Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0725

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0725

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Я.С

Хаяг: ...

Хариуцагч: Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга

Хаяг: Улаанбаатар 15160, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон 10-р давхар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Я.С-ийн 8 сарын өвчний чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааг Я.С-ийн ажилласан жилд оруулан тооцохыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэлийн 1-р шаардлагаа " Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, сахилгын шийтгэл ногдуулснаас үүссэн үр дагавар болох төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг ахиулаагүй үр дагаврыг арилгуулах” гэсэн.

Учир нь тус 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 дугаар тушаал нь гарч Я.С-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Дотоод аудитын газрын даргын 2020 оны Б/56 дугаар тушаал нь Я.С би ямар буруу зүйл хийснээс сахилгын арга хэмжээ авхуулж байгаа нь тодорхойгүй, Нийслэлийн Дотоод Аудитын газрын дарга Б.Ж нь өөрийг ажлаас халагдаад явсан хойгуур өөрийнх нь хүнийг ажлаас чөлөөлсөнд өсөрхөж хийсэн үйлдэл байна гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл тухайн маргаан бүхий “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 тушаал"-ын үндэслэх хэсэгт " ...албан байгууллагад ирсэн бичгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа авч, удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй..." гэж сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм. Надад удирдлагаас нуусан албан бичиг байхгүй, удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан зүйл байхгүй байхад ийм арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм.

Ингээд тус маргаан бүхий “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал”-аар сахилгын арга хэмжээ авснаар надад тухайн жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал олгоогүйгээр барахгүй албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгоогүй хассан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар дээрх маргаан бүхий “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 тушаал” гарснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх байдлаар хохирч, эрх зүйн байдал дордож хохирсон.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодруулах захирамждаа захиргааны актын талаар тайлбарлажээ. Шүүх Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-ийг дурдаад тус гаргасан шаардлагад захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх талаар тайлбарлахыг шаардсан байна.

 Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь энгийн бөгөөд ойлгомжтой юм. Тухайн маргаан бүхий акт буюу "Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 тушаал"-аар сахилгын шийтгэл ногдуулснаас үүссэн үр дагавар болох төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг ахиулаагүй үр дагаврыг арилгуулах шаардлага үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны байгууллагын гаргаж буй акт нэг бол зөв акт байна, эсвэл алдаатай акт байна. Гэтэл Нийслэлийн дотоод аудитын газрын дарга Б.Ж нь өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн намайг ямар ч буруу зүйл хийгээгүй байхад сахилгын шийтгэл оноож, дээрх үр дагаврыг үүсгэж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөж, хохирол учруулж байгаа үйлдэл мөн гэж би бодож байна. Тиймээс би энэ талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх Салбар зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасныг Салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр шилжүүлсэн байдаг. Тухайн маргаан бүхий актын зөв бурууг Төрийн албаны зөвлөл өөрөө шийдэж болохоор байтал "...журамд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байх тул Төрийн албан зөвлөл хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн өөрсдөөсөө зайлуулсан маш бөөрөнхий хариулт надад өгсөн нь шүүхэд хандах үндэслэл болсон юм.

Би Нийслэлийн Дотоод аудитын албаны Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө авч, 2020 оны 5 дугаар сард ажилдаа эргэж орсон. Чөлөөтэй байсан 8 сарын хугацаанд байгууллагаас миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бөгөөд энэ хугацаанд би нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө тасалдуулахгүй тулд сайн дурын даатгалд хамрагдсан.

Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Я.С-эд чөлөө олгох тухай Б/19 тушаал нь тухайн үед мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл Төрийн албан хаагчийн баталгаа, 27.1 дүгээр зүйл. Төрийн албан хаагч дараах баталгаагаар хангагдана: 27.1.1. Төрийн албан хаагч цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; заалтыг үндэслэсэн байсан тул тухайн үед би миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх юм байна гэж ойлгосон. Гэтэл тэр үед ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Х намайг гадагшаа явахын өмнөх өдөр утастаж, чөлөөтэй байх хугацаанд байгууллагаас нийгмийн даатгалыг шимтгэлийг төлөхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэр үед би ээлжийн амралтаа аваад АНУ-д амьдардаг төрсөн дүүгийндээ зочилж очин, ээлжийн амралтаа дуусмагц үргэлжлүүлэн мөн оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаасаа чөлөө авч, Монгол Улсад оношилж чадахгүй байгаа миний цусны цагаан эсийн архаг дутагдлын шалтгааныг тодруулах боломжийг судалж оношлуулахаар 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр явсан юм. Иймээс миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхаар шийдсэн асуудалд гомдол гаргаж чадаагүй. АНУ-д очсон хойноо Монголд үлдсэн нөхөр Н.О холбогдож сайн дурын даатгалд намайг хамруулаарай гэж захиснаар би сайн дурын даатгалд хамрагдсан.

Өөрөөр хэлбэл Я.С би дээрх хуулийн 23.3 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө: 23.3.1. Хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон; гэдэг хугацаагаар заалтаар ажлаас чөлөөлөгдөөгүй, 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлэхээр чөлөө авсан тул би уг байгууллагад бүртгэлтэй албан хаагч бөгөөд ажил олгогч байгууллага нь эмчилгээний хугацаанд миний ажлын байрыг хадгалж, нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлж, төрийн албан хаагчийн баталгаагаар намайг хангах ёстой байсан ч хангаагүй бөгөөд энэ нь Төрийн албаны хуулийг зөрчсөн хууль бус ажиллагаа гэж үзэж байна.

Гэтэл 2018 оны 8 дугаар сард Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө: 23.3.2. Гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон; үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах шинжээч Ц.Б 2 жил Японд суралцах хугацаанд нь байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь төрийн албан хаагчдад тэгш бус хандаж, ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна.

Нийслэлийн Дотоод аудитын албанаас миний эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс үүдэн миний нийт ажилласан жил хасагдаж, төрд ажилласан хугацаа 8 сараар тасалдаж байгаа нь дараах сөрөг үр дагавруудыг үүсгэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж байна. Үүнд:

  1. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах шаардлагын дагуу албан тушаал ахих боломжийг хязгаарлаж байна. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 02 дугаар сарын 16-ны "Судалгаа ирүүлэх тухай" 03/728 дугаартай албан бичгийн хариу албан бичгийн хавсралтаар Нийслэлийн Дотоод аудитын газраас НЗДТГ-т явуулсан ахлах түшмэлээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дэвшин ажиллах боломжтой, ажилласан жилийн болзол, шаардлага хангасан эмэгтэй албан хаагчдын судалгааг явуулахдаа миний чөлөөтэй байсан хугацааг хасаж тооцсон.
  2. Цаашид ээлжийн амралтын хоног болон олговор тооцох;
  3. Төрийн алба хаасан хугацааны болон төрийн албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох;
  4. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох;
  5. Ажилласан жилээс шалтгаалсан шагнал, урамшуулалд тодорхойлуулах;
  6. Төрийн жинхэнэ албан хаагчийн бусад нэмэгдэл, баталгаагаар хангуулах боломжууд хязгаарлагдаж байна.

Хариуцагчийн хариу тайлбарт намайг ажлаас бүр чөлөөлөгдсөн гэж дурдсан байна. Би ажлаас бүр чөлөөлөгдөөгүй, түр чөлөө авсан байсан. Өмнөх Төрийн албаны тухай хуульд 1 жилээс дээш хугацаагаар эмчлүүлэхээр бол түр чөлөөлнө гэж заасан байдаг. Би анх чөлөө авахдаа 1 жилийн хугацаандаа багтаад эмчилгээ хийлгэж дуусаад ажилдаа орно гэж 1 жил хүртэлх хугацаагаар чөлөө авахыг хүссэн. Надад чөлөө олгосон тушаал 1 жил хүртэлх хугацаагаар чөлөө олгосугай гэж гарсан. Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуульд 3 сар хүртэл гэж заасан байгаа. Миний бие өмнөх Төрийн албаны тухай хуулийн үйлчилж байх үед буюу 2018 онд чөлөө авсан. 2019 оны04 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа орох өргөдлөө өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тушаал гарч би ажилдаа эргэн орсон байдаг. Өөрөөр хэлбэл 8 сарын хугацаанд буюу 1 жил дотроо багтаж ажилдаа орсон. Би өвчний улмаас эмчлүүлэхээр чөлөө авсан. Чөлөө авсан хугацаандаа миний бие тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй, төрийн албанаас гараагүй, энэ байгууллагад бүртгэлтэй байсан гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг цалингийн дотоод хэмжээгээр төлөх байх гэж бодож байсан. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. 2018 оны 8 дугаар сард ээлжийн амралтаа аваад дууссаны дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөө авсан. Тушаалд холбогдох тооцоог хий гэсэн болохоос биш нийгмийн даатгалын шимтгэлийг битгий төл гэсэн ямар ч шийдвэр байхгүй. Нягтлан бодогчоос энэ талаар лавлахад нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэсэн. Иймд би өөрөө сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж 8 сарын шимтгэлийг төлсөн. Энэ 8 сарын хугацааг намайг төрд ажилласан жилд оруулан тооцож өгөөч гэж хүсч байгаа. Төрд ажилласан жилд тооцоод явж байгаа гэж ойлгосон. Гэтэл энэ 8 сарын хугацааг хүний нөөцийн мэргэжилтэн хасч тооцоод байсан. Би захиргааны хэлтсийн дарга байсан учраас гадагш явсан албан бичгийг хянадаг. Миний ажилласан жилийг хасаад тооцсон байсан учраас лавлахад таны ажилласан жилд орохгүй, та ажлаа хийгээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж хэлээд байгаа. Миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасарчих юм болов уу гээд аргагүй эрхэнд сайн дураар төлсөн. Ажилласан жил тасалдаад байгааг Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичиг, албан бичгийн хариуг хараад ойлгосон. Ажилласан жилд тооцохгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэсэн даргын шийдвэр гараагүй ч гэсэн байгууллагын албан ёсны тамга, тэмдэгтэй албан бичгийг байгууллагын даргын тодорхой шийдвэр гэж үзэж байгаа. Байгууллагын даргын албан бичгээс миний ажилласан жил тасалдаад байгааг ойлгосон. Үүний улмаас ээлжийн амралт тооцох, тэтгэвэр тогтооход миний ажилласан жил хасагдах болоод байна. Мөн шагнал урамшуулал, зэрэг дэв нэмэгдүүлэх гэх мэт төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгаагаар хангуулах асуудалд миний ажилласан жил хасагдаж тооцогдоно. Иймд шүүхэд хандсан. Үүнийг шүүхээр тогтоолговол дараа нь надад хэрэгтэй. Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 8 сарын хугацааг ажилласан жилд оруулан тооцсон тушаал, шийдвэр гарахгүй байх. Иймд шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн.

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ноцтой зөрчил гаргасан гэсэн байдаг. Гэтэл ямар зөрчлийг ноцтой гэж үзээд байгаа, гаргасан зөрчлийн шинж байдлыг тодорхойлж, тооцож үзээгүй мөртлөө Сахилгын арга хэмжээ авах журамд заасан хүндрүүлэх нөхцөлтэй заалтыг үндэслэсэн байгаа. Намайг санаатайгаар албан бичгийг нуун дарагдуулсан, ёс зүйн хувьд төрийн албанд байж болохгүй хүн гэж тодорхойлсон. Үүнийг ёс зүйн зөвлөлөөр тодорхойлоод гаргасан шийдвэр байхгүй. Эдгээр хүмүүс цаанаа өөрийн хувийн тооцоог надтай бодоод байгаа. Өс хонзонгийн байдлаар надаас хариу авах, хорлох гэсэн үндэслэлээр хандсан. Бодитой шийтгэл ногдуулах ёстой. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй, зөрчлийн нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй. Хариу тайлбарт намайг зөрчлүүд гаргасан гэж дурдсан. Эдгээр зөрчлүүд нь бүгд нотлогдохгүй. Намайг гүтгэсэн шинжтэй зүйлүүдийг бичсэн байгаа. Намайг хууль бусаар хүн ажилд томилсон гээд байдаг. Дээрх хүмүүсийг хууль бусаар томилсон асуудал байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь энэ үед хууль эрх зүй, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн байсан. Энэ хүн тушаалын төсөл бэлдээд намайг мэргэжил арга зүйгээр хангаж байсан хүн юм. Түүнд хүн ажилд томилохдоо ямар нэгэн зөрчил гаргахгүй шүү, хууль зүйн үндэслэлээ сайн нягталж үзээрэй, тушаалаа зөв үндэслэлтэй гарган шүү гэж хэлж байсан.

Сахилгын шийтгэл ногдуулахдаа албан бичиг нуун дарагдуулсан гэж үздэг. Энэ үед 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоосон учраас бид ажлын байранд ирэх боломжгүй гэрээсээ цахимаар ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр ажлын байранд ирсэн байдаг. Уг шүүхийн шийдвэр нь миний Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ гаргасан шийдвэртэй холбоотой байсан. Би шүүхийн шийдвэр ирэхийг хүлээж байсан. Шүүхийн шийдвэр хөл хорионоос бол нэлээд хугацаа хоцорч ирсэн. Би шүүхийн шийдвэрийг цаасаар хүлээн аваагүй. Бичиг хэрэг дээр ирсэн. Миний бие бичиг хэргийн ажилтанд ийм шүүхийн шийдвэр ирэх ёстой шүү ирэхээр нь надад танилцуулаарай гэж хэлсэн байсан. Намайг гэрээсээ ажиллаж байхад ийм шүүхийн шийдвэр ирлээ гээд хуулбарлаад мэйл хаягаар явуулсан. Түүнээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нуун дарагдуулаад, гартаа авсан зүйл байхгүй. Бичиг хэрэг дээр шүүхийн шийдвэр байсан. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр файлаар авсан нь үнэн. Захиргааны хэлтсийн даргын хувьд ирсэн бичгийг харах, танилцах эрхтэй. Шүүхийн шийдвэр нь миний гаргасан шийдвэртэй холбоотой байсан. Бичиг хэргийн ажилтан албан бичгийг программдаа бүртгээд даргад танилцуулах нь нээлттэй байсан. Би даргад битгий танилцуул, нуугаарай, дараарай гэж хэлсэн тохиолдол байхгүй. Гэтэл намайг санаатайгаар нуун дарагдуулсан гэсэн байгаа. Би ажлын байранд очиж ажиллахдаа үүнийг даргад танилцуулъя гэж бодож байсан. Ажилчдын жилийн эцсийн ажлыг үнэлж, дүгнэх ажлын хэсэгт томилогдсон тул ажлын байрандаа очсон. Хүмүүсийн ажлыг дүгнэх ажил ихтэй байсан учраас дээрх шүүхийн шийдвэрийг даргад танилцуулж амжаагүй. Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэнтэй ямар байдлаар танилцуулах талаар ярилцаж, зөвлөлдөж байсан. Гэтэл албан хаагчдын жилийн эцсийн үнэлгээ танилцуулах хурал дээр дарга энэ бичгийг намайг нуун дарагдуулсан гэж сүртэй зарласан. Хэлтсийн дарга нарын ажлыг газрын дарга үнэлэх ёстой. Гэтэл надад ийм учраас чамд хангалтгүй үнэлгээ өглөө гэж огт танилцуулаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлэх, дүгнэх журамд ярилцлага хийх талаар заасан байгаа. Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй. Оноо тавьж, хангалтгүй гэж бичиж үзүүлсэн зүйл байхгүй. Миний ажлыг дүгнэсэн акт байна уу гэхэд өгөөгүй. Байгууллагын албан хаагчдын жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал олгох тушаалын хавсралтад миний нэр ороогүй байсан. Миний нэр яасан юм бэ гэхэд хангалтгүй гэж үнэлсэн гэсэн. Гэвч хангалтгүй гэж үнэлсэн баримт, баталгаажуулсан акт одоог хүртэл байхгүй. Үндэслэлгүйгээр хангалтгүй гэж үнэлсэн, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Я.С нь Нийслэлийн дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Түүнийг ажиллаж байх хугацаанд Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/38 дугаар тушаалаар албан хаагчдын жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх үнэлгээний багт Я.С-ийг томилсон байдаг. Үнэлгээний баг журмын дагуу ажиллаад албан хаагчдад дүгнэлт өгсөн. Дүгнэлт өгсний үндсэн дээр урамшуулах саналыг боловсруулж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр газрын даргад танилцуулсан. Нийслэлийн дотоод аудитын газрын дарга алба хаагчдад тодорхой шагнал урамшуулал олгох шийдвэрийг гаргасан. Гэтэл архив бичиг хэргийн ажилтан Т.Т, хэлтсийн дарга нар болох н.М, Я.С нарыг хуваарьт ажил гүйцэтгэлийн үр дүнг хангалтгүй гэж дүгнэж жилийн эцсийн урамшууллыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Яагаад урамшуулал олгоогүй үндэслэлээ сахилгын шийтгэл ногдуулсан, хангалтгүй ажилласан учраас гэж тайлбарласан байдаг. Үүний дараа Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тушаалаар Захиргааны хэлтсийн дарга Я.Сийг 3 сарын хугацаатай цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргасан. Тушаалыг гарсан өдрөө сонсох ажиллагааг ажлын цаг дууссаны дараа 18 цаг 00 минут болох гэж байхад хэлбэрийн төдий хийсэн. Өөрөөр хэлбэл тушаалыг ажлын цаг дууссаны дараа гарган үзүүлсэн. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ Я.С нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулаагүй, бичиг хэрэг хөтлөөгүй гэж тайлбарладаг. Энэ хугацаанд Улаанбаатар хот даяар 1 сарын хугацаанд хөл хорио тогтоосон Я.С нь гэрээсээ цахимаар ажиллаж байсан. Бичиг хэргийн ажилтан шүүхийн шийдвэр ирсэн байна шүү гэж Я.С-эд мэйл хаягаар танилцуулсан. Гэтэл Я.С-ийг шүүхийн шийдвэр нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Я.С нь байгууллагад биеэр ирж ажиллаагүй, ажилдаа очих боломжгүй нөхцөлд байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах, шагнал урамшуулал авах боломжуудыг хязгаарлаж нэхэмжлэгчийг хохироож байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хууль бус, үндэслэлгүйгээр гарсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журам, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг зөрчсөн, огт гаргаагүй үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгье. Нэхэмжлэгч Я.С нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэл Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй байсан учраас Америкийн Нэгдсэн Улсад эмчлүүлэхээр чөлөө авсан. Энэ хугацааг ажилласан жилээс хасч тооцоод байгаа. Ажилласан жилээс хасч тооцохгүй үндэслэлийг Төрийн албаны тухай хуульд заасан. Тус хуулийн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх гэсэн заалт доторх ажилтан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх гэр нэг мөр чөлөөлөгдөх тухай ойлголт юм. Түр чөлөөлөх гэдэг нь 3 сараас дээш хугацаагаар ажилтан эмчлүүлэх, сувилуулах шаардлага гарсан тохиолдолд түр чөлөөлөх ойлголт юм. Төрийн албан хаагч өвчин туссан тохиолдолд өвчний чөлөөтэй байдаг. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд чөлөөлсөн нь ажилласан жилээс хасч тооцох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Бүр чөлөөлөгдөөд буцаад тухайн байгууллагад ажиллахгүйгээр явсан тохиолдолд төрийн албаны харилцаа дуусгавар болж байгаа. Нийслэлийн дотоод аудитын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг буруу тайлбарлаж, чи ажиллаагүй учраас ажилласан жилд оруулан тооцохгүй гэдэг байдлаар хандсан. Энэ нь нэхэмжлэгчид маш их хохиролтой бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал ахих шаардлага, болзолд хүрэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудал байгаа. Хариуцагч нэхэмжлэгчид хохиролтой эс үйлдэхүй гаргаж байгаа. Нэхэмжлэгч нь түр чөлөө авсан боловч энэ нь ажилласан жилд оруулан тооцохгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд оруулан тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Энэ эрх зүйн зарчмыг зөрчөөд ажилласан жилээс хасч тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 тушаал хүчингүй болгож, Я.Сийн 8 сарын өвчний чөлөөтэй байсан хугацааг ажилласан жилд оруулан тооцохоос татгалзсан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хугацааг Я.С-ийн ажилласан жилд оруулан тооцохыг даалгаж өгнө үү. Өмнөх Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед нэхэмжлэгч Я.С чөлөө авсан. Уг хуульд зааснаар 1 жилээс дээш хугацаагаар чөлөө авбал түр чөлөөлөгддөг, 1 жилээс доош хугацаанд чөлөө авбал тодорхой хугацаанд өвчний чөлөөтэй хугацаанд хамаарагдана” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Я.С нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын албаны Захиргааны хэлтсийн даргаар томилогдож, албаны даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар гадаадад удаан хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсны улмаас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1 жил хүртэл чөлөөтэй буюу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар захиргааны хэлтсийн даргаар эргэн томилогдож, тус алба нь 2019 оны Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Дотоод газар нэртэй болсонтой холбогдуулан Б.Ж дарга ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/98 дугаар захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Б.Ж дарга шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа томилогдоход 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/195 дугаар захирамжаар түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдөж, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөр байгууллагад шилжин ажиллах болж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, сахилгын шийтгэл ногдуулснаас үүссэн үр дагавар болох төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг ахиулаагүй үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл, шаардлага: Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар Захиргааны хэлтсийн дарга “Я.С-эд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үндэслэл нь: Тэрбээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэрийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа авч, удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж албан тушаалын тодорхойлолтод заагдсан "Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлэлгүй зөрчил гаргасан. Тодруулбал, Ч.Г-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн Нийслэл дэх анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглаж албан бичгээр хүргүүлсэн байхад өөрийн албан тушаалын байдлаа ашиглан тухайн үед Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ажилтанд шүүхээс бичиг ирвэл даргад өгөлгүй өөртөө шууд өгөхийг даалгаж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол шуудангаар ирж, байгууллагад хүлээж авсан бичгийг байгууллагын ирсэн бичигт бүртгүүлэлгүй, удирдлагад танилцуулалгүй хувьдаа авсан. /Тухайн үед Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан ажилтантай хийсэн уулзалтын тэмдэглэл, Монгол шуудан компанийн шуудан хүлээлгэн өгсөн баримтаар тус тус нотлогдоно/

Уг шүүхийн шийдвэрийг удирдлага /Б.Ж/ нь иргэн Ч.Г шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орох агуулгатай өргөдөл гаргаснаар шүүхийн шийдвэр албажсаныг мэдэн, Монгол шуудан компаниас тодруулан байгууллагад хүлээж авсан боловч өөрт нь танилцуулаагүй болохыг мэдсэн. Удирдлага Б.Ж 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамт олны хурал дээр Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэр ирсэн байхад өөрт нь өнөөдрийг хүртэл танилцуулаагүй, байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгээгүй, энэ бичиг хаана хэнд байгаа болохыг тухайн үед архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан албан хаагчаас тодруулахад захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.С нь надад байгаа, би тус албан бичиг, шүүхийн шийдвэрийг би өөртөө өг гэж хэлсэн юм гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл дарга тус албан бичиг, шүүхийн шийдвэрийг тодруулах хүртэл Я.С нь удирдлагад ямар нэгэн байдлаар танилцуулаагүй, байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгүүлээгүй өөртөө нуун дарж байсан. Улмаар тус үйл явдал /хамт олны хурал/ болсны дараа 1 хоногийн дараа байгууллагын ирсэн бичгийн бүртгэл /албан хэрэг хөтлөлтийн edoc систем/ -д бүртгэн удирдлага руу шилжүүлсэн байдаг.

Энэхүү албан бичиг, шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардан авснаас хойш 9 хоног нуун дарагдуулж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр удирдлагад шилжүүлсэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг тулгасан нь хэрэгтэй танилцах боломж, давж заалдах гомдол гаргах хугацааг хязгаарласан үйл хэрэг болсон юм.

Иймд дээрх үйлдлүүд нь: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. дахь хэсэг “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг “Aлбан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар биелүүлэхийг шаардах” , тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 3.3.5-д “Байгууллагад ирсэн бичгийг тухайн өдөр нь, дотооддоо үүссэн баримт бичгийг гарын үсэг зурж, батлагдсан өдөр нь зөвхөн 1 удаа бүртгэнэ.” 3.3.9-д “Бичиг хэрэгт бүртгэсэн баримт бичгийг ирсэн өдөрт нь удирдлагад танилцуулна. Удирдлага хариутай бичигт өдөрт нь багтаан цохолт хийж, бичиг хэрэгт буцаана. Бичиг хэргийн ажилтан удирдлагын заалтыг үндэслэн хариуцан шийдвэрлэх хэлтэс, нэгжийн ажилтан болон шийдвэрлэх хугацааны талаарх мэдээллийг бүртгэл-хяналтын картанд тэмдэглэж, мэдээллийн санд оруулна. Бүртгэл-хяналтын картыг 12 дугаар хавсралтад заасны дагуу бөглөнө.”, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам", Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг холбогдох хууль, журмыг тус тус зөрчсөн.

Өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан байдал: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/155 дугаар захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Иймд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл, ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.3, 3.4-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Я.Сэд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм.

1.2. Зэрэг дэв, түүний нэмэгдлийг ахиулаагүй тухайд: УИХ-ын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв нэмэгдэл олгох журам”-ийн 3.2-д Төрийн захиргааны албан хаагчид дараах тохиолдолд албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгохгүй: 3.2.1-т “Зэрэг дэв олгох хугацааны шалгуурыг хангасан боловч төрийн албан мэргэшлийн төвшин нь хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин хангалтгүй үнэлэгдсэн, 3.2.2-т “Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй” гэж зааснаар дээрх 2 тохиолдолд зэрэг дэвийг ахиулан олгодоггүй. Гэтэл Я.С-эд зэрэг дэвийг ахиулан олгохгүй байх дээрх хоёр тохиолдол хоёул бүрдсэн тул 2021 онд зэрэг дэвийг ахиулан олгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Дэлгэрүүлбэл: Я.С-ийн 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн талаар:

Нийслэлийн Дотоод аудитын газрын 2020 оны зарим үйл ажиллагаанд хийсэн Дотоод хяналтаар Я.С нь Нийслэлийн Дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн даргын албан үүргийн зэрэгцээ Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх 2020 онд дараах хэд хэдэн ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь илэрсэн тул ажлын үр дүн нь “Хангалтгүй" үнэлэгдсэн бөгөөд энэхүү зөрчлүүд холбогдох дээд шатны байгууллагуудын дүгнэлт, хяналт шалгалтаар мөн тогтоогдсон байна. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/293 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг

Нийслэлийн Дотоод аудитын газрын захиргааны хэлтсийн дарга Я.С нь тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх үедээ буюу Ч.Г-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Дотоод аудитын газарт холбогдох захиргааны хэрэгт тус газрыг төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохдоо өөрийн албан тушаалын байдлаа ашиглан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/567 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам", 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Дотоод аудитын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.3, 8.1.4 дэх заалтуудыг зөрчин байгууллагын Хууль, эрх зүй, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэгт хамаарах ажил үүргийг зөрчиж тус газарт ажилладаггүй Т.М тус байгууллагад Хуулийн зөвлөхөөр ажилладаг хэмээн хуурамчаар тодорхойлж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 01/246 дугаартай албан бичгээр итгэмжлэл олгосон. Мөн энэхүү хуурамч итгэмжлэлээ нуун дарагдуулах зорилгоор байгууллагын албан бичгийн бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд ийм бичиг явсныг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс тодруулга авсны үндсэн дээр олж мэдсэн. (01/246 дугаарт өөр албан бичиг бүртгэлтэй). Энэ нь албан тушаалын эрх мэдлээ ашиглан байгууллагын албан бланк, тамга ашиглан хуурамч итгэмжлэл гаргаж шүүхийг хуурсан гэж үзэхээр байна.

Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, түүний ажлыг дүгнэх, хариуцлага тооцох, шүүхийн маргааны явц, шийдвэрлэлт, цаашид авах арга хэмжээ зэргийг хариуцах эзэнгүй болгож, байгууллагын эрх, ашиг тууштай хамгаалагдаагүй сөрөг үр дагаварт хүргэсэн.

2. Нийслэлийн Дотоод аудитын газрын ажлын байранд албан хаагчийг томилох талаарх албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн талаар:

2.1. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн өдрийн "Зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг өгөх тухай” 92 дугаар тогтоол Я.С нь албан тушаалын эрх мэдлээ ашиглан Төрийн албаны тухай хуульд нийцээгүй тушаал гаргасан нь тогтоогдсон тул 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Б.М ажилд томилох тухай” Б/22 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “З.Р ажилд томилох тухай” Б/15 дугаар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Б.Т түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай" Б/19 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С-ийн 2020 оны Б/15, Б/19, Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгавар тус тогтоолоор өгөгдсөн.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/814 тоот албан бичиг

Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар өөрийн арван жилийн нэг ангийн Д.Ү Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлд 33.1, 33.2, 33.3 дахь заалтад тус тус заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж, хууль бус томилгоо хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон.

Я.С нь Д.Үүрийнтуяаг томилохдоо мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” заалтыг зөрчсөн байна.

2.3. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/29 тоот албан бичиг Эрсдэл, дотоод хяналтын хэлтэст Мэргэжилтэн /Аудитор/-ээр Н.Г томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох болон 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албан зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

2.4. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 825 тоот албан бичиг Я.С нь албан тушаалын эрх мэдлээ ашиглан хууль бусаар томилсон дээрх Д.Ү Б.М, З.Р, Б.Т нарт 2020, 2021 онд албан тушаалын цалин, нэмэгдэл хөлсийг олгоход нийт 60,525.6 мянган төгрөгийг зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна. Энэ 60,525.6 мянган төгрөгийг Я.С-ээс нөхөн төлүүлэх талаар Нийслэл дэх төрийн аудитын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.”

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдээс шаардах эрхтэй.” Гэсэн заалтуудын дагуу хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.

3. Нийслэлийн Дотоод аудитын газрын 2020 оны санхүүгийн үйл ажиллагааг хангалтгүй явуулсан талаар:

3.1. Нийслэл дэх Төрийн аудитын газар “Аудитын санал дүгнэлт”

Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С нь 2020 онд 27,673.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг шууд гэрээ байгуулж худалдан авсан, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй 4,375.3 мянган төгрөгийн худалдан авалт, ажил үйлчилгээний төлбөрийн и-баримтгүй шилжүүлсэн, шилэн дансны мэдээлэлд орлогын 13 гүйлгээг баримтгүй шилжүүлсэн, шилэн дансны мэдээлэлд орлогын 13 гүйлгээг байршуулаагүй зэрэг зөрчлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, 8.6, 33 дугаар зүйлийн 33.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.4.5 дахь заалтууд болон УСНББОУС-ын 1-ийн 27 дахь зүйлтэй нийцэхгүй, эрх ба үүрэг, үнэн зөв байдал батламж мэдэгдлүүдийг хангахгүй болох нь тогтоогдож, “Хязгаарлалттай дүгнэлт” авсан.

Дээрх хууль тогтоомжуудыг зөрчиж худалдаж авсан зөөврийн компьютерүүд нь 1 жил ч болоогүй байхад эвдэрсэн, ажиллах боломжгүй талаар албан хаагчид одоог хүртэл гомдол гаргасаар байдаг.

3.2. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 01/02 дугаар акт

Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2020 онд Нийслэлийн Төр захиргааны авто баазаас суудлын автомашин хэрэглэж байсан мөртлөө, нэмж байгууллагаас 2020 онд 112.0 мянган төгрөгийн унааны мөнгийг хэмээн өөртөө авсан нь тогтоогдсон тул төсвийг хохиролгүй болгож, эргэж төлүүлэхээр Акт тавигдсан болно. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” заалтыг зөрчсөн байна.

3.3. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн "Зөрчил арилгах тухай” 01/08 дугаар “Албан шаардлага”

2020 онд 27,673,000.0 төгрөгийн үндсэн хөрөнгийг шууд гэрээ байгуулж худалдан авсан, анхан шатны баримт хангагдаагүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил , үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно”, 8.6-д “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” 33 дугаар зүйлийн 33.1-д ”Бараа , ажил , үйлчилгээний төсөвт өртөг нь энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд харьцуулалтын аргыг хэрэглэж болно.” 33.2.1-т “үнийн санал ирүүлэх урилгыг энэ хуулийн 52.1.12, 53.5.4-т заасан худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, үр дүнг тухай бүрд мэдээлэх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3.4. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/09 дугаар “Албан шаардлага”

2020 онд Шилэн дансны орлогын 13 гүйлгээг ( 644,150.0 мянган төгрөг ) байршуулаагүй нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ”, 6.4.5-д цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр, Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолын 4.1.12-т “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт 7 хоногийн дотор энэхүү журмын 9 дүгээр хавсралтын заасан маягтын дагуу цахимаар...” гэх заалтуудыг зөрчсөн байна.

4.Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар” 05/3277 тоот албан бичиг Авилгатай тэмцэх газар нь 2020 онд “Албан хэрэгцээнд шаардлагатай зөөврийн компьютер худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх заалтыг мөрдөөгүй, шууд худалдан авах гэрээ байгуулаагүй” гэх иргэний гомдлоор хяналт шалгалт хийхэд Нийслэл дэх төрийн аудитын тайланд 27.673.900 төгрөгийн үндсэн хөрөнгийг шууд гэрээ байгуулж худалдаж авсан, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй зэрэг илэрсэн зөрчлүүд нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, 8.6, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

5. Хүний эрхийн Үндэсний комиссын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/06 дугаар зөвлөмж

Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С нь 22 орон тоотой байсныг 2020 оноос 30 орон тоотой болгохдоо ширээ, сандал, өрөө тасалгаа зэрэг ажилчдын ажиллах нөхцөл бололцоог хангалгүйгээр орон тоог нэмсэн нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.Албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах; Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 . Ажил олгогч нь ажилтныг ажлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ  хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй байна.

  1. Нийслэлийн Дотоод аудитын газрын 2020 оны зарим үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналт

Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С-ийн 01 дүгээр сарын A/01 дүгээр тушаалаар байгууллагын 2020 онд ажиллах албан тушаалын жагсаалтыг батлахдаа Эрсдэл, дотоод хяналтын хэлтэст 3 аудитор ажиллахаар заасан. 05 дугаар сарын 14-ний өдрийн А/14 дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлөөр хянуулж Т3-ны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтуудыг батлахдаа Эрсдэл, дотоод хяналтын хэлтэст ажиллах 3 мэргэжилтэн /дотоод аудитор/-ыг чанарын хяналт, дотоод хяналт-шилэн данс, мэдээллийн технологи хариуцсан гэж тус тус ялгаж өгсөн. Харин 06 дугаар сарын 02-ны өдрийн А/18 дугаар тушаалаар албан тушаалын жагсаалт шинэчилж батлахдаа Мэдээллийн технологи хариуцсан ажилтанг захиргааны хэлтэст ажиллахаар баталсан нь газрын даргын A/02 дугаар тушаалаар баталсан Эрсдэл, дотоод хяналтын хэлтсийн чиг үүргийн 7 "Байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах" заалттай нийцэхгүй байна.

Мэдээллийн технологийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг Төрийн захиргааны албан тушаалаар Эрсдэл, дотоод хяналтын хэлтэст батлуулсан боловч Захиргааны хэлтэст төрийн үйлчилгээний албан тушаалаар албан тушаалын жагсаалт баталснаар эрсдэл, дотоод хяналтын хэлтэс нь 1 чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Нийслэлийн Дотоод аудитын газрын 2020 оны зарим үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар илэрсэн зөрчлүүд нь дээрх Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/293 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг өгөх тухай” 92 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/184 тоот албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/29 тоот албан бичиг, Нийслэл дэх Төрийн аудитын газрын “Аудитын санал дүгнэлт”, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай ” 01/02 дугаар “ Акт ”, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/08 дугаар “Албан шаардлага”, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 01/09 дугаар “Албан шаардлага”, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар" 05/3277 тоот албан бичиг, Хүний эрхийн Үндэсний комиссын зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/06 дугаар зөвлөмж зэргээр хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэн хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь тус тус мөн тогтоогдож байгаа тул Я.С-ийн 2020 оны ажлын үр дүнг хангалтгүй үнэлэх болсон шалтгаануудыг батлан харуулж байна.

Цаашлаад Я.С-ийн гаргасан дээрх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.2. “Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3 “Хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4 " Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, ... " заалтуудад хамаарч байна.

Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй талаар:

1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Я.Сэд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/155 дугаар захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;

2.Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн "Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/56 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Төрийн албаны тухай хуулийн 48.6. “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг ахиулан олгох саналыг дээд шатны байгууллагад хүргүүлэх үед Я.С-ийн 2020 онд авсан 2 сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байсан юм.

Түүнчлэн Я.С-эд одоогийн байгаа “Ахлах түшмэлийн дэд зэрэг” зэрэг дэв нь ч холбогдох хууль тогтоомжийг зөрчин олгогдсон байна. Я.С нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/41 тоот албан бичгээр төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох саналыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхдээ өөртөө “Ахлах түшмэлийн дэд зэрэг” зэрэг дэвийг олгуулахаар санал оруулан, өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулан хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай" А/452 дугаар захирамжаар “Ахлах түшмэлийн дэд зэрэг" Я.С-эд зэрэг дэв ахиулан олгогдсон бөгөөд уг захирамжийг үндэслэн албан хаагчдад зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгосон Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/12 дугаар тушаалд өөртөө мөн зэрэг дэв олгохоор тусгасан байна. Энэ нь: 

Улсын Их хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв , түүний нэмэгдэл олгох журам -ын 2.4-д “Төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэвийг шинээр болон ахиулан олгох саналыг уг албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.1-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах , удирдах , хяналт , шалгалт хийх , хариуцлага хүлээлгэх , гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” Гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн Я.С-ийн 2019 оны ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээ байхгүй байхад өөрийнхөө зэрэг дэвийг ахиулах саналыг хүргүүлсэн нь “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-г мөн зөрчиж байна.

Иймд 2020 оны ажлын үр дүн “Хангалтгүй” үнэлэгдсэн, одоо байгаа зэрэг дэв нь холбогдох хууль тогтоомж зөрчиж олгогдсон, 2020 онд авсан 2 сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар Я.С-эд 2021 онд зэрэг дэв ахиулан олгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Улмаар дээрх зөрчил, дутагдлууд нь хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудаар батлагдаж байгаа нь энэ хүний зэрэг дэв нэмэх биш харин төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж байсныг нь харуулж байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь "2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг буруутай байгууллага, албан тушаалтанд даалгах" шаардлагаа , “Я.С-ийн 8 сарын өвчний чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааг Я.Сийн ажилласан жилд оруулан тооцохыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад даалгуулах" болгон өөрчилжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга нь ямар нэгэн захиргааны акт гаргаагүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл газрын дарга нь Я.С-ийг чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд оруулахгүй байх 1 удаагийн, захирамжилсан шинжтэй захиргааны акт гаргаагүй байх тул энэ нь захиргааны акттай холбоотой маргаан биш юм.

Нийслэлийн дотоод аудитын газрын даргад одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, хөдөлмөрийн харилцаа байхгүй хүнд ажилласан жилийг тогтоох эрх хэмжээ байхгүй, ажилласан жилийг тогтоодог захиргааны акт гаргах субъект биш юм.

Я.С чөлөөлөгдсөн байх хугацаанд цалин бодогдоогүй тул нийгмийн даатгалын шимтгэл байгууллагаас төлөгдөхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас нөхөн төлөх талаар тодорхой тусгасан ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй тул нийгмийн даатгалыг байгууллагаас төлөөгүй бөгөөд тус чөлөөтэй байсан хугацааг ажилласан жилд оруулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй юм.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Тус нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар захиргааны шүүхэд хандахаас өмнө манай байгууллагад болон бусад холбогдох байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Мөн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1 жил хүртэл чөлөөтэй байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар захиргааны хэлтсийн даргаар эргэн томилогдсон байж одоо ийн нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Иймд дээрх үндэслэлийн дагуу Я.С-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.С-ээс анх тус шүүхэд хандан “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/56 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, сахилгын шийтгэл ногдуулснаас үүссэн үр дагавар болох төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг ахиулаагүй үр дагаврыг арилгуулах, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг буруутай байгууллага, албан тушаалтанд даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Я.С-ийн 8 сарын өвчний чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааг Я.С-ийн ажилласан жилд оруулан тооцохыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчээс эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэрийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа авч удирдлагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж албан тушаалын тодорхойлолтод заагдсан “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг холбогдох заавар, стандартад нийцүүлэн хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Я.Сэд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагчаас Нийслэлийн Дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.С-эд “2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол шуудангаар Нийслэлийн Дотоод аудитын газарт хаяглагдан ирсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардан авч, 9 хоног нуун дарагдуулж, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр удирдлагад шилжүүлсэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хуулийн хугацааг тулгаж, хэрэгтэй танилцах, давж заалдах гомдол гаргах хугацааг хязгаарласан” сахилгын зөрчил гаргасан хэмээн үзэж Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Ингэхдээ нэхэмжлэгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримтыг шалган тогтоох хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Я.С-эд “сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын төслийг танилцуулж”, сонсох ажиллагааны тэмдэглэлийг үйлдэн тухайн өдрөө Б/56 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд “4.2.1. хуульд үндэслэх”, “4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтлан хэмээн,

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалт...сахилгын шийтгэл ногдуулна.”, 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг Төрийн албан төв байгууллага, Засгийн газар хамтран батална” хэмээн тус тус заасан бөгөөд хариуцагч Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал болох төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36,32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-г баримтлах үүрэгтэй.

Тухайн тохиолдолд, хариуцагчаас маргаан бүхий акт болох Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заагдсан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийн тухайн баримт материалтай танилцаж,  нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхийг хангалгүйгээр сахилгын шийтгэл хүлээлгэснийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд  хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14/021 дүгээр албан бичгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд шилжүүлсэн буюу маргаан бүхий захиргааны акттай холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2021 оны 14/021 дүгээр албан бичгээр тогтоогдож байх тул  маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Я.С-ийн 8 сарын өвчний чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааг Я.С-ийн ажилласан жилд оруулан тооцохыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад даалгах” шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан тодорхой нэг захиргааны акт, захиргааны эс үйлдэхүй хууль бус байж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бодитоор зөрчсөн байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Я.С-эд Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар “...биеийн эрүүл мэндийн байдлын улмаас удаан хугацаагаар гадаадад эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэх үндэслэлээр 2018 оны 9 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн нэг жил хүртэл хугацааны чөлөө олгосон.

Улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Дотоод аудитын газарт “ажилдаа эргэж орох хүсэлт гаргасан”-г нь үндэслэн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Я.С-ийг Нийслэлийн Дотоод аудитын газрын Захиргааны хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилсон.

Нэхэмжлэгчийн өвчний чөлөөтэй байсан 8 сарын хугацааг ажилсан жилд тооцохоос татгалзсантай холбоотой хариуцагчаас ямар нэгэн захиргааны актыг гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2018 оны Б/19 дүгээр тушаал, Я.С-ийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт, Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2019 оны Б/12 дугаар тушаал болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагын агуулга нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно: 12.1.3.онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт”, 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.хүний ажиллаж байсан байдал, 135.2.14.тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” хэмээх эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэхүйц асуудал байх тул шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Я.С-эд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Сийн “8 сарын өвчний чөлөөтэй байх хугацааг ажилласан жилд тооцохоос татгалзсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг хугацааг Я.С-ийн ажилласан жилд оруулан тооцохыг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1,  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М