| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2307 00000 0084 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *******, ******* тоотод оршин суух,
Урьд 2005 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 55 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.
******* овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01 цагийн орчим *******, ******* тоотод Г.ыг “шулга зайлаарай" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар толгой руу нь гараараа цохиж, зодон биед нь баруун дээд зовхи баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хүргэнийдээ ороод ганц шил
архи уусан. Намайг шулга манай гэрээс дүүгээ аваад зайл гэсэн. Хоёр, гурван удаа давтаж хэлээд байхаар нь би нүүр лүү нь цохисон. Архи ууж байгаад манай дүүг зайлаарай гэсэн. Тэр өдөр би хүргэнтэйгээ маргасан зүйл байхгүй. Тэр үед би согтуу байсан болохоор тийм үйлдэл гаргасан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 05-ны орой 22-оос 23 цагийн үед *******, ******* тоотод байрлах гэртээ байхад ******* 1 шил 0.75 литрийн Хараа архи аваад бид хоёр хувааж ууцгаасан, манай эхнэр тэр архинаас ганц хоёр татсан. Ингээд нэлээн шөнө болоод ******* гарч бие засчхаад орж ирэхэд нь би жаахан согтуурхаад *******ийг “шулга зайлаарай” гээд хэлчихсэн чинь ******* босож ирээд миний дээр гараад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон, тэгэхэд нь манай эхнэр салгаж болиулаад ******* тэгээд л шууд гараад явчихсан, миний хамраас цус гараад нүд хөхөрсөн байсан юм.Согтуурхаад тэгээд доромжлоод хэлчихсэн, уг нь хэлэх шалтгаан бол байгаагүй, би өөрийнхөө амнаас буруугаас болоод зодуулсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-8/,
Шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 05-ны орой *******, ******* тоотод байх төрсөн дүү гийн гэрт очсон, би тэдний гэрт очихдоо жаахан уучихсан байдалтай очсон, тэдний гэрт очоод би хүргэн тай нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд шөнө 01 цагийн үед тэднийд сууж байтал намайг “шулга дүүгээ аваад зайл” гэхээр нь би уур хүрээд барьж аваад дээр нь гараад гараараа толгой руу нь 3-4 удаа цохичхоод гараад яваад харьсан. Миний хувьд нэлээн согтчихсон байсан, надаас бол арай гайгүй байсан. Болсон үйл явдлыг гэхдээ санаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-23/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г.тай 10 жил хамт амьдарч байна, эхнэр нөхрийн харилцаатай, албан ёсоор гэр бүлээ батлуулж амжаагүй байна, дундаасаа хоёр хүүхэдтэй. Б.******* нь миний төрсөн ах байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 05-ны орой *******, тоотод байрлах гэртээ нөхөртэйгөө байж байтал манай хадам ах ******* манай гэрт гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Хараа архи бариад орж ирээд надад ах нь тай ганц юм уучхаад явлаа гээд суугаад бид гурав юм ярилцаад тэр архийг нь хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр юм ярьж суугаад би зурагт үзээд хэвтсэн, шөнө 01-02 цагийн үе болж байхад би ******* ахыг “та одоо хариад амраарай” гэтэл за за ах нь одоо ингээд явна” гээд байж байтал манай нөхөр ******* ахтай юм ярьж байснаа “Намайг наад гичийгээ аваад шулга миний гэрээс зайл” гээд хэлчихсэн чинь ******* ах уурлаад босож ирээд дээр нь гараад гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод хамраас нь цус гаргачихсан, би тэр хоёрыг салгаж болиулаад ******* ах цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан юм. Тэр хоёр хоромхон зуур барилцаад авсан манай нөхөр , ******* ахыг цохиж зодож чадаагүй, өөрөө зодуулаад таарсан юм. Яагаад тэгж муухай хэлэх болсныг мэдэхгүй байна, согтуудаа л тэгж хэлсэн байх тэрнээс биш бид хоёр маргаж муудалцаад байдаггүй...” гэх мэдүүлэг, /хх-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №74 дугаар:
“1..ын ын биед баруун дээд зовхи, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” Гэх дүгнэлт /хх-14-15/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-05/,
Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-48-51/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-43-47/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ид холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01 цагийн орчим *******, тоотод Г.ыг “шулга дүүгээ аваад зайлаарай" гэж хэлсэн шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж, зодон биед нь баруун дээд зовхи баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Тэгээд шөнө 01 цагийн үед тэднийд сууж байтал намайг “шулга дүүгээ аваад зайл” гэхээр нь би уур хүрээд барьж аваад дээр нь гараад гараараа толгой руу нь 3-4 удаа цохичхоод гараад яваад харьсан.” гэх мэдүүлэг, Хохирогч Г.ын өгсөн: “...Ингээд нэлээн шөнө болоод ******* гарч бие засчхаад орж ирэхэд нь би жаахан согтуурхаад *******ийг “шулга зайлаарай” гээд хэлчихсэн чинь ******* босож ирээд миний дээр гараад гараараа толгой руу хэд хэдэн удаа цохисон, тэгэхэд нь манай эхнэр салгаж болиулаад ******* тэгээд л шууд гараад явчихсан, миний хамраас цус гараад нүд хөхөрсөн байсан юм” гэх мэдүүлэг, Гэрч Б.гийн өгсөн: “...******* ахтай юм ярьж байснаа “Намайг наад гичийгээ аваад шулга миний гэрээс зайл” гээд хэлчихсэн чинь ******* ах уурлаад босож ирээд дээр нь гараад гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод хамраас нь цус гаргачихсан, би тэр хоёрыг салгаж болиулаад ******* ах цагдаа дуудлаа гэсэн чинь гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №74 дугаар: “ын ын биед баруун дээд зовхи, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт ,Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******ид холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж ирсэн байгаа бөгөөд үүн дээрээ маргахгүй байгаа. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч хувиараа алтанд явдаг. Иймд 500 нэгжийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч Б.*******ид тухайн зүйл ангид
зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД