- *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал),
14. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 106 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 116-118 дахь тал), авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас: Үйлчлүүлэгч гэм бурууд маргаан байхгүй гэж байгаа боловч хууль хэрэглээний хувьд өөрийн байр суурийг илэрхийлнэ. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдох ёстой. *** өөрөө зөвшөөрснөөр яллах үндэслэлтэй гэж үзэж болохгүй. Шүүх мэтгэлцээний хүрээнд яллах цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэр гаргах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтаар ***д холбогдох хэрэг эргэлзээгүй тогтоогдоогүй байна. Хэргийн 8 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгийг шинжлэн судалсан. Мөн 72 дугаар талд авагдсан тест шалгасан тэмдэглэл, 76 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээ бүхий нөхцөл байдал төрж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Яллагдагчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй тохиолдолд яллах үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан. ***ийн хувьд олж авч, хадгалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тиймээс хэргийн 157 дугаар талд авагдсан прокурорын тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнтэй холбогдуулж хэргийн газар үзлэг хийсэн. Уг тэмдэглэл нь 8 дугаар талд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хуулбарласан. Мөн 163 дугаар талд гэрч *** мэдүүлэг байгаа. Тийм мөртөө биеийн байцаалтад *** гэж бичсэн байгаа. Ийм баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх үндэслэлтэй. Хэргийн газрын үзлэг зөрүүтэй, үзлэгийг бие засах өрөөнд хийсэн үү, угаалгын машинд хийсэн үү. *** бие засах өрөөнд байсан гэдэг ч сүүлд хийсэн хэргийн газрын үзлэгээр угаалгын машинд байсан гэдэг. ***ын мэдүүлэг, ***ийн мэдүүлгүүдээр энэ бүгд давхар тогтоогдож байна. Хэргийн газрын үзлэг зөрүүтэй, эхний үзлэгээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй, дараагийн үзлэгээр угаалгын машинд байсан гэсэн байна. Хар өнгийн бохирлогдсон мөнгөлөг цаас, хуйлсан мөнгөн дэвсгэртээр мансууруулах төрлийн бодис илрээгүй гэсэн байна. Эдгээр нотлох баримтаар ***ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Зохих бүхий л ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Учир нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. ***д холбогдох хэрэг эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***тоот дахь *** (нас барсан)-гийн гэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannibinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авч, улмаар тус байрны *** тоотод 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 0,7936 грамм цэвэр жинтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр иргэнээс ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Хэргийн газарт 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***тоотод үзлэг хийснийг буулгасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),
- Камерын бичлэгт 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дахь тал),
- ***хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 173-175 дахь тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 02-н өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 164 дэх тал),
- Шинжээч Г.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 166 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №2621 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №2622 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн ба түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, шүүгдэгчийн үйлдэл нь эргэлзээгүй тогтоогдоогүй, яллагдагчийн мэдүүлэг нотлогдоогүй тохиолдолд яллах үндэслэл болохгүй, хэргийн газрын үзлэг зөрүүтэй, тест, шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байгаа зэрэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах тухай дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн гэмт хэрэг нь “энэ айлд нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр цагдаагийн алба хаагч нар дуудлагаар ***хотхоны ***тоотод очсоноор илэрсэн байна.
Тодруулбал дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч нараас хэргийн газрын үзлэг хийсэн байх ба, мөн хэрэгт хохирогчоор ***мэдүүлэг өгөхдөө “...цагдаагийн алба хаагч нар энгэр дэх камераараа ариун цэврийн өрөөний бичлэг хийсэн хэрэглэж байсан өвс, ундааны саваар хийсэн өвсөө татдаг хэрэглүүр зэргийг бичиж авсан, ногоон өнгийн ургамал мэт зүйл болон татдаг хэрэглүүрийг хурааж авсан...” гэж мэдүүлжээ. Мөн хэргийн газар очсон цагдаагийн алба хаагч болох гэрч ***гээс “...оролцогч ***нь нөхөр тамхи шиг зүйл татаад байдаг, нойлын өрөөнд хогийн саванд хэрэглэсэн гэх зүйл нь байгаа гэж заасан, ...үзлэгийг үргэлжлүүлэхэд угаалгын машин дээр мөнгөлөг цаастай нунтаг ургамал мэт зүйл байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан...” гэж, шинжээч Г.Эрдэнэзаяагаас “....*** тоотод нөхөр нь эхнэрээ зодсон гэх дуудлага мэдээлэлд очиход эхнэр нь гэх эмэгтэй нойлын өрөөний хогийн сав руу зааж ийм юм хэрэглэдэг гээд хуванцар бор өнгийн сав, хажуу талд нь цорго гаргасан хар тортог мэтээр бохирлогдсон зүйлийг гаргаж өгснийг хураан авсан, ...угаалгын өрөөний хаалганы ард мөнгөлөг цаастай нунтаг өвс мэт зүйл байсныг хэрэгт авсан, хэргийн газрын үзлэгийг 11 кадр гэрэл зургаар бэхжүүлж авсан, хураан авсан эд зүйл нь 10, 11 дугаартай гэрэл зургаар бэхжүүлж авсан гэж тус тус мэдүүлсэн.
Дээрх ажиллагаагаар хураан авсан эд зүйлийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээнд хүргүүлэхэд шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2621 тоот дүгнэлтээр “...Мөнгөлөг цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн хуванцар сав зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...”гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн эдгээр нотлох баримт хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөн өмгөөлөгчөөс цагаатгах үндэслэл болгож буй эргэлзээтэй гэх баримт болох хэргийн 72-76 дугаар талд авагдсан шинжээчдийн дүгнэлтэд “***ийн буюу хүний биеэс биологийн дээж авч сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест”-д гаргасан дүгнэлтүүд ба, эдгээр дүгнэлт нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан шүүгдэгчийн үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.
Түүнчлэн гэрч ***гийн мэдүүлгийн гарын үсэг хэсэгт дээрх нэр бүхий хүн нь гарын үсгээ зурсан байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй болно. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг хэрэгт цугларсан бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэл болсон. Иймд эдгээр үндэслэлээр өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндсэн шинжийг “Хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн, олж авсан” бол гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодис нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулж, нийгэмд хортой, ноцтой үр дагавартай, улмаар улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлдөг учраас тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.
Иймээс энэ төрлийн бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан авахаас бусад үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч гэх зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannibinol/-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,7936 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, улмаар шүүгдэгчийн хадгалсан өвс гэх нэршилтэй бодис нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох нь эргэлзээгүй нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг урд өмнө хэрэглэж үзсэн болон гадаад улсын хамтлаг дуучид хэрэглэдэг гэдэг ойлголттой байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Прокуророос шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан үйл баримт байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас: Эрүүгийн хариуцлагын талаар хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлын хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Мөн *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, нийгэмд байр сууриа олсон, зөв хүмүүжилтэй, гаж төлөвшил байхгүй. Эцсийн үгтээ гэмшиж байна гэж чин сэтгэлээ илэрхийлж байна. Хувийн байдлыг нь харгалзаж үзэх ёстой. Насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, эхнэр нь элэгний Ц вирустэй, эхнэрийнх нь биеийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, нийгэмд үзүүлэх хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүх хуралдаанд гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон ба эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан, шүүх хэргийн нөхцөл байдал, нийгэмд үзүүлэх хор уршгийн шинж чанарыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож хэрэглэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэж, өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 2.9 грамм өвс мэт зүйл, зип лок түгжээ бүхий мөнгөлөг цаас, бор өнгийн хажуу бөөрөндөө цоолсон сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, мөн 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч *** овогт ****** ***ийг Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ****** ***ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн шалгах газарт хадгалагдаж байгаа 2.9 грамм өвс мэт зүйл, зип лок түгжээ бүхий мөнгөлөг цаас, бор өнгийн хажуу бөөрөндөө цоолсон сав зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН