| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0377/З |
| Дугаар | 221/МА2025/0144 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0144
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн төлөөлөгч Г.Г
Нэхэмжлэлийн шаардлага “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 982 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж
Гуравдагч этгээд Б.М
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0377/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 982 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан “А ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт заасан тодруулах ажиллагаануудыг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/000 дугаартай захирамж хүчингүй болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтууд болон уг баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс “тухайн газар нь нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулалт хийхээр төлөвлөгөө нь батлагдсан, “М ” ХХК-ийн цахилгааны подстанц баригдсан, газрыг хашаалсны улмаас газраа ашиглаж чадаагүй” гэж шүүхэд тайлбарлаж, маргасан байна. Эндээс гуравдагч этгээдийн барьж байгуулсан өндөр хүчдлийн эрчим хүчний байгууламж, спорт талбай нийтийн эзэмшлийн тохижилтийн ажлын төлөвлөгөө батлагдсан, хийгдсэн болохыг мэдсээр байж Сүхбаатарт дүүрэгт олгогдсон 800 м.кв газрын байршлыг Хан-Уул дүүрэгт 4000 м.кв болгож сольсон нэхэмжлэгчийн үйлдэл нь хариуцагчийг хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн. Нэхэмжлэгч дээрх тайлбараар өөрийн хууль бус үйлдлийн үр дагаварт өөрөө газраа ашиглаж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
3.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан, эдгээр хуулиар газар эзэмшигч нь газрын эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэглүүлж, хамгаалалтандаа авах үүргийг хуулиар хүлээсэн боловч нэхэмжлэгч компани нь үүргээ биелүүлээгүй, газраа өөрсдөө ашиглаагүй. Өөрт олгогдсон гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг нь хуучин өмнөх газрын нэгж талбарын дугаараар байхад газраа бодит байдалд тэмдэглэжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас өнөөдөр шүүхэд ирэхдээ гагцхүү кадастрын мэдээллийн сангийн алдаа байсан мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах гэж байгаа нь үндэслэлгүй.
3.3. Нэхэмжлэгчийн гэх 4000 м.кв газар дээр хаалттай дэд өртөө байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэгч үүнийг мэдэж, мэдсээр байгаад уг газар дээр үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар авч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг шууд зөрчиж байна. Мөн гуравдагч этгээд “М ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн ... Энэ мэт илэрхий хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээд, захиргааны байгууллагын үйлдлийг шүүх шууд таслан зогсоож, цаашид даамжируулахгүй, хэн нэгнийг эрсдэлд хохиролд учруулахгүй байх үүрэгтэй. Түүнээс бус хууль бус үйлдлийг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоосон хэрнээ засаад, зохицоод ир гэж хугацаа боломж олгох ёсгүй гэж ойлгож байна.
3.4. Нийслэлийн хот төлөвлөлтөд нийтийн эзэмшлийн зориулалттай байна гэж төлөвлөгдсөн, тохижилтийн ажлын төлөвлөгөө даалгавар нь батлагдсан, зарим хэсэг ажлууд хийгдэж явж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч бас үүнийг мэдээд байгаа яг энэ газар түүний газар эзэмших эрх баталгаажих ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай ч гэсэн нийтийн эрх ашгийн үүднээс хамгаалагдах ёстой. Түүнээс бус нийтийн эзэмшлийн зам, талбай эзэнгүй байх ёстой, хэн дуртай бяртай чадалтай нь түүнийг эзэмшиж, дураар аашлах ёсгүй гэж ойлгож байна. Нийтийн эзэмшил дотроо нийтийн, бусдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангах үүднээс зохицуулалт хамгаалалт хийх зайлшгүй шаардлага, тодруулбал, үер усны аюулаас хамгаалсан далан хамгаалалт хийх, цахилгааны аюул эрсдлээс сэргийлж хашаа барих, чөлөөтэй аюулгүй зорчих байдлыг хангах үүднээс шат, хамгаалалтын хашаа, тэмдэг тэмдэглэгээ хийх шаардлагатай байдаг.
3.5. Маргааны гуравдагч этгээд “М ” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, зохицуулалттайгаар нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 4000 м.кв газрыг оролцуулан нийтийн эзэмшлийн нийт 2.14 га газарт спорт талбай болон бусад тохижилтын ажлын хийж гүйцэтгэх зөвшөөрлийг Нийслэлийн Хот байгуулалт, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 05 сарын 11-ний өдөр “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар” батлуулсан байдаг. Төрийн энэхүү зөвшөөрөл, зохицуулалтын дагуу холбогдох тохижилт болон эрчим хүчний байгууламжийг барьж байгуулсан байдаг. Зөвхөн тохижилтын ажлын зардалд 234 сая, спорт талбайн тохижилтын ажилд 365 сая, эрчим хүчний барилга байгууламжийн угсралтын зардалд 1,187,641,000 буюу маргаантай газарт нийт 1.5 тэрбум төгрөгийг төрийн байгуулагуудын зохих зөвшөөрөл, зохицуулалттайгаар зарцуулж, цаашид төрийн зохицуулалт, хамгаалалттай нийтийн эзэмшлийн газар байна гэсэн хүлээлтэй, итгэлтэй байсан болно. Гэтэл төрийн байгууллагууд манай энэхүү итгэлийг үл харгалзан “А ” ХХК цаашлаад иргэн Б.М нарт олгож маргаан үүсгэх нөхцөл байдлыг бий болгосонд гомдолтой байна. Мөн төрийн байгууллагуудын зөвшөөрөл, зохииуулалттайгаар хийгдсэн энэхүү үерийн далан нь өнгөрсөн хугацааны 2 том үерийн үеэр манай хотхон төдийгүй Туул голын ай савын дагуу баригдсан барилгуудад амьдарч буй олон мянган иргэдийн амь нас эд хөрөнгийг хамгаалсан нь үнэн болно. Иймд нийтийн эрх ашгийн үүднээс нь энэхүү газар тодорхой зохицуулалттай нийтийн эзэмшлийн газар байх нь илүү нийцтэй юм.
3.6. Манай компанийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн энэхүү талбайг ашиглах, эзэмшигч болохоо нэхэмжлэгч “А ” ХХК нь бидэнд болон холбогдох төрийн байгууллагад илэрхийж гомдол санал гаргаж байгаагүй. Мөн өнгөрсөн хугацаанд бидэнд хандаж ямар нэг гомдол санал тавьж байгаагүй. Иймд хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд хангалттай бүрдсэн. Нэхэмжлэгч газрыг бодитоор цаашид бүрэн дүүрэн зохистой ашиглах боломжгүй болсон гэдгийн мэдэж байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газрын эрхийн хүчингүй болгосон маргаантай захирамжийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, энэ хугацаанд дахин шинэ акт гаргахгүй бол уг акт хүчингүй болохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь нэг талаас “А ” ХХК-ийн газрын эрхийн байршлыг шүүхийн шийдвэрийн хүрээнд бус захиргаа өөрөө ч шинээр байршил төлөвлөөд олгох боломж нь өмнө нь одоо ч нээлттэй байгаа болно. Нөгөө талаас “А ” ХХК болон иргэн Б .М нар нь энэхүү газрыг бодитойгоор эзэмших, ашиглах боломжгүй буюу үерийн далан болон эрчим хүчний байгууламж болон түүний хамгаалалтын зурваст хуулиараа хамаарч тусгай дэглэм тогтоогдох учиртай газар юм. Манай “М ” ХХК нь хөрөнгө оруулалт хийж уг газрыг үерийн далангийн болон эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт хамаарах газар болгосны хувиар төрийн зохицуулалттай нийтийн мэдлийн газар байлгахыг дэмжих болно.
3.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд “М ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамж нь бодит болон эрх зүйн үндэслэлийн хувьд үндэслэл бүхий эргэлзээг үүсгэж, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зарчимд нийцэхгүй байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа эрх зүйн үндэслэлээ дахин тодруулах шаардлагатай … нэхэмжлэгч “А ” ХХК-ийн эзэмшиж байсан 18643308491232 нэгж талбарын дугаартай 4000 м.кв газар нь гуравдагч этгээд “М ” ХХК-ийн эзэмшиж байгаа 1781000366 нэгж талбарын дугаартай газартай давхцалгүй боловч “М ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан Хан Хиллс хотхоны 2-р ээлжийн барилгын гадна цахилгаан хангамж, 10/0.4 кВ, 4х800 кВА РТП, Хаалттай дэд өртөөтэй давхцалтай, тэр хэсгээрээ хашаалсан, мөн дотроо олон тооны мод буттай зэрэг нөхцөл байдлууд шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж шууд буруутгахад эргэлзээтэй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/000 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
2.3. Учир нь нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/000 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэхдээ ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.
2.4. Дээрх үндэслэл болгосон хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмшигч этгээд нь газраа зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр зориулалтын дагуу 2 жил дарааллан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй мөн шугам сүлжээ аюулгүй байдлын хамгаалалтын зурвасын дотор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан зохицуулалт байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны А/000 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр цэцэрлэгийн зүүн талд үйлчилгээний зориулалтай 800 м.кв газар”-г нэхэмжлэгч “А ” ХХК нь эзэмшүүлсэн байсан байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тус компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.6. Улмаар энэхүү захирамжийг “А ” ХХК нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 418 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтны шатны захиргааны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.7. Ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч “А ” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/742 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А ” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 148003/0041 нэгж талбарын дугаартай 800 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг буцаан олгож, уг газрыг нэхэмжлэгч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх хүсэлтийн дагуу дээрх газрын байршил болон хэмжээг өөрчилж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000411 нэгж талбарын дугаартай, 4000 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг “А ” ХХК-д олгосон байна.
2.8. Нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны /хуучнаар/ нутаг дэвсгэрт байрлах 1781000411 нэгж талбарын дугаартай газар нь мэдээллийн системд зөрүүтэй бичигдсэн, нэгж талбарын 1781001777 дугаар бүхий “Г” ХХК-ийн газартай давхцалтайгаар бүртгэгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/50 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.
2.9. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч газраа шууд ашиглах боломжтой байсан эсэх, газар эзэмшигчээс хамаарах нөхцөл байдал байсан эсэхийг тодруулах шаардлагатай.
2.10. Түүнчлэн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “А ” ХХК-ийн газар шугам сүлжээ аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурваст багтаж байгаа эсэх, хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан зэрэг үйл баримтыг тогтоох нь зүйтэй.
2.11. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулж, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах эрх хуулиар олгогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
2.12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 982 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ