| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/166 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Гармаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/166
2023 03 13 2023/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Г.Гармаа,
шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*** овогт ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000048 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***төрсөн, *** настай, эрэгтэй, ***, ***ажилтай, ам бүл-***, ***, *** хамт амьдардаг*** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***(РД:***),
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ***нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Eagle Town барилгын зогсоолд иргэн ***эзэмшлийн ***улсын дугаартай “Волво” маркийн автомашины баруун урд булангийн их гэрэл, урд куперийг өшиглөж, хагалан гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***нь: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2310000000048 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “***машинтай согтуу хүмүүс машины шилийг цохиод хагалчихлаа” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дэх тал),
2. Хэргийн газарт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн ...Ачааны автомашинд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг тодруулан үзлэг хийхэд урд талдаа ***улсын дугаартай, Волво маркийн автомашины баруун талын их гэрэл хагарсан, тус гэрлийг тойрсон байрлалтай баруун талын урд булан гүпер их гэрлийн дээд хэсэгт 9x5 cм хэмжээтэй хагарсан, тус гүперийн баруун талд байрлах гэрлэн дохионы дор 10 см хойноос урагш чиглэсэн урагдсан байдалтайг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, хэргийн газрын ойр орчимд өөр эвдэрч гэмтсэн эд зүйл байхгүй. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Таван шараас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд Волво загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрийнхээ гадаа шороон зогсоол дээр ирж байтал машины урд талаас хар машинтай согтуу хүмүүс гарч ирсэн. Би тухайн машиныг хөдлөхөд бага зэрэг урагшаа явтал машины зүүн талын жолоочийн талыг өшиглөсөн. Би буугаад харахад танихгүй нэг эрэгтэй архи үнэртүүлсэн байдалтай намайг заамдаад цохих гэж гараа далайгаад байхаар нь өөрийн биеийг хамгаалах гэж хувцаснаас зууралдаад ноцолдож байтал хажуугаар явж байсан энгийн иргэн бид хоёрыг салгасан. Тэр залуу дайраад байхаар нь би машинаа орхиод зугтаасан. Саарал өнгийн куртиктэй өндөр, туранхай шардуу залуу машины урд талын гэрэл хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд гэрэл болон булан хэсгийг нь хагалчихсан юм. Тэгэхээр нь би арга мухардаж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Машины эд ангийг эвдсэн залууг ***гэж дуудаж байсан. Тэр залуугаас өөрийн хохирлоо нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
4. Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасагт Эргүүлийн офицер албан тушаал дээр ажилладаг. Тухайн өдөр Эрхэс-112 дугаар чиглэлд Хан-Уул дүүргийн 09, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Эрхэс-10-аас 21 цаг 58 минутад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “ Immigration”-ийн хажууд ***улсын дугаартай машинтай согтуу хүмүүс ачааны машины шилийг цохиод хагалчихлаа гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад ***улсын дугаартай том оврын ачааны машины баруун талын их гэрэл, баруун талын урд булан гүпер хагарсан байдалтай байсан. Өөрийгөө ***гэж танилцуулсан 30 гаран насны залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дунд зэргийн согтолттой байсан. Дээрх хэргийн талаар хэлэхдээ ачааны автомашины жолоочтой маргалдаад машин руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн, дээрх хэргийн нөхцөл байдлын талаар ***-10 мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
5. Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Тухайн өдөр хамт ажилладаг ах ***утсаар яриад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, машиныг ажил дээрээс унаад намайг Буянт-Ухаа 2 хорооллоос аваад гэрт хүргээд өг гэж хүсэлт тавьсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн оройн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-ухаа 2 хорооллын ертөнцийн зүгээр урд байрлах байрны шороон авто зогсоол дээр очиход ***ах машиндаа суух гэж байгаа мэт араар тойроод явж байсан. Машиндаа суухгүй удаад байхаар нь би ***улсын дугаартай автомашинаас буугаад харахад үл таних залуутай том оврын автомашины хажууд маргалдаад зогсож байхаар нь очиж салгаад хоёр тийш нь болгож холдуулахад ***ах буцаж том автомашин дээр очоод урд нь халтирч унахаар нь би гүйгээд очиход тус том оврын автомашины баруун талын урд их гэрэл хагарчихсан байсан. Тухайн үед том оврын автомашины жолооч машины их гэрлийг өшиглөөд хагалчихлаа цагдаа дуудлаа гэж хэлээд удаагүй байхад цагдаа ирсэн. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй, харин хамт ажилладаг ***ах халтирч газар унахдаа том оврын автомашины баруун талын их гэрлийг хөлөөрөө өшиглөж хагалсан юм. Би эхлээд тус том оврын автомашины жолоочоос ***холдуулаад ямар шалтгаанаар маргалдах болсон талаар асуугаад эргээд харах хойгуур ***ах надад ямар нэгэн зүйл хэлэлгүй ...ачааны автомашиныг чиглээд явж байсан. Миний хувьд ***ах ямар санаа зорилготой тус том оврын автомашин руу чиглээд явж байсныг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
6. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №ХУ2-23-01 дугаартай: 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 05 дугаар сард монголд орж ирсэн Волво маркийн автомашины баруун талын их гэрэл 300,000 төгрөг, урд баруун талын гупер, 100,000 төгрөг, нийт 400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
7. Яллагдагч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийнхөө автомашины араар тойроод гарах гэтэл миний ***улсын дугаартай машины араас ачааны том оврын автомашин тулж ирээд мөргөх гэж байгаа юм шиг зогсоход нь уур маш их хүрч баруун хөлөөрөө машины нүүр рүү нь өшиглөх гэж байгаад халтирч унахдаа баруун талын их гэрэл рүү нь санамсаргүй өшиглөж гэрлийг нь хагалсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бага зэргийн согтолттой байсан тул хамт ажилладаг танил дүү Даваасүрэнгээр өөрийн *** улсын дугаартай автомашинаа бариулж байсан. Харин уурандаа ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийг хаглах үед надтай хамт байсан дүү *** машин дотор сууж байсан болохоор гэрэл хаглахыг хараагүй байх. Намайг машиныхаа ард зогсож байхад том оврын ачааны автомашин мөргөх гэж байгаа мэт тулж ирээд зогссон. Тухайн үед маш их айж сандарсан мөн уур хүрснээр дээрх хэрүүл маргаан болсон. Миний хувьд тус ачааны том машиныг хөлөөрөө өшиглөх гэж байгаад халтирч газар унаад санамсаргүй баруун талын их гэрлийг нь хөлөөрөө өшиглөсөн, гэтэл баруун талын булан жижиг гүпер хагарсанд нь би гайхаж байгаа. Гэхдээ миний буруу үйлдлээс болж дээрх хэрэг болсонд би маш их харамсаж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын дипломын хуулбар, ***эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас ***эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу хохирол болох 400,000 төгрөгийг төлсөн шилжүүлгийн баримт, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 26-33 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ Immigration”-ийн баруун урд зүгт шороон авто зогсоолд иргэн ***эзэмшлийн ***улсын дугаартай “Волво” маркийн автомашинаа зогсоолд байрлуулах үед нь тулж ирээд мөргөх гэж зогслоо гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар тухайн тээврийн хэрэгслийн баруун урд булангийн их гэрэл, урд куперийг хөлөөрөө өшиглөж, гэмтээн 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
- Хэргийн газарт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл,
- Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №ХУ2-23-01 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
- Яллагдагч ***мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэр болох талаар хуульчилсан.
Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор; бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд хохирогчийн тээврийн хэрэгслийн баруун урд булангийн их гэрэл, урд куперийг засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслийн баруун урд булангийн их гэрэл, урд куперийг хөлөөрөө өшиглөж гэмтээсэн байх ба эвдэрсэн эд хөрөнгийн үнийг Дамно ХХК-аас 400,000 төгрөгөөр тогтоосон, уг хохирол, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Түүнчлэн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл ухамсарт үйлдлээр хийгдэж байгаа санаатай үйлдэл юм.
Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 400,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч ***нь олон нийтийн газар, гудамж талбайд биеэ зөв боловсон авч яваагүй, бусдыг үл хүндэтгэн согтуурсан үедээ хохирогчтой шалтгаангүйгээр маргаан үүсгэж улмаар эд хөрөнгөд нь халдаж, хохирол учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***“бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ***нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Хаан банкны *** тоот данснаас ***эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу хохирол болох 400,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан (хавтаст хэргийн 32 дахь тал) байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Яллах талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Шүүгдэгч ***эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***“Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн ажилтай, цалин хөлс орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт *** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН