| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
2023 03 07 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч А.Алтангэрэл,
хохирогчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***овогтой ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210021110024 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, ***, ***, ам бүл-***, *** хамт ***түр оршин сууж байгаа, *** гэх оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***овогт ***(РД:***)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо, ***тоотод иргэн ***хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хөлөөрөө өшиглөх, гараараа болон сандал, гутал зэргээр цохих байдлаар зодож, биед нь баруун ухархайн гадна хана, баруун хацрын нумны хугарал, зүүн 3, 5, 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний доод зовхинд цус харвалт, баруун хацар, баруун шанаа, дух, дээд уруул, зүүн хацар, эрүүний төвгөр, зүүн чихний ард зулгарал, баруун хацар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн зүүн талын 1 дүгээр шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт: Шүүгдэгч ***оос: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2210021110024 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “хүнд зодуулаад” гэсэн утгатай бүртгэгдсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
2. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэр *** Хархорин захаас юм авахаар явж байгаад *** гэх эхнэрийн найзтай таарсан. Бид нар уулзаж байхад ***, *** нар ирсэн. Би тэд нарыг энэ хавиар ойрхон хоолонд ороод байж би захаас юм авчаад ирье гээд эхнэртэйгээ Хархорин захаас юм цуглуулчхаад гарч ирэхэд нөгөө хэд залгаад болж байна уу гэж асуусан. Би болж байна гэхэд Хархорин захын ард талд байрлах хоолны газар ***, *** нар тус тусын 1 шил пиво уугаад байж байсан. Эхнэр бид хоёр очоод хоол идээд бид нар дундаа 1 шил 0,75 грамм Соёрхол нэртэй архи авч уусан. Бид нар гараад караоке орох гэхэд байхгүй байсан. *** манайд бөөндөө очъё хүн байхгүй гэж хэлэхээр нь замдаа дэлгүүрээс 2 шил 0,75 грамм Соёрхол нэртэй архи, мөн идэж уух зүйл аваад Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байрлах гэрт нь ирсэн. Тухайн үед 19-20 цаг болж байсан. Бид нар хоол хийж идээд авч ирсэн архиа ууж эхэлсэн. Бид нар тавуулаа хөзөр тоглоод сууж байтал *** чи ямар лалрын писда вэ ална шүү гэхээр нь би шаагаад бай гэж хэлчхээд эхнэртэйгээ юм ярьж байхад *** миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би доошоо нүүрээ дараад хэвтэхэд дээрээс *** толгой руу гараараа нүдсэн. Би цохихоо болихоор нь босоод иртэл цаанаас хагас түрийтэй хар гутлаа гартаа барьж ирээд дахин нүдэж эхэлсэн. Тухайн үйл явдал барагцаагаар 40 минут үргэлжилсэн. Гутлаа өмсөж байгаад дахин 10 минут зодоод ард нь байсан модон хүнд сандлаар үргэлжлүүлж зодож эхэлсэн. Намайг эхлээд гараараа цохиж газар унагааж дээрээс хөл гараараа толгой болон хавирга хэсэгт цохисон. Мөн хагас түрийтэй гутлын өсгийгөөр толгой болон нуруу хавирга хэсэгт цохисон. Намайг зодож байгаад гүйцээгээд ална гээд ***ийн гэрээс хутга хайгаад байсан. Намайг гутлаа өмсөөд өшиглөхдөө зүүн талын үүдэн шүдийг өшиглөж гэмтээсэн. Зодуулчхаад дараа нь гэмтлийн эмнэлэг ороход эмч шүдийг унасан байна, гадна талын арьсан дээр тогтсон байна гэж хэлээд авсан. Миний баруун талын үүдэн шүд угаасаа байхгүй байсан. ***ын эхнэр *** нь нөхрийгөө зодож байхад дундуур орж ирээд миний 2 чихнээс гарын хумсаа шигтгэж аваад 2 тийш нь татаад нүүр хэсгийг маажиж, барьж өгч нөхөртөө зодуулсан. Миний 2 чихний ар тал болон зүүн шанаа, уруулын дээд хэсэгт *** гарын хумсаараа маажиж гэмтээсэн. Мөн 3, 5, 10 дугаар хавирга хугарсан, баруун талын нүд хөхөрсөн. Бие бүхэлдээ хөндүүрлэж тухайн үедээ босож чадахгүй байсан. Би юм идэх гэхээр үүдэн шүд байхгүй, хойд араагаараа идэх гэхээр баруун талын нүдний доод ухархайнаас хойд шанааны дээд үзүүр буюу чихний харалдаа яс дагуу янгинаж өвдөөд маш их зовуурьтай байна. Унтах гэхээр хугарсан хавирганууд өвдөөд унтахад маш хэцүү байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хархорин захаас бараа авахаар явж байгаад ***, ***, *** нартай таарсан. Бид нар уулзаад хоол идэж байхад *** ирсэн. Тэгээд бид нар хоол идээд байж байтал *** нөхөр болон ***тай хамт захаар явах ажил байна гэж хэлсэн. *** тэр 3 зах руу яваад *** бид 2 паабад хүлээж байсан. Удалгүй нөгөө 3 гаднаас орж ирээд 1 шил архи уугаад бид гараад такси бариад манай гэрт ирж үргэлжлүүлж уухаар болсон. Бид нар 2 шил 0.75 грамм Соёрхол архи аваад мөн бас бус идэж уух зүйл аваад ирсэн. Бид нар архиа ууж байгаад би нэлээн их согтсон байхад зодоон болоод байсан. Би нэлээн согтуу унтаж байгаад сэртэл *** ***ыг зодож байсан. Би босоод тэр 2-г салгатал *** нь одоо дахиж хэрүүл маргаан хийхгүй зүгээр, санаа зоволтгүй гэхээр нь буцаад байшинд орсон. Тэгэхэд шууд гүйж очоод ***ыг өшиглөөд зодоод байсан. Тухайн үед ***ыг ***ын эхнэр *** нүүрийг нь маажаад байсан. Би тэд нарт болиоч нэгнийгээ аллаа шүү дээ гэж хэлсэн боловч ерөөсөө тоохгүй байсан. *** ***ыг ална гээд гэрийн гал тогооны шүүгээнээс хутга авсан. Тухайн үйлдлийг *** бид хоёр болиулсан. Тэгээгүй бол ер нь хутгалах магадлалтай байсан. *** утсаараа цагдаа дуудсан. *** *** нар цагдаа дуудсан байна гээд яваад өгсөн. ***ыг *** нь нүүр лүү нь өшиглөж толгой руу нь гараараа цохиж, цээжин дээр нь дэвсэлсэн. Манайд байдаг жижиг модон сандлаар ***ын нүүр хэсэг рүү нь сандлын тавцан хэсгээр цохиж гэмтээсэн. Мөн миний хагас түрийтэй гутлын түрийнээс барьж байгаад ***ыг цохиод байсан. Харин түүний эхнэр болох *** нь ***ын нүүр хэсгийг хумсаараа маажиж цус гаргасан. ***ын нүүрнээс нэлээн их хэмжээний цус гарсан байдалтай байсан. ***ын дээд үүдэн хоёр шүдийг *** өшиглөж унагаасан байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хархорин захад ажлаа хийж байхад ***, *** хоёр ирж надтай уулзсан. Тэгээд бид нар нэг газар орж суухаар болсон. Би ажил руугаа орж ***, *** нар Хархорин захаас юм авна гээд явсан. Тэр үед ***, *** нарыг паабад суугаад хүлээж бай гэж хэлсэн. Би ажлаа 19 цагийн үед тараад нөгөө хэдтэй уулзаж ***ийнд очихоор болсон. Замаараа дэлгүүр орж 2 шил 0.75 грамм Соёрхол гэх архи авч мөн идэж уух юм авсан. Тэгээд ***ийнд ирээд архи ууж байгаад *** болон *** нар хоорондоо хэрэлдээд байсан. Би ***т хандан чи эмэгтэй хүнтэй аятайхан харьцаач гэж хэлэхэд *** уурлаж намайг гичий нохой зэрэг үгээр хараасан чинь нөхөр *** ***намайг өмөөрч маргалдаж хоорондоо зодолдсон. ***, ***ыг зодож эхэлсэн. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан болохоор яг ямар зодоон болсон талаар санахгүй байна. Би нэг харсан чинь ***ын нүүрийг маажсан байсан. Мөн нөхөр ***ыг зодож нүүрнээс нь цус гаргасан байсан. Тухайн үед *** юу ч хийлгүй хараад байж байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
5. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр болон ***хамт Хархорин зах дээрээс хүүхдүүдийн хувцас авахаар очсон. Зах дээр *** гэх эмэгтэй багийн найзтайгаа таараад уулзаж байгаад бөөндөө хоол идэхээр болсон. Тухайн үед *** түүний нөхөр ***, манай нөхөр ***, түүний найз *** нарын хамт бид нар хоол идчихээд захаас авах ёстой бараагаа аваад буцаж гарч ирсэн. Тэгээд ***ийнд очихоор болсон. Бид нарыг дэлгүүр орсон хойгуур ***, *** нарыг өөр газар очоод сууж бай гэж хэлээд явсан. Бид нар бөөндөө ***ийнд ирээд архи уусан. Тухайн үед бид нар 0.75 литрийн Эдэн гэх архи нэг шилийг уугаад хөзөр тоглоод байж байтал гэнэт *** нөхрийн нүүр лүү цохисон. Би юу болоод байгаа юм бэ гэтэл нөхрийг үгийн зөрүүгүй зодоод эхэлсэн. Би нөхрөө хамгаалаад түүний урдуур нь ортол намайг холдуулж байгаад нөхрийн толгой хэсэг болон биеийн бусад хэсэг рүү цохисон. Сүүлд нь сандлаар цохиод байхаар нь би урдуур нь нөхрөө хамгаалаад ортол намайг сандлаараа нэг удаа цохисон. *** нь хутга хайгаад нөхрийг ална гээд байсан. Би гал тогооны шүүгээнд байсан хутгануудыг нь нуучхаад эргээд хартал нөхрийг *** гэх эмэгтэй хром гутал барьчихсан толгой хэсэг рүү нь цохиж байсан. Нөхөр өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. *** нь нөхрийг хоёр чихнээс нь атгасан байдалтай нөхрөөрөө зодуулж байсан. Тухайн үед *** нь нөхрийг сандлаар цохиод байхаар нь би урдуур нь ороход намайг сандлаар зүүн талын өвдгөн дээр нэг удаа цохисон. Зүүн өвдөг хавдсан байсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Гэмтлийн эмнэлэгт зүүн хөлийнхөө зургийг авхуулсан. Би найз нөхдийн харилцаагаа бодоод за яахав дээ гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Миний хөл хааяа өвдөөд байгаа. Би 5 сартай жирэмсэн учраас одоогоор бие тогтворгүй байна. Мөн сэтгэл санаа тавгүй байгаад байна. Харин ***т сандлаар цохиулсан өвдөг шөнө болохоор өвдөөд байгаа. Гэмтлийн эмч хэлэхдээ MRI-д харуулаарай гэсэн. Тухайн үед MRI 500.000 төгрөгийн үнэтэй байсан учир харуулж чадаагүй юм. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №11604 дугаартай:
- ***биед баруун ухархайн гадна хана, баруун хоншоорын хөндийн гадна хана, баруун хацрын нумны хугарал, зүүн 3,5,10-р хавирганы хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, баруун шанаа, дух, дээд уруул, зүүн хацар, эрүүний төвгөр, зүүн чихний ард зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Баруун хоншоорын хөндийн гадна хана, баруун ухархайн гадна хана, баруун хацрын нумны хугарал, зүүн 3,5,10-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай:
- Магадлуулагч ***ын биед дээд үүдэн зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
- Магадлуулагч ***ын биед учирсан дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт, толгойн компьютер томографийн зурагны хариунд тусгагдаагүй, шинэ, хуучин эсэх нь тодорхойгүй байх тул 11604 дугаартай дүгнэлтэд тусгаагүй байна.
-***2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн толгойн КТГ-н зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад 11, 21-р шүднүүд тодорхойлогдохгүй, буйланд 21 дүгээр шүдний оромтой гэсэн нь дээд үүдэн зүүн талын 1 дүгээр шүд шинээр унасныг харуулж байна.
- ***биед учирсан дээд үүдэн зүүн талын 1-р шүдний булгарал гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх үед үүссэн байна. Уг шүдний булгарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба 11604 дугаартай дүгнэлтийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт нөлөөлөхгүй.
- ***биед учирсан ясны хугарал гэмтлүүдэд эмчилгээ хийлгэх шаардлагатай ба эмчилгээ хийгдэхгүй бол ясны хугарлын бороололт удаашрах боломжтой. гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-49 дах тал),
8. Шинжээч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: Надад үзүүлэхдээ шүдний эмнэлэгт үзүүлсэн гэсэн зүйл яриагүй. Үзлэгээр тогтоогдоогүй. Шүдний хугарал бол дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Гэхдээ №11604 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй. ***3, 5, 10 дугаар хавирганы хугарал нь шинэ хугарал байсан. Харин зүүн талын 6,7,12 дугаар хавирганы хугарал нь хуучин гэмтэл байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
9. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ***, ***, ***, эхнэр *** нарын хамт нэрийг нь мэдэхгүй байна нэг паабад орж нэг шил 0.75 граммын архи уучхаад гараад ***ийнд очихоор болсон. Бид нар ***ийн гэр болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ирээд хөзөр тоглож архиа уусан. Тухайн үед *** нь хөзөр тоглож байгаад байгаад уурлаад байсан. Надтай гадаа гарч тамхи татаж байхдаа өөрийнхөө эхнэр болон манай эхнэрийг доромжлоод янз бүрээр хэлээд байхаар нь тэвчээд дуугай байж байтал өөрийнхөө эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь тэсэлгүй ***т чи эмэгтэй хүнтэй аятайхан харьцаач гэж хэлтэл босож дайраад салаавч гаргаад байсан, дахин дайраад байхаар нь тэсэлгүй барьж аваад нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Миний урдаас дайрахаар нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Би ***ыг хэрхэн яаж зодсон талаараа сайн санахгүй байна. Тухайн үед согтсон байсан учраас зарим зүйлийг санахгүй байгаа юм. Эхнэр *** ***ыг хэрхэн яаж зодсон талаар би мэдэхгүй байна. Эхнэр бид хоёр ***ыг эмнэлгээр дагуулан авч явсан. ***биед үүссэн гэмтлүүдийг би учруулсан. Эхнэр болон өөрийнхөө эхнэрийг янз бүрээр хэлээд доромжлоод байсан учраас уур хүрээд тэсээгүй. Тухайн үед хийж байгаа үйлдлээ хянах боломжтой байсан, П.***ыг зодож тухайн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний гутлаас зуурчхаад явуулахгүй байхаар нь гутлаа тайлчихсан байсан болохоор тухайн гутлаар хацарт нь цохисон, гэхдээ ганц удаа л цохисон. *** миний биед халдаагүй, ямар нэгэн гэмтэл үүсээгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас: Хүндэвтэр гэмтэл 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг байгаа. Хохирогчийн хавирга хугарсан, шүд хугарсан. 1 шүд хийлгэхэд 3,000,000 төгрөг ба үүнийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс төлнө гэж байгаа. Шүүгдэгч үүнийг төлөх боломжтой гэж байна. Үүнийг шүүхийн тогтоолд дурдах боломжтой. Хүн насан туршдаа шүдгүй явахгүй. Энэ мөнгийг төлнө гэж байгаа тул хохирлыг нь гаргуулж өгнө үү, хохирогчийн хүсэл сонирхлоор харилцан тохиролцож хийсэн гэрээг шийдвэрт дурдаж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, мөн Үндсэн хуульд зааснаар хохирлыг гаргуулж шүүхийн шийдвэрт дурдуулах хүсэлттэй байна. гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс: Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжилж байгаа 4,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Үүнийг төлөхийн тулд ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж байж төлнө. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт ***тоотод 2022 оны 08 дугаар сарын 19-ний шөнийн 22 цагийн орчим согтуурсан үедээ хамт байсан иргэн ***ыг өөрийн эхнэрийг үг хэлээр доромжилсон гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, сандал, гутал зэргээр цохих зэргээр зодож, бие, эрүүл мэндэд нь баруун ухархайн гадна хана, баруун хоншоорын хөндийн гадна хана, баруун хацрын нумны хугарал, зүүн 3, 5, 10 дугаар хавирганы хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар, баруун шанаа, дух, дээд уруул, зүүн хацар, эрүүний төвгөр, зүүн чихний ард зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №11604 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45-49 дах тал),
- Шинжээч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг өөрөө нотлох үүрэг хүлээхгүй болно.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болон үйл баримтаар шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хохирогч ***ыг өөрийн эхнэрийг үг хэлээр доромжиллоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь хохирогч, гэрч, яллагдагчийн нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тухайн учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн толгой, нүүр, цээжин хэсэг рүү гар, хөлөөрөө болон сандал, гутал зэргээр цохиж хүндэвтэр гэмтэл учруулжээ. Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *** нь Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол, хор уршигтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Лазер мед эмнэлэгт үзүүлсэн 120,000 төгрөгийн 3 ширхэг, нийт 360,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн, шүүгдэгч *** нь шүүхийн шатанд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ***“Хаан банк”-ны *** дугаарын дансанд хохиролд 400,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогчийн баримтгүй нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг шүүгдэгч хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцон бичгийн гэрээ 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэх баримтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн. Тодруулбал гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, шаардах эрх нь хуулиар олгогдсон байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчид 360,000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч төлсөн, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна. гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас: Ялын тухай гаргах санал байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлыг гаргуулахын тулд торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Энэ бол ноцтой хэрэг бөгөөд дараагийн удаа санаж явах хэрэгтэй, урьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёулаа байсан, алахыг завдсан гэж хүсэлт гаргаж байсан. гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримттай хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 3 төрлийн ялын санкцтай бөгөөд хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. ***ыг угаалгын газар ажилладаг гэдгийг бодитой мэдэж байгаа учраас хариуцлагатайгаар ажил хийдэг гэдгийг хэлж байна. ***ын хувьд орлогоо нотлоогүй гэж байгаа нь өмгөөлөгчийн алдаа, өөртөө шүүмжлэлтэй хандаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тохиолдолд тохиролцсон хохирлоо төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***овогтой ***Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***овогтой ***500 ( таван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН