Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02738 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Эт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 208 535 758 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь “Т” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13/0315 тоот зээлийн гэрээ байгуулж, Тоёота Ландкруйзер маркийн 24-79 УНХ улсын дугаартай, 170 200 000 төгрөгийн үнэтэй, тээврийн хэрэгслийг сарын 2.5 хувь, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор 36 сарын хугацаатай зээлж, тухайн автомашиныг барьцаалуулсан. А.Э зээлийн гэрээг удаа дараа зөрчиж 2015 оны 5 дугаар сараас хойш эргэн төлөлтийг ямар нэг байдлаар төлөөгүй байна. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 113 073 522 төгрөг, зээлийн хүү 83 644 576.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 771 066.62 төгрөг, Бодь даатгалын нөхөн төлбөрийн өглөг 5 046 593 төгрөг, нийт 208 535 758.47 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн төлсөн гэж байгаа 52 000 000 төгрөг нь зээлийн гэрээнээс хасагдахгүй, учир нь “Таван богд” ХХК-д автомашины урьдчилгаанд төлсөн мөнгө юм. Үлдэгдэл мөнгийг “Т” ХХК гээд тусдаа хуулийн этгээдээс зээлийн гэрээ байгуулж авсан зээл бөгөөд гэрээнд н.Мэгзэр гэдэг хүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэж байгаа нь бичлэгийн алдаа болсон. Өмнөх гэрээгээ нөхөн бичиж байхдаа хараагүй юм шиг байна. Энэ үндэслэлээр гэрээг эргэлзээтэй гэж үзэхгүй, бид хариуцагчийн төлсөн мөнгийг хасаж тооцоод гүйцэтгээгүй үүргийг л нэхэмжилсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э нь “Т” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1310315 тоот автомашиныг зээлээр худалдан авсан. А.Э нь “Т” ХХК-иас мөнгө зээлээгүй тул нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй. “Т” ХХК А.Э нарын хооронд хийгдсэн гэрээний нийт зээлийн хэмжээ 118 200 000 төгрөгөөр талууд автомашины үнийг тохирч гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ 170 200 000 төгрөгийн үнэтэй автомашиныг зээлж авсан гэж нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. А.Э нь “Таван Богд” ХХК-ийн автомашины зээл олгох тухай гэрээний саналтай танилцаж урьдчилгаа төлбөр 30 хувь, хүү 1.4 хувиар төлөх саналыг хүлээн зөвшөөрсний эцэст гэрээг байгуулахаар болсон. Дээрх гэрээний 3.3.5-д заасан Б.Мэгзэрийн өмчлөлийн орон сууцыг нэмж барьцаалаагүй байхад ямар ч хамааралгүй хүний эд хөрөнгө барьцаалсан мэтээр гэрээнд тусгасан нь тэр хүний эрх ашиг хөндөгдсөн гэрээ болсон.

А.Э гэрээгээр тохиролцсон автомашины үнэ 118 200 000 төгрөгнөөс урьдчилгаанд 52 000 000 төгрөг, автомашины үнэнд 6 000 000 төгрөг, хүүнд 5 126 478 төгрөг төлсөн байгаа. Иймээс энэ дүн нэхэмжлэлээс хасагдах ёстой. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, тиймээс нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан юм бол, мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх ёстой, гэтэл зээлдэгчийн дансанд 118 200 000 төгрөг ороогүй учир зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн зээл 118 200 000 төгрөгнөөс төлсөн 52 000 000 төгрөгийг хасаад үлдэх 66 200 000 төгрөгнөөс хүү бодоход 90 300 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Харин Бодь даатгалаас нэхэмжлээд байгаа мөнгө болон нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Эаас зээлийн гэрээний үүрэгт 203 489 164 төгрөгрийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 046 593 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 200 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эаас 1 175 395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлсэн, хэргийн нөхцөл байдал болон нэхэмжлэлийн үнийн дүнд бодитой тооцоо хийгээгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг 113 073 522 төгрөг, зээлийн хүү 83 644 576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 771 066 төгрөг, Бодь даатгал нөхөн төлбөрийн өглөг 5 046 893 төгрөг, нийт 208 535 758 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан 13/0315 дугаартай зээлийн гэрээний хавсралтаар батлагдсан зээл, хүүг буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл зээлийн хүүд нийт 63 501 624 төгрөг төлөхөөр байтал нэхэмжлэгч зээлийн хүү 83 644 576 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагч 118 200 000 төгрөгийн зээл авснаас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үндсэн зээл 1 158 360 төгрөг, хүү 4 826 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 140 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үндсэн зээл 1 868 217 төгрөг, хүү 4 096 457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35 326 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээл 2 099 901 төгрөг, хүү 2 946 692 төгрөг, нийт 19 546 593 төгрөг төлснөөс үндсэн зээл 5 1226 478 төгрөг, зээлийн хүү 14 265 353 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154 762 төгрөгийг тус тус төлсөн.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргасан зээлдэгчийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 113 073 522 төгрөг, хуримтлагдсан хүү 32 667 264 төгрөг, нийт 145 740 786 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч зээлийн хүүг 83 644 576 төгрөг гэж хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, мөн шүүхэд гаргасан тооцооллоос хүүг хэрхэн бодсон нь тодорхойгүй атал шүүх ямар баримт тооцоололд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шийдвэрийг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээр хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэг дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм нэртэй шүүх байхгүй байтал шүүгч уг хэргийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь хэрэгт хувийн сонирхолтой хандсан гэж үзэхэд хүргэж байна.  Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тооцоололд бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч тухайн маргаанд хамаарах нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэрт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч А.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 113 073 522 төгрөг, хүү 83 644 576  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 771 066 төгрөг, “Бодь даатгал” ХХК-д нөхөн төлбөрийн өглөг 5 046 893 төгрөг, нийт 208 535 758 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл зохигчид 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 13/0315 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж, хариуцагч А.Э нь Тоёота ландкруйзер загварын 24-79 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт үнэ 170 200 000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа 52 000 000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 118 200 000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, төлбөрийг хуваарьт заасан хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд    нэмэгдүүлсэн хүүг тооцох, зээлийг борлуулагчийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх 27/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ. Харин дээрх гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тодорхойлж, зээлийн хүүг нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг учир дутагдалтай гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч А.Эт холбогдуулан дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үндсэн төлбөр 113 073 522 төгрөг, хүү 53 020 497 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 463 534 төгрөг, үүргийн гүйцэтгэлд нийт 168 557 554 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шшаардлага гаргаж байсан нь хэрэгт баримтаар авагдсан ба хариуцагчийн тайлбараар уг нэхэмжлэлийг шүүх буцаасан үйл баримт тогтоогдож байна. /хх 70/

Дээрх өдрөөс хойш дахин шүүхэд хандсан 2017 оны 6 сарыг дуустал 5 сарын хугацааны зээлийн хүүг гэрээнд заасан сарын 2,5 хувиар тооцоход 14 134 190 төгрөгийн хүү нэмэгдэж 67 154 687 төгрөгийг төлөх тооцоо гарч байна. /хх70/ Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд шүүх нэхэмжлэгчийн шаардсан 6 771 066 төгрөгийн хэмжээгээр хязгаарлан, нэхэмжлэлийн шаардлагын 186 999 275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэх 21 536 483 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад заасан үнийн дүнгээр хариуцагчийн дансны гүйлгээг зогсоолгох талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа шүүхийн нэрийг засварлаж бичсэн зэрэг нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02738 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “203 489 164” гэснийг “186 999 275” гэж, “5 046 893” гэснийг “21 536 483” гэж,

2 дахь заалтын “1 175 395” гэснийг “1 092 946” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 175 396 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Т.ТУЯА