| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2019/00203/И |
| Дугаар | 238 |
| Огноо | 2019-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 238
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын 5-р баг ******* тоотод оршин суух, Б овогт С-н Б /*******/, Н овогт Н-н О /*******/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14.533.189.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , хариуцагч С.Б, Н.О, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б, Н.О нар нь Хас банктай 2018 оны 11 сарын 1-ний өдөр 1190017600 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14500.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хэрэглээ зориулалтаар авсан. Банк 2018 оны 11 сарын 1-ний өдөр Н.Оийн Хас банкин дахь 5002564914 тоот дансанд 14.500.000 төгрөг шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 441682.35 төгрөг, зээлийн хүүд 576.306.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1220.79 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хамгийн сүүлд 2019 оны 1 сарын 2-ны өдөр төлбөрийг төлсөн. Түүнээс хойш 314.850 төгрөг төлсөн боловч зээлийн төлөлт бүрэн төлөгдөхгүй хугацаа хэтэрсэн. Банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 14533189.75 төгрөгийг С.Б, Н.О нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нараас 14442246 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсан. Зээлийн хугацаа хэтрэлттэй, 800 000 төгрөгийг 2019 оны 6 сард багтааж хэсэгчлэн төлж барагдуулна. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сард дуусах учир үлдэгдэл зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:С.Б миний бие Н.Оийн Хас банкнаас авсан 14.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн болно. Н.О нь 2018 оны 9 сараас хойш тусдаа амьдарч байгаа тул миний бие зээлийг төлсөн эсэхийг мэдээгүй болно. Оюутан хүүхдийнхээ төлбөр мөнгийг би зохицуулж өгдөг учир зээлийг төлөх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбар нь хариуцагч С.Б, Н.О нараас зээлийн гэрээний үүрэгт 14533189.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч С.Б, Н.О нар нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн гэрээг цуцлахгүй, цаашид зээлээ зээлийн гэрээний хугацаанд үргэлжлүүлэн төлнө гэж маргажээ.
Хариуцагч С.Бд шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг түүний эзгүйгээр хянан шийдвэрлэсэн.
Зохигч талуудын хооронд 2018 оны 11 сарын 1-ний өдөр 1190017600 тоот зээлийн гэрээ байгуулж, 14.500.000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь хэргийн 5-6-р хуудсанд авагдсан 1190017600 тоот гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч гэрээний дагуу зээлийн төлбөрөө хугацаанд төлөөлөөгүйгээс хариуцагч нараас зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардаж байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан 1190017600 дугаартай зээлийн гэрээний хавсралт буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэж зохицуулсан байна.
Хас банк ХХК нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцалсан талаар дурдаагүй бөгөөд зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Гэвч Хас банк ХХК зээлийн гэрээг цуцлах тухай хариуцагч нарт мэдэгдээгүй мөн зээлийн гэрээг цуцалсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлагдаагүй гэж үзэх нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн байх тул хариуцагч С.Б, Н.О нараас хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 761200 төгрөгийг гаргуулж, зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэх нь хуульд нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Зохигчийн хооронд байгуулсан 1190017600 тоот зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд гэрээний үлдсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй үлдсэнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Н.О нараас 761200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Дундговь салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 22819 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х