Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар  2023/ШЦТ/305

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,  

улсын яллагч Ж.Сувданчимэг,

хохирогч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос,

шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001270 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *****

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн Зүүнсалаа явдаг чиглэлийн автобусны буудлын орчим хохирогч *******ын Iphone 8 загварын гар утсыг түүний нөхөр *******“утсаа өгөөч, яриадахъя” гэж хэлэн буцааж өгөлгүй авч явж, хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн утсыг ломбарданд тавих гэж авсан. Миний буруу, гэмшиж байна” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. Миний хохирлыг барагдуулсан. Хохиролд 500,000 төгрөг авсан. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.  

Эрүүгийн 2208000001270 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *******ын: “...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нөхөр миний гар утсыг аваад явсан юм. Өдөр 11 цагийн үед гэртээ буцаад ирэхдээ “гар утсыг чинь алдчихлаа, манай энэ хавиар яваад байдаг *******гэх хүнд” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхрийн хамтаар Зүүнсалааны “Амук” нэртэй дэлгүүрийн ойролцоо явж байгаад миний гар утсыг авч явсан *******гэх залуутай таараад утсаа асуухад утсыг чинь ломбарданд тавьчихсан байгаа, 14 хоногийн дараа аваад өгье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.07.06-ны өдрийн 22/016 дугаар тайланд: “Iphone 8 маркын гар утас 1 ширхэг 550,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

Гэрч *******: “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхошууны хуучин эцэс дээр харих гээд зогсож байтал миний зүс таних *******гэх залуу хүрч ирээд надтай юм ярьж байснаа надад “утсаа өгөөч, яриадахъя” гэхээр нь би “тэг тэг” гээд утсаа өгөөд өөр хүнтэй юм ярьж байгаад *******утсаа авах гэхэд алга болчихсон байсан. Түүнээс 3 хоногийн дараа *******тай тааралдаад утсаа асуухад ломбарданд тавьчихсан байгаа гэхээр нь тэгвэл ломбарданд тавьсан бичгийг чинь харъя гэхэд хаячихсан гэж хэлсэн. Би “утас хурдан авч өгөөрэй” гэж хэлсэн чинь 14 хоногийн дараа аваад өгье гэхээр нь хүлээсээр байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

Гэрч *******: “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны Ногоон автобусны дээр ганцаараа явж байтал танил *******такситай хүрч ирээд суучих гээд аваад явсан. Замаараа дахиж хүн аваад зочид буудал ороод бид хэд ууж идэцгээсэн. Тухайн үед *******хаанаас мөнгөтэй болсон талаар мэдэхгүй, ер нь *******мөнгөтэй болчихсон юм шиг байна лээ, бид хэдийн буудлыг мөнгө болон архи, дарс, ойр зуурын юм даагаад байсан. Тэгээд бид хэд буудалдаа хоночихоод маргааш нь гараад явчихсан. Саяхан надад танил ******* гэх эмэгтэй 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******миний гар утсыг аваад явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би Зүүнсалааны автобусны буудал дээр танил *******таараад автобусанд суугаад Баянхошууны тойрог дээр буугаад зам гараад нөгөө талын автобусны буудал руу гарсан. Бид хоёр юм ярьж байгаад *******надад хандаж “Ломбард хаалттай байна, 1 дэх өдөр ажилладаггүй юм байна, та Баянхошууны шинэ эцэс дээр байрлах ломбарданд тавиач” гэхээр нь би “за” гээд “Iphone 8 plus” маркын гар утсыг нь аваад такси бариад шинэ эцэс дээр иртэл ломбардууд хаалттай байхаар нь такситайгаа Москва рестораны тийшээ байрлалтай “GТ” гэсэн хаягтай ломбард дээр ирээд тухайн таксины жолоочийг гуйгаад бичиг баримтаар ломбарданд 200,000 төгрөгөөр тавиулсан. Тэндээс такситайгаа хөдлөөд Зүүнсалааны автобусны буудал дээр *******тай тааралдаад Хөтөлд байрлах зочид буудалд ороод ууж идэцгээсэн. Бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Би сүүлд ******* эхнэр *******тай уулзаад сард 100,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), газар эзэмших эрхийн лавлагаа (хх-32), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-33), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-34), жолоочийн лавлагаа (хх-35), мөрдөгчийн тэмдэглэл (хх-63-64) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн Зүүнсалаа явдаг чиглэлийн автобусны буудлын орчим хохирогч *******ын Iphone 8 загварын гар утсыг түүний нөхөр *******“утсаа өгөөч, яриадахъя” гэж хэлэн буцааж өгөлгүй авч явж хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид 500,000 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгчээс үлдэх 50,000 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

хохирогч “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирол төлөгдсөн гэж хохирогч хэлж байгаа. Хохирлыг төлсөн гэж үзэж байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн Зүүнсалаа явдаг чиглэлийн автобусны буудлын орчим хохирогч *******ын Iphone 8 загварын гар утсыг түүний нөхөр *******“Ломбарданд тавиад өгөөч” гэсний дагуу авч яван эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас 550,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *******ын “...Өдөр 11 цагийн үед гэртээ буцаад ирэхдээ “гар утсыг чинь алдчихлаа, манай энэ хавиар яваад байдаг *******гэх хүнд” гэж хэлсэн. ...*******гэх залуутай таараад утсаа асуухад утсыг чинь ломбарданд тавьчихсан байгаа, 14 хоногийн дараа аваад өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-9-10), “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Iphone 8 маркын гар утас 1 ширхэг 550,000 төгрөг” гэх тайлан (хх-25-26), гэрч ******* “...“*******гэх залуу хүрч ирээд надтай юм ярьж байснаа надад хандаж “утсаа өгөөч, яриадахъя” гэж хэлэхээр нь би “тэг тэг” гээд утсаа өгөөд өөр хүнтэй юм ярьж байгаад *******утсаа авах гэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-13-14), шүүгдэгч А.*******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Отгонсүрэнтэй тааралдаад “утас ломбарданд тавиад өгөөч” гэхээр нь ломбарданд тавьж өгөхөөр аваад тэр чигтээ яваад архи уучихсан...” гэх мэдүүлэг (хх-52-53) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******ын “Утсыг ломбарданд тавиад өгөөч” гэсний дагуу *******гар утсыг авч яван хохирогч *******ын эзэмшлийн гар утсыг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 550,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохиролд 500,000 төлөгдсөн гэх, хохирогчийн “500,000 төгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон хоногийг хасах саналтай...” гэж,

хохирогч “Гомдолгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан хэмжээг багасгаж өгнө үү. Цагдан хоригдсон хоногийг хасуулах саналтай” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор хохирогчийн гар утсыг шилжүүлж, улмаар ломбарданд тавиад ирье гэж хуурч бусдын эд хөрөнгийн эрхэд халдан гар утсыг шилжүүлэн авсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 550,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд 500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатнаас оргон зайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Шүүгдэгч А.*******ын 2023.02.09-ний өдрөөс 2023.03.10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 (хорин ес) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 248 (хоёр зуун дөчин найм) цагаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.*******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******** овогт *******йн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын цагдан хоригдсон 29 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 232 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 248 (хоёр зуун дөчин найм) цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.*******ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР