| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
2023 03 07 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210025990057 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, эрэгтэй, ***, *** мэргэжилтэй, ***, ам бүл-***, ***, ***, ***тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага байгаагүй, *** овогт ***(РД: ***)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ***нь ***ажилтнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй гүүрний барилгын талбайд үргэлжилсэн үйлдлээр ***, ***нарыг “ээжтэйгээ яриад өгье” гэж хуурч ***ын эзэмшлийн “Самсунг нөте 10” маркийн гар утсыг, ***эзэмшлийн “Хуавэй” маркийн гар утсыг тус тус залилан авч ***д 625,000 төгрөгийн, ***825,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Он сарыг санахгүй байна. 2022 оны 10 сард уурхайн ажилд орсон. Тухайн үед хүмүүст өртэй байсан. Тэр үед ээжтэйгээ яриад өгье гэж хэлж эхлээд нярвын утас, дараа нь хамт ажиллаж байсан залуугийн утсыг авсан. Орой нь 19 цагийн орчимд өртэй хүнтэйгээ уулзаж утас өгье гэхэд авахгүй байсан учраас нөүт 10 утсыг ломбардад 400,000 төгрөгөөр тавьсан. Хуавэй маркийн утсыг тавих гэхэд кодтой байсан учраас авахгүй байсан. Засварчин дээр очиход цагдаа залгасан. Тэгээд Хуавэй утсыг буцаан өгсөн. Нөүт 10 утасны мөнгийг өгсөн. гэсэн мэдүүлгийг гаргасан.
Хоёр: Эрүүгийн 2210025990057 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “шинэ орсон ажилтан 2 хүний утас хулгай хийгээд зугтаасан” гэх утгатай дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4, 6 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Миний эзэмшлийн Samsung note 10 загварын гар утсыг ажлын шинээр орсон танихгүй залуу “Эгчээ, ээжтэйгээ яриад өгье” гэж хэлээд гуйгаад авсан, буцааж өгөхгүй аваад явсан. Уг залуу манай байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туслах ажилтнаар ажилд орсон гэх *** гэдэг нэртэй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
3. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Манай байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилд орсон *** гэх залуу 19 цагийн орчим “та утсаа өгөөч, ээжтэйгээ утсаар яримаар байна” гэж хэлээд авсан. Тэгээд надаас холдоод барилгын талбайгаас гараад явчихсан. Би 20 орчим минутын дараа залгаж үзэхэд утас холбогдох боломжгүй болсон байсан. Би *** сайн танихгүй. Манай ажилд орсон шинэ залуу байсан ба, танилцаж амжаагүй байсан учир утасны дугаарыг нь сайн мэдэхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн15-16 дахь тал),
4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ХУ2-22-979 дугаартай:
- Samsung Note 10 маркийн, хуучин хэрэглэж байсан утсыг 625,000 төгрөгөөр;
- Hobo-9 /Huawei/ маркийн, хуучин хэрэглэж байсан /Huawei nova 9 маркийн гар утсаар тооцсон/ утсыг 825,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 1,450,000 төгрөгөөр үнийг тогтоосон дүгнэлт. (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: Би 2022 онд гүүр хоолой барих ажилд туслах ажилтнаар ажилд орсон. Ажилд орсон эхний өдрөө нярав албан тушаал дээр ажилладаг нэрийг нь сайн мэдэхгүй хүний гар утсыг, мөн хамт ажиллаж байсан хүнээс гар утсаа өгч байгаач, ярьчхаад өгье гэж худлаа хэлж аваад шууд ажлаа хаяад зугтаасан. Тухайн үед би өртэй байсан бөгөөд мөнгөний хэрэгцээ гараад байхаар нь дээрх 2 хүний гар утсыг худлаа хэлээд авсны дараа нэгийг нь буюу Samsung маркийн гар утсыг Ломбардад 400,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Авсан мөнгөө өрөндөө өгөөд дуусгасан. Нөгөө утсыг нь мөн адил ломбардад тавих гэтэл кодтой байсан учраас аваагүй, тиймээс кодыг нь тайлуулахаар Тэди төв дээр очоод тус гар утасны кодыг 270,000 төгрөгөөр гаргуулаад ломбардад тавих гэж явж байгаад цагдаа нарт баригдсанаар хохирогчид гар утсыг буцаан өгсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
7. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн: ...”Хар өнгийн хувай маркийн гар утас 1 ширхэг, цэнэггүй, ямар нэгэн ил харагдах эвдрэл гэмтэлгүй, урд дэлгэцийн наалт нь зүүн дээд хэсэгт, баруун доод хэсэгт бага зэрэг хууларсан байдалтайг хүлээлгэн өгөв”. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дахь тал),
8. Эд зүйлийг хохирогч ***хүлээлгэн өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн: “Хар өнгийн хувай маркийн гар утас 1 ширхэг, цэнэггүй, ямар нэгэн ил харагдах эвдрэл гэмтэлгүй, урд дэлгэцийн наалт нь зүүн дээд хэсэгт, баруун доод хэсэгт бага зэрэг хууларсан байдалтайг хүлээлгэн өгөв”. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал),
9. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч ***гийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын санал, тогтоол (хавтаст хэргийн 60, 70-73 дахь тал),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53-57 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***нь хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ***нь ***-ний Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй гүүрний барилгын талбайд ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр иргэн ***Samsung Note 10 маркийн, *** Hobo-9 /Huawei/ маркийн гар утсыг тус тус “ээжтэйгээ яриад өгье” гэж хэлж хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн утгатай дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4, 6 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №ХУ2-22-979 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан үйлдлийг тус гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ***нь “ээжтэйгээ яриад өгье” гэж худал хэлж хохирогч ***, *** нарыг хуурч тэдний гар утсыг өөртөө шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьснаар захиран зарцуулах бодит боломж бүрдэж тус гэмт хэрэг төгссөн байх бөгөөд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч ***нь бусдын эзэмшлийн гар утсыг буцааж өгөхгүй, өртэй байсан хүмүүстээ төлбөр төлөх субьектив санаа зорилготой, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлтээр хохирогч нарыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч барьцаанд тавих зэрэг идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэргийг үйлджээ.
Улсын яллагч яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр хохирогч нараас “ээжтэйгээ яриад өгье” гэж хуурч гар утсыг нь хуурч залилан авч хохирол учруулсан гэж гэмт хэргийн шинжийг бичсэнийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн тусгаагүй гэж үзэж, шүүгдэгчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зөвтгөсөн бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г “үргэлжилсэн үйлдлээр хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Тус хэргийн улмаас хохирогч ***д 625,000 төгрөг, ***825,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирчээ. Шүүгдэгч *** ***эзэмшлийн “Hobo-9 /Huawei/” маркийн гар утсыг биет байдлаар, ***д учирсан 625,000 төгрөгийн хохирлыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-ны *** дугаартай данс руу шилжүүлсэн (хавтаст хэргийн 57 дахь тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д ялын санал танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, энэхүү саналыг дэмжиж оролцож байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ***нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ***нь “хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***“Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлдсэнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт *** 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН